Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230000000370 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн  хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг ..... дугаар хороо, “.....”-ын ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 314 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1028 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар ......, Д овогт Ө-н  Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .... эмнэлгийн .... тоот өрөөнөөс хохирогч *******ы эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-52” загварын гар утсыг 10,000 төгрөгийн үнэ бүхий сим картын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 710,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар баг “....”-ны .. дугаар байрны .. тоотоос ******* эзэмшлийн  633,333 төгрөгийн үнэ бүхий “Redmi Note-10” загварын гар утсыг 60,800 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч *******д 694,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хулгай хийе гэсэн бодол санаа байгаагүй. Хэтний аймаг руу дүүтэйгээ уулзахаар очсон боловч ажил дээрээ байгаагүй. Тухайн үед надад утас байгаагүй. Утасаа Улаанбаатар хотод байхдаа бэр эгчдээ өгсөн байсан. Тэгээд дүүтэйгээ холбоо барих гээд гар утасны эзнийг сэрээх гэсэн боловч сэрээж чадаагүй. Мөнхтулгын гэр нь манай том эгчийнхтэй нэг орцонд байдаг. Тэгээд эгчийнх рүү орох гэсэн боловч гэр нь түгжээтэй байсан. М-ын гэрийн хаалга нээлттэй байсан. Эгч рүүгээ утсаар ярих зорилгоор Мөнхтулгын гэр лүү орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна.” гэв.

Эрүүгийн 2230000000370 дугаартай хэргээс:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2022 оны 12 дугаар сарын 03-ны орой ганцаараа 0.5 граммын “Хараа” архийг уусан. Тэгээд том эгч Н-ын гэрт очиж хонох гээд гэрийнхэн гадаа очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь эгчийн хажуу талын айлд ороод утсаар нь ярих зорилгоор 6 тоот номерын айл руу орох гээд хаалгыг нь татахад онгорхой байсан. Тэгэхэд жижиг өрөөнд эрэгтэй хүн унтаж байхаар нь сэрээх гээд дуудахад сэрэхгүй байсан. Унтаж байсан хүний хажууд байсан ухаалаг үйлдлийн системтэй гар утас байхаар нь утсыг нь аваад гараад явсан. Тэгээд тэр утсаар эгчийн утас руу залгах гэхэд утас нь кодтой байхаар нь буцаж оруулж тавих гэснээ гэнэт болиод хөдөө айлд очиж хонохоор явсан.” гэх /хх 55-56 дугаар хуудас/

“Манай төрсөн дүү Ө.Н нь Хэнтий аймгийн төвд ажиллаж амьдардаг учраас дүүгийнхээ гэрийг хайгаад олоогүй учраас ажилладаг газар болох ...... эмнэлэг рүү дүүгээ асуухаар очсон. Эмнэлэгт очоод 2 давхарт гарахад онгорхой хаалга байхаар нь ороход хүн унтаж байсан. Тэгээд сэрээх гээд дуудахад сэрэхгүй байсан. Тухайн хүний утас хажууд нь байхаар нь аваад гараад явсан. Би хүний утсыг авахдаа эзэнд нь хэлээгүй. Төрсөн дүүгийнхээ утас руу залгах зорилгоор авсан. Утсаар ярих гэхэд утас нь кодтой байсан учраас нээж ярьж чадаагүй. Маргааш нь цагдаа нар намайг “хүний гар утас хулгай хийсэн байна” гэхээр нь “тиймээ, би тухайн үед халамцуу байсан учраас дүүтэйгээ ярих зорилгоор авсан, уучлаарай намайг” гээд тухайн гар утсыг нь цагдаа нарт хүлээлгэн өгсөн.” гэх /хх 132-133 дугаар хуудас/,

- Хохирогч Э.М-ын “Миний бие 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед малтай гэр лүүгээ хөдөө явж байгаад, шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед шөнө болсон, ядарсан байсан тул шууд унтаад өгсөн. Гэтэл шөнө дунд 03 цагийн үед эхнэр “хүн орж ирээд гарлаа” гээд намайг сэрээхээр нь босоод гэр орны эд зүйлсээ үзэхэд, миний барьдаг “Redmi Note-10” загварын гар утас алга болсон байсан. Би эхнэрээсээ “хэн орж ирсэн бэ” гэхэд “би сайн мэдэхгүй байна, урьд харж байгаагүй, намхан нуруутай туранхай 40-50 орчим насны шар хамбан дээлтэй, нохой гуталтай хүн байсан, хэн бэ гэж асуухад Мөнх-Эрдэнэ байна гэж шивнээд алга болсон” гэж хэлсэн. Би уг хүний араас нь гүйж гараад олоогүй юм. Би ойлгохдоо манай дүү ирээд явсан болов уу гэж бодоод дүү Мөнх-Эрдэнэ рүү утсаар залгахад “би очоогүй хөдөө гэртээ байна” гэж байсан. Миний гар утас хөх саарал өнгөтэй, хар гадартай, хавтсандаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан.” гэх /хх 9-10 дугаар хуудас/,

  • Хохирогч Ө.Б-ы “Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутад .....н сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ...... эмнэлэгт сувилагчаар үүрэг гүйцэтгэхээр ажлаа хүлээж авсан. Тэгээд үйлчлүүлэгч нарынхаа эмчилгээ, сувилгааг хийж өгөөд хөтөлбөл зохих бичиг баримтаа хөтлөөд шөнө 02 цаг өнгөрч байхад эмнэлгийн 2 давхарт байрлах сувилагчийн постын хажуу талд байдаг 208 тоот амрах өрөөнд ороод, хаалгаа онгорхой үлдээгээд эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг дуудаж магадгүй гэж бодоод амарч байсан. Хажуудаа өөрийн “Samsung А-52” загварын гар утсаа тавьсан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад сэрээд үлдсэн бичиг баримтаа хөтөлж байгаад гар утсаа авах гэхэд миний гар утас алга болсон байсан.” гэх /хх 90-91 дүгээр хуудас/,  

- Гэрч Ц.М-ийн “Миний бие 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө нөхрийн хамт гэртээ унтаж байсан. Тэгсэн шөнө 02 цаг 50 минутын үед гэнэт хүн орж ирэх шиг болсон. Тэр хүн жижиг өрөө рүү шууд орж зогсож байгаад, буцаад гараад явах шиг болсон. Би нойрмог сэрээд харахад намхан нуруутай, 40-50 орчим насны, шар хамбан дээлтэй, нохой гуталтай хүн байсан. Би “хэн бэ” гэж асуухад “Мөнх-Эрдэнэ байна” гэж шивнэж хэлээд гараад явсан. Тухайн үед айсан тул хэсэг шоконд ороод, дугарч чадахгүй тэр хүнийг гарсны дараа нөхрөө сэрээсэн. Манай нөхөр араас нь гарч яваад олоогүй. Манай нөхрийн утас жижиг өрөөнд орны хажууд байсан. Манай нөхөр орж ирээд унтахдаа жижиг өрөөний гэрэл асаалттай унтсан байсан. Тийм учраас би царай, төрх, хувцсыг нь харсан. Би зүс үл таних хүнийг урьд нь харж байгаагүй.” гэх /хх-17-18 дугаар хуудас/,

- Гэрч Г.Э-ын “2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед манай сувилагч ******* нь өөрийн “Samsung А-52” загварын гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд бид нар сувилагчийн өрөөнд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх /хх 94-95 дугаар хуудас/,

  • Гэрч Ө.Н-ын “Миний төрсөн ах ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны шөнө Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явж байхад замдаа намайг ажилдаа гарч байж магадгүй гээд манай ажил дээр ирээд намайг байхгүй байхаар нь тэр өдөр жижүүрт гарч байсан Б-ы гар утсыг нь аваад гараад явсан юм байна лээ. Тэгээд Цагдаад мэдэгдээд ах минь Бадамхатаны утсыг эргүүлж өгсөн юм байна.” гэх /хх 98-99 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

- Хүний биед үзлэг хийсэн “...*******ын биед тэмтэрч үзэх хэлбэрээр биед үзлэг хийхэд өмсөж явсан зүүн гутлын түрийнээс алдагдсан Redmi-10 загварын гар утсыг гаргаж авав. Гар утасны гадна хавтаст байсан бичиг баримт зэрэг эд зүйлс байхгүй байв.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх 2-3 дугаар хуудас/,

  • Хохирогч *******д “Redmi-10” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2202474 дугаартай “иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Redmi Note 10” маркийн гар утас зэрэг эд зүйлийн зах зээлийн нийт үнэлгээ 694,100” төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....р гудамж ... тоот” гэх оршин суугаа хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64, 65 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******д холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 70-72 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх 76-77 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЦХШЗ/74 дугаартай “Яллагдагч Б.Батжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хх 78-80 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх 84-85 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ы алдсан гар утсанд үнэлгээ хийлгэхэд 25,000 төгрөгийг “Фэйрвалуэшн” ХХК-д тушаасан баримт /хх 104 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний “Фэйрвалуэшн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШД393 дугаартай ““Samsung А-52” загварын гар утас 700,000 төгрөг, “gmobile” үүрэн холбооны гар утасны сим карт 10,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 109-111 дүгээр хуудас/,
  • Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх 115 дугаар хуудас/
  • Эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн ногоон гадартай “Samsung А-52” загварын гар утсыг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 116-119 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 146-152, 156-158 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын санал /хх 161-162 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ЦХШЗ/02 дугаартай “Яллагдагч Б.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай” шүүгчийн захирамж /хх 163-166 дугаар хуудас/
  • Хохирогч *******д 60.000 төгрөг, хохирогч *******д 10.000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн ХААН банкны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шилжүүлгийн баримт зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ........ тоот өрөөнөөс хохирогч *******ы эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-52” загварын гар утсыг 10,000 төгрөгийн үнэ бүхий сим картын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 710,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар баг “....”-ны ... дугаар байрны ... тоотоос ******* эзэмшлийн  633,333 төгрөгийн үнэ бүхий “Redmi Note-10” загварын гар утсыг 60,800 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч *******д 694,100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч ******* “шөнө дунд 03 цагийн үед эхнэр “хүн орж ирээд гарлаа” гээд намайг сэрээхээр нь босоод гэр орны эд зүйлсээ үзэхэд, миний барьдаг “Redmi Note-10” загварын гар утас алга болсон байсан.” гэх,

хохирогч *******ы “Хажуудаа өөрийн “Samsung А-52” загварын гар утсаа тавьсан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад сэрээд үлдсэн бичиг баримтаа хөтөлж байгаад гар утсаа авах гэхэд миний гар утас алга болсон байсан.” гэх,  

гэрч Ц.Мөнхнарангийн “Манай нөхрийн утас жижиг өрөөнд орны хажууд байсан. Манай нөхөр орж ирээд унтахдаа жижиг өрөөний гэрэл асаалттай унтсан байсан.” гэх ,

гэрч *******ын “2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед манай сувилагч ******* нь өөрийн “Samsung А-52” загварын гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд бид нар сувилагчийн өрөөнд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх,

гэрч Ө.Наранцацралын “тэр өдөр жижүүрт гарч байсан Бадамхатаны гар утсыг нь аваад гараад явсан юм байна лээ.” гэх мэдүүлгүүд,

хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, 

хохирогч *******д “Redmi-10” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2202474 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйрвалуэшн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШД393 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн ногоон гадартай “Samsung А-52” загварын гар утсыг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас:Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн 208 тоот өрөөнөөс хохирогч *******ы эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-52” загварын гар утсыг 10,000 төгрөгийн үнэ бүхий сим картын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 710,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоо 3 дугаар байрны 6 тоот гэрээс иргэн ******* эзэмшлийн  633,333 төгрөгийн үнэ бүхий Redmi Note-10 загварын гар утсыг 60,800 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд хууль бусаар авсан үйлдлийн улмаас иргэн *******д 694,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 710,000 төгрөгийн хохирол учирсан байх ба утсыг биет байдлаар буцаан өгсөн ба сим карт 2 ширхэг буюу үлдэгдэл 10,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн, хохирогч *******д 694,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн иргэний үнэмлэх жолооны үнэмлэх дахин захиалахад зарцуулагдах 70,800 төгрөгийн хохирлыг мөн шүүхийн шатанд төлж барагдуулсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, зориуд хохирол учруулсан бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн. Бусдад төлөх төлбөргүй болно.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

1.4. Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч ******* нь дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Хор хохирлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол учруулсан. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа. Урьд өмнө нь ял эдэлж байсан боловч ялтай байх хугацаа дууссан. Өмнө нь ял эдэлж байсан гэдгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Шүүгдэгч ******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь хийсэн хэрэгтээ ямар дүгнэлт хийж байгаа нь харагдаж байна. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 сар 6 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд дүйцүүлэн тооцож өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч *******: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил, төрөлгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******д хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч *******ыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******д 710,000 төгрөгийн, хохирогч *******д 694,100 төгрөгийн хохирол тус тус учирсныг биет байдлаар буцаан өгсөн болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.4. Бусад асуудлаар

Хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 67 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д овогт Ө-н  Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 67  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч  *******, ******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР