Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох 2230002710362 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Артлерийн тагнуулчин, тооцоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дүгээр баг, ......-ийн .... тоотод оршин суух хаягтай,

одоо Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ..... дүгээр баг ........... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Э-ийн О,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг “....”-ийн .... тоотод байх хохирогч *******ын гэрийн цонхоор нэвтрэн орж 10 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн эмээлийн хэрэгсэл, “Samsung М-20” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 14,428,400 төгрөгийн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн амралтаа авсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очсон. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******ын гэрээс 10 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн эмээлийн хэрэгсэл, “Samsung М-20” загварын гар утас зэрэг эд зүйлсийг авсан. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очоод зарсан. Мөнгөн эмээлийн хэрэгслийг хүргэн ах Ж-д мөнгөн эдлэл мөн, биш үгүйг нь шалгуулах гэж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гар утсыг барьж байгаад, гар утасны байршил тогтоогдож цагдаагийн газар очсон.” гэв.

Эрүүгийн 2230002710362 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн амралтаа аваад тухайн өдрийн маргааш нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байх гэртээ ирсэн. Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сарын 14-ний оройны 21 цагийн үед сумын төвд байх ******* гэх айлын гадаа очиход тухайн айл эзэнгүй байхаар нь байшингийнх нь урд талын баруун дээд талын жижиг цонхыг нь жижиг нарийн төмөр ашиглаж байгаад онгойлгож орсон. Тэгэхэд авдрын дээд талд нь авдрынх нь түлхүүр байхаар нь авч, онгойлгоод дотроос нь 10 ширхэг шинэ үеийн мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн эмээлийн хэрэглэлийг авсан. Тэгээд авдар дээр байсан бурхны авдрын шургуулгыг татаж үзэхэд дотор нь хар өнгийн гар утас байхаар нь авсан. Би авдрыг нь цоожлоод түлхүүрийг нь авдар дээр нь тавиад үлдээсэн. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Мөнххаан сумаас Улаанбаатар хот руу явахаасаа өмнө хулгай хийсэн 2 мөнгөн эмээлийн хэрэглэлийн нэгийг нь эгчийн гэрт үлдээгээд явсан. 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10 ширхэг шинэ үеийн мөнгөн аягыг Хархорин худалдааны төвийн алт, мөнгөний дарханд задалж зарсан, 09 дүгээр сарын 07-ны өдөр тус худалдааны төвд өөр алт, мөнгөний дарханд мөнгөн эмээлийн хэрэглэлийн 6 ширхэг хэрэглэлийг 600,000 төгрөгөөр, 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ сайн мэдэхгүй байна, 4 хэрэглэлийг нь 550,000 төгрөгөөр зарсан. Би он, сар, мөнгөний тоо, хэмжээг буруу хэлсэн байж магадгүй, миний ХААН банкны дансны хуулгыг харах юм бол бүх зүйл тодорхой болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшээд хулгай хийсэн айлынхаа нэг эмээлийн хэрэглэл, М-20 загварын гар утсыг нь буцааж өгсөн. Эгчийн гэрт үлдээсэн байсан эмээлийн хэрэглэлийг хүргэн ах Жавхланг зараад өг гээд өгүүлсэн. Би тухайн үлдээсэн эмээлийн хэрэглэлийг мөнгө биш байх гэж бодоод эгчийн гэрт цүнхэндээ хийж үлдээсэн байсан юм.” гэх /хх 126-128 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “Даавуунд боосон байсан 10 ширхэг том мөнгөн аяга алдагдсан. Түүний 2 хаяг нь хуучин цагийн аяга байсан. Мөн их гарын болон дунд гарын мөнгөн эмээлийн 2 хос хэрэглэл, “Samsung М-20” загварын шинэ гар утас 1 ширхэг зэргийг хулгайд алдсан.” гэх /хх 36-37 дугаар хуудас/
  • Гэрч *******ын “Тэгээд авдраасаа мөнгөн аягануудаа авах гээд авдраа нээгээд үзэхэд боодолтой байсан мөнгөн аяганууд байхгүй байсан. Тэгээд бид хоёр гайхаад хэн авдаг байна гэж бодоод гэрээ шалгаж үзэхэд том өрөөний цонхны гадна талын төмөр сараалжин торыг гадна талаас нь мулт татсан, цонх нээлттэй байсан.” гэх /хх 50-51 дүгээр хуудас/
  • Гэрч Х.Жавхлангийн “2022 оны 09 дүгээр сарын дунд үед үеэр намайг гэртээ байхад миний гар утас руу ******* нь залгаад "надад нэг эмээлийн хэрэглэл байна, би өөрөө хөдөө ажил дээрээ байна, энэ хэрэглэлийг зараад өгөөч, хүнээс асуугаад өгөөч” гэхээр нь би тэгье хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд та эгчийн байранд байгаа очоод авчих гэхээр нь би тухайн үед *******ийн ногоон өнгийн цүнхнээс улаан ууттай эмээлийн хэрэглэлийг аваад гэртээ авчирч орхисон. Би тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Надад хэлэхдээ би ажлынхаа хүнээс авсан юм гэж байсан. Би аваад тоолоод үзэхэд 12 ширхэг мөнгөн эмээлийн хэрэглэл байсан” гэх /хх 53-54 дүгээр хуудас/,
  • Гэрч *******гийн “2022 оны 09 дүгээр сарын эхээр намайг лангуундаа сууж байхад нэг залуу ирээд, “би хэд хоногийн өмнө танай лангуунд сууж байсан эмэгтэйд мөнгөн эмээлийн зургаан ширхэг хэрэглэл зарсан. Би үлдсэн дөрвөн ширхгийг аваад ирлээ, та авах уу” гэхээр нь би үзэж байгаад тухайн үеийн ханшаар бодож авсан. Тухайн үед жинлэж үзэхэд 260 грамм болж байсан. Тэгээд би мөнгийг нь шилжүүлэхээсээ өмнө “энэ хэрэглэл чиний эд мөн үү” гэхэд “манай аавын хэрэглэл байгаа юм” гэсэн. Мөн “би танай эхнэрт өөрийнхөө нэр, хаяг, регистрийн дугаараа бүртгүүлсэн” гэж байсан. Тэгээд би тухайн хүний 5634212410 гэсэн дансанд хийсэн.” гэх /хх 56-58 дугаар хуудас/
  • Гэрч *******ийн “2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ ирэхэд манай лангууны хажууд цэргийн ногоон үүргэвч үүрсэн залуу ирээд “та ийм мөнгөн хэрэглэл авах уу, танай урд талын ах надаас 600,000 төгрөгөөр авах гээд байгаа юм. Би 650,000 төгрөгөөр зарах хэрэг байна” гэсэн. Тэгэхээр нь би “энэ чиний эд зүйл мөн юм уу” гэхэд “манай аавынх байгаа юм, аав намайг энийг зараад сургалтын төлбөрөө төлөөрэй гэсэн юм” гээд аавтайгаа утсаар ярьж байсан шиг санаж байна. Тэгээд утсаар ярьснаа “та энийг 600,000 төгрөгөөр ав” гэхээр нь би нөхөр *******тэй утсаар яриад “энд нэг хүүхэд мөнгөн хэрэглэл зарна гэнэ” гэж хэлээд чатаар зургийг нь явуулаад харуулж байсан. Тэгээд би тухайн мөнгөн хэрэглэлийг 600,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний худалдаж авсан эд зүйл нийт 6 ширхэг мөнгөн эмээлийн хэрэглэл байсан. Тухайн эд зүйлийг жинлэж үзэхэд 331.39 грамм болсон. Би тухайн үед нэг лан мөнгийг нь 75,000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед манай нөхөр ******* нь тухайн залуугийн ХААН банкны данс 5634212410 гэсэн дансанд хийсэн.” гэх /хх 60-62 дугаар хуудас/,
  • Гэрч *******ийн “2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үдээс өмнө үл таних залуу орж ирээд надаас “мөнгө авах уу” гэхээр нь би “авна” гэж хэлэхэд “хэдэн цаг хүртэл ажиллах бэ” гэж асуугаад гараад явсан. Тэгээд 17 цагийн үед нөгөө залуу мөнгөн аяга барьж орж ирээд “энэ хэдийг өгөх гэсэн юм, та хэдэн төгрөгт авах вэ” гэхээр нь би тухайн аягыг хараад “энэ аягануудыг задалж авна, бүтнээр авах боломж байхгүй” гэхэд “”та хэдэн төгрөгөөр авах юм” гэхээр нь би нэг лан мөнгийг нь 75,000 төгрөгөөр бодож авна” гэсэн. Тэгсэн “за тэгье” гэхээр нь би “наад аяга чинь хэний аяга юм бэ, чиний өөрийн аяга мөн юм уу, сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биз дээ” гэхэд “манай нас барсан ахын эд хөрөнгө байгаа юм, би зарах гэж байгаа юм” гэсэн. Би “чи надад биеийнхээ байцаалтаа өг” гэхэд иргэний үнэмлэхийн лавлагаа надад байна, гээд үзүүлэхээр нь би зургийг нь дарж үлдээд тухайн аягануудыг нөгөө залуугийн нүдэн дээр эвдэж байгаад мөнгийг нь салгаад жинлэж авсан. Тухайн хүн надад нийт зургаан ширхэг мөнгөн аяга зарсан. Мөн надаас “та мөнгөн эмээлийн хэрэглэл авах уу” гэж асууж байсан. Тэгэхээр нь би тухайн хүнд “чи мөнгөн эмээлийн хэрэглэл байгаа бол тэрийгээ таньж мэддэг хүндээ зар, хэрэв би авбал хямдхан авна” гэж хэлж байсан. Бүх аяга нийлээд 12 лан 7 цэн болж байсан. Тэгээд би бүх аягыг хиллэж аваад бэлнээр 954,000 төгрөг өгсөн.” гэх /хх-64-66 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9 дүгээр хуудас/,
  • Samsung М-20” загварын гар утас, улаан хүрэн өнгийн ууттай эмээлийн 12 ширхэг хэрэглэл зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 13-14 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 24-31 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2202387 дугаартай “10 ширхэг мөнгөн аяга,  2 мөнгөн эмээлийн хэрэглэл, “Samsung Т-20” маркийг гар утас зэргийн зах зээлийн нийт үнэлгээ 14,428,400 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 100-111 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 132 дугаар хуудас/,
  • Өмгөөлөгч Т.Хүдэр, шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 141-142 дугаар хуудас/,
  • Хохирогч *******тай утсаар шүүхээс утсаар ярьсан “шүүх хуралд суухгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дүгээр баг “.....”-ийн ..... тоотод байх хохирогч *******ын гэрийн цонхоор нэвтрэн орж 10 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн эмээлийн хэрэгсэл, “Samsung М-20” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 14,428,400 төгрөгийн  хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч *******ын “Даавуунд боосон байсан 10 ширхэг том мөнгөн аяга алдагдсан. Түүний 2 хаяг нь хуучин цагийн аяга байсан. Мөн их гарын болон дунд гарын мөнгөн эмээлийн 2 хос хэрэглэл, “Samsung М-20” загварын шинэ гар утас 1 ширхэг зэргийг хулгайд алдсан.” гэх,

гэрч *******ын “Тэгээд авдраасаа мөнгөн аягануудаа авах гээд авдраа нээгээд үзэхэд боодолтой байсан мөнгөн аяганууд байхгүй байсан. Тэгээд бид хоёр гайхаад хэн авдаг байна гэж бодоод гэрээ шалгаж үзэхэд том өрөөний цонхны гадна талын төмөр сараалжин торыг гадна талаас нь мулт татсан, цонх нээлттэй байсан.” гэх,

гэрч Х.Жавхлангийн “эгчийн байранд байгаа очоод авчих гэхээр нь би тухайн үед *******ийн ногоон өнгийн цүнхнээс улаан ууттай эмээлийн хэрэглэлийг аваад гэртээ авчирч орхисон. Би тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэх,

гэрч *******гийн “ Би үлдсэн дөрвөн ширхгийг аваад ирлээ, та авах уу” гэхээр нь би үзэж байгаад тухайн үеийн ханшаар бодож авсан. Тухайн үед жинлэж үзэхэд 260 грамм болж байсан.” гэх,

гэрч *******ийн “би тухайн мөнгөн хэрэглэлийг 600,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний худалдаж авсан эд зүйл нийт 6 ширхэг мөнгөн эмээлийн хэрэглэл байсан. Тухайн эд зүйлийг жинлэж үзэхэд 331.39 грамм болсон. Би тухайн үед нэг лан мөнгийг нь 75,000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед манай нөхөр ******* нь тухайн залуугийн ХААН банкны данс 5634212410 гэсэн дансанд хийсэн.” гэх,

гэрч *******ийн “манай нас барсан ахын эд хөрөнгө байгаа юм, би зарах гэж байгаа юм гэсэн. Бүх аяга нийлээд 12 лан 7 цэн болж байсан. Тэгээд би бүх аягыг хиллэж аваад бэлнээр 954,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Samsung М-20” загварын гар утас, улаан хүрэн өнгийн ууттай эмээлийн 12 ширхэг хэрэглэл зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд,

шүүгдэгч *******ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2202387 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн хохирогч Д.Болдбаатар, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, зориуд хохирол учруулсан бөгөөд бусдын орон байранд нэвтэрч буюу хохирогчийн цонхыг эвдэн орж эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

1.3. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай байх ба шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын эд хөрөнгийн нууцаар, хууль бусаар авснаар бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор  бусдад хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний өмчлөх эрхийн эсрэг хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагч: “Шүүгдэгч *******эд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирлоо барагдуулах талаар хохирогчтой харилцан тохиролцсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогч *******ын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүхээс шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэж, түүнийг 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

2.3 Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдъя.

 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

Шүүхийн шатанд шүүгдэгч таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Э-ийн О-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай

 4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР