Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

  2023 оны 01 сарын 20 өдөр                  Дугаар 2023/ШЦТ/22                                      Баруун-Урт сум                                      

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* сумын 1 дүгээр баг, “Green town” хотхоны 1-17 тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сумын 1 дүгээр багийн “Green town” хотхоны авто машины зогсоолд хохирогч ******* эзэмшлийн “Vellfire” маркийн 08-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, арын багажийн шилийг хагалж, багажийн хаалга, кабины орой зэргийг модоор цохин хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1,610,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тухайн байранд амьдардаг юм. Тухайн үед архи уусан байсан болохоор болсон асуудлыг санахгүй байна. Хохирогчийг танихгүй. Хохирогчид учирсан 1.610.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Миний буруу гэв.

 

******* дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч ******* өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхдээ өөрийн эзэмшлийн маркийн 08-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрныхаа зогсоол дээр тавиад гэртээ орсон юм. Тэгээд намайг шөнө унтаж байхад цагдаагаас залгаад таны машины шилийг хагалсан байна гэхээр нь би гарч очоод хартал машины урд салхины шил, арын хаалганы шилийг хагалсан байсан. Тэгээд би цагдаагаас хагалсан хүнийг асуухад эрүүлжүүлэх байранд хийсэн гэж надад хэлж байсан. Тухайн шөнө би миний машины шилийг хагалсан хүнийг хараагүй. Цагдаагаас миний машины шилийг Сүхчулуун хагалсан. Тухайн хүнийг эрүүлжүүлэх байранд хийсэн гэж хэлж байсан... би өөрийн машиныхаа шилийг төлүүлж хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа жолоочоор ажилладаг. Тухайн орой Цагдаагийн газрын 7051102 дугаарын утсанд хотхоны гадна согтуу хүн бахираад байна гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлагын дагуу би жижүүрийн 06-99 СҮА тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж очсон. Тухайн үед намайг очиход байрны гадна зогсоол дээр ******* нь бахираад байж байсан. Тэгэхээр нь би *******аас “яагаад бахираад оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж асуухад ******* нь тухайн үед машины зогсоол дээр байсан хар өнгийн “Vellfire”  маркийн 08-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг заагаад энэ машин дотроос нэг залуу хоёр хүүхнийг гаргаж ирээд зараад байна гэж хэлж байсан. Тухайн үед ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архиндаа элдвийн юм яриад байсан. Тэгээд ******* нь надаас зугтаагаад хойд талын байрны баруун орц руу гүйгээд орохоор нь араас нь гүйж ороод *******ыг бариад гадна зогсоолд байсан машины хажууд зогсоогоод машин руу гэрэл тусгаж харахад тухайн машины урд, ард талын хоёр салхины шил хагарсан байсан. Тухайн үед би *******аас “энэ машины шилийг яагаад хагалсан” талаар асуухад ******* нь “Энэ машины эзэн нь дөнгөж сая хоёр хүүхэн машинаасаа гаргаж ирээд зарчихлаа, тэгээд би цонхыг нь хагалсан юм” гэж надад хэлсэн. Тэр үед би машин руу нь гэрэл тусгаад тойруулаад харахад цонх хагалсан мод нь машины арын дугуйны ар талд нь байсан. Тэгээд би *******ыг машиндаа суулгаад эрүүлжүүлэх байранд авчирч хүлээлгэн өгсөн. Дараа нь би байр руу буцаж очоод тухайн шил нь хагарсан машины эзнийг хайхад тухайн байранд байдаг ******* машин байсан. Тэгээд эзнийг нь дуудаж авчраад “машиныг чинь ******* гэх хүн салхины шилийг нь хагалсан  байна” гэж хэлээд та цагдаад очиж гомдлоо гаргаарай гэж хэлээд явсан... Намайг очиход Сүхчулуунаас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2202357 дугаартай “...тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1.610.000 төгрөг” гэх дүгнэлт /26-34х/,

 

Яллагдагч *******ы “... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 22 цагийн үед Ногоон хотхоны авто зогсоол дээр архи их хэмжээгээр хэрэглэсэн явж байсан юм. Тухайн үед архи хэрэглэсэн согтуу байсан болохоор хий юм хараад, тэнд машины зогсоол дээр байсан хар өнгийн машин дотроос нэг хүн хүмүүсийг зөөгөөд буцаагаад тэр машин руу оруулаад байна гэж харсан. Тэгээд тэр хүмүүсийг машинтай нь явуулахгүй гэж машиных нь хүнтэй нь хэрэлдээд байсан. Тухайн үед би газар байсан модыг аваад тэр хар машины шилнүүдийг нь цохисон. Тухайн үед би машины шилийг цохиж хагалсан модыг хаанаас авснаа санахгүй байна. Тэгээд цагдаа ирээд намайг авч явж, би эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш нь би эрүүлжүүлэх байрнаас гараад тухайн машиныг харахад урд салхины шил, мөн арын шилийг хагалчихсан байна лээ. ...Би тухайн үед архины халуунд хий юм хараад тухайн машины шилийг хагалсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49х/,

 

Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 х/,

 

Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 22 цагийн үед Ногоон хотхоны авто зогсоол дээр архи их хэмжээгээр хэрэглэсэн явж байхдаа авто зогсоол дээр байсан “Vellfire” маркийн 08-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн машины урд салхины шил, арын хаалганы шилийг хагалж, багаажны хаалга, кабины орой зэргийг модоор цохин хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч Я.Гэрэл-Одод бага хэмжээнээс дээш буюу 1.610.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч ******* мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2202357 дугаартай үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Тэрээр бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээж болохгүйг мэдсээр байж авто зогсоолд байршуулан тавьсан авто машины цонхыг хагалж, модоор цохиж гэмтээж бусдын өмчлөх эрхэд халдсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

 Шүүгдэгч *******ы хохирогч ******* эзэмшлийн “Vellfire” маркийн 08-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, арын хаалганы шилийг хагалж, багаажны хаалга, кабины орой зэргийг модоор цохин хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж нийт 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч Я.Гэрэлт-Одод 1.610.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч *******ы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Я.Гэрэлт-Одод учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд *******д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******ы зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Я.Гэрэлт-Од гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР