Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

  2023          01          31                                     2023/ШЦТ/91

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: Г.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000000018 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, ..... тоот регистртэй,

 Шүүгдэгч Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Тайж зочид буудалд хохирогч Л.Т-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд утсаар ярьж заналхийлсэн гэх шалтгаанаар халдаж гараараа зулайн ар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон бөгөөд манай хамт олон “Тайж” зочид буудлын караокед орсон байна гэсэн. Тэгээд би Э- рүү залгаад “яг хаана байгаа юм бэ, хаягаа заагаад өгөөч” гэтэл Б- утсыг нь аваад өөдөөс томроод үл хүндэтгэсэн байдалтай харьцаад байхаар нь би очиж байгаад уулзана гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Тайж зочид буудал дээр очоод коридорт Б-той тааралдсан бөгөөд би түүнийг юу юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Б-г түлхтэл Б- миний толгой руу ямар нэгэн хатуу зүйлээр цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад эхэлсэн бөгөөд Б-д цохиулаад доошоо шат руу унахдаа хөлнийхөө шагай хэсгийг эвгүй болгочихсон. Би гадагш гараад цагдаа дуудсан. Дүгнэлтийг бүрэн уншиж танилцсан. Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Г.Б- надтай маргалдаж миний толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохисны улмаас гэмтээсэн. ...Б- надаас уучлалт гуйсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

 Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баясах трейд ХХК-ний ажлын хамт олныхоо хамт 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутагт байдаг нэрийг нь санахгүй байна караокед орж дуу дуулж байсан. Тэгээд би өрөөнөөс гараад ирэхэд үүдний хэсэгт Б-, Түмэнбаяр руу хандаж “намайг яагаад дээрлэхээд байгаа юм” гэх утгатай юм ярилцаад барилцаж байгаад гэнэт зодолдож эхэлсэн. Хэн нь түрүүлж цохисныг хараагүй харилцан нэг нэгнийхээ нүүр болон толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Би дундуур нь ороод салгах гээд санаандгүй байдлаар Түмэнбаярт цохиулаад салахгүй юм байна гэж бодоод тэр хоёрыг орхиод өрөөндөө орсон. Удалгүй Б- өрөөнд орж ирсэн Түмэнбаяр орж ирээгүй. Б-гийн биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Түмэнбаяр намайг санаандгүй байдлаар цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шинжээчийн 253 тоот дүгнэлтэд: “...Л.Т-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлооо. Дээрх гэмтэл нь мохоо зүйл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 21-22/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-46/ зэрэг болно.

 

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Тайж зочид буудалд хохирогч Л.Т-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд утсаар ярьж заналхийлсэн гэх шалтгаанаар халдаж гараараа зулайн ар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Т-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Т-тай маргалдаж түүнийг цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Л.Т-ын нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Б- нь шүүх хуралдаанд хохирогч Л.Т-т гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Л.Т- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР