Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00961

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2020/00056 дугаар магадлалтай,

*******ы нэхэмжлэлтэй,

*******д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2016 онд *******той танилцаж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 онд хүү Н.Ергали маань төрсөн. Бид 2016-2018 оны хооронд өрх тусгаарлан амьдраагүй бөгөөд хадам аав ээж, нөхрийн дүү нартай хамт нэг гэрт амьдарсан. Тэр хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байсан. Нөхөр маань архи уух, РС тоглох, бильярд тоглох зэрэг хоногоор гэрээсээ явж ирэхгүй байх, ирсэн үедээ согтуу ирж зодох, хэрэлдэх, танхайрах гэх мэт зүй бус тохиолдол их гардаг. Гэр бүлийн бусад гишүүд болох хадам аав, ээж, дүү нар нь нөхрийн маань талд орж хамтдаа загнаж, гадаа хөөгөөд гаргаж оруулдаггүй байсан. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил эрүүл бойжиход хүндрэлтэй, ажиллахад хүртэл саадтай байсан тул цаашид ажил хөдөлмөр эрхлэх, тусдаа амьдрах зорилгоор Улаанбаатар хотод ирсэн. Нөхөр маань хамт ажил хийнэ гээд ирсэн боловч олсон бүх мөнгөө хадам ээжид өгдөг. Хотод нэг удаа хүүгээ авахуулсан ч нөхөр маань хамт өсгөж хүмүүжүүлэх үүргээсээ татгалзаж хэрүүл маргаан үүсгэсэн тул түр хугацаагаар буцаад өөрийнхөө ээжид явуулсан байхад хадам ээж хүүхдийг маань хүчээр аваад явсан. Тэрнээс хойш хүүхдийг маань өгөхгүй байгаа. Хадам ээж хүүхдийг маань авсны дараа нөхөр маань хамт ажиллаж, амьдрахгүй гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хүүхдийг маань уйлуулаад дууг нь утсаар сонсгож дарамталдаг байсан. Тэрнээс хойш тус тусын амьдралтай болсон. Цаашид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2016.12.17-ны өдөр төрсөн хүү Н.Ергалийг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийг дагуу эцэг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: *******ы гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* бид хоёр бие биендээ дурлаж, хайртай болж 2016.03.17-ны өдөр Баяннуур суманд гэр бүл болсон. ******* бид хоёр гэр бүл болохоосоо өмнө би аав ээжээсээ тавуулаа бөгөөд намайг айлын том хүү нь гэдгийг ******* сайн мэдэж байсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод удаагүй байхад эхнэр маань тусдаа амьдарна, хөдөө амьдрахгүй гэж байнга үглэхээр нь аймгийн төв бараадаж амьдрахаар болсон. Эхнэр бид хоёр мөнгөгүй байсан тул миний аав ээжийн зүгээс биднийг дэмжиж аймгийн төвөөс 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатайгаар хөлсөлж авч өгсөн. Миний бие 2016 оны 5 сараас эхэлж машин угаалгын газарт ажилд орсон. Харин эхнэр маань тухайн жилийн намар хүртэл ажил хийгээгүй гэртээ байсан. 2016 оны 10 сарын үед хадам аав маань барилгын талбайд ажиллаж байхдаа өндрөөс унаж хөлөө гэмтээж хот руу авч явж эмчлүүлэхээр болсон. Тухайн үед хадам аавыг Улаанбаатар хотод надаас өөр авч явах хүн олдоогүй тул би авч явж нэг сар гаруй сахисан. Улаанбаатар хотоос ирсний дараа миний бие угаалгын газарт 2017 оны 1 сар хүртэл ажилласан. Эхнэр маань 2016.12.17-ны өдөр эсэн мэнд амаржиж хүүтэй болсон ба бидний амьдарч байсан байр өвөл маш их хүйтэн байсан учраас Баяннуур сум руу аав ээжийн гэрт буцаж очиж амьдарсан. Дараа нь 2018 он гараад Баяннуур сум руу явсан. Хадам ээж, аав маань надад ингэж яваад байх юм уу, машинтай бол гэх мэтээр хэлж маш их дарамттай байдаг байсан. 2018 оны 3 сарын үед бид хүүгээ аав, ээж дээрээ үлдээж Улаанбаатар хот руу явсан. Миний бие Улаанбаатарт барилга болон зам засварын компанид ажилласан. Би тухайн үед сарын 600,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан ба цалингаасаа ойр зуурын хэрэгцээндээ зориулж 100-150 гаруй мянган төгрөгийг өөртөө авч үлдээд бусдыг нь эхнэртээ сар бүр тушаадаг байсан. 2018 оны 10 дугаар сард жолооны үнэмлэхийн төлбөр болох 300,000 төгрөгийг тушаах гэтэл эхнэр маань уурлаж чи уг мөнгийг хөдөө ээж рүүгээ явуулах гэж байна уу, ээж чинь үхэж далд ороосой гэж үндэслэлгүйгээр хардаж сэрдэж дарамталж дүүгийнхээ хамт намайг зодож гэрээс хөөсөн. ******* бид хоёр 2018 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Хүү маань одоо 3 нас 2 сартай ба ******* бид хоёрыг аав, ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав, ээжийг төрсөн аав, ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Тийм учраас төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Ергалигийн эрх ашгийг дордуулж *******ы асрамжид өгөхгүй байхыг эрхэм шүүхээс хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахаас бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харахасбайым овогт Оралбекийн Нурбол, Ботахара овогт Жекейханы Аяужан нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ергалийг эх нь болох *******ы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Ергалийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох *******оор тэжээн тэтгүүлж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч *******оос 104,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2020/00056 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 212/МА2020/00056 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Юуны түрүүнд хэлэхэд нэхэмжлэгч ******* бид хоёр 2016.03.17-ны өдөр гэр бүл болсон, бидний дундаас 2016.12.17-ны өдөр Н.Ергали төрсөн бөгөөд Н.Ергали нь 2018 оны 3 сараас хойш миний эцэг эх Оралбек, Гүлденген бид гуравын асрамжинд байгаа. Миний бие хүүхдээ бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа ба шүүхээс нэхэмжлэгч бид хоёрыг эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч шүүх биднийг эвлэрүүлэх талаас ямарч санаачлага гаргаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна гэж заасныг тайлбарлан хэрэглээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэгт "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах., 125 дугаар зүйлийн 125.3 дахь хэсэгт Энэ хуулийн 125.2-т заасан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11/-т хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар хуульчилсан. Хүү маань одоо 3 нас 8 сартай ба Аяужан бид хоёрыг аав, ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав, ээж нарыг төрсөн аав, ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Хэрэв Ергалиг нэхэмжлэгч Аяужаны асрамжинд үлдээсэн тохиолдолд хүү маань өвөө эмээгээ санаж шарлаж өвдөх болно. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод айлын хажуу өрөөг түрээслэн амьдардаг, өдөрт 8-10 гаруй цаг тасралтгүй ажилладаг, түүнчлэн 280,000 гаруй мянган төгрөгийн орлоготой Аяужан нь Ергали хүүхдийг асарч хамгаалж чадахгүй гэдэг нь тов тодорхой юм. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Ергалигийн эрх ашгийн үүднээс шүүхийн шийдвэрийн хүүхдийн асрамж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хүү Ергалиг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Н.Ергалиг өөрийн асрамжид үлдээж, эцэг *******оор хүүхдээ тэжээн тэтгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Н.Ергалийг эх *******ы асрамжид үлдээж, Н.Ергалийг эцэг *******оор тэжээн тэтгүүлж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болно гэснийг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

*******, ******* нар нь 2016.03.16-ны өдөр гэр бүл болсноос хойш таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос тус тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагч гэрлэлт цуцлуулахаас бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох тайлбар гаргаснаас үзэхэд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү Н.Ергалиг эх *******ы асрамжид үлдээж, эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Гэр бүлийн тухай хуульд нийцсэн байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******ын ...төрсөн эхийн хайр халамжийг олигтой хүртээгүй бага насны хүүхэд Ергалигийн эрх ашгийн үүднээс шүүхийн шийдвэрийн хүүхдийн асрамж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хүү Ергалиг миний асрамжинд үлдээж өгнө үү гэсэн үндэслэл нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулгатай байна.

Иймээс Хүүхдийн нас, ахуйн нөхцөл, бололцоо, эхийн халамж, ёс суртахууны байдал, эх нь өөрөө хүүхдээ өсгөж, тэжээн тэтгэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Н.Ергалиг эх *******ы асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ...хүү маань ... Аяужан бид хоёрыг аав, ээж нь гэж мэдэхгүй, харин миний аав, ээжийг төрсөн аав, ээж нь гэж ойлгодог, тэд нарт дассан байгаа. Хэрэв Ергалиг нэхэмжлэгч Аяужаны асрамжинд үлдээсэн тохиолдолд хүү маань өвөө эмээгээ санаж шарлаж өвдөх болно гэсэн гомдлыг хүүхдийг эцэг нь өөрийн асрамжид авах зорилготой гэж үзэхэд учир дутагдалтай юм.  

Мөн ...шүүх биднийг эвлэрүүлэх талаас ямарч санаачлага гаргаагүй, ... гэсэн агуулгатай гомдолд ...анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчид болох *******, ******* нарт эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч өргөдөл гаргагч *******, уригдсан тал ******* нар нь эвлэрэхээс татгалзсан тул 2020.02.10-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд гэрлэгчид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, эвлэрэхээс татгалзсан, хариуцагч өөрөө гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбар гаргаж байсан тул гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Н.Ергалиг эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тэтгэлэг олгох хугацааг заагаагүй орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс залруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2020/00056 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00441 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын ...доод түвшингийн хэмжээгээр гэсний дараа сар бүр гэсэн нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД