Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2021/0072

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: А.Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “А.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Хаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлахдаа:

                Монгол улсын иргэн А.Х би 1965 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, одоо 56 настай, А.Х би өнгөрсөн хугацаанд дараах байдлаар улсад ажилласан юм. Ажиллаж байсан байдлыг нарийвчлан дурдвал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00556 дугаартай шийдвэрээр засварчин, тракторын жолоочоор 5 жил 4 сар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Ачит алхабы” ХК-д 1995-1997 онд 3 жил тракторын жолоочоор ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3 жил, 2014 оны хуулиар нөхөн төлөлт 1998-2000 оны 3 жил, цэргийн албыг 3 жил хаасан  үүний хугацаа 4 жил 6 сар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Дулаан харын уурхайд 2012-2021 он хүртэл 9 жил бүгд улсад 22 жил ажилласан гэж үзэж байна.

Иргэн А.Х би иргэний шүүхийн шийдвэрээр засварчин, тракторын жолоочоор 5 жил 4 сар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Ачит алхабы” ХК-д 1995-1997 онд тракторын жолоочоор ажиллаж байсан 3 жил, Ногооннуур сумын Дулаан хар уурхайд 2012-2017 оны хооронд 6 жил нийт 14 жил  6 сар хөдөлмөрийн хүнд  нөхцөлөөр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч Нараад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргахад тэрээр А.Х миний материалыг хүлээн авахаас татгалзсан буюу хөнгөлөлттэй  нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байсан учир аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд  2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан юм. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь миний гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуралдаанаар хэлэлцэн “таны гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй гэснийг үндэслээд нэхэмжлэл гаргасан.  Иргэн А.Х 56 настай, насны  хувьд маргаан байхгүй. Ажилласан жил нь нийтдээ 22 жил гарч байна.  Ажилласан жилд нь хариуцагч талаас маргаан гаргаагүй. Ажилласан 22 жилийг задалж хэлбэл, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 15 жил 1 сар ажилласан. Хариуцагч 11 жил ажилласан гэсэн тайлбар гаргасан байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдын хамтарсан 2004 оны 77 дугаар тушаалаар хавсралтаар  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан.

 Уг тушаалыг өнөөдөр мөрдөж ажиллаж байна. А.Х Ногооннуур сумын тэжээлийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 27-оос 1985 оны 5 дугаар сарын 31-ний хүртэл 11 сар засварчнаар ажилласан.  Засварчны мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдын хамтарсан 2004 оны 77 дугаар тушаалаар хүнд нөхцөлд орж байна. Тракторын жолооч, засварчнаар 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл 5 жил 6 сар ажилласан. Энэ хоёр мэргэжил хоёулаа хүнд нөхцөлд орж байна. Мөн “Ачит алхабы” ХК-д 1995-1997 онд тракторын жолоочоор ажиллаж байсан 3 жил, Ногооннуур сумын Дулаан хар уурхайд 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2013 оны 09 дүгээр сарын 01 нь хүртэл 1 жил 8 сар операторчноор ажилласан. Дараа нь манаач хийж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс  2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хооронд 4 жил операторчноор ажилласан. Дулаан хар уурхайд операторчноор ажилласан 5 жил 8 сар, тракторын жолооч, засварчин 8 жил 9 сар нийтдээ 15 жил 1 сар болж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдын 2004 оны 77 дугаар тушаалд засварчин, тракторын жолооч, операторчин гэдэг мэргэжил хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж заасан. Тухайн журамд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа малын их эмч, бага эмч, тракторын жолооч, комбайнчид 1995 оноос өмнөх хугацаа хамаарна гэж заасан. Энэ 3 жилийг хаслаа ч 12 жил 6 сар нь хүрч байна.

Тийм учраас А.Х насны болзол, ажилласан жилийн болзол хангаж байна. Хүнд нөхцөлд 15 жил гаруй ажилласан хүн.

Иймд А.Хт өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн А.Х 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргасан. Уг гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Учир нь:

1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д ороогүй ажил мэргэжлийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцно. Иргэн А.Хийн 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны хүртэл Ногооннуур сумын “Тэжээлийн аж ахуй”-д Засварчин, 1995-1997 онд “Ачит алхабы” ХХК-нд тракторчнаар, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл “Юүшенгминг” ХХК-нд дизельчин операторчин, манаач, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш “Сайхантэвсэг” ХХК-нд хамгаалагчаар ажилласан хугацаа тус тус хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд хамаарагдаж байна.

2. 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31 -ний дуустал Ногооннуур сумын “Тэжээлийн аж ахуй” буюу “Ачит алхабы” ХК-нд засварчин, тракторын жолоочоор ажилласан хугацааны зөвхөн тракторын жолоочоор ажилласан хугацаа нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 15 Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч (1995 оноос өмнөх хамаарна) гэж заасан албан тушаалтай тохирч байгаа тул хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэний дагуу 1992 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл 11 сар хүнд нөхцөлд ажилласан байна.

3. 1995-1997 онд “Ачит алхабы” ХХК-нд тракторчнаар, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл “Юүшенгминг” ХХК-д дизельчин операторчин, манаачаар ажилласан хугацаа Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлийн аль алинд ч хамаарахгүй албан тушаал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хөдөө аж ахуйн салбарт тракторчин гэж байгаа боловч зөвхөн (1995 оноос өмнөх хугацааг хамааруулахаар зохицуулсан тул 1995-1997 онд “Ачит алхабы” ХХК-нд тракторчнаар ажилласан хугацаа орохгүй. Харин 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл “Юүшенгминг” ХХК-нд дизельчин, операторчин, манаачаар ажилласан хугацааны албан тушаалууд дээрх жагсаалтад байхгүй. Дизельчин гэдэг албан тушаал Уул уурхайн салбарын жагсаалтад байхгүй, операторчин гэдэг албан тушаалаас дизелийн операторчин биш зөвхөн ачих төхөөрөмжийн операторчин гэдэг албан тушаал орсон тул уг хугацааг мөн хүнд, хортой, халуун нөхцөлийн аль алинд ч хамааруулахгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан.

Иймд А.Хт хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа уг болзлыг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Хаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан А.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжгүй байна.

А.Х нь Ногооннуур сумын Тэжээлийн аж ахуйд 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засварчнаар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Ачит Алхабы” ХК-д 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчин, тракторын жолоочоор, нийт 5 жил 4 сар, мөн “Ачит алхабы” ХК-д 1995-1997 онд 3 жил тракторын жолоочоор, 1998-2000 оныг дуустал 2012 онд батлагдсан  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөөр 3 жил,  1985 оны  6 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан  3 жилийн хугацааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д зааснаар тооцож,  нийт 4 жил 8 сар, 2012 оноос 2018 он хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Дулаан хар уурхайд  дизельчин, операторчин, манаачаар  6 жил, 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс  2020 он дуустал “Сайхантэвсэг” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00556 өдрийн шийдвэр, 098159 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ННД№0004368 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 579782 дугаартай цэргийн батлахаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас улсад нийт 22 жил ажилласан гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд улсад ажилласан хугацааны талаар хариуцагчаас маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчээс “ А.Х Ногооннуур сумын тэжээлийн аж ахуйд 1984 оны 7 дугаар сарын 27-оос 1985 оны 5 дугаар сарын 31-ний хүртэл 11 сар засварчнаар,1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл 5 жил 6 сар тракторын жолооч, засварчнаар,  “Ачит алхабы” ХК-д 1995-1997 онд тракторын жолоочоор ажиллаж байсан 3 жил, Ногооннуур сумын Дулаан хар уурхайд операторчноор ажилласан  2012 оны 01 дүгээр сарын 01-ээс  2013 оны 09 дүгээр сарын 01 нь хүртэл 1 жил 8 сар,   2014 оны 01 дүгээр сарын 01-ээс  2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хооронд 4 жил операторчноор тус тус ажилласан. Дулаан хар уурхайд операторчноор ажилласан 5 жил 8 сар, тракторын жолооч, засварчин 8 жил 9 сар, нийтдээ 15 жил 1 сар хүнд нөхцөлд ажилласан”  гэж тайлбарлан маргажээ.

Нийгмийн  даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дах хэсгийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” тэтгэвэр тогтоолгох  эрхтэйгээр хуульчилжээ.

1965 онд төрсөн нэхэмжлэгч А.Хийн хувьд хуулийн дээрх заалтад заасан 55 нас хүрсэн, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаж байгаа боловч 12 жил 6 сараас доошгүй жил хүнд нөхцөлд ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүхээс үзлээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаалын Дөрөвт заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах мэргэжлийн жагсаалтын  15-д “Хөдөө аж ахуйн малын их, бага эмч, санитарч, тракторчин, комбайнч (1995 оноос өмнөх хамаарна)” гэсэн  байх ба нэхэмжлэгч А.Х нь 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  11 сар 11 хоног тракторын жолоочоор буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00556 өдрийн шийдвэрийн  тодорхойлох хэсэг дэх нэхэмжлэлийн агуулга, тогтоох хэсэгт зааснаар батлагдаж байна.

Харин дээрх жагсаалтаас үзвэл, 1995 оноос хойш тракторын жолоочоор ажилласан нь, мөн хөдөө аж ахуйн салбарын засварчнаар, уул уурхайн салбарын дизельчин операторчноор, манаачаар ажилласан нь тус тус хөдөлмөрийн  хүнд нөхцөлд хамаарахгүй байна.

Иймээс  Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэсэн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид  өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  эс үйлдэхүй нь хууль ёсны, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй  байна гэж шүүхээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Хаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан  “А.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                         

           

 

                                         ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      З.ГҮЛБАРША