Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 85

 

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ё.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Алпысбай, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000231 дугаартай хэргийн шүүгдэгч Зөөд овогт Ёндонжамцын Мөнхбаярт холбогдох  153/2016/0091/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Яс үндэс дөрвөд, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 04-02 тоотод оршин суух, ПП:75042115 регистрийн дугаартай Зөөд овогт Ёндонжамцын Мөнхбаяр

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Гуу гэх нэртэй газар 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 53-13 ХОҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-ийн /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байна” гэсэн заалтыг мөн дүрмийн 10.6-ын /е/-д заасан “Жолооч эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 07-65 ХОЗ улсын дугаартай Шарк маркийн мотоцикл жолоодож явсан иргэн Т.Тилеугавалыг мөргөж түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “... уг осол болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Гуу” гэх нэртэй газарт засмал зам дээр болсон байлаа...” /хх 4-6 х/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ё.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “... би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасныг буюу энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Ховд аймгийн Дөргөн сумаас Ховд аймаг руу явж байгаад Буянт сумын бензин колонкийн доод талд ирж байсан. Тэгсэн миний урд талд нэг машин явж байсан тэгэхээр нь би тухайн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урдаас гэнэт мотоцикл гарч ирээд бид хоёр хоорондоо мөргөлдсөн... /хх 47, 71, 73 х/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тилеугавалын: “....2016 оны 8 сарын 28-ны өдөр Ховд аймгаас 108-н газар луу ногоондоо өөрийн эзэмшлийн мотоциклтойгоо орой 20 цагийн үед гараад явж байгаад Буянт сум ороод дэлгүүрээс 1 ширхэг Боргио пиво аваад авсан пивоноосоо амсаад Тэгээд Буянт сумаас хөдлөөд засмал зам дээр орсон 108-н газар луу явж байсан тэгээд миний урдаас 2 машин ирж байгаа харагдсан Тэгээд бид нарын хоорондын зай ойртож машинтай зөрөх гэтэл урдаас ирж байсан машины ард талын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрөөд миний урдаас гарч ирээд би тухайн машинтай мөргөлдсөн тэгээд би нэг мэдсэн ухаан алдаад засмал зам дээр хэвтэж байсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн байсан....” мэдүүлэг /хх 63 х/

2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 43 тоот дүгнэлт: “...Жолооч Ё.Мөнхбаяр нь 53-1ЗХОҮ улсын дугаартай аксент маркийн автомашин жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын ЗХД-ын 10.1-ийн /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байна” гэсэн заалтыг, Мөн МУ-ын ЗХД-ийн 10.6-ийн /е/-д заасан “Жолооч эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлүүд тогтоогдож байна. Жолооч Ё.Мөнхбаяр нь 53-13 ХОҮ улсын дугаартай аксент маркийн автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, эсрэг урсгал сөрөхөөр бол үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэв..." гэх дүгнэлт /хх 22-23 х /

Шинжээч Т.Энэбишийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Т.Тилеугавалын биед гэмтэл учиржээ. Т.Тилеугавалын биед тархи доргилт, духанд 8х4 см, зулайн хэсэгт 11х5 ёс, зүүн гарын 5-р хурууны 3-р үен дээр 1.5х1.0 см, 4-р хурууны 3-р үен дээр 1.0х1.0 см, 2-р үен дээр 1.0х0.5 см, баруун гарын сарвуунд 1х0.2 см, 0.5х0.5 см, 0.3х0.2 см хэмжээтэй зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Т.Тилеугавалын биед үүссэн гэмтэл нь үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.Тилеугавалын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2,4,1 ...д заасанаар гэмтэл, түүнээс үүсэн эд эрхэтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 29-30 х/

Шинжээч Т.Энэбишийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 508 тоот дүгнэлт: “...Т.Тилеугавалын биед С6-р нугалмын арын сэртэн баруун зүүн неврал арк, дайрсан хугарал, С7-р нугалмын их биеийн бяцарч шахагдсан, баруун зүүн неврал арк, арын сэртэнг хамарсан хугарал, уг нугалмын их биеийн арын хана бүрэн бүтэн байдлаа алдан ясны фрагментүүд арагш нугасны суваг уруу ихээр цөмрөн орж нугасыг дарсан, тархи доргилт, духанд 8x4 см, зулай хэсэгт 11x5 см, зүүн гарын 5-р хурууны 3-х үен дээр 1.5x1 см, 4-р хурууны 3-р үен дээр 1x1 см, 2-р үен дээр 1x0.5 см, баруун гарын сарвуунд 1x0.2 см, 0.5x0.5 см, 0.3x0.2 см хэмжээтэй зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Т.Тилеугавалын биед үүссэн С6-р нугалмын арын сэртэн баруун зүүн неврал арк, дайрсан хугарал, С7-р нугалмын их биеийн бяцарч шахагдсан, баруун зүүн неврал арк, арын сэртэнг хамарсан хугарал, уг нугалмын их биеийн арын хана бүрэн бүтэн байдлаа алдан ясны фрагментүүд арагш нугасны суваг уруу ихээр цөмрөн орж нугасыг дарсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 33-34 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Энхбатын: “...2016 оны 8 сарын 28-ны өдөр би Ховд аймгийн Мянгад сумаас Ховд аймгийн чиглэлд явж байгаад Буянт сумруу дөхөж явтал араас цагаан өнгийн 53- 13 ХОҮ улсын дугаартай аксент маркийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн тухайн үед миний урдаас нэг мотоциклтой хүн ирж байсан тэгээд аксент маркийн машин миний хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урсгал сөрж орж иртэл урдаас мотоциклтой хүн гарч ирээд хоорондоо мөргөлдсөн тэгэхээр нь би жоохон явж байгаад иргээд зогсоод аваар болсон газар явж очиход мотоциклтой хүн нь мянгад сумруу явдгийн замаар баруун гар талд засмал дээр унасан 53-13 ХОҮ дугаартай аксент маркийн машин нь эсрэг урсгалруу ороод зогссон байдалтай байсан тэгээд надтай хамт явж байсан Хишигжаргал гэдэг найз эмнэлэг цагдаа 2- луу яриад дуудлага дуудсан тэгээд хэсэг хугацааны дараа эмч цагдаа нар ирсэн тэгээд би найзтайгаа явсан. Тухайн аксентын жолооч намайг гүйцэж түрүүлэхдээ ямар нэгэн гэрлэн дохио өгөөгүй. Тухайн аваар гарахад зам хар ямар нэгэн цас ороогүй салхи шуургагүй хэвийн байсан. Тухайн үед мотоцикпь гэрэлтэй, гэрлээ асаасан явж байсан..” /хх 64, 70 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Хишигжаргалын: “....би 2016 оны 8 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумаас Ховд аймаг руу найз Энхбатын хамт явж байсан. Тэгсэн Буянт сум руу ороход 3-4 км дутуу байхад бид хоёрын урдаас бүдэг гэрэлтэй машин мотоцикпь 2 ирж байх шиг байсан тэгээд бид 2-н араас бүдэг гэрэлтэй машин хурдтай явж байсан тэгээд урдаас ирж байсан машин гэрлээ шилжүүлэхэд мотоцикл явж байгаа нь тод харагдаж байсан тэгтэл миний ард явж байсан машин арай амжхааргүй байхад бид 2-г гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл урдаас ирж байсан мотоциклтой ард явж байсан цагаан аксент маркийн машин мөргөлдсөн тэгээд бид 2 буцаж эргээд очтол мотоцикпь унаж явсан жолооч зам дээр ёолсон байдалтай хэвтэж байсан цагаан аксентын жолооч утсаар хүмүүс рүү яриад байсан. Хэрэг гарсны дараа тухайн цагаан өнгийн аксент маркийн машин нь урсгал сөрөөд замын хажуу талын хөвөөнлүү гарсан байдалтай зогссон байсан мотоцикл нь өөрийнхөө урсгалд үрүүлэн салсан амаржин нь мултраад унасан байдалтай байсан. Тухайн мотоциклын жолоочийн толгойноос нь цус гарсан байдалтай байсан..” /хх 68 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Гуу гэх нэртэй газар 53-13 ХОҮ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-ийн /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байна” гэсэн заалтыг мөн дүрмийн 10.6-ын /е/-д заасан “Жолооч эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 07-65 ХОЗ улсын дугаартай Шарк маркийн мотоцикл жолоодож явсан иргэн Т.Тилеугавалыг мөргөж түүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 4-6 х/мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ё.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /хх 47, 71, 73 х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тилеугавалын  мэдүүлэг /хх 63 х/, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 43 тоот дүгнэлт: /хх 22-23 х /, шинжээч Т.Энэбишийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 29-30 х/, шинжээч Т.Энэбишийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 508 тоот дүгнэлт /хх 33-34 х/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Энхбатын  /хх 64, 70 х/, гэрч Х.Хишигжаргалын  /хх 68 х/ мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Мөнхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  ...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг анхааруурах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ё. Мөнхбаяр нь хохирогч Т.Тилеугавалын эмчилгээний зардалд 6.500.000 мянган төгрөгийг барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн болон хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх ба цаашид гарах эмчилгээний зардалыг шүүгдэгчийн зүгээс төлөхөө илэрхийлсэн тул шийтгэх тогтоолд хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “OBON” нэртэй хөлдөөгч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Аксент” маркын 53-13 улсын дугаартай суудлын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зөөд овогт Ёндонжамцын Мөнхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үеэс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “OBON” нэртэй хөлдөөгч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Аксент” маркын 53-13 улсын дугаартай суудлын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Мөнхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС