Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

  2023       01         09                                   2023/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.Н  нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Н ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02510 3658 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Н ийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, .........  тус орцны жижүүр Т.О тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний үснээс зулгааж, биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02510 3658 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ө.Н  нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, .........  тус орцны жижүүр маргалдан биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

БЗДЦГ ЦХ-2, Шуурхан удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,

 

Хохирогч Т.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад Американ дэнжийн харуулын байранд байж байхад манай байрны оршин суугч орж ирээд манай байрны 7 давхарт гурван согтуу охин байна. Нэг нь бөөлжөөд байна гэхээр нь очсон. Би харчихаад цагдаа дуудъя гэж бодоод буцаж явах гэж байсан чинь нэг жоохон охин хамт байгаа харагдахаар нь тэр гурав дээр очоод “юу болж байгаа юм, энэ та нарын ууж иддэг газар уу, бос, наадхаа цэвэрлэ” гэсэн чинь босоод ирсэн. “Та нарын гэр хаана юм” гэсэн чинь “бид нар энд амьдардаггүй одоо явлаа” гэхээр нь “та нар бөөлжсөө цэвэрлэ” гэсэн чинь “энэ байрны ...  тоотод байдаг хүү таньдаг алчуур аваад цэвэрлэчихье” гэж хэлсэн. ...  тоотын хүүгээс асуусан чинь “би танихгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар яагаад худлаа яриад байна. Та нарыг танихгүй гэж байна” гэсэн.

Н  нь тухайн миний толгойн орой хэсэгт буюу зулай хэсгээс миний ард зогсож байгаад хойш нь татсан чигээрээ татаад зулгаахад нь Н  гэдэг охины үснээс нь бас татсан. Тэгэхэд А  нь Н ийн гарнаас бариад “тавиач ээ авгай минь” гэж хэлээд миний хэвлийн зүүн доод хэсэгт 2 удаа өшиглөхөд би доошоо сөхөрч унасан. Тухайн үед А  гэдэг охин Н ийг болиулах үйлдэл хийгээгүй. Н  гэдэг охин нь газар сууж байгаад “та үсийг нь тавиач ээ” гэж хэлсэн. Тэгээд намайг доошоо сөхрөөд унангуут Н  нь “зугтаарай” гээд долоон давхраас доошоо гүйлдээд явцгаасан. Үүнээс өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 16/,

 

Насанд хүрээгүй гэрч Х.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“2022 оны 05 дугаар сарын 06-ны 18 цагийн үед сургалтаасаа тараад 19 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд На   гэрт байсан. Бид хоёр гэрийнхээ хажуу талын ногоон талбай орж тоглосон. Бид хоёрыг талбай дээр байж байхад “На   эгч уулзъя гэж байна” гэж На   хэлсэн. Бид нарын гэр ойрхон учраас На   эгч ирээд бид гурав Американ дэнжийн гадаа очоод тэнд байдаг нэг дэлгүүрээс ундаа, нэг нэг ширхэг пивог На эгч худалдаж авсан. Авсан ундаа пивоо гадаа уучихаад хүйтэн байсан болохоор орц руу орсон. Орцонд сууж байгаад На   найз залуугаасаа салаад сэтгэл санаа нь хэцүү байсан учир ярьж сууцгаасан. Тэгээд байж байтад На  гийн бие эвгүйрхээд бөөлжсөн. Тухайн үед байрны оршин суугч нь хаалгаа онгойлгож таараад доошоо буухдаа жижүүрт хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд жижүүр нь ирээд “юун хүүхдүүд вэ, наад бөөлжсөө цэвэрлэ” гэхээр нь “бид нар цэвэрлье, дүүгээ гадаа гаргачихаад цэвэрлье” гэсэн чинь тэр жижүүр миний хувцаснаас зуураад намайг гаргахгүй байсан. На   эгч бид 2 цэвэрлэгээний юм аваад ирье гээд явах гэтэл тэр эгч миний хувцаснаас зуураад намайг явуулахгүй байсан. На   эгч жижүүр рүү намайг авах гээд “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь жижүүр эгч На  г үсэдсэн. На   эгч зөрүүлээд үсэдсэн. Би дундуур нь ороод салгах гэхэд жижүүр эгч На   эгч бид хоёрыг түлхсэн. Тэгээд бид нар зугтаасан. Жижүүр эгч араас хөөж байхад нь өнхөрч унаад гар утсаа унагаачихсан. Гэртээ ирээд цэвэрлэгээний юм аваад хамаатны эгч Гэрлээг дагуулаад буцаж ирээд утсаа хаана хаясанаа харах гээд “камер шүүе” гэхэд “шүүлгэхгүй” гээд цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Насанд хүрээгүй гэрч В.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

“2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн үед А  бид 2 гэрийнхээ хажуугийн талбайд тоглох гээд гарсан. талбай дээр очоод Н  эгчтэй утсаар яриад уулзсан. Тэгээд бид нар сууж байхад Н  эгч дэлгүүрээс нэг нэг ширхэг пиво авчирч уусан. Бид нар орцонд сууж байхад миний дотор муухайраад бөөлжсөн. Тэгсэн чинь жижүүр эгч ирсэн. Жижүүр эгч “та нар яагаад наанаа бөөлжиж байгаа юм бэ, наадхаа цэвэрлэ” гэсэн. А  “дүүгээ гадаа суулгаж байгаад цэвэрлэчихье” гэсэн чинь жижүүр эгч А г явуулахгүй хувцаснаас нь зуураад байхад На   эгч хувцасыг нь тавиулсан чинь  жижүүр эгч На   эгчийн үснээс зулгаасан. Тэгтэл На   эгч зөрүүлээд үсэдсэн. А  тэр хоёрыг болиулах гээд гараараа хоёр тийш нь холдуулсан. Жижүүр эгч бид нарыг цагдаад өгнө гээд байхаар нь бид нар айгаад зугтаасан. Би доошоо гүйж байгаад уначихсан. Унахдаа утсаа унтраачихсан. Тэр эгч авсан байж магадгүй. Гэртээ очоод Гэрлээ эгчид хэлсэн чинь “хамт очиж камерыг нь шүүе” гэсэн. Тэгээд би юм цэвэрлэх материалуудаа аваад буцаад очсон чинь жижүүр эгч “камер шүүлгэхгүй” гээд шууд цагдаа дуудсан. Орцонд маргаан болж байхад жижүүр эгч газар унаагүй. Хойш түлхэгдэхдээ хаалганы бариуланд нуруугаа цохисон байх. Манай эгчийг үсдээд хойшоо татахдаа гараа эвгүй болгосон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6753 дугаар:

“Т.О ийн биед зулайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Ө.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Би өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би бага зэрэг согтсон байсан учраас болсон үйл явдлын талаар сайн санаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Т.О ийн Гэмтэл Согог Судлалыг Үндэсний төвд үзүүлсэн баримт /хх-ийн 68/,

Хохирлын баримтууд /хх-ийн 69-74/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч Ө.Н ийн хандан гаргасан:

“Миний бие Ө.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид төлөх төлбөргүй. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 81/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ө.Н ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Ө.Н  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ө.Н  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ө.Н д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Ө.Н ийн хохирогч Т.О ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Т.О ийн эмчилгээний зардалд шүүгдэгчийн зүгээс 146.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ө.Н ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Н  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ