Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 112/ШШ2021/0049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

            Нэхэмжлэгч: Цээл сумын 4 дүгээр багийн иргэн Г.С

            Хариуцагч: Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хуралдаан даргалагч Д.Оэд холбогдох Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.Сыг хурлын даргад сонгогдсонд тооцож,  албан тушаалд нь томилох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг гаргуулж, Д.Бг Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, хариуцагч Д.О, гуравдагч этгээд Д.Б /цахимаар/,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Майдри /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан хэлсэн тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж хуучин хурлын даргаар ажиллаж байсан Л гуай өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэрний дагуу хэлэлцэх асуудлын дараалалд орж хурлын даргыг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж чөлөөлөөд, дараагийн хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Ардчилсан намын бүлгийн зүгээс Я.Г төлөөлөгчийг нэр дэвшүүлсэн. Миний бие Монгол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан үндэслэлээр хурлын төлөөлөгч өөрийгөө хурлын даргад нэр дэвшүүлнэ гэсэн заалтын дагуу өөрийн нэрийг заалнаас дэвшүүлсэн. Хоёр хүн нэр дэвшсэн учраас 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу нууц санал хураалт явагдсан. Нууц санал хураалтад нийт 19 төлөөлөгч хуралд ирснээс 18 төлөөлөгч санал хураалтад оролцсон, 10 төлөөлөгч намайг дэмжсэн санал өгсөн. Нийт ирцийн 52,06 хувийн санал би авсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг хурлын даргад сонгогдсонд тооцно гэсэн үндэслэлийг зөрчиж дахин санал хураалт явуулна гэсэн. Миний бие өмнө нь санал хураалт яваад дүн гарсан байхад дахин санал хураалтад оролцохгүй гэдэг байдлаар хуралдааныг орхин гарсан. Үлдсэн төлөөлөгч нар хоёр хүн дээрээ дахин санал хураалт явуулсан байсан. Тэндээс Я.Г төлөөлөгч 50 хувийн санал аваагүй юм билээ. Тэгээд гуравдагч хүнийг нэр дэвшүүлж Д.Бг нэр дэвшүүлж хурлын даргаар сонгогдсон байсан. Тийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ санал хураалтын дүнг баталгаажуулж өгөөгүй маргаан үүссэн учраас ямар үндэслэлээр дахин санал хураалт явуулж байгааг би ойлгоогүй. Хуульд тийм заалт байхгүй. Тэгэхэд дахин санал хураалт явуулна гэсэн учир нэр татсан гэж яриад байна. Би хууль бус хуралд чинь оролцохгүй гээд хуралдааныг орхиж гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэж яриад байна. Д.О гуай хурал даргалсантай холбоотой зүйл ярьж байна. Нэгдүгээрт насны эрэмбээр даргалсан, хоёрдугаарт хурлын дарга солигдож байгаа учраас хурлын даргыг чөлөөлөхдөө хуучин хурлын дарга даргалж болохгүй. Шинэ хурлын дарга сонгож байгаа тохиолдолд хуучин хурлын даргыг чөлөөлсөн учраас хуралдаан даргалах шаардлагатай байдаг тэрний дагуу Д.О гуай хуралдаан даргалсан. Хурлын процесс дээр намын бүлгээс нэг хүн нэр дэвшиж орж ирсэн. Санал авахаар болоод тооллогын комисс байгуулагдаад нууц санал хураалт явуулаад дүнг гаргаад тооллогын комисс дүнгээ танилцуулаад тогтоолын төслөө батлах гээд Д.О гуай тогтоолын төслөө уншаад танилцуулсан байхад намын бүлэг завсарлага аваад дахин санал хураасан. Түүнээс илээр санал авсан зүйл байхгүй.

 

  Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 4 дүгээр хурал хуралдсан. Тэр өдөр хурал даргалагчаар насны эрэмбээр би хурал даргалсан. Хуралд 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч оролцож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Я.Г намаасаа нэр дэвшээд, заалнаас Г.С нэр дэвшсэн. 10 хүний саналаар буюу 55,5 хувиар Г.С ялалт байгуулж, Г 44.5 хувиар буюу 8 хүний санал  авсан. Тэгээд тогтоолын төсөл батлах болсон чинь хоёр дахь санал хураалт авах болсон. Тэгэхэд Г.С би хоёр дахь санал хураалтад оролцохгүй гээд гараад явсан. Хоёр дахь санал хураалтад Я.Г бас тавин хувийн санал аваагүй. Тэгээд хурал завсарласны ард, намын дарга Ганзориг араас ирж авч явж гурав дахь удаа санал хураахаар боллоо гээд Д.Бг нэр дэвшүүлэхээр боллоо гээд санал хураагаад Д.Б олонхийн санал авсан гээд Д.Бг ялсанд тооцоод тогтоолын төслийг баталсан. Хоёр хоногийн дараа хурлын нарийн бичиг Болд тогтоол, тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. Надад өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Гуравдагч этгээд Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ГСэрээдарын нэхэмжлэлтэй Д.Оэд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч  этгээдээр оролцож буй Д Б би дараах тайлбарыг гаргаж байна

  Нэг. Г.С өөрөө нэрээ татсан атлаа одоо шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  Хоёр. Я.Г 47.3%, Г.С 5.2% санал авсан буюу хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн  53.4-т ‘Нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтаар оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ хуулийн 53 2-т зааснаар дахин нэр дэвшүүлнэ." гэж заасны дагуу намайг намын бүлгээс нэр дэвшүүлж би 52.6%-ийн санал авч сонгогдсон.

 Гурав. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс хурлын дарга сонгогддог. Төлөөлөгчид намайг сонгосон бөгөөд албан ёсоор тогтоол гарсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүилийн 48.1-д заасны дагуу 08 дугаар тогтоол батлагдсан ба агуулгын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ч намайг сонгосон түүнийгээ баталгаажуулж тогтоол гаргасан Үнэхээр  Г.С сонгогдсон юм бол тогтоол гарах ёстой байсан Яагаад гэвэл сонгох эрхээ хэрэгжүүлж байгаа хүмүүс нь Г.Сыг дэмжээгүй.

Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж байгаа ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн сонголтыг ийнхүү хүчээр өөрөө дарга болно гэж зүтгэж байгаа нь үндэслэлгүй Г Сэрээдар өөрийгөө 52.6%-ийн санал авсан гэж ярьдаг. Харин би 52.6%-ийн санал авсан Яг ижилхэн ийм нөхцөл байдал байгаа юм бол бүх төлөөлөгчдийг дуудаж яг хэнд нь саналаа өгсөн бэ? гэдгийг асууж болно. Тэр хүмүүс нэхэмжлэгчийг сонгоогүй Шийдвэр гаргах ажиллагаа буюу хуралдааны хэлбэрээр үргэлжилж эцэст нь шийдвэрээ гаргасан.

Анхны санал хураалтаар Г.С 10 хүний санал, Я.Г 9 хүний санал авсан. Хурлын дарга тогтоолын төслөө илээр гар өргөж баталдаг. Тогтоолын төсөл нь батлагдаж байж хүчин төгөлдөр захиргааны акт болдог. Тэгээд завсарлага авч орж ирээд илээр гар өргөхөд Г.С дээр 9 хүн гар өргөөд тогтоолын төсөл батлагдаагүй учраас яах уу гээд мэргэжил арга зүйн зөвлөгөө авахад дахин санал хураалт ав гэсэн. Хоёулан дээр нь дахин санал хураалт авах гэхэд Г.С намайг дэмжсэн та бүхэн баярлалаа хоёр дахь санал хураалтад би оролцохгүй гэж хэлээд гараад явсан. Хуулийн дагуу хоёулан дээр нь авна гээд хоёулан дээр нь хоёр дахь санал авахад Я.Г нь 47.3, Г.С нь 5.2 хувийн санал аваад хоёулаа унасан. Тийм учраас хуулийн дагуу гуравдагч этгээдийг нэр дэвшүүлнэ гээд над дээр санал хураасан. Ардын намын бүлэг энэ санал хураалтад оролцохгүй гээд гараад явсан. Хуралд нэгэнт орж ирээд санал хураалтад оролцохгүй гэсэн учраас эсрэгээр санал өгсөнд тооцдог. Надаа 18 хүнээс 10 хүн санал өгөөд 52.6 хувийн санал авсан. Дахиад илээр тогтоолын төслийг батлах уу гэхэд 52.6 хувь нь тогтоолын төсөл баталсан. Миний хувьд хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Майдри шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Яагаад бэ гэхээр тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид даргаа сонгосон санал хураалт явагдсан байна. Шийдвэр гаргах ажиллагаа үргэлжилж эцсийн дүндээ Д.Б гэдэг хүнийг сонгосон байна. Я.Г болон Г.С нарын хэн нь ч олонхийн санал аваагүй учраас дахин нэр дэвших ажиллагаа явагдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу санал хураалт явуулж энэ хүмүүс сонголтоо хийсэн байна. Нэхэмжлэгч нэгдүгээрт хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол хуралдаанаараа үйл ажиллагаа явуулдаг. Энэ Д.О гэдэг хүн тухайн өдрийн хурлыг л даргалсан. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагад холбогдох хэргийг хянан хэлэлцэх ёстой. Гэтэл Д.О гэдэг хүн иргэдийн Төлөөлөгч, түүнээс энэ хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөхгүй. Өнөөдөр энэ нэхэмжлэлийн шаардлагын зүйлийг үзэх юм бол 08 тогтоолыг хүчингүйд тооцуулах гэж байна. Энэ 08 гэдэг тогтоол Д.Оийн тогтоол биш. Энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолд хурал даргалагч гарын үсэг зурна гэсэн зохицуулалттай. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй. Хуульд тогтоолыг хүчингүйд тооцуулах гэдэг ойлголт байхгүй. Илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм уу, хүчингүй болгуулах гээд байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Энэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцсэн 08 дугаар асуудлын хүрээнд хурлын даргыг сонгож байгаа үйл явдал нь тухайн иргэдийг төлөөлөөд сууж байгаа төлөөлөгч нарын сонголт юм. Г.С гэдэг хүн би дарга болмоор байна намайг дарга болгож өг гэдэг байдлаар асуудалд хандах ёсгүй. Хэрвээ нэхэмжлэгч маань иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хариуцагчаар татаад явахыг болъё гэхэд Г.С өөрийгөө 52,6 хувийн санал авсан гэж ярих юм. Д.Б бол 52.6 хувиар даргаар сонгогдсон байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэнийг сонгосон юм хоёр хүнийг сонгоод байгаа юм уу. Энэ хоёр хүн ижил санал авсан юм уу. Тэгэх юм бол хуулийн процессын дагуу дахин санал хураалт явагдах асуудал яригдах уу, өөрсдөө энэ асуудлаа шийдвэрлээч гэж чиглүүлж өгөх боломж байсан. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон. Тийм учраас нэхэмжлэлийг хангах боломжгүй. Ийм нөхцөл байдалд хүрээд байна. Хурлын тэмдэглэлээс үзэхэд Г.С гэдэг хүн би нэрээ татаж байна гээд өөрөө амаараа хэлээд тэр нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тухайн үед өөрөө ийм хүсэл зоригоо илэрхийлсэн байж одоо яагаад нэхэмжлэл гаргаж байгаа юм. Энэ хоёр чинь зөрчилдөөд байгаа юм биш үү. Өөрөө би нэрээ татаж байна гэсэн учраас хүчээр тэр хүнийг заавал хурлын дарга болгох гэж сонгууль явуулна гэж байхгүй. Энэ хүн тухайн үед ийм хүсэл зоригоо илэрхийлсэн гэж хэлмээр байна. Хурлын тэмдэглэл дээр алдаа гарсан юм уу ямар байдлаар тэмдэглэгдсэн юм Я.Г 47,3 хувийн санал авсан. Г.С 5,2 санал авсан гэж байна. Өөрөө болохоор 52,6 гэж яриад байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д зааснаар дахин нэр дэвшүүлээд Д.Б нэр дэвшээд сонгогдсон. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална. Тэгэхээр тогтоол гарч байж шийдвэрлэнэ. Захиргааны байгууллагын шийдвэрийн хэлбэр нь өөрөө тогтоол байх ёстой. Г.С гэдэг хүн дээр тогтоол гараагүй. Тэгэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуульт байгууллага, өөрсдийн саналаар Д.Бг сонгочихоод байхад би дарга болно гэж дайраад байгаа. Анх нэхэмжлэлийг 8 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргахдаа Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж гаргасан атлаа дараа нь хариуцагчаа солиод Д.О болгосон. Үүнийг би юу гэж харж байна гэхээр Д.Оээ чи ороод нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж хэлээд өгөөрэй гэж ярьчихаад орсон юм шиг ойлголт надад төрлөө.  Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байхад зөвшөөрч эвлэрэх асуудал яригдахгүй. Харин хариуцагчаа зөв тодорхойлоод, шаардлагаа зөв тодорхойлоод ирсэн цагт магадгүй хоёр хүн ижил санал аваад байгаа юм бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тэр асуудлаа өөрөө шийдвэрлэх ёстой. Энэ бол шүүх шийднэ гэхээс илүү захиргаа өөрөө шийдэх асуудал болж харагдаад байгаа юм. Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан 01 дугаартай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байгаа. Эндээс харах юм бол ардчилсан намаас 13 төлөөлөгч, Монгол ардын намаас 8 төлөөлөгч сонгогдсон. Хэргийн материалд Д.Б гэдэг хүнийг ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн. Энд зогсож байгаа Г.С, Д.О, Д.Б нар нь бүгдээрээ ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч нар юм. Намын бүлэг хурлын даргад нэр дэвшигчийг санал болгох эрхтэй байдаг. Ардчилсан нам дотроо яриад хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэхэд хурал болонгуут Г.С гэдэг хүн Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгч нартай цаагуураа эвсэж тохироод заалнаас нэрээ дэвшүүлсэн байна. Хурлын тэмдэглэлийн байдлыг үзэхэд гар бичмэл нь хэн хөтөлсөн нь тодорхойгүй байна. 4 дүгээр тэмдэглэлийг компьютер дээр шивсэн дээр Д овогтой Б танилцсан гэдгээр гарын үсэг зурсан, хурал даргалсан Д.Оийн гарын үсэг байхгүй байна. Хурлын тэмдэглэл хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ ямар үр дагавар үүсгэж байна гэхээр Г.Сын хэлээд байгаа би сонгогдсон гээд хэлээд байгааг нотлох баримт байхгүй байна. Г.С гэдэг хүн нэхэмжлэгчийн хувьд би олонхийн санал авсан гэдгээ нэгдүгээр ээлжид нотлох ёстой. Ямар баримтаар нотолж байгаа нөхцөл байдал тодорхойгүй байна. 4 дүгээр хурлын дэгээс үзэх юм бол хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой намын бүлгүүд завсарлага авах эрхтэй дэгийн дагуу завсарлага авсан юм байна. Тогтоолын төслийг олонхийн саналаар батлах хуультай. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуралдаанаар үйл ажиллагаа нь явагдана. 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар хурал даргалсан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурах ёстой. 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Д овогтой нэр дэвшүүлээд санал хураалт явагдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д хариуцагч гэж хэн бэ гэдгийг тодорхой заасан. Нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй байдаг. Энэ эрхэд нь шүүхээс, бусад этгээдийн зүгээс нөлөөлөх боломжгүй. Хариуцагчаа 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг зөрчиж буруу тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж үзэхэд Д.О гэдэг хүн яаж тогтоол гаргах юм. Шийдвэр биелэгдэх ёстой. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа зөв тодорхойлж, шаардлагаа зөв тодорхойлж байж шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуультай. Д.О зөвшөөрлөө гэж хэлж л байна. Д.Оээ чи нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна гээд шийдлээ гэхэд Д.О гэдэг хүн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүрэн төлөөлж байгаа этгээд биш. Энэ хүн буцаагаад Г.Сыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоол гаргах эрх зүйн боломж байхгүй. Хэрвээ хариуцагчаа зөв тодорхойлоод иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татаад ороод ирсэн байсан бол захиргаа өөрөө шийдвэр гарга гээд 6 сар хүртэл хугацаагаар шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлээд өөрсдөө үүнийгээ дахиж хуульд нийцүүлээд гарга гэсэн асуудал яригдах байсан юм. Хангаад шийдвэрлэсэн байлаа гэж бодоход энэ шийдвэр биелэгдэх боломжгүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэн Г.Саас Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.Сыг хурлын даргад сонгогдсонд тооцож албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Бг Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.Сыг хурлын даргад сонгогдсонд тооцож албан тушаалд томилсон тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг гаргуулж, Д.Бг Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Л албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хэлэлцэх, хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхийн тулд тухайн хуралдааныг даргалах төлөөлөгчийг сонгох шаардлага үүсчээ.

Ийнхүү 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны дээр дурдсан асуудлуудыг хэлэлцүүлэх хуралдаан даргалагчаар Д.Оийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Д.О хуралдаан даргалж, Х.Лыг хурлын даргаас чөлөөлж, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолыг ёсчлон баталгаажуулжээ. Түүнчлэн маргаан бүхий акт болох Д.Бг Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон 08 тоот тогтоолыг ёсчлон баталсан байна.

Д.О хуралдаан даргалагчаар сонгогдсон учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй байна.

Хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй болно.

1. Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Г.Сыг хурлын даргад сонгогдсонд тооцож албан тушаалд томилсон тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” гэж зааснаар Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны хуралдаанд нийт 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч хүрэлцэн ирсэн тул хуралдааны ирц бүрдэж хүчинтэйд тооцогдох нөхцөл хангагдсан байна.

Дээр дурдсанаар Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж хурлын дарга Х.Лын  албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн баталж, хурлын даргыг сонгох ажиллагаа журмын дагуу цаашид үргэлжилсэн байдаг.

Нэхэмжлэгч хурлын даргад бие даан нэрээ дэвшүүлж, Ардчилсан намын бүлгээс төлөөлөгч Я.Гийг нэр дэвшүүлжээ. Хуралдаанаас тооллогын комиссыг томилон нууц санал хураалт явуулсан байдаг. Хэргийн оролцогчид хуралдааны үйл ажиллагаа болон нууц санал хураалтын дүнтэй маргадаггүй бөгөөд санал хураалтаар нэхэмжлэгч Г.С 10, Я.Г 8 санал авчээ.

Харин хурлын даргыг сонгосон талаар тогтоолын төслийг батлахаас өмнө Ардчилсан намын бүлгийн дарга Л.Н 20 минутын завсарлага авч, завсарлагааны дараа тогтоолын төслийг танилцуулан, батлах эсэх дээр санал хураахад 47.3 хувийн саналаар тогтоол дэмжигдээгүй тул дахин санал хураалт болсон гэж хариуцагч болон гуравдагч этгээд тайлбарладаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.”, 11.3.-т “тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.”, 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд хурлын даргад хоёр хүн нэр дэвшиж өрсөлдсөн бол санал хураалтыг нууцаар, санал хураах хуудсаар авч 50-иас дээш хувийн санал авсан нэг нэр дэвшигчийг хурлын даргаар сонсогдсонд тооцох, ингэхдээ нууц санал хураалтын дүнгээр тухайн нэр дэвшигчийг сонгогдсонд тооцон тогтоолын төсөл батлагдах байтал дахин ил санал хураалт явуулж сонголтын үр дүнг өөрчилсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтыг ил санал хураалт болгон хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж намын бүлгийн хүссэн үр дүнг бий болгох зорилготой хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэж заасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны хуралдаанд “Хурлын дарга”-д Ардчилсан намаас Я.Г, Г.С бие даан нэр дэвшсэн, тооллогын комисс байгуулсан, санал хураалтыг нууцаар санал хураах хуудсаар явуулсан болох нь тогтоогдсон, үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульчлан заасан тул тухайн асуудлыг хэлэлцсэн хуралдааныг удирдаж байсан Д.О тогтоолын төслийг ёсчлон баталгаажуулах үүрэгтэй байжээ. 

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Тэгэхээр тогтоол гарч байж шийдвэрлэнэ. Тогтоолд олонхийн санал аваагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д зааснаар дахин нэр дэвшүүлээд Д.Б нэр дэвшээд сонгогдсон. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д иргэдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална. Тэгэхээр тогтоол гарч байж шийдвэрлэнэ. Захиргааны байгууллагын шийдвэрийн хэлбэр нь өөрөө тогтоол байх ёстой.” гэсэн тайлбар гаргаж байх боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ийм дугаарлалт бүхий заалт байхгүй болохыг тэмдэглэв.

2. Д.Бг Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч “...Иймээс тогтоолын төсөл 50 хувиас дээш санал аваагүй учир дахин санал хураалт явагдсан” гэж маргадаг. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал Цээл сумын Монгол ардын намын бүлэг болон нэхэмжлэгч 2 дахь санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлэн хуралдааныг орхин гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг тогтоолын төсөлд олонхийн санал аваагүй гэж нэхэмжлэгч болон Я.Г нарын хооронд 2 дахь санал хураалтыг Ардчилсан намын 10 төлөөлөгчөөс санал авсан байх бөгөөд аль нь ч олонхийн санал аваагүй гэж дахин нэр дэвшүүлэн санал хураалт зохион байгуулжээ. Гуравдагч этгээд Д.Бг дахин нэр дэвшүүлэн илээр санал хурааж сонгосон байна. 

Гэвч дахин санал хураалт явуулах талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.” гэж заажээ. Тодруулбал, нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Иргэдийн төлөөлөгчдийн олонхийн санал авсан нь нотлогдож байх бөгөөд саналын дүнтэй талууд маргадаггүй тул хоёр дахь болон дахин нэр дэвшүүлэн санал хураалт явуулах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

Гуравдагч этгээд нэхэмжлэгчийг 2 дахь санал хураалтаас нэрээ татсан учир маргах эрхгүй гэж мэтгэлцэж байх боловч 2 дахь санал хураалт дээр дурдсанаар хуульд нийцээгүй тул ийнхүү нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

3. Иймд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалт хуулиар тогтоосон журам, дэгийн дагуу явагдсан, хэргийн оролцогчид санал хураалтын ажиллагаа, түүний дүн дээр маргаагүй, нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох тухай тогтоолыг уншиж танилцуулсан, тухайн тогтоолыг тус Хурлаас хүчингүй болгосон тогтоол гараагүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасны дагуу хуралдаанаас гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулан, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Сыг Цээл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцсон тогтоолыг ёсчилж баталгаажуулахыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг даргалагч Д.Оэд даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Сд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ОЮУНСҮРЭН