| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2021/0059/З |
| Дугаар | 110/ШШ2021/0074 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 110/ШШ2021/0074
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: А.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасуулж, А.Гы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол улсын иргэн А.Г миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Иргэн А.Гы улсын бүртгэлийн ******* дугаартай бараа хадгалах зориулалттай хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилгын 1250 м.кв газрын эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлийн *****дугаартай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалт бүхий тавцангийн барилгын урьд барьсан нохойн хашааг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад дараах нөхцөл байдал тогтоогдсоныг мэдлээ. А.Г миний улсын бүртгэлийн *****дугаартай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалт бүхий 357 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалт бүхий тавцангийн барилга, улсын бүртгэлийн 0213000366 дугаартай бараа хадгалах зориулалттай 288 м.кв талбайтай складын хэсгийн барилга, улсын бүртгэлийн ******** дугаартай автомашины засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий 52 м.кв талбайтай авто гараашны барилга, улсын бүртгэлийн ******* дугаартай 204 м.кв талбайтай бараа хадгалах зориулалттай хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилга байрлаж буй газруудыг аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 125-д Баян-Өлгий аймгийн Гаалийн хороонд эзэмшүүлсэн нь газрын үзлэгээр тогтоогдлоо.
Иргэн А.Г би дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгчөөр тогтоолгосон. А.Г надад тус аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчноос олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд одоо хүртэл хүчинтэй байгаа юм.
Уг 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг А.Г би анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаартай захирамжаар “Х” ХХК-ийн эзэмшил газраас хууль ёсоор шилжүүлж авсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 125-д зааснаар аймгийн Гаалийн газарт 8000 м.кв газар эзэмшүүлэхдээ миний үл хөдлөх 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 2430 м.кв газрыг аймгийн Гаалийн газарт давхар эзэмшүүлжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг ноцтой зөрчиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 2430 м.кв газрыг хасуулах, иргэн А.Гд 2430 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хооронд захиргааны хэргийн шүүхээс газар дээр үзлэг хийж, бусад холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэсгийг танилцуулж, дараа нь үндэслэлээ яръя.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасуулах, иргэн А.Гы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын 211 м.кв газрыг А.Гд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж өгөх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
1999 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын *****дугаартай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалт бүхий 357 м.кв талбайтай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалт бүхий тавцангийн барилга, мөн улсын бүртгэлийн ******* дугаартай 204 м.кв талбайтай бараа хадгалах зориулалттай буюу хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилгын байрлаж буй газруудыг эзэмшүүлэх асуудал яригдаж байна. А.Г өмнө нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас 4 объектын гэрчилгээ авсан. 2 объектод ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед Өлгий сумын Засаг даргаас захирамж гаргуулан авч байсан. Бидний нэрлэж заншсанаар хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилга байгууламжид шүүхээс үзлэг хийхэд 215 м.кв талбайтай газар гарсан. Энэ нь аймгийн Гаалийн газрын хяналтын талбайтай давхацсан болох нь тогтоогдсон.
Тийм учраас 211 м.кв газрыг Гаалийн газрын 8302 м.кв талбайтай эзэмшил газраас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Г 2016-2020 он хүртэл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед өөр өөртөө захирамж гаргах боломж байхгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй болох учраас захирамж гаргаж чадаагүй. А бүст байрлалтай, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх ёстой. Бусад холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Өлгий сумын Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 дугаар захирамжаар Гаалийн байгууллагад 8000 м.кв газрыг эзэмшүүлжээ.
Тус газрыг аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Гаалийн хяналтын талбайн зориулалттай 8302 м.кв болгож дахин баталгаажуулан эзэмшүүлсэн байна. Харин нэхэмжлэгчийн маргаж буй 2430 м.кв газрыг давхардуулан эзэмшүүлсэн эсэх асуудлыг шүүхийн журмаар шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
8302 м.кв газраас 211 м.кв газар болон үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалт бүхий барилга байгууламж байршиж буй 351 м.кв, нийт 568 м.кв газрыг А.Гд эзэмшүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг шүүхийн журмаар хууль тогтоомжид нийцүүлэх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбоотой тайлбартай танилцсан. Аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн Гаалийн газартай маргаж буй газрыг шүүхэд хоёр талын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбартай байна гэв.
Гуравдагч этгээд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар шилжүүлэх тухай” 55 дугаар захирамжаар “Х” ХК-ийн эзэмшлийн газраас 8000 м.кв газрыг шилжүүлэн авсан. Улмаар аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамжаар 8302 м.кв газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшиж 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, зохих журмын дагуу газрын төлбөрийг 8302 м.кв талбайгаар төлж ирсэн билээ.
Гаалийн байгууллагын зүгээс Гаалийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлсэн гарсан бусад эрх зүйн актын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өөрийн эзэмшлийн газрын зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн дагуу ҮАБХТЧҮ бүхий байгууллага болох Гаалийн Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт олгогдсон газраас иргэн А.Гы нэхэмжлэлийн дагуу хасуулахаас татгалзаж байна гэжээ.
Гуравдагч этгээд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гаалийн газар иргэн А.Гы нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар шилжүүлэх тухай” 55 дугаар захирамжаар “Х” ХК-ийн эзэмшлийн газраас 8000 м.кв газрыг шилжүүлэн авсан. Улмаар аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамжаар 8302 м.кв газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшиж, 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, зохих журмын дагуу газрын төлбөрийг 8302 м.кв талбайгаар төлж ирсэн.
Аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамж нь “хуучин газар эзэмших эрхийн актгүйгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр болон эрх бүхий Засаг даргын шийдвэргүй Өлгий сумын төв хэсгээр газар эзэмшиж ирсэн ба эзэмшил газарт өөрчлөлт орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмших эрхийг нь сэргээж хавсралт ёсоор газар эзэмшүүлсүгэй, мөн захирамж гарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гарсан өөрчлөлтийг тусган гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлд оруулахыг аймгийн Газрын алба Н.С-д үүрэг болгосугай” гэж тодорхой заасан байна. Энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч А.Г мэдээгүй, мэдэх боломжгүй байх ямар ч үндэслэлгүй бөгөөд олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн хэн алины эрх нь зөрчигдсөн эсхүл эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэнээс тоологдох хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Гаалийн байгууллагын зүгээс Гаалийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн эзэмшлийн газрын зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******, ********, ******* дугааруудад дурдагдсан склад, гараашны барилгуудыг А.Гы хувийн өмчит олгосон эрх бүхий Засаг даргын шийдвэр байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч А.Гаас тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасуулж, А.Гы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгогдсон 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 24 дүгээр гэрчилгээгээр[1] нэхэмжлэгч А.Гыг Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлах 204 м2 талбайтай, нэг зуун хорин таван мянган төгрөгийн үнэтэй, бараа хадгалах зориулалттай хөдөө аж ахуйн сэлбэг болон арьс ширний складын барилгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоожээ.
Мөн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжийн[2] 1 дэх хэсгээр “Х” ХК-ийн эзэмшил газраас А.Гд автограшийн доорх 100 м2 талбай бүхий газрыг, бараа материалын складын доорх 480 м2 талбай бүхий газрыг, тавцант саравчны доорх 600 м2 талбай бүхий газрыг, хөдөө аж ахуйн сэлбэг болон арьс ширний складын барилгын доорх 1250 м2 газрыг, нийт 2430 м2 газрыг шилжүүлэн олгосон байна.
Гуравдагч этгээд Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн хавсралтын[3] 126 дугаар мөрд зааснаар гаалийн хяналтын талбайн зориулалтаар 8302 м2 газрыг эзэмшүүлж, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 0179655 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[4] олгож, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг[5] байгуулжээ.
Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн байрлаж буй газрын талбайн хэмжээ 211 м2, уг үл хөдлөх хөрөнгө нь Гаалийн газрын гаалийн хяналтын талбайн баруун урд хэсэгт байршилтай, мөн гаалийн газарт эзэмшүүлсэн газартай давхацсан зэрэг нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[6], схем зургаар тус тус батлагдаж байна.
Маргаан бүхий газарт байрлах хөдөө аж ахуйн сэлбэг болон арьс ширний складын барилгын өмчлөлийн талаар, уг үл хөдлөх хөрөнгө нь гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн газарт байрласан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Харин гуравдагч этгээдээс “...өөрийн эзэмшлийн газрын зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй, Гаалийн газарт олгогдсон газраас хасуулахгүй” гэж, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш тоологдох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар олгосон маргаан бүхий газар нь аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн хавсралтаар Гаалийн газарт олгогдсон 8302 м2 газартай давхацсаныг, тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэгийн ажиллагааны[7] явцад мэдсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзсэн болно.
Мөн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, түүнчлэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн байхад аймгийн Засаг дарга 2006 оны 392 дугаар захирамжийн хавсралтаар уг газрыг аймаг дахь Гаалийн газарт давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна.
Иймд аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн 126 дугаар мөрд заасан 8302 м2 газраас 211 м2 газрыг хасаж, нэхэмжлэгч А.Гд уг 211 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэж тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргахаар зохицуулсан ба шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Өлгий сумын Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжийн нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн хэсгийг эрх бүхий албан тушаалтнаас хүчингүй болгох арга замаар хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Гаас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126 дугаар мөрд заасан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасаж, А.Гы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША