Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0048

 

Ш.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Нэхэмжлэлийн шаардлага: “О” ХХК-д эзэмшүүлэхээр Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр нь илт хуул бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч С.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0765/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Г-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан ““О” ХХК-д эзэмшүүлэхээр Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр нь илт хуул бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах, “О” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн төлөвтэйгөөр олгосон Э-2203****** улсын бүртгэлийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ш.Г-ын гаргасан “О” ХХК-д эзэмшүүлэхээр Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “О” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн төлөвтэйгөөр олгосон Э-2203****** улсын бүртгэлийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн, маргааны зүйл, эрх зүйн харилцааг алдаатай, буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, шүүхийн шийдвэрийн нотлох баримтад үндэслэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Тус шийдвэрийг шүүх хуульд заасан хугацаанд бичгээр албажиж гаргаагүй ба бичгээр албажиж гаргасан тухай 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бидэнд утсаар мэдэгдсэний дагуу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрийг гардан авсан. Тэрнээс өмнө шүүгчийн туслахаас шийдвэр бичгээр албажиж гарсан эсэхийг удаа дараа 9923**** утсаар нь тогтмол тодруулж байсан болно.

3.1. Нэхэмжлэгч Ш.Г-ын шаардах эрхийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг шийдвэрийн 12-р хуудас ““Г б” ХК нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу “О” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчны газрыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шилжүүлэхийг шаардаагүй тохиолдолд, сүүлд “Г б” ХХК-иас өмчлөх эрхийг шилжүүлж авсан Ш.Г нь өөрт өмчлөх эрх үүсээгүй байсан хугацаа буюу өмчлөх эрх шилжихээс өмнө үүссэн эрх зүйн харилцаанаас үүссэн үр дагаврыг арилах талаар шаардах эрхгүй байна” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар “нэхэмжлэл” гаргах эрхтэй болохыг заасан. Маргаж буй нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ш.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг үгүйсгэсэн үндэслэл, нөхцөл байхгүй байхад “шаардлага гаргах эрхгүй “үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” тухай, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх тухай, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болох” тус тус зааж үл хөдлөх эд хөрөнгийн эрх болон түүний доорх газрын эрх салшгүй холбоотой болох төрөөс барих бодлогыг тодорхойлсон байдаг.

Ш.Г болон “Г б” ХК нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр **** дүүрэг, * дүгээр хороо, **** гудамж ** байр, **/* тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203******, гэрчилгээний 000****** дугаартай 3790.85 м.кв бүхий орон сууц, 84,94 м.кв гаржийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 000****** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доорх газрыг эзэмших эрхийг (эсхүл түүний эзэмшүүлэхийг шаардах) Ш.Г-д олж авсан.

Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ш.Г үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахаас өмнө гарсан байсныг бид хожим 2024 онд олж мэдсэн. Маргаан бүхий актыг гаргах үед үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч “О” ХХК биш “Г б” ХК байсан бөгөөд өмчлөгчийн хөрөнгөө хязгаарлалтгүйгээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах субьектив эрх зөрчигдөж эхэлсэн байна.

“Г б” ХК ч өөрийн субьектив эрхийн зөрчигдсөн тухай буюу газар эзэмших эрхийг “О” ХХК-д олгосныг мэдээгүй байсан эвлэрлийн гэрээгээр газар эзэмших эрхийг “О” ХХК нь “Г б” ХК-ийн нэр дээр шилжүүлэх өгөх үүрэг хүлээсээр байсан. Ийнхүү “Г б” ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үд хөдлөх хөрөнгийг Ш.Г-д шилжүүлж, өмчлөгчийн субьектив эрхийн зөрчил үргэлжилсэн.

Үүний дараа “О” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Г б” ХК болон Ш.Г нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Өмчлөгчийн субьектив эрхийн зөрчлийг 2024 оны 07 дугаар сард 181/ШЗ2024/08423 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу “О” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Ш.Г өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлсэн ба түүний дараа бид маргаан бүхий актын талаар олж мэдсэн.

Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үед үүсдэг. Ийнхүү шаардах эрх үүссэн буюу тухайн захиргааны актын гарсан тухай мэдсэн 2024 оны 07 дугаар сард тус захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж гаргасан, илт хууль бус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээд нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ш.Г юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдох нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олж авах үндэслэл болсоор ирсэн болох нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, анх 2005 онд “Б” ХХК, 2006 онд “Б” ХХК 2007 онд “И” ХХК нар нь гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсноор газар эзэмших эрхийг олж авч ирсэн байна. Хожим гуравдагч этгээд “О” ХХК ч мөн газар эзэмших өргөдөл гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой арбитрын шийдвэрийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар дээр байрлаж буй улсын бүртгэлийн Ү-2203****** дугаартай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг олж авсан нь тухайн газрын эзэмших эрхийг олж авах хангалттай үндэслэл болсоор ирсэн байна.

Мөн хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “О” ХХК-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох” тухай тодорхой байдлаар тусгагдсан байна.

Гэтэл шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эрхийн талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Г нь шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.2. Талуудын маргааны зүйл нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаартай захирамж болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг шийдвэрийн 12 дугаар хуудас “Нэхэмжлэгчийн шүүхэд шаардаж байгаа маргааны зүйл нь “Г б” ХК-тай байгуулсан гэрээний дагуу газрыг Ш.Г-д эзэмшүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа ч Ш.Г нь дээр дурдаж байгаа 2014 оны Эвлэрлийн гэрээний дагуу “О” ХХК, эсхүл нийслэлийн Засаг даргатай эрх зүйн харилцаанд ороогүй, “О” ХХК, нийслэлийн Засаг дарга нь уг гэрээний дагуу Ш.Г-ын өмнө үүрэг хүлээгээгүй байгаа тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлээр нийслэлийн Засаг даргад холбогдуулж шаардлага гаргах эрхгүй байна” гэжээ.

Талуудын маргааны зүйл нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаартай захирамж юм. Уг захиргааны актыг гаргахдаа “О” ХХК нь маргаж буй газар дээр байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан үйл явдлыг үндэслэсэн. Гэтэл тус акт гаргах цаг үед буюу түүнээс өмнө 2017 дугаар сарын 11 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Г б” ХК-ийн нэр дээр шилжсэн байсан.

Иймд нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/617 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй буюу тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэлгүй захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж гарсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлтэд гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байх шаардлагыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, тус зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус акт болно.

Анхан шатны шүүх энэхүү илэрхий байдалд дүгнэлт өгөөгүй зайлсхийсэн.

3.3. Анхан шатны шүүх удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар болон орчны газар хэмээх нэр томьёог ашиглаж шүүхийн шийдвэрийг бичиж, маргааны зүйлийн дур мэдэн тодорхойлсон байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ““О” ХХК-д 1445 метр квадрат газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ... 3790.85 метр квадрат талбай бүхий орон сууц, 84.94 метр квадрат талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь “Г б” ХК-ний өмчлөлд шилжчихсэн байсан тул нийслэлийн Засаг даргаас эдгээр үл хөдлөх хөрөнгийн доорх газар болон орчны газрыг “О” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь энэхүү маргааныг үүсгэсэн байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус нэр томьёог маргааны зүйл болсон газар эзэмших эрхийг “Б” ХХК-д олгох үед ашиглагдсан нэр томьёо. Гэхдээ орон сууц, гараашийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар болон орчны газрын хэмжээг тогтоож “Б” ХХК-д олго гэх агуулгатай. Харин газрын эзэмших эрх “Б” ХХК-д үүсгэсэн захирамжийн хувьд орон сууц, гараашийн зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон. Үүний дараа “И” ХХК, “О” ХХК-д газар эзэмших эрх олгоход мөн газрын зориулалтыг зааж олгосон байна.

Мөн гэрч Б.Г-ын мэдүүлгээс үзвэл “Г б” ХК болон “О” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасан доорх газар гэх ойлголт нь “... үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрынх нь хамт шилжүүлж авна гэдэг тохиролцоо ярьсан болохоос биш газрыг хуваана, хөрөнгийн доорх хэсэгт хамаарна гэдэг ч юм уу ийм нөхцөл ер яриагүй” гэж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг дагаж эзэмшил үүсэх газар болохыг тодорхой гэрчилсэн.

Гэтэл шүүхээс маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн орчны газар уу эсхүл доорх газар уу гэдэг асуудал хэмээн дүгнэж, ингэхдээ маргааны зүйлээс өмнө гарсан захирамжийн тодорхойгүй нэр томьёог бусад нотлох баримтад тус нэр томьёо ашигласан мэтээр шийдвэрт тусгаж, үл хөдлөх хөрөнгийн доорх газар гэх ойлголтыг тайлбарлаж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн олгосон газар эзэмшүүлсэн захирамжуудыг үнэлээгүй буюу шүүх өөрөө маргаан зүйлийг тодорхойлж, нотлох баримтал үндэслээгүй, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гаргасан байна.

3.4. Анхан шатны шүүхээс нотлох баримтад үндэслээгүй, өөрийн эрх хэмжээг хэтрүүлж шийдвэр гаргасан. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг шийдвэрийн 1 дүгээр хуудас “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн “О” ХХК-д “шинээр газар эзэмшүүлсэн” төлөвтэйгөөр олгосон Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан” хэмээн тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шаардлагаас татгалзаагүй бөгөөд татгалзсан баримт хэрэгт байхгүй юм.

Өмнөх шүүх хуралдаанаар шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг хүссэнээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Гэвч тодруулсан шаардлагаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “О” ХХК-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газар эзэмших эрхийг шинээр тогтоох үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай тодруулсан нэхэмжлэлийн шаардлага эхний бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгатай тул бичгээр гаргасан байхыг шаардсан. Иймд тус шаардлагаасаа татгалзаж анх нэхэмжлэл гаргах үеийн буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамж нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж гаргасан захиргааны акт тул тус актыг хүчингүй болгуулах, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл татгалзаагүй шаардлагыг татгалзсан мэтээр шүүхээс тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн шийдвэр болсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анх нэхэмжлэгч Ш.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан ““О” ХХК-д эзэмшүүлэхээр Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах, “О” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн төлөвтэйгөөр олгосон Э-2203****** улсын бүртгэлийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байх ба уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас татгалзаж, зөвхөн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““О” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн төлөвтэйгөөр олгосон Э-2203****** улсын бүртгэлийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжин оролцсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиргаа Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэх агуулгаар мөн тайлбарлан маргасан буюу өөр хоорондоо уялдаа холбоо бүхий үндэслэл, шаардлагууд гаргасан байхад шүүх анхаараагүйн улмаас маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар бүрэн дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн гэж үзэхээр байна.

Ер нь зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг тодорхойлон нэхэмжлэл гаргаж байгаа, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандаж буй нь тодорхой байх шаардлагатай.

2.5. Мөн шүүхийн хүлээн авч, шийдвэрлэсэн ““О” ХХК-д эзэмшүүлэхээр Э-2203****** улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан аль нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж буй нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хуулийн шаардлага хангаагүй, тодорхой бус, маргаантай байдлаар шаардлагаа тодорхойлон, шаардлагын үндэслэлээ тайлбарласан байхад ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэж үзэх үндэслэлд хамаарна.

2.6. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар **** дүүрэг, * дүгээр хороонд байрлах 1116 м.кв газрыг “Б” ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900 дүгээр захирамжаар “нийслэлийн ***** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урд талд “И” ХХК-д орон сууц, гаражийн зориулалтаар эзэмшүүлсэн 1445 м.кв газар дээрх орон сууцны 9 давхар барилгын өмчлөгчөөр “О” ХХК-ийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2009 оны 103 дугаар шийдвэрээр бүртгэсэн тул “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийг 23 дахь хэсгийг хүчингүй болгож” гуравдагч этгээд “О” ХХК-д маргаан бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.7. Тодруулбал, анх газар эзэмших эрхийг “Б” ХХК-иас “И” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх бөгөөд уг захирамжийг хэрэгт нотлох баримтаар авах нь маргаан бүхий газрын хэмжээ хэзээ, хэрхэн ямар үндэслэлээр 1445 м.кв болж нэмэгдсэнийг тодруулахад ач холбогдолтой байж болзошгүй гэж үзэхээр байна.      

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                      ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН