Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2330000000003 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... регистрийн дугаартай, М овогт Г-ийн А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Халзан сумын .... дүгээр багийн нутаг “.....” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын үед хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, барьж явсан шилбүүрийн модоороо цохиж зодон, түүний эрүүл мэндэд зүүн гарын мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед хөдөө ирээд гадаа идэш хийж байсан. Хохирогчийн үхэр гэрийн гадаа байхаар нь хөөсөн. Отгоо ах ирэхээр нь “арай л дарамтлаад байгаа юм биш үү” гэхэд “хохь чинь” гэсэн. Толгой руу цохиогүй, мөр лүү цохисон.” гэв.

Эрүүгийн 2330000000003 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “Сүхбаатар аймгийн Халзан сумын ....4 дүгээр баг ..... гэх газарт мал маллан амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын дундуур Халзан сумын “.....” гэх газарт өвөлжих гээд өвөлжөөн дээрээ аргал асгасан байсан. Тэгтэл ******* миний буух гэж байсан газар очиж буугаад миний асгасан байсан аргалыг малаараа давтуулаад хог болгосон байсан. Тэгээд би *******тай тэр үеэс маргаж эхэлсэн. Харин 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би сумын төвийн гэрээсээ хөдөө гэр лүүгээ идшээ хийх гээд очсон. Тухайн үед манай хөдөө гэрийн зүүн талд өвөлждөг Отгонбаатарын үхрүүд манай гэрийн гадаа ирээд идэш хийж байхад мөөрөөд байхаар нь би гэр лүү нь хөөсөн. Тэгсэн Отгонбаатар эхнэртэйгээ манай гэрийн гаднаас үхрүүдээ хөөх гээд ирсэн. Тэгээд би ирэхээр нь “та арай давраад байгаа юм биш үү, үхэр малаа өөрийнхөө бэлчээрт явуулахгүй, манайх руу явууллаа, өмнө бас миний өвөлжөөн дээр байсан аргалыг давтуулсан” гээд уурласан. Харин тэгэхэд Отгонбаатар надад “хохь чинь” гэж хэлэхээр нь би барьж явсан шилбүүрийн модоороо нуруу, шуу хэсэгт 3-4 удаа цохисон.” гэх /хх 41-42 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дүгээр багийн нутаг “....” гэх газарт байх гэрээсээ зүүн урагш үхрээ хөөж ирэх гээд эхнэрээ үхрийнхээ баруун талд буулгасан. Би өөрөө үхрийнхээ зүүн талыг хөөгөөд явж байхад Халзан сумын 4 дүгээр багийн иргэн ******* морьтойгоо над руу ирэхээр нь би машинаасаа буугаад очиход “Чи яагаад үхрээ хаяанд ирүүлээд байгаа юм” гэж хэлээд барьж явсан шилбүүрийн модоороо морин дээрээсээ нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Би сандраад мориных нь жолоо дээрээс барихад миний зүүн гарын шуун хэсэг болон толгой руу маш олон удаагийн давтамжтай цохисон. Удалгүй манай эхнэр ирээд *******ыг хориход манай эхнэрт хандан “би эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм” гэж хэлээд миний машины шилийг хагална гээд машины шил рүү 2-3 удаа цохисон. Тэгээд яваад өгсөн.” гэх /хх 11-12 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Г-ийн “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би нөхөртэйгөө үхрээ хураагаад явж байхад манайхтай ойр нутагладаг ******* гэх залуу морьтой ирээд морин дээрээсээ манай нөхрийг шилбүүрийн модоор толгой хэсэг рүү нь маш олон удаа цохиж байхад нь би очиж болиулсан. Намайг очоод болиулах гэтэл  “би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш, машины цонхыг хагална” гэж хэлээд машиныг маань 2-3 удаа цохиж байгаад цаашаа яваад өгсөн.” гэх /хх 14дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
  • Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуурын модны зургийн үзүүлэлт /хх 5 дугаар хуудас/,
  • Хохирогч *******т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 24 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “1. *******ын биед зүүн гарын мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-26 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 44-45 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******од холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 46-48 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай “оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Халзан сумын ..... дүгээр багийн нутаг “......” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын үед хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, барьж явсан шилбүүрийн модоороо цохиж зодон, түүний эрүүл мэндэд зүүн гарын мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

       Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч *******ын “******* морьтойгоо над руу ирэхээр нь би машинаасаа буугаад очиход “Чи яагаад үхрээ хаяанд ирүүлээд байгаа юм” гэж хэлээд барьж явсан шилбүүрийн модоороо морин дээрээсээ нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Би сандраад мориных нь жолоо дээрээс барихад миний зүүн гарын шуун хэсэг болон толгой руу маш олон удаагийн давтамжтай цохисон.” гэх,

гэрч Э.Г-ийн “******* гэх залуу морьтой ирээд морин дээрээсээ манай нөхрийг шилбүүрийн модоор толгой хэсэг рүү нь маш олон удаа цохиж байхад нь би очиж болиулсан.” гэх мэдүүлгүүд,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуурын модны зургийн үзүүлэлт,  Хохирогч *******т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ..... сумын ..... дүгээр багийн нутаг “.....” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын үед хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, барьж явсан шилбүүрийн модоороо цохиж зодон, түүний эрүүл мэндэд зүүн гарын мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь бусдын эрх хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атал  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаанд холбоотой, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргав.

1.3. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж түлхэж унагах, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч  *******ыг “малаа гэрийн гадуур бэлчээлээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан түүний зүүн гарын мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлөөгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилбүүрийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” саналыг гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар мал аж ахуй эрхэлдэг зэрэг нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийг торгох ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин ******* нь дээрх гэмт хэргийн улмаас “миний “А5” маркийн гар утас эвдэрсэн. Анх 250,000 төгрөгөөр авч байсан. Энэ мөнгийг нь нэхэмжилнэ” гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа болохыг дурдаж, хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролтой холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******од  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан ташуурын модыг шүүгдэгч нь буцаан авах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Г-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролтой холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ташуурын модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******од буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг 9 мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР