Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 81

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Ч.Цогтоо, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000268 дугаартай шүүгдэгч Газарч овогт Чойдоржийн Цогтоод холбогдох  153/2016/0090/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Яс үндэс мянгад, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдрадаг, мэргэжилгүй, малчин ажилтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух ПЗ:65010117 регистрийн дугаартай Газарч овогт Чойдоржийн Цогтоод

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Ч.Цогтоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахир хашаа” гэх нэртэй газарт 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 28-30 ХОҮ улсын дугаартай ехсел маркийн улаан хүрэн өнгийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.7.е, 9.1, 2.1.а-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн эхнэр иргэн Ц.Батхүүгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7 х/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11 х/

            Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг /хх 12-13 х/

            Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-17х/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандахын: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой миний төрсөн эгч болох Ц.Батхүү нь зам тээврийн осолд орсны улмаас амь насаа алдсан Тухайн үед машиныг манай хадам ах Ч.Цогтоо жолоодож явж байсан дотор нь түүний охин Ц.Даваадулам, хүргэн Отгондалай нар нярай хүүхэдтэйгээ явж байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгондалайгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай хадам, талийгаач, эхнэр хүүхэд дүү нартай хамтаар оройн 19 цагийн үед улаан өнгийн эксел маркийн автомашинтайгаар Ховд аймгийн төвөөс гараад Мянгад суманд ирсэн. Мянгад суманд 20 цагийн үед ирээд хадам дүү Зоригоог дотуур байранд нь буулгачхаад манай аав талийгаач хоёр гараад 10 орчим минутын дараа ирээд хөдөлцгөөсөн. Мянгад сумын төвөөс гараад удалгүй манай хадам аав ерөөл нэртэй 0.5 литрийн савалгаатай архи гаргаад надад нэг хийж өгөөд өөрөө уугаад ахин хөдөлцгөөсөн. Тухайн осол гарсан газар иртэл тэр архийг тал хүртэл нь уусан. Бид нарын сууж явсан машины гэрэл дээшээ туссан замаа онохгүй байсан бөгөөд архи ууснаас болоод шил жаахан цантай байсан. Тэгээд явж байтал машин хунгар луу ороод зогссон. Энэ үед машины урд шил цуурсан хагарсан байдалтай байсан мөн ээж миний зээ охин сайн уу гээд эрүүл саруул ухаанаар ярьж байснаа гэнэт талийгаач миний зүүн тал мэдээгүй болчихлоо дотор муухайраад эвгүйрээд байна гэхээр нь би машинаас буулгаад агаар амьсгалуулаад буцааж машинд суулгасан. Үүний дараа миний хадам аав бид хоёр Ядмаа гэх хүн рүү залгаад машин хунгар жалгаруу орчихлоо хурдан хүрээд ирээч гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гантөмөрийн: “...Би талийгаачийн биеийн очиж үзсэн. Намайг үзэх үеэр талийгаачийн биеийн байдал хүнд ухаангүй зүүн талдаа харвасан мөчид ямар ч мэдээгүй хоёр нүдийг гэрлийн урвалд оруулан шалгаж үзэхэд ямар ч хариу үйлдэлгүй байсан. Мөн гэртээ бөөлжсөн, бөөлжис нь эхлээд цус гараагүй сүүлийн хоёр удаагийн бөөлжсөнд цус тунарч харагдаж байсан. ...Тэгээд багийн эмч сумын төврүү дуудлага дуудуулсан. ...Талийгаачийн охин надад ээжийгээ бид нар замд ирж байхад машин хунгар луу ороод ээж урд шил мөргөөд 2-3 удаа бөөлжөөд ийм болчихлоо гэж хэлсэн. ...Ч.Цогтоогоос архи үнэртэж байсан халамцуу байсан..." гэх мэдүүлэг /хх 45-46 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэчимэгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 00 цаг 30 минутанд Гантөмөр гэх хүнээс хүн осолд ороод ухаангүй байна гэсэн агуулгатай дуудлага мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу Мянгад сумын тасгийн автомашинтайгаар эрхлэгч их эмч хэсгийн төлөөлөгч жолоочийн хамтаар шөнийн 01 цаг 15 минутын орчимд гарсан байхаа. Тухайн газарт шөнийн 04 цагт очсон бөгөөд анхны үзлэгийг манай эрхлэгч их эмч Д.Чинзориг үзээд хүүхэн хараа гэрлийн урвалд орохгүй нүдний хараа эвэрлэгийн бүрхэвч рефлекс байхгүй, даралт нь 190/120 пүүлс 64 сатураци 98 биеийн халуун 36.2 хөлд нь рефлекс үзэхэд эмгэг рефлекс илэрч байсан энэ өөрийн ямар нэг жолоодлогогүй болсон байсан. Үүний дагуу дивизол 6 процентын таваар судсаар хийсэн витамин С-г 5 процентын 6 миллилитрээр хийсэн натри хлоридыг 0.9 процентын 10 миллилитрээр, рибоксин 2 процентын 5 миллилитрээр судсаар, кокор боксилазан 50 миллиграммаар дагалдах уусмалаар нь шингэлэн судсаар хийсэн, куликоз 50 процентын 10 миллилитрээр манитол 200 миллитрээр хийгээд дараагаар нь 30 минутын дараа фурсомент 2 миллилитрээр булчинд хийсэн энэ эмчилгээнүүдийн үр дүн нь судасны хана бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, тархины хаван бууруулах шээс хөөх даралт бууруулах гэх мэт үр дүнг үзүүлэх ёстой байсан бид хоёр энэ эмчилгээг хийхээс өмнө аймгийн төв эмнэлэг рүү залгаад зөвлөгөө авсны үр дүнд дээрх эмчилгээг хийсэн. Ховд аймгийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед Гэрэлт-Од, Цэрэнбадам нар ирээд энэ хүн бүтэн харвасан байна 3 хоног энэ эмчилгээг хийгээд ажигла гэсэн үүрэг чиглэл зөвлөгөөг өгөөд явсан. Тухайн эмчилгээг хийсэн боловч 3 дахь өдрийнхөө өглөө 09 цаг 10 минутанд нас барсан. Ам хохирогчийн нөхөр нь автомашин унаад охин хүргэн зээ нарын хамтаар Мянгад сумаас гараад гэрлүүгээ явах замдаа жалга руу ороод уг автомашины урд салхины шилийг амь хохирогч нь мөргөн дээрх гэмтлийг авсан байсан. Би Ч.Цогтоогийн биенээс цус авсан энэ үед тэр хүн маш их сандарсан цус авах үед архи үнэртэж байсан...мэдүүлэг /хх 47-49 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чинзоригийн: “...Амь хохирогчийн нөхөр надад хэлэхдээ манай эхнэр чи буруу замаар явчихлаа гэж хэлэхээр нь ах нь эхнэртээ би гэж энэ нутагтаа төөрч байдаг юм бэ насаараа амьдарч байж гэж хэлээд урагшаа замруу харахын зуур л ганга ороод ирсэн тэгээд машин ганга руу орсон гэсэн...” мэдүүлэг /хх 50- 52 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Нямийн: “...манай дэлгүүрт Ч.Цогтоо ах эхнэртэйгээ орж ирээд зээл авна гэсэн тэгэхээр нь би үгүй гээд манай гэрлүү бид гурав ороод ээжид найз нь зээтэй хүргэнтэй боллоо гээд явж байна найз нь ганц шил архи авмаар байна гэхээр нь өгөөд явуулсан...” мэдүүлэг /хх 53-54 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ядамсүрэнгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цаг өнгөрч байхад Ч Цогтоо залгаад машинаа жалгаруу оруулчихлаа ирээд аваадхаачээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн газарт очсон. Намайг тэр газарт очиход улаан машин жалгаруу орсон байдалтай байсан бөгөөд Ч.Цогтоогийн хүргэн болон Мөнхтөр нар нь талийгаачийг миний машинд өргөж суулгасан. Би гэрт нь хүргэж өгчхөөд 04 цагийн үед гэрлүүгээ харьсан. Намайг тухайн газарт очиход талийгаач ухаан алдсан байдалтай байсан.Тухайн үед Ч.Цогтоо нь архи уусан байдалтай байсан ба архи үнэртэж байсан.Талийгаачийн уруулын баруун дээд хэсэгт шалбарсан байсан...” мэдүүлэг /хх 62-63 х/

            2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Жолооч Ч. Цогтоо нь МУ-ын ЗХД-ийн 2.7-ийн /а/-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, МУ- ийн ЗХД-ийн 2.7-ийн /е/-д заасан “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэсэн заалтыг, МУ-ын ЗХД-ийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, МУ-ын ЗХД-ийн 2.1-ийн “ а'-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн заалтуудыг гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Ч. Цогтоо нь 23-80 ХОҮ улсын дугаартай Эксел маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундаа хэрэглэн батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүй буруутай үйлдэл тогтоогдож байна...” /хх 66 х/

            Шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт: “...Хохирогч Ц.Батхүүгийн цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Ц.Батхүүгийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн цусан хураа болон тархины няцрал, дээд уруулын баруун хэсэгт 2.8x1.6 см шарх гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Ц.Батхүүгийн цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх, унахад үүссэн байх боломжтой. Хохирогч Ц.Батхүүгийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн цусан хураа болон тархины няцрал гэмтлүүд нь хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3...Д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Хохирогч Ц.Батхүү нь тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн цусан хураан болон тархины няцралын улмаас нас барсан...” гэх дүгнэлт / хх 69-70 х/

            Цогцост үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 71-76 х/

Шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн химийн шинжилгээний 105 дугаартай дүгнэлт: “...Ч.Цогтоогийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Ч.Цогтоогийн биенээс авсан гэх цусанд 1.8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /хх 80 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Цогтоо нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахир хашаа” гэх нэртэй газарт 28-30 ХОҮ улсын дугаартай ехсел маркийн улаан хүрэн өнгийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.7.е, 9.1, 2.1.а-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн эхнэр иргэн Ц.Батхүүгийн амь насыг хохироосон үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Цогтоо нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7 х/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11 х/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг /хх 12-13 х/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-17 х/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандахын мэдүүлэг /хх 37-38 х/, гэрч Б.Отгондалайгийн мэдүүлэг /хх 43-44 х/, Ч.Гантөмөрийн /хх 45-46 х/, Б.Эрдэнэчимэгийн  /хх 47-49 х/, Д.Чинзоригийн /хх 50- 52 х/ , Х.Нямийн /хх 53-54 х/, Г.Ядамсүрэн нарын  мэдүүлэг /хх 62-63 х/ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх 66 х/, шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт / хх 69-70 х/, цогцост үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 71-76 х/, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн химийн шинжилгээний 105 дугаартай дүгнэлт /хх 80 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ч.Цогтоо нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу согтуурууллах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Цогтоо нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Цогтоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-169х/ тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  ...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Цогтоо нь бусдад төлөх төлбөргүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандах нь ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах хэрэгтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Газарч овогт Чойдоржийн Цогтоог тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Ч.Цогтоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Цогтоод оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үеэс эхлэн тоолсугай

5.Шүүгдэгч Ч.Цогтоо нь бусдад төлөх төлбөргүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Уранмандах нь ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Цогтоод оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Цогтоогийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “ехсел” маркын машин, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 үхэр, 30  ямаа, 5 хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цогтоод авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС