Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Т банкны нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2018/00128 дугаар шийдвэртэй

Т банкны нэхэмжлэлтэй

С.Тт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4 469 831,06 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 180000133702-20140405 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ариунсанаа, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Н.Жанлавбурмаа, С.Т нар нь өөрсдийн биеэр ирж хувийн хэрэгцээндээ зориулж Т банктай 2014.03.13-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж нийт 3 999 683,73 төгрөгийг 22 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй /жилийн 18 хувийн хүүтэй/ зээлсэн. Зээлдэгч Н.Жанлавбурмаа нь 2014.04.21-ний өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч С.Т нь зээлийн төлбөрийг төлөлгүй 1131 хоносон. Энэ хугацаанд зээлдэгч зээлээ огт төлөөгүй. Иймд зээлдэгч С.Таас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.4, түүнтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үндсэн зээл 2 849 457,95 төгрөг, зээлийн хүү 1 610 373,11 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 4 469 831,06 төгрөг гаргуулж өгнө үү. Талууд эрх, үүргээ ухамсарлан сайн дурын үндсэн дээр ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хууль эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан бөгөөд банк эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн. Хариуцагч С.Т нь эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн иргэн. Мөн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө гэрээний нөхцөлтэй танилцах бүрэн боломжтой байсан. Банкны ажилтны зүгээс тухайн гэрээнд гарын үсэг зурахыг тулган шаардаагүй, өөрийн хүсэл зоригоороо гарын үсэг зурсан. Хариуцагч С.Тийн хувьд тэтгэврийн зээл авах зорилгоор гэрээнд гарын үсэг зурж байгаа гэдгээ ухамсарлан мэдэж байсан. Уг гэрээг байгуулан тэтгэврийн зээлийг авсан нь ямар нэгэн үр дүнд хүрсэн буюу зээлийг авч ашигласан байгаа нь дүр үзүүлсэн хэлцэл биш гэдгийг тодорхой илэрхийлж байна. Тус тэтгэврийн зээлийн гэрээ нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон гэрээ биш, уг гэрээгээр талууд эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа хүчин төгөлдөр гэрээ гэдэг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, дансны хуулга болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: “2014.03.13-ны өдөр хадам ээж Н.Жанлавбурмаа надад “тэтгэврийн зээл авахад хамтран зээлдэгчээр нэг хүн хэрэгтэй байна, очоод гарын үсэг зураад өгөөч, 200 000 төгрөг авах гэсэн юм” гэж гуйсны дагуу Т банкин дээр ирж гарын үсэг зурсан. Тухайн үед би ээжийн хэлснээр 200 000 төгрөг зээлж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Банкны ажилтан надад нарийн учрыг тайлбарлаж өгөөгүй. Мөн надад гэрээний нэг хувийг өгөөгүй бөгөөд гэрээг ч уншуулаагүй. Би бичиг үсэг мэдэхгүй бөгөөд 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Би нэрээ тавихаас цаашгүй боловсролтой хүн. Тухайн үед банк надад 3 999 683,73 төгрөгийн гэрээ гэдгийг ойлгуулсан бол би гарын үсэг зурахгүй байсан. Мөн ээж Н.Жанлавбурмаа 2014.03.13-ны өдөр зээл авахдаа 3 999 683,73 төгрөгийг аваагүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ гэрээнээс өмнө 2 гэрээ байсан. Тэр гэрээнүүдийг би шүүхэд нотлох баримт болгож өгсөн. Миний гарын үсэг зурсан гэрээгээр ээж 504 800 төгрөг л авсан байсан. Иймд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь гэрээний эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, бодит байдлаас өөр, өөрөөр хэлбэл дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэж буй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие С.Т нь Т банкны нэхэмжилсэн 4 469 831,06 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би уг мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй бөгөөд учрыг нь мэдэхгүйн улмаас гэрээнд гарын үсэг зурсан. Банк намайг төлбөрийн чадваргүй гэдгийг мэддэг хэрнээ их хэмжээний мөнгө нэхэмжилж буйд гомдолтой байна. Манайх ам бүл дөрвүүлээ бөгөөд хоёр хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг. Нөхөр бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Миний хувьд төлөх ямар ч боломжгүй бөгөөд энэ мөнгөнөөс зарцуулаагүй учир хариуцахгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2018/00128 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Таас 4 469 831,06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т банк” ХХК-тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тэтгэврийн зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 467 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Таас 86 467 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д, 8 744 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт тус тус олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Т банкны нэхэмжилсэн 4 469 831 төгрөгийг хариуцагч С.Таас гаргуулж шийдвэрлэснийг буруу шийдвэр гарлаа гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь хадам ээж Н.Жанлавбурмаагийн гуйлтаар тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг ба энэ гэрээ 2014.03.13-ны өдөр хийгдсэн гэрээ юм. Энэ гэрээгээр 504 800 төгрөг авсан байдаг. Өмнө нь өөр хүнийг хамтран зээлдэгчээр оролцуулан зээлийн гэрээг хоёр удаа байгуулсан байдаг. Зөвхөн 504 800 төгрөг авахдаа л С.Таар гарын үсэг зуруулсан байна. Иймд С.Таас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр гаргуулсан нь буруу гэж үзэж буй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт заасан С.Таас 4 469 831 төгрөг гаргуулж Т банкинд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд С.Тийн хамт оролцоно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч С.Тт холбогдуулан “Зээлдэгч Н.Жанлавбурмаа нь 2014.04.21-ний өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч С.Т нь зээлийн төлбөрийг төлөлгүй 1131 хоносон... Иймд зээлдэгч С.Таас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.4, түүнтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үндсэн зээл 2 849 457,95 төгрөг, зээлийн хүү 1 610 373,11 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 4 469 831,06 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “... 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь гэрээний эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй, бодит байдлаас өөр, өөрөөр хэлбэл дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэж буй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... Миний бие С.Т нь Т банкны нэхэмжилсэн 4 469 831,06 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Т банкнаас 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээгээр Н.Жанлавбурмаа, хариуцагч С.Т нар нь 3 999 683,76 төгрөгийн зээлийг 22 сарын хугацаатай авсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч С.Т нь “Миний гарын үсэг зурсан гэрээгээр ээж 504 800 төгрөг л авсан байсан” гэж тайлбарлаж байх ба тэрээр хэдийгээр Н.Жанлавбурмаа, Ж.Мягмаржав нарын 2014.01.14-ний өдөр Т банктай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш боловч 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээгээр өмнөх гэрээний гүйцэтгээгүй үүргийг хамтран хариуцахаар гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээ, депозит дансны харилцагчийн монгол хуулга болон бусад баримтаар нотлогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасантай нийцэж байна.  

 

Анхан шатны шүүх хариуцагч С.Таас зээлийн гэрээний үүрэгт 4 469 831,06 төгрөгийг гаргуулан Т банкинд олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 180000133702-20140405 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг бүрэн хүлээхээр заасан байх тул Т банк нь С.Таас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийг зөв тайлбарласан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2018/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 86 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

             ШҮҮГЧИД                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                 Д.БЯМБАСҮРЭН