| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2230000000292 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ... Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг “.....”-ийн .... айлын .... давхрын ... тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Х овогт М-ын У,
Хоёр. Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн,23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг “Дов”-ын задгай тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Х овогт Г-ын Б,
Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ..... дүгээр баг “....” бригадад нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ын Х,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “*******” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэж, хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д 1,860,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйл болсон.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Дэлгүүр лүү би ороогүй. Зүүн талын хашааны тэнд байхад *******, ******* нар дэлгүүр лүү ороод эд зүйл авчирсан. Тэгээд бид гурав айл руу явсан.” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр анх дэлгүүрээ нээхээр очиход хулгай орсон байсан тул цагдаа дуудсан. Шүүгдэгч нарт гомдол санал байхгүй. Шүүгдэгч нарын өмнөөс харамсаж байна. ******* хохирлыг барагдуулж өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн үнэ 100,000 төгрөг нэмэгдсэн. Нийт учирсан хохирлыг гуравт хуваахаар нэг хүний 660,000 төгрөг болж байна.” гэв.
Эрүүгийн 2230000000292 дугаартай хэргээс:
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “*******” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэж, хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д 1,860,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлгүүд, хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2202372 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 051 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр”-ны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч ашиглагчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдын үйл ажиллагаа явуулах орон байр буюу “*******” дэлгүүрийн цонхны төмөр хаалгыг ёотуугаар хөшиж, эвдэн, цонхоор нэвтэрч дотор орж, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, зөөвөрлөснөөр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна
1.2.2. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын өөрт оногдох хэсгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болоод хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.1. Шүүгдэгч *******, *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад *******, ******* нар хохирол төлбөр төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэх боловч өмнө удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 30 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно. Шүүгдэгч *******, Б.Ууганбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх саналыг,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хор хохирлын талаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч ******* нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хулгайлах гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хохирогчид учруулсан хохирлын өөрт холбогдох хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч ******* нь энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдож байгаа, хохирогчид учирсан хохирлын өөрт оногдох хэсгийн нөхөн төлөөгүй боловч нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******эд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд шүүгдэгч *******эд энэ тогтоолоор оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 9 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтыг журамлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил, 9 сар, 9 хоногийн хугацаагаар тогтоосон болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******гийн эд хөрөнгөд 1,860,000 төгрөгийн хохирлыг санаатай учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын үнэлгээг тогтоолгоход хохирогч нь 100,000 төгрөгийг Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-д нөхөн төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол нийт 1,960,000 төгрөг байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нийт хохирол 1,960,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тооцож хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч ******* 660,000 төгрөгийг, шүүгдэгч ******* 659,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 641,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэлээ.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Шүүгдэгч *******, ******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Учир нь: шүүгдэгч *******ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хорих ангиас шилжүүлэн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих байранд шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн 2023/ЦХШЗ/01 дугаартай захирамж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан боловч ялтан *******ийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 427 дугаар нээлттэй хорих ангиас шилжүүлж ирүүлсэн байна. Иймд түүний энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ын У, Х овогт Г-ын Б, Хд овогт Б-ын Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.У-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын, шүүгдэгч Б.Х-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******эд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын, шүүгдэгч *******эд оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Х 659,000 төгрөг, шүүгдэгч М.У 660,000 төгрөг, нийт 1,319,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 641,000 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “.......” хотхоны ....... тоотод оршин суух У овогт Х-ын Д-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ