| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0428/З |
| Дугаар | 221/МА2025/0015 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0015
Д.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О
Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 811 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ач
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0428/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ж-аас нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 811 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Газрын тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар сарын 43.6, 56 дугаар зүйлийн 56.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ын “...нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэгчид “нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговорт 15,280,000 төгрөгийг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нараар нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.
-Нэхэмжлэгчид нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговорт 15,280,000 төгрөгийг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нараар нөхөн гаргуулах
-Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дугаар 54 тоот мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироосон, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах
-Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарааш нураах ажиллагаа нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах
-Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сонсгол хийсэн мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгох, сонсгол хийгээгүй гараашийн эздийн гараашийг хэвээр үлдээх хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах
-нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нар нь маргаан таслах зөвлөлийг байгуулж уг хурлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр нураах захирамж болон мэдэгдэл гаргасан нь эс үйлдэхүйг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт даалгах дээрх таван нэхэмжлэлийн шаардлагаас шүүх зөвхөн эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, үлдсэн дөрвөн нэхэмжлэлийн шаардлагуудтай хамааралтай нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр уг нэхэмжлэлийн шаардлагуудад ямар нэг шийдвэр гаргаагүй төдийгүй зөвхөн эхний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн үндэслэж шийдвэрээ гаргахдаа нотлох баримтуудыг буруу үнэлснээс болж, буруу хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Түүнчлэн зөндөө хугацаа зарцуулж, шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа хийсэн, хэргийг маш сайн ойлгосон шүүгчийг шүүхээс сольж, өөр шүүгч рүү шилжүүлж, шүүгч хэрэгтэй танилцах шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй шууд шүүх хурал хийхдээ хэрэгтэй бүрэн танилцан нотлох баримтыг зөв үнэлээгүй буруу хууль хэрэглэжээ гэж үзэхээр байна.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын дагуу нэхэмжлэгчийн хохирсон эрх ашгийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1-д заасны дагуу 15,280,000 төгрөгийн хохирлыг хариуцагчдаар гаргуулж, нэхэмжлэгчийн хохирсон эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгож өгнө үү.
3.1. Нэхэмжлэгчид нөхөн олговор өгөхгүйгээр түүний 15,280,000 төгрөгийг үнэлгээтэй гараашийг нурааж, нэхэмжлэгчийг хохироосон тул 15,280,000 төгрөгийг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нараар нөхөн гаргуулах тухайд:
Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “... нийслэлийн нутаг дэвсгэрт ... зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ...” ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Хоёрдугаарт: Дээрх захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, зөрчил арилгах, газар чөлөөлөх газар зохион байгуулалтын хийх ажлыг журмын дагуу зохион байгуулахыг ...дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулахыг ...дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах ...үүргийг дүүргийн Засаг дарга нарт өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжаар маргаан бүхий гараашийн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн гэж тус тус үндэслэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/277 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжаар маргаан бүхий гараашийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж үндэслэх нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамж гаргасан бол дүүргийн Засаг даргын захирамж нь уг захирамжийг үндэслэн гаргах бол уг захирамж гаргасан он сараас хойш захирамж гаргаж байж чөлөөлөх шийдвэр хүчин төгөлдөр болох үндэслэл үүснэ. Нийслэлийн Засаг даргын захирамжид нэхэмжлэгчийн гараашийг дурдан нураахаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн гарааш дээрх үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй.
Харин нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 тоот захирамж гарахаас өмнө Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамж гарсан. Уг захирамжийг тодруулахаар Баянгол дүүргийн Засаг даргатай уулзах цаг авч газрын алба болон Засаг даргатай хамтад нь гараашийн эзэдтэй хамт уулзсан. Уг уулзалтаар 1999 оны Баянгол дүүргийн Засаг даргын захирамжид итгэн шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоороо авсан бидэнд өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ болон үл хөдлөхийн гэрчилгээ олгох хүсэлт өгснийг холбогдох хүмүүс нь шийдвэрлээгүй, газрын төлбөрөө төлөөд явахад болно, тоосгон гараашуудад үл хөдлөхийн гэрчилгээ олгохгүй, удахгүй газар чөлөөлөөд дээрээ тоглоомын талбайтай доороо дулаан машины зогсоол бариад үл хөдлөх гэрчилгээ хэлснээрээ олгох бол бид газар чөлөөлж, гараашаа нураалгахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэхэд Засаг даргын зүгээс бид нөхцөл байдлыг ойлгож, та нарыг хохиролгүй болгох арга замыг судлаад хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй. Холбогдох хүмүүсээ нураагаад юу барих зураг төсөл төсөв батлагдсан эсэхийг тодруулахад зураг төсөл, төсөв нь ч батлагдаагүй захирамж гаргасан байсан. Иймээс гараашийн эздийн зүгээс Маргаан таслах зөвлөлөөр уг маргаантай асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ нийслэлийн Засаг дарга болон Маргаан таслах зөвлөлд удаа дараа өгөөд хариу хүлээх хооронд хүсэлтийн хариу өгөөгүй атал нийслэлийн Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 тоот захирамж гаргаж, бид нарт ч огт уг захирамжийг танилцуулаагүй. Бид уг захирамжийг гарааш нурааж байх үед буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцүүлэхгүй гарааш нурааж буй үйлдлийг зогсоож, шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл гарааш нураах ажиллагааг зогсоохыг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гомдол гаргасан боловч нураах ажиллагаагаа зогсоохгүй нураасан. Мөн өдөр маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй тул шүүхэд ханд гэсэн хариуг нийслэлийн Засаг даргын холбогдох хүмүүс нь бичгээр өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар нийслэлийн Засаг дарга болон маргаан таслах комисст иргэд гомдол хүсэлт гаргасан бол иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч, газрын маргаантай асуудлыг маргаан таслах түр комисс байгуулах шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй болохыг уг хуулиар заасан. Хариуцагч талууд бүхэлд нь уг хуулийг зөрчин түр комиссыг байгуулаагүй, нэхэмжлэгчийн маргаан таслах комиссоор хэлэлцүүлэх боломжоор хангаагүй, хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй. Харин өөр нэг захирамж гарган нэхэмжлэгчид танилцуулахгүй нураах ажиллагааг эхлүүлж нэхэмжлэгчийг хохироосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.
Гуравдугаарт: 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Д.Ж-ын эзэмшиж, ашиглаж буй Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, ** дугаар цэцэрлэгийн хойд болон зүүн талд байрлах гарааш нь маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжид заасан байршилд хамаарч байна.
Дөрөвдүгээрт: Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/128 дугаар захирамжаар ***** компанид 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт **, ** дугаар байрны урд 2*8 гарааш барих зөвшөөрөл олгосон боловч, эзэмших ашиглах эрхтэй талаар заагаагүй бөгөөд Д.Ж-ын нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ эрх шилжүүлсэн баримт байхгүй тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг сумын Засаг дарга, нийслэл дүүргийн газрын алба, хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ газрын алба байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна”-д заасан газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм гэсэн нь нотлох баримтыг шүүх бодит байдлын хүрээнд үнэлээгүй байна гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, маргаан бүхий газар гарааш нураагдсанаас хойш очиж танилцсан нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж буй гарааш нь Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/466 дугаар захирамжид дурдагдсан гараашийн байрлалд хамаарч байна гэж үзэж байгаа бол дээр дурдсан Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/128 дугаар захирамжаар ******* компанид ** дугаар хорооны нутаг дэвсгэрт **, ** дугаар байрны урд 2*8 гарааш барих зөвшөөрөл олгосон гарааш нь адилхан байршилд болохыг мөн тогтоох тогтоох боломжтой. Учир нь ** дугаар цэцэрлэг нь **, ** дугаар байрын урд байдаг. Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн тухайн үеийн кадастрын зургаар нотлогдохоос гадна тус газарт Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/128 дугаар захирамжаар ******* компанид гарааш барих зөвшөөрөл олгож, газрын гэрээ, эзэмших гэрчилгээг тус гарааш барих зөвшөөрөлтэй газарт тухайн үед олгохыг даалгасан болох нь нотлогддог. Бодит байдал дээр гарааш барих зөвшөөрөл олгосон компаниудад газрын гэрчилгээ нь үлддэг харин гарааш худалдан авсан иргэдэд үл хөдлөхийн гэрчилгээ олгогддог байсан тул уг захирамжид итгэн гарааш худалдан аваад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулах газрын гэрчилгээ олгох хүсэлтийг удаа дараа гаргасан болохыг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн боловч шүүх уг нотлох баримтуудыг үнэлээгүй төдийгүй гэрчилгээг иргэн биш төрийн холбогдох байгууллага олгох үүрэгтэй хуулийн заалтыг биелүүлээгүй буруутай захиргааны байгууллагын эс үйлдэхүйн буруутан нь хохирсон нэхэмжлэгч болгон үндэслэсэн нь үнэн бодит байдалд нийцэхгүй хэрэглэх, нотлох баримтыг хуулийн зөв үнэлэхгүй хэрэг ёстой хуулийг хэрэглэхгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/546 дугаар актаар гараашийн төлбөрийг ямар хэмжээгээр хэрхэн төлөх талаар тогтоосны дагуу гараашийн зориулалтаар газар ашиглаж, газрын төлбөр төлж байсан боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд иргэн Д.Ж нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй.
Тавдугаарт: Газрын тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.6-д “Нөхөн олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хамаарахгүй, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй, талаар зохицуулсан тул нэхэмжлэгч Д.Ж-д нөхөн олговор авах эрх үүсэхгүй бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчид нөхөн олговор олгох боломжгүй гэж хариу өгсөн нь хуульд нийцжээ” гэж үндэслэсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлэн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, 5 болон 6-д үндэслэсэн үндэслэл нь хоорондоо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч газрын төлбөр тогтоох хуулийн дагуу гараашийн зориулалтаар газрын төлбөрийг төлж байсан гэж буй үндэслэлээр бол нэхэмжлэгч намайг хууль ёсны дагуу гарааш эзэмшиг ашиглах эрхтэй болохыг тогтоожээ. Харин Газрын тухай хуулийн 27.4-ийг хэрэглэхдээ нэхэмжлэгчийн газрын гэрчилгээ болон гараашийн үл хөдлөхийн гэрчилгээ олгох хүсэлтийг яагаад захиргааны байгууллага нь олгохгүй байсан шалтгаан үндэслэлийг нотлох баримтуудын хүрээнд огт үнэлж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын эс үйлдэхгүйгээс хохирсон нэхэмжлэгч өөрөө эрхийн гэрчилгээ өөртөө олгохгүй эзэмшсэн гэж ойлгох үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох 1999 оны гарааш барих зөвшөөрөлд дурдсан байршил, гарааш худалдан авахдаа төлсөн баримт, кадастрын зураг, газрын төлбөр төлөхийг тогтоосон акт, газрын төлбөр төлсөн баримтаар нэхэмжлэгч нь зөвшөөрөлтэй шударга гарааш эзэмшигч болох нь нотлогддог. Түүнчлэн нэхэмжлэгчийн гарааш нь ямар ч зөвшөөрөлгүй захирамжгүй, дур мэдэн барьсан орж, гарц хаасан гараашуудад хамаарах гарааш нураах захирамжид хамаарахгүй болон эрхийн гэрчилгээг гаргаж өгөх хүсэлтийг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж эрхийн гэрчилгээгүй байсан нь нөхөн олговор өгөхгүй байх хуулийг хэрэглэх үндэслэл болохгүй.
Зургаадугаарт: Иймд нэхэмжлэгч Д.Ж-ын “...гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 15,280,000 төгрөгийн нөхөн олговор олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Долоодугаарт: Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасан “тухайн шатны Засаг даргад нийслэлийн Засаг дарга хамаарахгүй өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлд дурдсан нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй” гэж тус тус үндэслэсэн нь буруу хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч анх зөвшөөрөлтэй гарааш худалдан авах үндэслэл болсон Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/128 дугаар Газрын зөвшөөрөл олгох захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5 дахь заалтыг үндэслэн захирамжилсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1-т ****** компанид ** дугаар хорооны нутаг дэвсгэрт **, ** дугаар байрны урд 2*8 гарааш барих зөвшөөрөл олгох, 2-т техникийн нөхцөлийг авч батлагдсан зургийн дагуу барьж ашиглалтад оруулахыг ****** компанид ...тус тус даалгах, 3-т Газар эзэмшлийн гэрээ хийх, гэрчилгээ олгох, газрын төлбөрийг дүүргийн төсөвт оруулахыг ...даалгасугай гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 23.2-т газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна. 23.2.1-д газрын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, 23.2.2-д улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, 23.2.3-д аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т “сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө” заасан төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, 23.2.4-д улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, 23.2.5-д газрын нэгдмэл сангийн болон газрын тайланг жил бүр нэгтгэн Засгийн газарт танилцуулах” гэж тус тус заасан бол нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9.4.2-т заасныг үндэслэхдээ нэхэмжлэгчийн нэртэй гараашийг нураах талаар огт дурдаагүй нэхэмжлэгчийн гарааш нь уг тогтоолоор батлагдсан 9.4.2-т заалттай хамааралтай гэж үзэх үндэслэлгүй. Учир нь анх зөвшөөрөлтэй баригдсан. Зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтэрсэн зүйл огт байхгүй анх зөвшөөрөлтэй гарааш худалдсан. 9.4.2-т заасан гараашууд нь анхнаасаа огт зөвшөөрөлгүй иргэд өөрсдөө дур мэдэн барьсан гараашууд багтана. Харин нэхэмжлэгч анхнаасаа Баянгол дүүргийн захирамжтай гараашийг шударгаар хөдөлмөрлөн олсон мөнгөөрөө худалдан авч, газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Анх худалдан аваад Баянгол дүүргийн газрын албанд гарааш барьсан байгууллагын эзэмшил газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх, гараашийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжоор хангаж өгөхийг хүссэн өргөдөл хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч, газрын гэрчилгээ шилжүүлэхгүй барьсан компани нэр дээр байдаг, харин газрын төлбөрийг та төлнө, гарааш нураагдаж доороо дулаан гарааштай дээрээ тоглоомын талбайтай баригдахаар нь үл хөдлөхийн гэрчилгээг нэгдсэн журмаар гаргаж өгөх мэдэгдэл хүртэл уг ажлыг хариуцахаар шалгарсан компани гарааш дээр нааж мэдэж бид холбогдох баримтуудыг өгч байсан тул 2017 оны газрын төлбөрийг төлсөөр тэд актаа тогтоон уг төлбөрийг авсаар байсан. Түүнээс хойш газрын төлбөрийг төлөх гэхэд тодорхойгүй хугацаагаар авахгүй авах бол мэдэгдэнэ гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан тул энэ асуудлаар хүсэлт холбогдох газар гаргасан зэрэг нөхцөл байдал гэрчүүдийн тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хэрвээ захиргааны байгууллага нь зөвшөөрөлтэй захирамж гарсан байхад гэрчилгээжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй эс үйлдэхүйн улмаас гэрчилгээ гаргаж өгөөгүй, төрийн итгэл хамгаалж газар чөлөөлж, дээрээ тоглоомын талбайтай доороо дулаан зогсоол барьж үл хөдлөхийн гэрчилгээ олгоно гэсэн шийдвэрээ биелүүлэхгүй ногоон байгууламж хангалттай харин дулаан зогсоол огт байхгүй байрнуудад гараашийг нураан зөвхөн тоглоомын талбай тохижуулах ил зогсоол болгон улам түгжрэл үүсгэх шийдвэр гаргахгүй уг тогтоолын 9.4.3-д заасан нөхөн олговрыг авах боломжийг маргаан таслах зөвлөлөөр маргааныг шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй эс үйлдэхүйг нь нөхөн олговор авахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Шүүхийн хэрэглэсэн хуулийн заалт нь ч анхнаасаа зөвшөөрөлгүй дур мэдэн өөрсдөө барьсан гараашуудад хэрэглэх ёстой хуулийн заалт болохоос анх гарааш барихыг зөвшөөрсөн захирамж гаргаад уг төрийн албаны байгууллагын захирамжид итгэн гарааш худалдан авч, газрын төлбөрийг төлж, дүүргийн орлогод авсаар байсан атал газрын гэрчилгээ үл хөдлөхийн гэрчилгээ авах боломжоор хангах удаа дараа өгсөн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх гэхэд гарааш нураагаад оронд нь дээрээ тоглоомын талбайтай дулаан зогсоол бариад үл хөдлөхийн гэрчилгээг нэгдсэн журмаар үнэ төлбөргүй олгох болно гэж дулаан гарааш барих компанитай хүртэл өөрсдөө сонгож, бид нараас холбогдох бичиг баримт мэдээллийг авсан тул бид төрийн өмнөөс ажиллаж байсан холбогдох хүмүүст итгэж өнөөдрийг хүрсэн нь бидний хохироох үндэслэл болохгүй харин ч бидний итгэлийг хамгаалахгүй хэлсэндээ байхгүй хүлээлт үүсгэсэн бол ядаж маргаан таслах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцүүлэн бид нарыг хохиролгүй болох боломжтой байхад маргаан таслах түр комисс ч байгуулж нөхөн олговор олгох хүсэлтийг хүртэл шийдвэрлэхгүй нураасан нь нэхэмжлэгчийг хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэж хохироох үндэслэл болохгүй юм. Мөн нийт 110 гараашийг анх 3 захирамжаар гарааш барих зөвшөөрөл, гарааш барих компаниудад гаргаж газрын гэрчилгээг тэд нарт олгож, газрын төлбөр төлүүлэх захирамжтай гараашийн эздээс ганцхан хүнд нөхөн олговор өгсөн болохыг гарааш нураасны дараа олж мэдэн тэр хүнээс ямар нөхөн олговор яаж авсныг тодруулахад нийслэлээс шийдвэрлэж өгсөн гацууртад 0.7 га газар нөхөн олговорт өгсөн гэж хэлсэн байдаг. Уг хүнийг гэрчээр дуудах хүсэлт гаргасан боловч хүсэлт хүлээн аваагүй. Түүнчлэн маргаан таслах зөвлөлд болон ерөнхий сайдад гомдол гаргасан 60 гаруй хүмүүсийг гэрчээр дуудах хүсэлт гаргасан хүлээн аваагүй. Гэхдээ тэдний гаргасан гомдлыг хавтаст хэрэгт хавсаргасан болно.
Шүүхийн шийдвэрээс харахад, шүүх дараах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудтай хамааралтай нотлох баримтуудыг хавтас хэргээс нягтлан хуулийн дагуу үнэн зөв үнэлж, үнэн бодит байдалд нийцүүлэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болох нь шүүхийн шийдвэртэй танилцахад дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг огт дурдаагүй, шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна.
3.2. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарааш нураах ажиллагаа нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоож, 15.280.000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухайд:
Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 54 тоот мэдэгдэл нь хуульд заасан боломжит хугацааг нэхэмжлэгчид олгоогүй мэдэгдэлд үндэслэн уг хууль бус мэдэгдэл гарснаас хойш хоёр хоногийн дараа нураах ажиллагааг явуулж газар чөлөөлсөн нь хууль бус ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй болно. Хариуцагч тал нь хоёр хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нураасан болох нь маргаан таслах зөвлөл болон нийслэлийн Засаг даргад гаргасан гомдол болон зураг тогтоогддог.
3.3. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сонсгол хийсэн мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгох, сонсгол хийгээгүй гараашийн эздийн гараашийг хэвээр үлдээх хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, 15.280.000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухайд:
Сонсгол хийх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргахдаа сонсгол хийх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж зааж уг мэдэгдлийг нийт гараашийн эзэд мэдэх боломжит сувгаар мэдэгдээгүй нь сонсох ажиллагааг зарлах боломжит хугацаанд зарлаж нийт гараашийн эздийг оролцох боломжоор хангаагүй. Сонсгол болох өдөр очсон 20 гаруй гараашийн эздийн гараашийг хэвээр үлдээх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй гарааш нураах шийдвэрийг гаргасан нь хууль бус үйлдэл бөгөөд газрын тухай хууль болон захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.4. Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нар нь маргаан таслах зөвлөлийг байгуулж уг хурлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр нураах захирамж болон мэдэгдэл гаргасан нь эс үйлдэхүйг тогтоож, 15.280.000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт даалгах тухайд:
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу маргаан таслах түр зөвлөлийг байгуулж, уг зөвлөлөөр маргааныг шийдвэрлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг нийслэлийн Засаг дарга болон маргаан таслах зөвлөлийн даргад удаа дараа гаргасан атал уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Харин нийслэлийн Засаг дарга шинэ захирамж гаргаж уг захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй төдийгүй хуульд заасан хугацаанд хүсэлтийн хариуг өгөөгүй. Гарааш нурааж байх өдөр уг захирамжтай анх танилцсан бөгөөд нийслэлийн Засаг даргын хуулийн хэлтсээс маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй тул шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн нь газрын тухай хууль болон захиргааны тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасан тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар үнэн бодит байдлыг зөв тодорхойлж үнэлэн, хуулийг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн хохирсон эрх ашгийг хамгаалж Захиргааны хуулийн 100.1, 102.1 заасны дагуу нэхэмжлэгчийг 15.280.000 төгрөгийн хохирлыг буруутай хариуцагчаар гаргуулж, хохиролгүй болгож өгөх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Анх нэхэмжлэгч Д.Ж-аас нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15 280 000 төгрөг олгохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дугаар 54 тоот мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироосон, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарааш нураах ажиллагаа нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сонсгол хийсэн мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгох, сонсгол хийгээгүй гараашийн эздийн гараашийг хэвээр үлдээх хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нар нь маргаан таслах зөвлөлийг байгуулж уг хурлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр нураах захирамж болон мэдэгдэл гаргасан нь эс үйлдэхүйг тогтоож, 15,280,000 төгрөг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болохыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[1] байна.
2.3. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаагүй атлаа зөвхөн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлтийг хийж, зөвхөн уг шаардлагыг шийдвэрлэж, бусад шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд бүрэн дүүрэн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэх үндэслэлүүдэд тус тус хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 811 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар талд