| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 187/2019/0528/Э |
| Дугаар | 1090 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1090
2019 10 29 2019/ДШМ/1090
Э.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Оад холбогдох 1910 0025 80172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Э-ын О, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ........................................ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............................../;
Э.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадаа 2019 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим А.Ичинноровтой маргалдаж, улмаар хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд “хамрын баруун угалзанд шарх” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З овгийн Э-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н О-ыг 1100 нэгж буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Оад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мөрдөгч нь зөвхөн хохирогч А.Ичинноровын найзуудыг гэрчээр байцаасан байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь урьдчилан үгсэн хуйвалдсан, хэрэг явдлыг мушгин гуйвуулсан зөрүүтэй мэдүүлэг байхаас гадна Э.Оыг яллахад чиглэсэн байх бодит боломжийг үүсгэж байна. Мөн хэрэг болсон Минт баарны хамгаалагч хавтас хэргийн 30 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Э.Отай хамт байсан өндөр залуу хаашаа нь цохисон бэ” гэхэд “өгзөг рүү нь хөлөөрөө цохиод байсан”, мөн хавтас хэргийн 17 дугаар талд хохирогч А.Ичинноровын өгсөн мэдүүлэгт “таныг цохиж байхад хажууд чинь хүн байсан уу” гэхэд “манай найз болон Минт баарны хамгаалагч байсан” гэж хэлдэг. Мөн хавтас хэргийн 16 дугаар талд “таныг цохиж байхад хажууд нь хэн хэн байсан бэ?” гэж асуухад “Минт баарны хамгаалагч байсан гэж бодож байна. Намайг яг цохиж байхыг харсан хүн байхгүй” гэж мэдүүлсэн байхад хавтас хэргийн 29-30 дугаар талд Минт баарны хамгаалагч Б.О нь “би зодооныг салгаж байхад намхан бондгор залуу нь зодуулсан гэх нүдний шилтэй залуугийн нүүр лүү 4 удаа цохиж байсан” гэж худал мэдүүлсэн, хэн нь нүдний шилтэй залуу байсныг ялгаж салгаагүй нөхцөл байдалтайгаар гэрчийн мэдүүлэг өгсөн гэх зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй.
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч А.Ичинноровын “намайг тонгойж байхад 1 удаа цохисон” гэх зэрэг тайлбаруудаас үзэхэд хохирогчийг гэмтээсэн хэмээн дүгнэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдааг шүүх бодитой үнэлж авч үзээгүй дээрх байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ч.Мөнгөнсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж нь “...гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэртэй байдаг...” байхаар тодорхойлогдсон.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын хохирогч А.Ичинноровын биед үзлэг хийсэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1525 тоот дүгнэлт хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан бөгөөд дүгнэх хэсгийн 2 дахь хэсэгт “Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн. Хохирогч А.Ичинноров нь тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч Г.Өнөболд болон хяналт тавьж байсан прокурор Г.Эсэн нарт “Гомдол санал байхгүй. А.Ичинноров нь өөрийгөө цагаараа цохиж гэмтээсэн байх тул хэргийг хааж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газрын мэдээлэл лавлагаагаар дамжуулан Г.Эсэн прокурорт хаягласан гар бичмэл өгсөн талаараа 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд, мөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэм буруугийн хуралдааны тэмдэглэлд “өөрийн буруу ойлголтоос үүдэн маргаан үүссэн маш хурдан болж өнгөрсөн намайг тонгойж байхад нэг удаа цохисон байх” гэх тайлбар, мөн дээрх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хохирогч А.Ичинноровын мэдүүлгээр Э.О нь гэмт хэргийг шууд санаатай хийсэн нь нотлогдож чадахгүй байна.
...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1525 дүгнэлтэд заасан ирмэг бүхий зүйл хэмээн тодорхойлсон дүгнэлтийн талаар: Хохирогч А.Ичинноровын хамрын баруун талын угалз хэсэгт учирсан гэмтэл ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар мөрдөгч болон прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах бөгөөд яллах болоод цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог. Хавтаст хэргээс үзэхэд А.Ичинноровын биед учирсан шарх нь “ямар ирмэг” бүхий зүйлээс улбаалан үүссэн нь бүрэн тогтоогдоогүй байдал нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна. Учир нь маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн өөрийнх нь буруу ойлголт, буруутай үйл ажиллагаанаас эхтэй бөгөөд өөрийн эзэмшил өмчлөлийн автомашинаас гарах шаардлага тавихаар очсон Э.Оын шаардлагыг үл хүндэтгэн түлхэж дайрч довтолсон үйлдлийг хохирогч гэх А.Ичинноровын зүгээс гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг ялгаж тогтоогоогүйгээс шалтгаалж гэмтэл учруулах санаа зорилгогүй, санамсаргүй эсвэл болгоомжгүй өөрийгөө гэмтээсэн байдлаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Э.Оад холбогдуулан гэмт хэрэгт тооцож байгаа нь энэ хуулийн үндсэн зарчим, тухайлбал шударга ёсны зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс хамаарч ял шийтгэл ялгамжтай байх, мөн өмнө гэмт хэрэгт тооцдоггүй байсан хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болсон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасантай шууд зөрчилдөж, санаатай хөнгөн хохирол учруулаагүй гэм буруугүй хүнд ял оногдуулах хэмжээнд очсон маргаантай асуудал үүсэж байгаад дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг ялгаж тогтоогоогүй нь Үндсэн хуультай зөрчилдөж байна.
Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.
Хохирогч А.Ичинноров шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тайлбар гаргах нь:
1.Мөрдөн байцаалтын үед хэт нэг талыг барьж гэрчүүдээс байцаалт авсан гэх. Тухайн үед хэрэг гарсан газар байсан хүмүүсээс л мэдүүлэг авсан ба өөр хөндлөнгийн хараагүй, үзээгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ёстой байсан уу? авах ёстой юу?. Гэрчүүдийн мэдүүлэгт үгсэн хуйвалдсан гэх нь бас зөв үү?, гэрчүүд өөр өөр зүйл харсан хүмүүс болж таарах уу?, нэг л харсан, үзсэн зүйлээ мэдүүлсэн байж таарна шүү дээ. Гэрчүүдийн мэдүүлэг зөрсөн, үгсэн хуйвалдсан гэх нуршсан нөгөө л нэг шалтгаан тайлбар болж чадах уу.
2.Хэрэг гараад цаг алдалгүй Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн бөгөөд эхний мэдүүлэгтээ л Э.Оыг дүрслэн хэлсэн байдаг бөгөөд огт эргэлзэж тээнэгэлзэлгүй миний хамрыг цохисныг санаж байна. Хүн гүтгэж, шийтгэж мөнгө салгах гэсэнгүй, хуулийн өмнө шударгаар хариуцлага хүлээлгэхийг хүссэн.
3. Минт баарны хамгаалагч нүдний шилтэй, шилгүй гэж худал мэдүүлэг өгсөн гэх. Э.О ч хохирогч миний бие ч хоёулаа нүдний шил зүүдэг юм байна лээ.
4. Хэргийн талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд намайг гэмтээсэн хүнийг олох эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд аз таарч олдсон. Э.Оыг хараад эргэлзэлгүй шууд таньсан байдаг бөгөөд миний ажил дээр уучлал гуйж, учир явдлаа хэлсэн юм. Хэрэг хийгээгүй байтлаа уучлал гуйж амьдрал ярих байсан уу, үгүй шүү дээ.
5. Хуулийн мэдлэггүйг минь далимдуулж прокурорт Э.О, түүний өмгөөлөгч нар өөрөө өөрийгөө гэмтээсэн болгож бичиг өгүүлсэн, эрүүл хүн өөрөө өөрийнхөө хамар луу цохиод байж байхгүй шүү дээ.
6. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч намайг оролцуулахгүй байх талаар Э.Оын өмгөөлөгч ятгасан удаа байдаг. Анхан шатны хэлэлцүүлэг болохоос өмнө Э.Оын өмгөөлөгчтэй хэд хэдэн удаа утсаар ярьсан. Прокурор, мөрдөн байцаагчдыг хүртэл ажлаа үнэлүүлэх гэж улайрч байгаа мэтээр ярьж байх нь тэдэнтэй адил хуулийн хүнд байж боломгүй санагдаж байсан. Э.Оын өмгөөлөгч цаг хугацаа хожиж хэргийг хэрэгсэхгүй болгож хаах талаар ярьж байсан нь биелэлээ олж байх шиг санагдлаа. Бүтэн 8 сар болоход хэрэг шийдвэрлэгдээгүй явсаар өнөөдрийг хүрсэн.
7. Э.О давж заалдах гомдол гаргасан тухай өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр мэдэж танилцлаа. Энэ талаар эрт мэдсэн бол хуулийн хугацаанд хохирогч миний бие мөн гомдол гаргах байсан.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Хуулийн хариуцлага хүлээлгэж үнэн шударга шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд хүн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч алдаагаа ухамсарлаж, цаашид алдаагаа давтахгүйг хичээж амьдрах учиртай гэж хохирогч миний бие үзэж байна. ...” гэжээ.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Оын хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хангалттай хийгдсэн ба ямар нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд хэргийн оролцогч өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүсэлт гаргана гэж заасан. Тухайн бичвэр нь мөрдөн шалгах ажиллагааны гадуур хийгдсэн байдаг. Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж ажил дээр нь очсон талаар хохирогч болон хохирогчийн эхнэрийн өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. Хохирогч, шүүгдэгч хоёр хэлэхдээ хажууд нь хамгаалагч байсан гэдэг. Хамгаалагч О болон тухайн үед ирсэн гэх Энхдөлгөөн нараас гэрчийн мэдүүлэг авсан. Иймд хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Э.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадаа 2019 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим А.Ичинноровтой маргалдаж, улмаар хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд “хамрын баруун угалзанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Ичинноровын “2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд эхнэр Мөнхчимэг, Оюунбилэг, Хулан, Цэрэнсодном нарын хамтаар орж үйлчлүүлээд 1 дүгээр сарын 20-ны шөнө 03 цаг 30 минутын орчим гарсан. Эхнэр Мөнхчимэг, Хулан хоёр “Минт” баарны гадаа автомашины зогсоол дээр байсан марк, дугаарыг нь мэдэхгүй нэг машины хаалгыг татаж онгойлгоод дотор нь ороод суусан. Би Цэрэнсодномын хамт машиных нь гадаа зогсож байхад үл таних 3-4 залуу ирснээ миний машинд хэн суусан бэ гэхэд Мөнхчимэг, Хулан 2 машинаас бууж ирээд бид нартай хамт зогсож байхад тэр залуучууд дайраад хэл амаар доромжлоод байсан. Энэ үед баарны 2 хамгаалагч бид нарыг салгаж байхад 165 см өндөртэй, хар хувцастай, шар царайтай, нүдний шилтэй залуу миний хамар руу нэг удаа гараараа цохихоор нь би Цэрэнсодномд хэлэхэд Оюунбилэгийн машин байна гэж бодоод хүний машинд суусан байна гээд намайг машинд суулгахад хамарнаас цус гарах шиг болсон. Тэгээд Хуланд харуулахад хамар сэтэрсэн байна гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг орсон. ...” /хх 11-15/,
гэрч С.Мөнхчимэгийн “...бид хоёр машинаас буусан чинь машины эзэн гэх залуу намхан, махлагдуу биетэй залуугийн хамт ирээд маргалдаж эхэлсэн чинь Ичинноров, танихгүй махлагдуу залуу хоёр бие биеийнхээ хувцаснаас заамдалцаж аваад байж байтал “Минт” баарны хамгаалагч ирээд салгасан. ...Бид нар маргалдчихаад явах гээд Ичинноровын машинд суугаад дуудлагын жолоочоор машинаа бариулаад явах гэж байхад Ичинноров миний хамарнаас цус гараад байна гэхээр нь заалны гэрэл асаагаад харсан чинь хамрын баруун тал нь сэтэрсэн цус гараад байхаар нь мэдсэн.” /хх 35-36/,
гэрч Э.Цэрэнсодномын “...Ичинноров эхнэр Мөнхчимэгийг өмөөрөөд машины эзний найзтай заамдалцаад байж байхад “Минт” баарны хамгаалагч нар ирээд бид нарыг салгасан. Бид нар явах гэж байхад намхан, махлагдуу, нүдний шилтэй залуу ирээд Ичинноровтой дахин заамдалцаад байхаар нь би салгасан. Ичинноровын хамраас цус гарсан байсан. ...” /хх 23-24/,
гэрч Б.Хулангийн “...Ичинноров нь үл таних маргалдсан гэх 25-30 орчим насны 165-168 см өндөртэй махлагдуу залуутай бие биеийнхээ хувцаснаас заамдалцсан зогсож байсан. Тэр үед “Минт” баарны хамгаалагч болон Ичинноровын үеэл гэх Цэрэнсодном 2 салгаад Ичинноровын өөрийн эзэмшлийн Приус-30 загварын автомашиныг бариулахаар жолооч дуудсан. Бид нар явах гээд машинд ороод суусан чинь Ичинноровын хамарнаас цус гарсан байхыг мэдсэн. ...” /хх 31-32/,
гэрч Г.Ганхүүгийн “...намайг машин дээр нь очиход хоорондоо маргалдаад байсан. Би цохисон эсэхийг хараагүй, маргалдаад байхаар нь би жолооч авахгүй юм байна гээд өөрийнхөө машинд ороод суусан. ...” /хх 27-28/,
гэрч Б.Оын “...2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Минт баарны автомашины зогсоол дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад үл таних хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би очиход энэ 2 залуу миний автомашинд андуурч суусан гэж хэлсэн. Тухайн үед би зодооныг салгаж байхад намхан бондгор залуу нь зодуулсан гэх нүдний шилтэй залуугийн нүүр рүү 4 удаа цохиж байсан. Би дийлэхгүй болохоор дотор үүрэг гүйцэтгэж байсан Энхдөлгөөн болон бусад хамгаалагч нарыг станцаар дуудахад гарч ирээд салгасан. ...” /хх 29-30/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Гараа атгаж цохивол үений төвгөр хэсэг таарвал үүсэх боломжтой. Намайг харахад таславчийн хугарал байгаагүй, хамрын угалзны шарх байсан учраас би үзлэг хийж дүгнэлт гаргасан. ...”/хх 120-122/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “А.Ичинноровын биед хамрын баруун угалзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 1525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч А.Ичинноров 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цаг 56 минутад бүртгүүлж үзүүлсэн тухай баримт /хх 73/, камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Оыг хохирогч А.Ичинноровын нүүрэн тус газар гараараа цохисны улмаас хамрын баруун угалзанд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх, Э.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнсүх нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1525 дугаартай дүгнэлт зэргээр хохирогч А.Ичинноровын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Оын цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О болон түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ