Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Ургаа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2230003790376 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:          

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, “....”-гийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  З овогт Ө-ын Т,

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, “...” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ЛЮ95021711/, Х овогт Б-ын Х,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар багийн нутаг "...." гэх газар хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүний нүүр лүү  гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, хамар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дугаар багийн нутаг "...." гэх газар хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүний нүүр лүү мөргөж, духанд нэг удаа өвдөглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, дух, дээд уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруул духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө нь *******тай таарахад манай адууг хөөгөөд явж байсан. Тэр үед “дахиж ахын дүү манай адууг хөөж болохгүй шүү гэж хэлж” байсан. Тухайн үед *******ын гэрт очихдоо маргалдаж, муудах гэж очоогүй. Адуу битгий хөөгөөрэй гэж хэлэхээр очсон. Шанагтай усыг нүүр лүү шидээгүй, нүүрийг нь угааж өгсөн.” гэв.

Шүүгдэгч Б.Хадбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед ******* нь манайд шөнийн 00 цагийн үед ирсэн. Миний хувьд 21 цагийн үед гэртээ шүүнд явж ирээд унтсан. ******* ахыг орж ирэхэд унтаж байсан. ******* намайг “гараад ир” гээд байхаар нь “гарах боломжгүй байна” гэж хэлсэн. Адууг нь элдэж хөөсөн нь үнэн. Тэгэхдээ ******* ахын ярьж байгаа шиг 7-8 километр адууг элдээгүй, 2-3 километр хөөсөн. 2-3 километр газар хөөгдсөн адуу хээл хаяна гэж байхгүй. Өнгөрсөн өвөл ******* ахын адууг нь хөөсөн нь үнэн. Тухайн үед ******* ах намайг гадаа гаргаж ирээд боохоор нь гарыг доош болгосон. ******* “миний нүүрийг шанагатай усаар угаасан” гэж худлаа хэлж байна. Шанагатай усаа нүүр лүү шидсэн. ******* нь худал мэдүүлэг өгч байна

Эрүүгийн 2230003790376 дугаартай хэргээс:

  • Яллагдагч *******ын “******* ах гадаа машинтайгаа зогсож байхаар нь мэнд мэдтэл өөдөөс “суучих” гэхээр нь би “та яах гэж байгаа юм” гэсэн чинь “зүгээр суучих” гээд “чи манай адууг хөөсөн үү, олж өг” гэхээр нь би “шүүнд яваад орой ирсэн” гэсэн чинь “чи яахаараа манай адууг элддэг юм” гээд намайг заамдаад байсан. Би манарах гээд амьсгал боогдоод байхаар нь гарыг нь тавиулах гэхдээ мөргөсөн чинь ******* ах газар ойчсон. ******* ахын эхнэр нь бууж ирээд чи манай нөхрийг тавь гэхээр нь би “та өөрөө нөхрөө тавиулчих” гэсэн чинь тавихгүй байсан. ******* ахын уруул хэсгээс нь цус гарсан.” гэх, /хх 57-58 дугаар хуудас/,
  • Яллагдагч *******ын “Дүүгийн гэр лүү явах замд *******ын гадаа шөнө 00 цагийн үед очоод сигналдсан чинь ******* гарч ирэхээр нь машинаасаа буугаад *******тай уулзаад “адуу мал дахиж хөөж болохгүй шүү, дахиж хөөвөл баримтжуулж байгаад цагдаад өгнө шүү” гэхэд “миний адуу хөөх танд хамаагүй” гээд томроод намайг шууд мөргөсөн. Миний амнаас цус гараад байхаар нь би доошоо суугаад цамцаараа цусаа арчаад суусан. ******* гэр лүүгээ ороод явчихаар нь би гэр рүү нь орсон чинь хүүхэд нь орилоод байхаар нь “хүүхэд чинь айгаад байна, хоёулаа гаръя” гэхэд “гарахгүй” гээд байхаар нь “би айлд муудахгүй” гээд *******ыг татаад гэрээс нь гаргаад машины ард очиход намайг ******* тонгорч унагаагаад дээрээс нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгтэл манай эхнэр машинаас бууж ирээд *******ын араас татаад холдуулахаар нь би босох гэсэн чинь миний дух руу өвдөглөсөн. Тэгээд би босож ирээд бид 2 заамдалцаад зогсож байгаад намайг цохих гээд байгаа юм шиг болохоор нь би *******ыг хамар орчимд цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд би эхнэрээрээ гэрээс ус авчруулаад цусыг нь угаалгасан. Тэрнээс хойш бид хоёр юм яриад их удсан. Цаг орчим болсон байх эвлэрээд ******* “ахаа дүү нь дахиж адуу хөөхгүй, дүүгийнх нь буруу” гээд салсан. Тэгээд би тэдний гаднаас хөдлөөд явсан.” гэх /хх 60-61 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ын “******* ах гадаа машинтайгаа зогсож байхаар нь мэнд мэдтэл өөдөөс “чи манай адууг элдсэн байна, олж өг” гэхээр нь би танай адууг элдээгүй өглөө эрт шүүнд яваад орой ирсэн гэсэн чинь намайг машинд суучих гэхээр нь би суухгүй амармаар байна гэсэн чинь машинаасаа бууж ирээд “чи яахлаараа манай адууг элддэг юм, яахлаараа малын бэлчээр дээр буудаг юм гээд намайг барих гээд байхаар нь би арагш болоод гарыг нь доош нь дараад байж байхад намайг дээлийн энгэрээр хоолой боосон. Тэгэхээр нь би “ахаа намайг тавьчихаа” гэсэн чинь “тавихгүй, чи манай адууг элдсэн” гээд заамдаад тавихгүй байсан. Тухайн үед амнаас нь архи үнэртэж байсан. Тэгэхэд машинаас эхнэр нь бууж ирээд тавиулахаар нь би “гэр лүүгээ орж хувцсаа өмсөөд гараад ирье” гээд гэр лүү ороод хувцсаа өмсөх гээд орон дээр сууж байхад ******* орж ирээд “чи муу ямар овортой бацаан бэ” гэж хэлсэн тэгтэл эхнэр нь орж ирсэн тэгээд намайг орон дээр сууж байхад шанаа руу нэг удаа цохиод гэрээс гаргасан. Гэрээс гараад “чи түрүү жил манай адууг тууж, миний нэг гүүний хээлийг хаяулсан” гээд намайг дээлийн захаар боогоод заамдаж боогоод “би чамайг алнаа, чи бол намайг барахгүй” гээд дугтрахаар нь би хийн дээр нь дугтрахад миний толгойг мөргөөд газар унасан. Босож ирээд миний хамар руу цохисон, миний хамраас цус гарсан. Эхнэрээрээ гэрээс ус авуулаад миний гар дээр ус хийж өгнө гээд эхнэрээсээ шанага авахаар нь ус хийж өгөх юм байх гэж бодтол шанагтай усаа миний нүүр лүү шидээд хамар дээр оносон.” гэх /хх 6-8 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “Замдаа ******* гэдэг айлын малын бэлчээр газарт ойр байдаг айл руу 22 цаг өнгөрөөгөөд гадаа нь очоод сигналдахад ******* гарч ирэхээр нь машинаасаа буугаад “ах нь олон дахин ирж чадахгүй, өмнө ирсэн байгаагүй, адуу мал дахиж хөөж болохгүй шүү, ахиж хөөвөл баримтжуулж байгаад цагдаад өгнө шүү” гэсэн чинь “чиний адууг элдсэн ч яадаг юм” гээд намайг шууд мөргөсөн. Миний амнаас цус гараад байхаар нь би доошоо суугаад цамцаараа цусаа арчаад сууж байгаад би гэр лүү нь ороод “гаръя гэсэн чинь” “гарахгүй” гээд байхаар нь би айлд муудахгүй гээд *******ын ханцуйн дээрээс нь татаад гэрээс гаргаад машины ард очих гээд явж байтал намайг тонгорч унагаагаад дээр гараад цохиод байсан. Тэгтэл манай эхнэр гарч ирээд Хадаагийн араас татаад холдуулахаар нь би босох гэсэн чинь миний дух руу өвдөглөсөн.” гэх /хх 11-13 дугаар хуудас/,
  • Гэрч *******ын “Би гэрт орж ирээд чамайг гадаа хүн дуудаад байна гэсэн чинь манай нөхөр дээлээ нөмрөөд гарсан. Би гэр дотроос яриаг нь сонсоход “машинд суу, явж манай адууг олъё гээд байсан. Манай нөхөр ******* машинд нь суухгүй гээд хэлж байсан. Тэгснээ ******* “хувцсаа өмсье” гээд тэр нэг танихгүй хүнтэй гэрт орж ирээд ******* хувцсаа өмсөх гээд зүүн орон дээр сууж байхад нь тэр намхан бор ах *******ын нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод, боогоод байсан. Тэгтэл тэр намхан бор ахын эхнэр нь бололтой эмэгтэй гэрт орж ирээд “манай адуу малыг хөөгөөд байсан, өөрсдөө учраа олцгооно биз” гээд хараад зогсож байсан. *******ын хувцсыг нь өмсүүлэхгүй байсан. Тэгээд манай нөхөр дотуур өмдтэйгөө байж байтал тэр хүн чирээд аваад гарсан. Би хүүхэдтэйгээ гэрт үлдсэн. Гадаа яг юу болсныг мэдэхгүй, зодоон болоод байх шиг байсан. 10 орчим минут болоод тэр хүмүүс хөдлөөд явсан. Удалгүй манай нөхөр хамраас нь цус гарсан байдалтай бие нь тоос шороо болсон орж ирсэн.” гэх /хх 15-17 дугаар хуудас/,
  • Гэрч *******ы “******* гарч ирсэн, тэгээд манай нөхөр “би уулзана” гээд буусан. Тэгсэн тэр 2 машины ард юм яриад зогсож байсан. Гэнэт машины ард “ёо ёо” гэхээр нь би машинаас буугаад хартал манай нөхөр доошоо суусан байдалтай нүүр амаа дараад байж байхаар нь очиход хамар уруулаас нь цус гарсан байсан. ******* гэр лүүгээ гүйгээд ороод явсан. Тэгээд би нөхөртөө “чамайг зодчихлоо, цагдаад хэлье” гэсэн чинь манай нөхөр “би орж уулзаж учраа олно” гээд орохоор нь би хамт гэр рүү нь орсон. Манай нөхөр “чи намайг мөргөдөг нь яаж байгаа юм” гэсэн чинь “мөргөсөн хүнийг яадаг юм” гээд хэрэлдээд байсан. *******ын хүүхэд уйлаад байхаар нь манай хүн “хүүхэд чинь уйлаад байна гарч ярилцъя” гээд хамт гарсан. Гадаа гараад манай нөхөр “чи цаашаа бай, бид хоёр одоо муудахгүй” гэхээр нь би машиндаа суусан. Тэр хоёр машинаас зүүн тийш очиж зогсож байснаа гэнэт том дуугараад байхаар нь гараад  очиход хэр хоёр дээр, доороо ороод байхаар очиход манай нөхөр доор нь орсон байхаар нь *******ыг дээлээс нь татаж чангаагаад босгосон. Тэгээд босож ирээд дахиж заамдалцаад байж байснаа манай нөхөр цохих шиг болсон чинь *******ын хамраас нь цус гарсан. Тэгтэл манай нөхөр гэрээс нь ус аваад ир гэхээр нь би гэрээс нь ус авчирч өгсөн чинь ******* цусаа угааж байсан.” гэх /хх 23-25 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 582 дугаартай “1. *******ын биед тархи доргилт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-30 дугаар хуудас/,

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 583 дугаартай “1. *******ын биед тархи доргилт, дээд уруулд шарх, дух, дээд уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруул, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-36 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримт /хх 82-83 дугаар хуудас/,
  • *******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 112-113 дугаар хуудас/,
  • Хохирогч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 114 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ын гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх 115 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 116-118 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлбөр төлсөн баримт /хх 119 дүгээр хуудас/,
  • Хохирогч *******ын “Цахиур сүрэн” ХХК-д эмчлүүлсэн үзлэгийн тодорхойлолт /хх 120 дугаар хуудас/,
  • Хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн рентген /хх 121 дүгээр хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дугаар багийн нутаг "...." гэх газар шүүгдэгч *******, ******* нар нь хоорондоо таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэн харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ын “намайг орон дээр сууж байхад шанаа руу нэг удаа цохиод гэрээс гаргасан. Гэрээс гараад “чи түрүү жил манай адууг тууж, миний нэг гүүний хээлийг хаяулсан” гээд намайг дээлийн захаар боогоод заамдаж боогоод “би чамайг алнаа, чи бол намайг барахгүй” гээд дугтрахаар нь би хийн дээр нь дугтрахад миний толгойг мөргөөд газар унасан. Босож ирээд миний хамар руу цохисон, миний хамраас цус гарсан.” гэх,

хохирогч *******ын “айлд муудахгүй гээд *******ын ханцуйн дээрээс нь татаад гэрээс гаргаад машины ард очих гээд явж байтал намайг тонгорч унагаагаад дээр гараад цохиод байсан. Тэгтэл манай эхнэр гарч ирээд Хадаагийн араас татаад холдуулахаар нь би босох гэсэн чинь миний дух руу өвдөглөсөн.” гэх,

гэрч *******ын “Гадаа яг юу болсныг мэдэхгүй, зодоон болоод байх шиг байсан. 10 орчим минут болоод тэр хүмүүс хөдлөөд явсан. Удалгүй манай нөхөр хамраас нь цус гарсан байдалтай бие нь тоос шороо болсон орж ирсэн.” гэх,

гэрч *******ы “Гэнэт машины ард “ёо ёо” гэхээр нь би машинаас буугаад хартал манай нөхөр доошоо суусан байдалтай нүүр амаа дараад байж байхаар нь очиход хамар уруулаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хохирогч *******ын аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримт /хх 82-83 дугаар хуудас/,

хохирогч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт,

хохирогч *******ын гэмтлийг харуулсан гэрэл зургууд,

хохирогч *******ын “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,  

хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлбөр төлсөн баримт,  

хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн рентген зураг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Еншөөв" гэх газар хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүний нүүр лүү  гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, хамар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг "Еншөөв" гэх газар хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүний нүүр лүү мөргөж, духанд нэг удаа өвдөглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, дух, дээд уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруул духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан *******, ******* нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Ү.Намар, ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 582, 583 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч  *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч *******, ******* нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хууль зүйн үндэслэл: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд шүүгдэгч  *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,236,900 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******* дугаартай дансанд оруулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Ургаа: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар харилцан бие биедээ гэмтэл учруулсан. Шүүгдэгч *******ын хувьд *******ын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гомдол санал байхгүй гэж ярьж байгаа. Шүүгдэгч, хохирогч *******ын зүгээс 4,000,000 гаруй төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Шүүгдэгч, хохирогч *******ын зүгээс гаргаж өгсөн 203,100 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Уг баримтад хэн гэдэг хүн төлбөр төлсөн талаар байхгүй байгаа тул энэ баримтын үнийн дүнг шүүгдэгч *******аас гарах шаардлагагүй байна. “Цахиур Сүрэн” ХХК-ийн баримтыг гаргаж өгсөн боловч уг эмнэлэг нь шүдний эмнэлэг гэдэг нь тогтоогдохгүй байна. Тухайн баримтад гараар бичсэн. Яг юу гэж бичсэн нь тодорхойгүй. Уг баримтаар 3,000,000 гаруй төгрөг *******аас гаргуулах нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч, хохирогч *******аас Улаанбаатар хот руу явсан уу гэхэд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явсан гэж байна. “Цахиур Сүрэн” ХХК-ийн баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж өгсөн байна. *******, ******* нарын хөдөө гэр ойролцоо байдаг. Тэр цаг хугацаанд ******* нь гэртээ байсан гэдэг нь тогтоогдсон. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны дотор ******* нь шүүхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж шүүх дээр ирж бүртгүүлээд явж байсан.  Тэгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Цахиур Сүрэн” ХХК-иас баримт авсан байдал тогтоогдох боломжгүй байна. Иймд 3,000,000 гаруй төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул *******аас гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт: Улсын яллагчийн зүгээс хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,236,900 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******* дугаартай дансанд оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан. Мөн гэрчээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг авсан байна. Тэгэхээр хохирогч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэзээ эмнэлэгт хэвтсэн гэдэг нь эргэлзээтэй. Прокурор нь шүүхэд төрийг төлөөлөх чиг үүрэгтэй ажилладаг. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэл шүүхээр шийдэгдэх ёстой. Уг мөнгийг *******аас гаргуулна гэж хэлснээр гаргуулах боломжгүй. Хавтаст хэргийн материалд ******* нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй. Шүүгдэгч нар хэн хэндээ хохирол учруулсан. Хэн хэнийхэн буруутай үйлдэл байсан. Прокурорын зүгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоогүй байж шүүгдэгч *******аас гаргуулна гэж байгаа нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт эргэлзээтэй байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар *******аас гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын хувьд гэм буруугийн хувьд маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Эрдэнэбат: Үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгчөөр авсан тул уг өдөр хэргийн материалтай танилцсан. ******* нь мөрдөн байцаах тасгийн дарга Ганхуягийн адууг малладаг тул нөлөөлөл орсон байх магадлалтай. Хохирлын талаарх баримтуудыг шаардаж байж гаргуулж авчирсан. *******ын биед гэмтэл учирсан талаарх нотлох баримт хангалтгүй. Шинжээчийн дүгнэлтийг ямар баримтыг үндэслэж гаргасан тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа эмчийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргах ёстой.

Гэм хорын хувьд: Мөрдөгч хохирогчийн эрх ашгийг хамгаалж эмчилгээ хийлгэсэн баримтуудыг цуглуулах ёстой. Эмнэлгээс эмчилгээ хийлгэсэн баримтуудыг авъя гэхэд өгөхгүй гэсэн тул эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтыг авчирсан. ******* нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. “Цахиур Сүрэн” гэсэн ямар эмнэлэг байдгийг мэдэхгүй. *******ын эцэг, эх нь Улаанбаатар хотод байдаг.  Хэрвээ хуурамч баримт гаргасан бол ******* нь хариуцлагаа хүлээнэ. Уг баримт нь албан ёсны тамга тэмдэгтэй учир нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй. Хохиролд нийт 4,779,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү. Хохирогч *******ын зүгээс 117,000 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

1.3. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж цохисноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр ялимгүй зүйлээр шалтаглан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******, ******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагч: Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.

Шүүгдэгч ******* нь анх удаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” саналыг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Ургаа: “Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Эрдэнэбат: Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бие биедээ харилцан хохирол учруулсан  зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэв.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол тус тус  учирсан байна.

Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 203,100 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,236,900 төгрөг, хугарсан шүдийг эмчилж, дахин шүд хийх зардал 3,340,000 төгрөг, нийт 4,780,000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилжээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 203,100 төгрөгийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн  2022 оны 11 сарын 25-ны өдрийн и-баримтыг үндэслэн хангаж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,236,900 төгрөгийг хохирогч ******* нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хугарсан шүдийг эмчилж дахин шүд хийлгэх зардал 3,340,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон  болно.

Учир нь хохирогч *******ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Цахиур сүрэн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай албан бичиг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргах боломжгүй байна. Тодруулбал, тухайн албан бланк дээр гараар эмчилгээний зардлыг бичсэн, тамга дарагдсан бланк дээр гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяа гэж нэр бичсэн зэргээс дүгнэж тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын хугарсан шүдийг эмчилж дахин шүд хийлгэх зардал 3.340.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй юм.

Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 117,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг түүний ХААН банкны дансны хуулга, “Монос Сүхбаатар” ХХК-ийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн и-баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч *******аас эмчилгээний зардал 117,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, шүүгдэгч *******аас 203,100 төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгож, хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******ын аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан зардалд 1,236,900 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс прокурорыг оролцуулж өгнө үү” гэсэн албан тоотыг хэрэгт ирүүлжээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын  сангаас 1,236,900 төгрөгийн эмийн эмчилгээ, тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******аас 1,236,900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ө-ын Т, Х овогт Б-ын Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,236,900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар хохирогч *******, ******* нар нь цаашид  гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын хугарсан шүдийг эмчилж дахин шүд хийлгэх зардал 3.340.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч *******аас эмчилгээний зардал 117,000 төгрөгийг гаргуулж  хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг, “....”-гийн .... тоотод оршин суух З овогт Ө-ын Т-д,

шүүгдэгч *******аас 203,100 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг, “....” гэх газар оршин суух Х овогт Б-ын Х-т тус тус олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР