Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2121002470358 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн .....суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн .... сумын .... дугаар баг “......” гэх газарт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Улаан сахиус овогт Б-ын С,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дүгээр багийн нутаг “...........” гэх газраас хохирогч *******ын 6 тооны адууг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж 5,120,200 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.”  гэв. 

Эрүүгийн 2121002470358 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Миний бие 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “.....” гэх газарт өөрийнхөө адууг хайгаад явж байсан. Тэгээд олдохгүй болохоор нь өөрийнхөө адууны оронд дээрх 6 тооны адууг хулгайлж зараад мөнгө болгож өөртөө хэрэглэе гээд Дорнод аймаг руу туугаад гүүрэн дээгүүр хөөгөөд гарах гэсэн чинь гарахгүй болохоор нь голын хажууд үлдээгээд өөрөө Дорнод аймгийн төв рүү ороод нэг айлын хашааны хажуугаар гарахад нэг эмэгтэй хүн байхаар нь уулзаад “таньж мэддэг, адуу ачих машинтай хүн байна уу” гэж асуухад “манай нөхрийн машин байгаа, чи өөрөө очоод уулз” гэсэн. Тэгээд байгаа газрыг нь заалгаад очиж уулзсан. 40 гаруй насны жижиг биетэй шар залуу байхаар нь “адуу ачаад бойнд оруулаад өгөөч” гэж хэлэхэд “би өнөөдөр амжихгүй, манай найзын хашаа голын цаана байдаг, хэлж өгье, маргааш харин би төв рүү оруулж өгье” гэхээр нь найзынх нь хашаа байшинг заалгаад тэр газарт нь очиж эзэнтэй нь уулзсан. Тэгээд 6 адуугаа хашаад, байшинд нь ороод унтаж байсан чинь шөнийн 00 цагийн үед цагдаа орж ирээд “бос” гэж хэлээд аваад Дорнод аймгийн Цагдаагийн газарт аваачиж, хаанаас адуу авсан, хаагуур тараасан талаар асуусан.” гэх /хх 99-101 дүгээр хуудас/,

- Хохирогч *******ын “Миний 6 тооны адуу Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “............” гэх газарт ******* гэдэг хүний адуунд байдаг.  2021 оны 07 дугаар сарын дундуур адуугаа очиж үзэхэд бүрэн байсан. Тэгтэл хэд хоногийн өмнө Сүхбаатар сумын “Дархан хааны хүлгүүд” гэх “Facebook” group-д “эдгээр адууг таньж мэдэх хүн байна уу? эзнийг нь хайж байна” гэсэн зар тавьсан байсан. Тэр зарыг хараад адуугаа алдсанаа мэдсэн.” гэх /хх 53-54 дүгээр хуудас/,

“2021 оны 09 дүгээр сарын 23-ны үед алдсан адуугаа Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгаас очиж адуугаа авахад миний 2 хязаалан насны адуу, 2 шүдлэн адуу, 2 дааганы минь нэг болох охин саарал даага нь үхсэн байсныг харсан. Тэгээд би 5 адуугаа ачиж нутагтаа ирсэн. Үхсэн охин саарал дааганы үнэлгээ болох 583,333 төгрөгийг нэхэмжилнэ.” гэх /хх 56 дугаар хуудас/,

- Гэрч *******гийн “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дүгээр багийн “..........”-н 12 тоотод үхэр тэжээдэг юм. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Болормаа над руу залгаж  “зүс танихгүй 35-40 орчим настай эрэгтэй хүн номер дугааргүй мотоциклтой доогуураа тавчиктай хүн манай хашаанд ирсэн. Өөрөө ярихдаа хөлс мөнгийг нь өгөөд 6 адуу ачуулмаар байна гэж яриад байна” гэхээр нь “тэгвэл миний байгаа газрыг зааж өгөөд над руу явуулчих” гэж хэлсэн. Би үхрүүдээ хараад “Бунхан толгой”-н урд буюу бага голын урд байж байгаад “танихгүй хүн гэрт ирсэн байна” гэхээр нь алхаад явж байхад мотоциклтой залуу өөдөөс ирж надтай ярилцахдаа “Хэнтий аймгаас 10 тооны адуугаа алдаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 6 тооны адуугаа олоод явж байна. Хэнтий аймаг руу ачих гэсэн зардал мөнгө их гарах гээд байна. Энд зарж борлуулаад нутаг буцмаар байна, та миний хэдэн адууг бойнд оруулаад өгөөч би танд хөлс мөнгийг нь өгье” гэхээр нь “чи адуугаа наашаа оруулах шаардлага байхгүй “Дивиз”-д 2 бойны газар байгаа тэнд оруулчих” гэж хэлээд би найз ......... руугаа залгаж “энд 6 адуутай хүн байна, чи ирээд адууг нь шинжихгүй юм уу” гэхэд манай найз удалгүй ирж “чи адуугаа бойнд оруулах юм уу бичиг баримт байгаа юм уу” гэхэд “ямар ч бичиг баримт гэх зүйл байхгүй” гэхээр нь би сэжиглэж эхэлсэн. Манай найз ......... адууных нь зүс, им, тамгыг нь асуухад мэдэхгүй, эргэлзээд байсан. Гол нь бойнд оруулаад өгчих л гээд байсан.” гэх /хх 59-60 дугаар хуудас/,

- Гэрч *******ын “2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед манай найз ******* утасдаж намайг дуудсан. Удалгүй би Хэрлэн сумын .......... дүгээр багийн “..........” байх хашаа байшинд нь яваад очиход *******гийнд танихгүй хазгай гишгэдэг хөл муутай залуу байсан. ******* надад хандаад “энэ ядарсан залууд тусалмаар байна, адуутай ирсэн гэсэн. Адуугаа ачуулмаар байна мөнгийг өгнө” гэж хэлсэн. Тэгээд би адууг нь харахаар Хэрлэн сумын 2 дугаар багт байх модон гүүрний урд талд яваад очиход 6 адуу байсан. Харин тэр туранхай залуу анх хэлж байснаас адууны зүс, тамга нь зөрөөд байсан болохоор нь надад сэжигтэй санагдсан. Тэгээд тэр 6 тооны адууг 5 дугаар багийн “Дивиз”-д байх өөрийн хашаа байшиндаа хашиж мөн тэр залууг орхиод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх /хх 62-63 дугаар хуудас/,

- Гэрч *******ын “Би 2021 оны 07 дугаар сараас хойш Дорнод аймгийн ******* сумын төвд мал маллан, хурдан морь уяж түр амьдарч байхад 2021 оны 07 дугаар сарын сүүлээр одоо өдөр хоногийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг эрүүгийн төлөөлөгч Анхбаяр миний гар утас руу залгаад “аймгийн төвд хэдэн адуу хашаатай байгаа юмаа, уг адуу нь хулгайн адуу бөгөөд эзэд нь тодрохгүй байгаа. Чи адуу мал мэддэгээрээ түр харж тус болооч, өөр маллахаар хүн олдохгүй байна” гэж ярихаар нь би сумын төвөөс ирж авч явсан. Тухайн үед намайг Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт малын бой хийдэг хашаанаас хар зүсмийн 2 шүдлэн адуу, хүрэн зүсмийн 2 шүдлэн адуу, хээр халзан соёолон азарган үрээ, саарал зүсмийн охин даага болох нийт 6 тооны адууг авч явахад бүгд эцэж турсан бие биеийнхээ сүүлийг идсэн нэлээд хэд хоног хашаатай байсан юм шиг байдалтай байхаар нь өрөвдөж авч явсан. Тэгээд өөрийнхөө адуу руу зөөлөн туугаад явж байхад ер нь хашаанаас гарах үед саарал зүсмийн охин даага шээс алдаад бараг явж чадахгүй, мөн зүүн талын дал хэсэг хавантай, ногоон өнгийн шингэн зүйл гараад хамгийн ард яваад, сүүлдээ бүр явахгүй болохоор нь хөдөө хээр ганцааранг нь орхиод бусад адуугаа цааш тууж өөрийнхөө адуун сүрэгт аваачин холбож ижилсүүлээд тэр өдрөө буцаж ирж чадалгүй, маргааш нь ус зөөж аваачиж өгөөд тамир оруулаад хэсэг харж зогссон. Тэгсэн явах тэнхэлгүй байхаар нь мөн тэр газраа үлдээгээд маргааш нь буцаад ирэхэд тэр газраа үхсэн байсан. Тиймээс надад анх адуу өгсөн Анхбаярт гар утсаар “чиний надад хүлээлгэж өгсөн 6 тооны адууны нэг болох саарал зүсмийн охин даага эцэж, цуцаад хөдөө хээр үхсэн, чи ирж зургийг нь авах уу” гэж хэлж байсан.” гэх /хх 73-74 дүгээр хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2202456 дугаартай “хулгайд алдагдсан гэх 6 тооны адууны зах зээлийн үнэлгээ нь 5,120,200 төгрөг”,  үрэгдсэн гэх дааганы үнэлгээ 583,333 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 77-87 дугаар хуудас/,

  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ын 2020 оны мал тооллогын “А” данс /хх 15- дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 20-23 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын ХААН банкны дансны хуулга /хх 26-50, 111-120 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 105-110 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ыг эрэн сурвалжилсан мэдээлэл /хх 121-122 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 123-135 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “хохирол бүрэн барагдсан, гомдолгүй” гэх хүсэлт,
  • Хохирогч *******ын дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-нд Сүхбаатар аймгийн ............ сумын ....... дүгээр багийн нутаг “..........” гэх газраас хохирогч *******ын 6 тооны адууг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж 5,120,200 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2202456 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2 Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор,

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг  ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн “Хурд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг ашиглан хохирогч *******ын 6 тооны адууг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс тууж, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт аваачсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          2.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа боловч урьд энэ төрлийн гэмт хэргээр эрүүгийн хариуцлага удаа дараа хүлээж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргаж, мэтгэлцсэн.

Шүүгдэгч ******* нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн “Хурд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.

Иймд *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хурд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Б-ын С-ыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “Хурд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ