Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

 2023      01           09                                 2023/ШЦТ/56                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч А.Ариунаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00619 0574 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М ийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртын зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын баруун урд замд “тоёота приус” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа “тоёота приус” маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.С ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “тоёота приус” маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.Г ын /эмэгтэй, 10 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.М  нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртын “Сод Монгол” шатахуун түгээгүүрийн газрын урд талын асфальтан шулуун, тэгш хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Хэрэг учрал болсон гэх газарт очиход тоёота приус маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тоёота приус маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, .....  дугаартай машин ертөнцийн зүгээр зүүн хойш харж хашлага давсан байрлалтай тээврийн хэрэгсэл эвдрэл ихтэй /урд хэсгээрээ/ байв. А үсгээр тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх цэгийг зорчих хэсэгт үүссэн дугуйн мөрийг үндэслэн тэмдэглэв. В үсгээр үл хөдлөх цэгийг тэмдэглэв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөг гаргаж хэмжихэд 7.1м*8.2м*5.8м, А цэгээс В цэг хүртэл тэгш шулуун татаж хэмжихэд 10.0м, А цэгээс ....  дугаартай машин хүртэл 2.1м, 2 тээврийн хэрэгслийн хоорондын зай 0.2м, .....  дугаарын машины баруун урд дугуйнаас урагш замын хашлага хүртэл 7.0м, баруун хойд дугуйнаас урагш 4.6м, зорчих хэсэгт үүссэн тоормосны мөр 9.0м, тоормосны мөрний эхлэлээс урагш тусгаарлах зурвас хүртэл 1.8м, зорчих хэсгийн нийт өргөн 8.2м тус тус хэмжээстэй байв. Жолооч нарыг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00 хувь буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/,

 

Хохирогч Н.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Осол болсон өдөр буюу энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим байхаа би нөхөр Д.Х , найз Ж  болон түүний нөхөр М  нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Арцатын ам руу явах санаатай Мандах-Эрдэнийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын суудалд суугаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гачууртын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих чиглэлд явж байгаад М  ертөнцийн зүгээр замын хойд талын шатахуун түгээх станц руу орох гээд автомашины хурдаа хасаад жолооны хүрдээ зүүн гар тийш чиглэлд явсан байсан тоёота приус 30 маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл машины жолоочийн талаас мөргөчихсөн. Тэгээд машинаас манай нөхөр Д.Х  болон М  нар түрүүлж буусан. Удаагүй эмнэлгийн түргэн тусламж ирэхээр нь машинаас буусан. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй, гадна орчин гэрэл гэгээтэй, зам хуурай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаагүй... Санаандгүй осол болсон учраас надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал сайжирч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Г  урд суудлаа мөргөж хамраас нь цус гарсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд уруулын дотор талд язарсан өөр гэмтэл байгаагүй гэж хэлсэн. 105.000 төгрөгөөр толгойн бариа хийлгэсэн...”,

“...Хэрэгт гаргаж өгөх эмчилгээ эм тарианы баримт байхгүй. Харин ээж Юрагийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохиролыг буруутай жолоочоос нэхэмжилж байна. Миний зүгээс болон манай охины зүгээс эмчилгээ, эм тарианы зардал бусад зардалд нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 24/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ю гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Тоёота приус маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл мөн. Жолоочийн урд талаар их эвдрэлтэй. Юу юу нь эвдэрснийг нарийн хэлж мэдэхгүй байна...

Би хохирлын үнэлгээтэй танилцлаа. Одоогийн байдлаар ослоос хойш миний нэр дээр байдаг автомашины хохирол төлөгдөөгүй. Би үнэлгээнд заагдсан хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 31/,

 

Гэрч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найз М , эхнэр С , Мандах-Эрдэнийн эхнэр Ж  нарын хамт Гачууртын Арцатын ам орохоор тоёота приус маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг М  жолоодоод би урд суудалд, Ж  жолоочийн хойд талд, С  миний хойд талд суугаад Гачууртын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан. Тухайн үед 15 цаг болж байсан. Тэгээд М  машиндаа шатахуун авна гээд шатахуун түгээгүүрийн газар руу ертөнцийн зүгээр хойшоо буюу зүүн гар тийш эргэсэн. Эргэх үед эсрэг урсгалд машины хөдөлгөөн байхгүй байсан ба гэнэтхэн манай машиныг өөр машин мөргөчихсөн. Тэгээд манай найз М  машинаа зогсоогоод буугаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,  

 

Гэрч С.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад тоёота приус маркийн ........   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод охин Г ын хамт Гачууртаас хөдөлж Улиастайн шатахуун түгээгүүрийн газар орохоор явж байсан. Тэгээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд явж байтал эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхээр дохио өгөөд зогсож байсан ба тэр машиныг намайг урдуураа өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэх байх гэж бодоод явж байтал тэр машин шууд зүүн гар тийш эргээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгээд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч зогсож амжилгүй урдуур эргэсэн машиныг мөргөсөн. Би тэр машиныг 30 орчим метрийн зайд харсан. Тэр машин зорчих хэсгийн голын тасархай шугамаар зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо шатахуун түгээгүүрийн газар руу эргэж байсан. Тухайн үед би 62 орчим км/ц-ийн хурдтай явж байсан. Би эмнэлэг цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч Д.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Осол болдог өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим манай нөхөр М  өөрийн тоёота приус 20 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гэр бүлийн найзууд болох Д.Х , Н.С  нарыг суулгаад Баянзүрх дүүрэг “Арцатын ам” руу явах гээд Гачууртын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих чиглэлд явж байгаад замын ертөнцийн зүгээр хойд талын шатахуун түгээх станц орж машиндаа бензин хийх санаатай хурдаа хасаж, дохио өгөөд жолооны хүрдээ зүүн гар тийш дарж эсрэг талын урсгал ороход замын зүүнээс баруун тийш зорчих чиглэлээс тоёота приус 30 маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоочийн талаас мөргөөд зогссон. Тухайн үед би шоконд орсон байсан ба манай нөхөр Д.М  эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13195 дугаар:

Н.С ийн биед баруун 9, 10, 11 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, баруун ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13693 дугаар:

П.Г ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, дээд үүдэн хоёр талын нэгдүгээр шүдний сулрал, угийн буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна..” гэх дүгнэлт /хх-ийн 73/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар автомашин техникийн үнэлгээний:

2 салаа ледтэй гэрэл /баруун урд/ 900.000 төгрөг, буфер урд 1.200.000 төгрөг, буферын дунд сетка 350.000 төгрөг, под крыло /баруун урд/ 120.000 төгрөг, салхины шил /урд/ 320.000 төгрөг, капут 350.000 төгрөг, залгаа лонжром 50.000 төгрөг, под крыло /баруун урд/ 120.000 төгрөг, буферын тогтоогч /урд/ 50.000 төгрөг, крыло /баруун урд/ 350.000 төгрөг, буферын дотор төмөр 80.000 төгрөг, дугуй 1 ширхэг 61.750 төгрөг, обуд 80.000 төгрөг, шил арчигчийн банк 100.000 төгрөг, радиатор ком 250.000 төгрөг, капутны нугас 2 ширхэг 60.000 төгрөг, ослын дэр /жолооч/ 100.000 төгрөг, ослын дэр /компьютер/ 250.000 төгрөг, ослын дэр /зорчигч/ 250.000 төгрөг, ослын дэр мэдрэгч 20.000 төгрөг, буферын нэмэлт гэрэл /баруун урд/ 60.000 төгрөг, амортизатор /баруун урд/ 128.000 төгрөг, гар /баруун урд/ 80.000 төгрөг, өндгөн тулгуур /баруун урд/ 70.000 төгрөг, босоо тэнцүүлэгч /баруун/ 70.000 төгрөг, 5 бул /баруун урд/ 160.000 төгрөг, татуурга /баруун урд/ 80.000 төгрөг, руллийн аппарат 600.000 төгрөг, агаар шүүгчийн гэр 50.000 төгрөг, илүүдлийн сав 20.000 төгрөг, 3 билчир 35.000 төгрөг, шил арчигчийн банк 100.000 төгрөг, бензин моторын усны помп 550.000 төгрөг, АС труба 2 ширхэг 80.000 төгрөг, моторын дээд доод лап 100.000 төгрөг, рулын уян 60.000 төгрөг, лонжром /баруун урд/ 350.000 төгрөг, шанаа /баруун урд/ 150.000 төгрөг, дугуйны арк /баруун урд/ 130.000 төгрөг, элгэвч 100.000 төгрөг, суудлын бүс /баруун урд/ 50.000 төгрөг, суудлын бүс /зүүн урд/ 50.000 төгрөг, амортизаторын дээд суурь /баруун урд/ 160.000 төгрөг, будах зардал 550.000 төгрөг, эд анги солих 220.000 төгрөг, тэнхлэг шалгуулах 30.000 төгрөг, 500 гр будаг, тус-мат, лак 180.000 төгрөг нийт 9.404.750 төгрөг гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-102/,

 

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн:

Тоёота приус маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.П  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тоёота приус маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10/ Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.9/ уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна..” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 87-88/,

 

Хохирогч Н.С ийн гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн гэх өвчний түүх /хх-ийн 127-133/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 136/,

Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөөгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Д.М  нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртын зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын баруун урд замд “тоёота приус” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “тоёота приус” маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас иргэн Н.С ийн эмчилгээнд 1.277.000 төгрөгийн зардал гарсныг яллагдагч Д.М эс гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ....  дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 140/,

 

Шүүгдэгч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн ....  улсын дугаартай автомашиныг жолоодон явж байсан ба жолоочийн хажуу талын суудалд манай найз Х , арын суудлын баруун талд манай эхнэр Ж , түүний хажууд С  суугаад гачууртын тийшээ явсан. Тэгээд гачууртын замаар явж байгаад бензин авахаар зүүн гар тийш эргэх үед өөдөөс ирсэн автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед өөдөөс машин ирж байгааг харсан боловч амжаад эргэчих байх гэж бодсон боловч яах ийхийн зуургүй л осол болсон. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.С ийн хувьд надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Харин тоёота приус 30 маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг даатгалын байгууллагаар гаргуулан үлдэгдэл төлбөрийг өөрөө төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 152/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.М ийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 52/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 56/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 143/,

Гэрч М.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай аав Д.М  нь зан байдлын хувьд үг дуу цөөтэй, архи дарс хэрэглээд байдаггүй, хааяа баяр ёслолоор тохируулаад хэрэглэдэг, залуугаасаа бульдозер жолооддог ажил хийж байгаад Солонгос Улсад 10 гаруй жил ажиллаж байгаад ирсэн. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, хааяа такси үйлчилгээ эрхэлдэг. Одоо манай аав ээж, дүү, дүүгийн охины хамт ........  тоотод амьдарч байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 156/,

Гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Манай ах Д.М  нь 1965 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 8 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд. Бага насаа Дархан-Уул аймгийн Дархан суманд эцэг, эхийн гар дээр өсч 1973-1983 оны хооронд Дархан сумын 7 дугаар сургуулийг суралцаж төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшээд 1983-1985 оны хооронд хуучнаар ЗХУ-ын Жамбуул хотод хүнд механизмын ангид суралцаж бульдозерчин мэргэжилтэй болсон. 1986-1988 оны хооронд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид алба хаасан. 1988-2000 оны хооронд Эрдэнэт хотын Барилга угсралтын конторт бульдозерчноор ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажилгүй болж тэрнээс хойш хувиараа ажил төрөл хийж байгаа. Манай ах 1983 онд ЗХУ-д суралцаж байхдаа Ж  гэх эмэгтэйтэй танилцаж 1985 оноос гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй, одоо эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, ........  тоотод оршин суудаг. Зан байдлын хувьд төлөв даруу, архи дарсыг баяр ёслолын үеэр тохируулж хэрэглэдэг. Элдэв гаж буруу зуршил зан араншин байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 159/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээнүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.М ийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртын зам “Сод Монгол” шатахуун түгээх станцын баруун урд замд “тоёота приус” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа “тоёота приус” маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Н.С ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “тоёота приус” маркийн .....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.Г ын /эмэгтэй, 10 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Н.С ийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч П.Г , түүний хууль ёсны төлөөлөгч С.П  нарын мэдүүлэг, гэрч Д.Х , Д.Ж  нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Насанд хүрээгүй хохирогч П.Г , түүний хууль ёсны төлөөлөгч С.П  болон хохирогч Н.С  нарын зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Харин Н.С  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмийн эмчилгээ 250.000 төгрөг, Сүхбаатар эрүүл мэндийн төв амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэг амбулаторын үзлэг 15.000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 120.000 төгрөг, Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 630.000 төгрөг, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 86.000 төгрөгөөр тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д.М эс 1.277.000 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

 

Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Ю гийн тээврийн хэрэгсэлд 9.404.750 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирчээ. Уг хөрөнгийн үнэлгээг хийх хөлс, төлбөр 95.000 төгрөг болж үүнийг иргэний нэхэмжлэгч төлсөн байна. Иймд Д.М эс 9.499.750 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Ю д олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.М д эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөр огт төлөөгүй байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.М ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Д.М ийг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг нэг сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М эс 10.776.750 /арван сая долоон зуун далан зургаан мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж 1.277.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ....  тоот дансанд төвлөрүүлж, 9.499.750 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Ю-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.С , насанд хүрээгүй хохирогч П.Г , түүний хууль ёсны төлөөлөгч С.П  нар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ