| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Сүхбаатар аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ...... сумын ...... ажилтай, Сүхбаатар аймгийн ...... сумын .... дугаар баг “......” гэх газарт оршин суух хаягтай,
одоогоор Сүхбаатар аймгийн ..... сумын .... дугаар баг “.......”-ийн .... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, П овогт Г-ын Ш,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багт байх ................ байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч *******ыг бусдад агсам, согтуу тавиулахгүй хэмээн гэдэс орчимд өвдөглөн дарж, улмаар санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь давсагны урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Агсам согтуу тавиад байхаар нь болиулах гэж дарсан. Хохирогчид эмчилгээний зардалд 1,700,000 төгрөг өгсөн. Уучлалт гуйж эвлэрсэн гэв.
Эрүүгийн 2330000000016 дугаартай хэргээс:
- Хохирогч *******ын “Миний санаж байгаагаар би сумын -ын ...... тасагт очсон. Г.*******тай зууралдаж байснаа санаж байна. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Гэнэт гэдэс дотор аймар өвдсөн, тэгээд эмнэлэг дээр ирснээ мэдэж байна. Надад эмч өвчин намдаах тариа хийсэн байх би хэсэг хугацаанд унтаад сэрсэн. Гэртээ очоод байж байхад гэнэт шээх гэхэд давсгаар хүчтэй өвдөөд эхэлсэн хамт байсан хүмүүс эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд шууд сумын эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгөөд ирсэн өдрөө яаралтай хагалгаанд орсны дараа эмч нар миний давсаг хагарсан гэдгийг хэлсэн.” гэх /хх 10-12 дугаар хуудас/,
- Гэрч *******гийн “******* “би чамайг ална гээд писда, гөлөг минь” гэх мэтээр орилж хашхираад, ажилтан алба хаагчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад босох гээд хөл гараа тийчлээд байхад нь Г.******* “чи босоод хэрэггүй, хүмүүс чамайг цагдаа дуудаад өгчихвөл байх юм” гээд гэдсэн дээр нь хөлөөрөө өвдөглөж дарсан. Тэгэхэд ******* нь гэнэт “яа яа” гээд орилж хашхираад эхлэхэд манай ажлын үйлчлэгч .... эмч дуудсан. Миний харснаар Г.******* нь *******ын хэвлий хэсгийн хүйсийн тэр хавьд өвдөглөж дарсан.” гэх /хх 15-18 дугаар хуудас/,
- Гэрч *******ын “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед намайг ажлаа хийж байхад ******* манай ажлын Хөдөө аж ахуйн өрөө рүү орж ирээд *******тай маргалдаад, захиргааны үйлчлэгч эгчийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ******* *******тай зууралдаад өрөөнөөс гараад явсан. Удалгүй ******* “Ёо ёо, үхлээ” гээд бархираад байхаар нь захиргааны үүдний коридорт гарч харахад *******ын хэвлий хэсгээр нь өвдөөд Дэлгэрцэцэг эгч түргэн дуудаж үзүүлсэн. Тэр үед ******* *******ын гэдэс рүү өвдөглөсөн гэж байсан” гэх /хх 21-23 дугаар хуудас/,
- Гэрч *******ийн “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед намайг ажил дээр Батхүү, Оюунжаргал, ******* нартай хамт Хөдөө аж ахуйн өрөөнд юм яриад сууж байхад ******* орж ирээд манай эхнэр алга гээд эхнэртээ уурлаад над руу дайраад байхаар нь би өрөөнөөс гараад явсан. Тэгээд удалгүй *******оо “Ёо ёо, үхлээ” гээд бархираад байхаар нь захиргааны үүдний коридорт гарч харахад *******ын хэвлий хэсгээр нь өвдөөд, гэдсээ бариад хэвтэж байсан. Тэгээд би түргэн дуудаж үзүүлсэн. Тэр үед “******* *******ын гэдэс рүү өвдөглөсөн” гэж хэлж байсан.” гэх /хх 26-28 дугаар хуудас/,
- Гэрч ******* “Би Сүхбаатар аймгийн Онгон сумын Эрүүл мэндийн төвд 1 дүгээр багийн эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 28 минутын үед сувилагч Дэлгэрмаагаас Онгон сумын З.......... газарт ..... гэгч нь эвхэрч унаад босож чадахгүй, амьсгал авахад хэцүү байна гэсэн дуудлага ирээд надад мэдэгдсэн. 17 цаг 30 минутад очиж үзэхэд иргэн ******* нь ......... газраас хоёр хүнээр сугадуулан гарч ирсэн. Би машиндаа суулган эрүүл мэндийн төвд 17 цаг 35 минутад хүргэн, өвчин намдаах тариа хийж Баатар эмчид үзүүлж, хүлээлгэн өгсөн. Шөнийн 01 цагийн үед ..... эмч аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнийг аваад явсан.” гэх /хх 31-32 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай “1. *******ын биед давсагны урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 43-44 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын ............ байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч *******ыг бусдад агсам, согтуу тавиулахгүй гэх шалтгаанаар түүний гэдэс орчимд өвдөглөн дарж, улмаар санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь давсагны урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулах нь эрүүл мэндийг ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Г.******* нь хохирогч *******ын гэдэс орчимд өвдөглөн дарах явцад давсагны урагдал бүхий эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэлд хамаарах хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг бусдад саад учруулахгүй байх арга хэмжээг авах үедээ бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч Г.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Г.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.
2.2. Шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан бөгөөд хохирогч “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардлыг надад өгсөн.” /хх 107/ гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Г-ын Ш-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.*******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохироолд хохирогчид 1,700,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ