Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Түвдэндоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ө.Түвдэндорж, хохирогч Ү.Мөнхзул түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой Ө.Түвдэндоржид холбогдох эрүүгийн 1936000000156 дугаартай хэргийг шүүгдэгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэх Гулз тамгат овогт Өлзийбаярын Түвдэндорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Цэндсүрэн, Ү.Мөнхзул нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ү.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Гулз тамгат овогт Өлзийбаярыг Түвдэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гулз тамгат овогт Өлзийбаярын Түвдэндоржийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржид оногдуулсан торгох ялын таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Түвдэндоржид тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржоос 700,000 төгрөг гаргуулж хохирогч Ү.Мөнхзулд олгуулж, хохирогч Ү.Мөнхзул нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.Түвдэндорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Түвдэндоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан бодит зардал 110,000 төгрөг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Харин өмгөөлөгчийн хөлс төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох санхүүжүүлэх журам тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дүгээр бүлгийн 1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх, гэм буруутай, хүн хуулийн этгээд болон түүний өмнөөс хариуцвал зохих этгээдээр нөхөн төлүүлэхтхй холбогдсон харилцааг зохицуулахд оршино.

            Мөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төлнө. Хохирогч Ү.Мөнхзулын өмгөөлөгч Н.Оюунчимэгт төлсөн өмгөөллийн хөлс 700,000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааралгүй, би төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өмгөөллийн хөлс 700,000 төгрөг олгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Ү.Мөнхзул түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэдийгээр эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээсээн ч тогтоолд дурдсан дээрх дүгнэлтээс шалтгаалан шүүгдэгч нь хохирол төлөхөөс татгалзаж маргах боломжийг олгосон байна. Хохирогч Ү.Мөнхзул миний бие нь Ө.Түвдэндоржид зодуулсны улмаас хамрын яс хугарсан бөгөөд эмчилгээний зардалгүйн улмаас одоог хүртэл мэс засалд орж чадаагүй байгаа мөн хэрэг учрал болох үед Ө.Түвдэндоржоос гадна Ган-Эрдэнэ нь намайг зодоход үйлдлээрээ хамтарч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Түвдэндоржийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэргийн материалтай танилцаж анхан шатны шүүх хуралдаан оролцоход шүүгдэгч нь хэн нэгэн хүнтэй бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй мөрдөн шалгах ажиллгааны явцад Ү.Мөнхзул нь гэрчээр болон хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлэгтээ тэр талаар дурдаагүй. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулсан үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хуулийн дагуу шийдвэрлэх байх гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол   хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Түвдэндоржид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.-д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 Шүүх Ө.Түвдэндоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаартай “хохирогч Ү.Мөнхзулын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон” шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ө.Түвдэндорж нь хохирогч Ү.Мөнхзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Хэрэг учрал болсон 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Ө.Түвдэндоржтой, Ц.Цэндсүрэн, Ү.Мөнхзул, О.Оюунбилэг, Л.Ган-Эрдэнэ нар байсан бөгөөд тухайн үйл явдлын нөхцөл байдлыг мэдэж байсан эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч Ө.Түвдэндоржийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болж байна.

Шүүгдэгч Ө.Түвдэндорж нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Цэндсүрэн, Ү.Мөнхзул нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ү.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ү.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 8-9 дугаар тал/

 Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   мэдүүлэг / хэргийн 10 дугаар тал/

Гэрч Л.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар тал/

Гэрч О.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар тал/

Шүүгдэгч Ө.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг, /хэргийн 37-38,103 дугаар тал/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн...Ү.Мөнхзулын биед хамар ясны хугарал, дээд болон доод уруулын дотор талд язарсан шарх, зүүн завьжны дотор талд язарсан шарх, духны дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд бүдэг цус хуралт, хамар хэсэгт зулгаралт, хоолой хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ү.Мөнхзулын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Ү.Мөнхзулын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хэргийн 24-дугаар тал/ зэрэг баримтууд болон хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ шүүгдэгч Ө.Түвдэндоржид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцжээ.

Шүүгдэгч Ө.Түвдэндорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Ү.Мөнхзул нь өмгөөлөгч авах, хэдэн төгрөг төлж гэрээ байгуулах, хэдэн төгрөг төлсөн эсэхээс шалтгаалж миний эрх зүйн байдал дордох ёсгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар өмгөөлөгч Н.Оюунчимэгт төлсөн өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д “хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч мэргэжилтэн, орчуулагч хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхаар хуульчилжээ. Энэ хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан төрөөс төлөх зардлыг төрөөс төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох эрх зүйн үндэслэлийг зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан “өмгөөлөгчид төлөх зардал” нь өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн /улсын өмгөөлөгч авсан/ тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж төрд олгох хуулийн зохицуулалт юм.

  Хохирогч Ү.Мөнхзулын эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулсны төлөө өмгөөлөгчид төлсөн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна. Нөгөө талаар хохирогч Ү.Мөнхзул нь өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний өмгөөлөгчид төлсөн хөлс 700.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох, эсхүл шүүгдэгч Ө.Түвдэндоржоос   гаргуулах зардал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ. Шүүгдэгчийн энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хохирогч Ү.Мөнхзул болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4.-д зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”. Мөн хэрэг учрал болох үед  Ө.Түвдэндоржоос гадна Л.Ган-Эрдэнэ байсан бөгөөд Л.Ган-Эрдэнэ нь Ө.Түвдэндорж намайг зодоход үйлдлээрээ хамтарч байсан.” гэх гомдлыг гаргажээ.

 Хэрэгт ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг үндэслэн “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ө.Түвдэндорж нь хохирогч Ү.Мөнхзулыг зодоход Л.Ган-Эрдэнэтэй үйлдлээрээ хамтран оролцсон гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хохирогч Ү.Мөнхзул болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар шүүгдэгч Ө.Түвдэндоржоос 700.000 төгрөг гаргуулж хохирогч Ү.Мөнхзулд олгуулж” гэснийг хасч өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр  үлдээж, шүүгдэгч  Ө.Түвдэндоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хүлээн авч, хохирогч Ү.Мөнхзул болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл  гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Б.ДАМБА

 

                                        ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                               Н.ТУЯА