| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Хохирогч ******* /цахимаар/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2230003520352 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ......ын ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт Н-ийн Х,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “.........” зочид буудлын ......... тоот өрөөнд хохирогч *******ийг зодож, түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, хамар, зовхи, шуу, тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 250,000 төгрөг төлсөн. Мөн эмийн сангаас эм, тариа авсан баримтаа хэрэгт хавсаргаж өгч чадаагүй. Эхний өдөр дансанд нь 100,000 төгрөг өгсөн. Нийт 250,000 төгрөг төлсөн. Тухайн үед бид нар хамт бааранд сууж байсан. Нэг харахад ******* байхгүй байсан болохоор түүнийг зөндөө хайсан боловч олоогүй. Тэгээд буудалдаа эргэж ирсэн байж магадгүй гээд буудалдаа ирэхэд ******* нь унтаж байсан. *******ийг 1 цаг гаруй буудлын орчим хайсан. Эхлээд би цохиогүй. Өмсөж байсан гадуур хувцсаа савсан.” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр хүмүүстэй цэнгүүнд оролцсон. Тэр үед миний бие муу байсан учраас “явахгүй” гэж хэлэхэд ******* “хамт явъя” гээд байхаар нь хамт явсан. Тухайн үед нуруу болон толгой өвдөөд байсан. “Хоёулаа баарнаас удахгүй гарна шүү” гэж *******д хэлж байсан. *******т баярласнаа хэлээд, буудалдаа ирээд унтаж байсан. ******* гаднаас орж ирээд гэнэт намайг алгадсан. Н.Х-ыг хөлөөрөө өшиглөсөн нь үнэн. Тэгэхдээ гэмтэл учруулахаар байгаагүй. Миний хувьд *******д ямар ч буруу зүйл хийгээгүй. Нүүр муухай сорвитой болсон. Энэ асуудлыг хэзээ ч мартахгүй. Намайг зодсонд үнэхээр их гайхаж байна. Надад 250,000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 18,000 төгрөгийн эм тариа авч өгсөн гэдэг нь худлаа. Сүхбаатар аймагт байхад эмийн сангаас 6,000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Уг эм тариаг сэтгэлээсээ гаргаж өгч байна гэж бодсон.” гэв.
Эрүүгийн 2230003520352 дугаартай хэргээс:
- Хохирогч *******ийн “2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цаг нэлээн өнгөрч байхад ******* буудалд орж ирээд “намайг яагаад хаяад явсан юм, чамайг зөндөө хайж байгаад ирлээ” гээд намайг алгадахаар нь би нүүр лүү нь өшиглөхөд гараа атгаж байгаад зүүн нүд рүү цохихоор нь би үснээс нь зулгаахад зөрүүлээд үснээс зулгааж байгаад дахин дух руу цохиход духнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Дөрвөн оёдол тавиулсан.” гэх /хх 10-11 дүгээр хуудас/,
- Гэрч *******ийн “******* өмсөж байсан цамцаараа *******ийг ороолгоход ******* босож ирээд дахин хэрэлдэж маргалдаж муудсан. Тэгээд ******* *******ийн нүд рүү нь цохиж, тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаалдаж, хоёр биеэ өшиглөөд байхаар нь салгасан. Тэгээд би нойлын өрөө рүү явсан. Намайг буцаж ирэхэд дахин маргалдаж муудаад *******ийг ******* юугаар цохисон гэдгийг сайн харж чадаагүй, *******ийн нүүр лүү нь цохисны улмаас цус гарахаар нь “та хоёр одоо болилдоо, эмэгтэй хүмүүс байж хоорондоо зодолдоод байх юм” гэхэд ******* “цагдаад дуудлага өгнө” гээд утсаараа цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх /хх 16-17 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 544 дугаартай “1. *******ийн биед духанд няцарсан шарх, хамар, зовхи, шуу, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 23-24 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Н.Х нь хохирогч Д.Э-ийн дух руу мохоо зүйлээр цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Н.Х нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Н.Х-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Хонгор-Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.1. Шүүгдэгч Н.Х-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх саналыг гаргав.
2.2. Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардлын 417,828 төгрөгийн баримт /хх 59-61/-ыг хэрэгт ирүүлэн, нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 250,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 167,828 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3.2 Хохирогч ******* нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 262,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 262,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н-ийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хонгор-Уянгыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын эмчилгээний зардалд 417,828 төгрөг нэхэмжилснээс 250,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч *******ийн эмчилгээний зардалд 262,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 167,828 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ........ дүгээр хороо, “.......”-ын ...... дугаар байрны ....... тоотод оршин суух Н овогт Д-гийн Э-т олгосугай.
9. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ