| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0832/З |
| Дугаар | 221/МА2025/0120 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0120
Д.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0832/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э-ээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Э-д өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. “... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, мөн хуулийн 3.2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна”, 4.1.13-д ““тэтгэвэр” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг нарийвчлан заасан байна.
Өөрөөр хэлбэл энгийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах болзол шалгуурыг нарийвчлан заасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд даатгуулагч иргэний хүсэлт болон мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлж ажилласан хугацаа, нас зэргийг үндэслэн хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох үүрэгтэй. Үүнээс үзэхэд Нийгмийн даатгалын хууль, журмын хэрэгжилтийг хангах, зохион байгуулан эрх нь нийгмийн даатгалын байгууллагын удирдлагад байх бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 31-ний 680 тоот албан бичгээр Д.Э-д тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй тухай хариу хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцсэн байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй болно.
3.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн нөхцөлд ажиллаж эрх үүссэн даатгуулагчдад өндөр насны тэтгэврийг насны хувьд 5-10 жилийн өмнө тогтоодог. Гэвч энэхүү тушаалын хавсралтад шүүгчийн албан тушаалд ажилласан нөхцөл нь тусгагдаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан нас болон шимтгэл төлсөн байвал зохих хугацааг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Тиймээс мөн хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7-д заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг нарийвчлан зохицуулсан гэвч Д.Э-ийн шүүгчээр ажилласан 10 жил 5 сар, мөн 56 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн мэтээр тайлбарлан дүгнэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасныг тус тус ноцтой зөрчиж байна.
Жишээ нь: Шүүгчээр 1 жил ажиллаж байгаад Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан насанд хүрч тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн шүүгчээр ажиллаж байсан иргэний шүүгчээр ажиллавал зохих хугацааг үл харгалзан тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх агуулга харагдаж байна.
3.3. Нэхэмжлэгч Д.Э нь шүүгчээр 10 жил 5 сар, насны хувьд 56 нас 8 сартай байгаа нь Шүүхийн тухай хуулийн 47.6-д заасан насны болзлыг хангаж байгаа боловч ажиллавал зохих жилийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байдаг. Мөн хуулийн 47.7-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар, ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж заасныг шүүгч хэрэглээгүй энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүгчээр ажиллаж байсан иргэний тэтгэвэр тогтоох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулахаар заажээ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Д.Э-ээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.2. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Э-ээс өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар зарлигаар түүнийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
2.3. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар албан бичгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй гэсэн татгалзсан хариу нэхэмжлэгчид өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.4. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан бөгөөд нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхдөө 56 нас 8 сартай байсан болох нь тогтоогдож байна.
2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э-ийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх үедээ дээрх хуульд заасан 55 насанд хүрсэн байх шалгуурыг нэгэнт хангасан, түүнээс гадна шүүгч өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ илэрхийлсэн энэ тохиолдолд хуульд заасныг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтоон олгох байжээ.
2.6. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг ийнхүү зохицуулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчийн нийгмийн баталгаанд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, болзол журмыг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох ажилласан жилийн шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий давж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН