Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

 

  2023          02          14                                     2023/ШЦТ/124

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Э.Шинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105022712251 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг газар шидэж унагаан түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд цус хуралт, баруун сарвууны 3 дугаар хурууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед ***, *** нар эхнэр нөхөр. Би тухайн үед очиж таарсан. *** уулзуулж өгөөч гээд уулзсан. Би найзуудтайгаа уулзаж хоол идээд сууж байхад араас ирсэн. Үүний дараа би буцаад очиход ***, ***, *** зэрэг 8-9 хүмүүс байсан. Буудал руу ороход *** намайг тосож аваад “*** чамайг муулаад байна” гэж надад хэлсэн. ***тэй таарч хальт муудалцсан. Гэтэл *** гэнэт танихгүй хүн шиг аашилж шургаж байсан ***ийгээ өмөөрч над руу дайрах гэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд ор руу түлхсэн. ***, *** рүү үг хэлсэн чинь *** алгадсан. ***, *** хоёр нийлж зодолдоод бид нар салгасан. Уг гэмтэл миний унагаасан үйлдлийн улмаас учирсан гэж үзэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 2 дугаар давхар одоо тоотыг нь сайн санахгүй байна, намайг *** гэдэг эрэгтэй дуудсан юм. Очих болсон шалтгаан нь ***ийн ах *** гэдэг хүнд 240.000 шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөө авах гэж очсон. Тухайн буудлын өрөөнд ***ын дүү ***ийг *** гэх эрэгтэй зодоод зогсож байсан. Тэгээд чи яагаад дүүг нь зодоод байгаа юм бэ гэтэл намайг чи дуугүй бай гэж хэлээд миний хоёр хөлнөөс өргөж буудлын шалан дээр хүчтэй саваж унагаасан буюу савж унагаачхаад ***, ***ээ, ***, ***ын найз нэрийг нь мэдэхгүй шар үстэй залуугийн хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 81/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...***гийн араас нь таттал эргэж хараад намайг гичий, нохойгоор минь харааж байснаа миний 2 хөлнөөс өргөөд толгойгоогоор хойш шал руу савуулсан. Тэр үед намайг *** газар савчихсан байсан учраас би толгойгоо бариад зогсож байтал баруун гарын дунд хуруунаас цус гараад байхаар нь гайхаад хартал хумс нь гарнаасаа арьстайгаа салчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 86/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн эмэгтэйн гар хурууны хумс нь хугарсан нэг хумс нь унаж цус гоожсон, уруул нь хавдсан, цус гарсан гар хацар зэрэг нь хөхөрсөн амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай өмд нь цус болсон зүйлгүй байсан, жирэмсэн эсэх талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй, цагдаа ирсэн цагдаатай цуг яв гэхэд би зүгээрээ явахгүй, гэртээ харихад болноо гээд өөр ямар нэг юм яриагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 92-93/,

Гэрч Ж.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь өмнө нь жирэмсэн байсан гэдгээ огт хэлж байгаагүй, харин энэ асуудлын дараа “Би жирэмсэн байсан, тэгээд зодуулснаасаа болж зулбачихлаа” гэж чатаар хэлж байсан. Ингэж л анх түүнийг жирэмсэн байсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 99/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед гэж санаж байна, яг нарийн бол мэдэхгүй байна гэрийнхээ ойролцоо буюу Гэмтлийн эмнэлгийн тэр хавьд явж байтал найз *** над руу залгаад “*** бид хэд *** гэх нэртэй зочид буудалд байна, тэгсэн чинь *** өөр нэг эмэгтэй хүнтэй явж байна, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***гийн зааж өгсөн “***” зочид буудал руу ганцаараа явж очоод орсон өрөөнд нь яваад ороход миний таньдагаас ***, ***, ***, ***, ***, *** нар байж байсан ба ерөнхийдөө ихэнх нь архи уучихсан согтуу байдалтай байж байсан. Тэгээд би үүдний хэсэгт 1-2 минут чимээгүй тэр хэдийг ажиглаж байгаад *** дээр очоод “энэ чинь хэн юм” гэж асуутал “манай найз охин байгаа юм” гэж хэлсэн. Ингээд ***тай ярилцаад зогсож байтал *** найз маань намайг өмөөрөөд ***ийг үсдээд унагчихаар нь би дээрээс нь гараараа 1-2 удаа цохисон. Харин *** хэрхэн яаж оролцсон талаар анзаараагүй. Учир нь би тухайн үед их бухимдалтай байсан. Ингээд байж байтал тэнд байсан хүмүүс биднийг салгаад авсан ба миний уур хүрээд найзыгаа дагуулаад тэр өрөөнөөс гараад явтал араас *** коридорт “та 2 яагаад намайг ингэж байгаан” гээд хэрүүлийн шинжтэй юм яриад байхаар нь би дагуулаад буцаж өрөө рүү ороод ариун цэврийн өрөөнд нь ***тэй хоёулхнаа уулзаж ярилцсан. Тухайн үед *** жоохон дайрах гээд байхаар нь би үлдээчихсэн юм. Тэгээд уг нь тухайн үед ***тэй ойлголцоод гар гараа барилцаад эвлэрсэн. ...***ийн гэдэс рүү өшиглөөгүй зүгээр гараараа хэд хэдэн удаа цохисон. ...тухайн үед ***ийн алгадснаас болж гэмэл учраагүй улайгаад л өнгөрсөн, гэхдээ би нэг ч гар хүрээгүй байхад өрөө эхэлж гар хүрсэнд нь гомдолтой байгаа..” гэсэн мэдүүлэг /хх 1-н 115-116/,

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуурай эгч *** гэдэг хүнтэй муудалцчихаад *** гэх найзтайгаа фэйсбүүкээр чаталсан. Тэр үед *** “***” гэх нэртэй зочид буудалд байгаа талаараа хэлж бид хоёр утсаар ярилцаж байгаад би тэр газарт нь очсон. Намайг тэр буудлынх нь өрөөнд /тоотыг нь сайн санахгүй байна/ ороход ***, ***, ***, *** тэр 4 пиво бил үү, архи бил үү ямар ч байсан нэг юм уугаад сууцгааж байсан. ...Тэгсэн чинь удалгүй ***, ***тэй муудалцаад нүүр рүү цохичихсон байсан ба яг тэр процессыг нь бол би хараагүй. Бас *** ***тэй муудсан гээд ***ийн хумс нь уначихсан нүүр нь хөхөрчихсөн байсан. Тэгсэн гэнэт манай найз *** тэр буудлын өрөөнд ороод ирчихсэн байхаар нь би найзыгаа тосож аваад оруулсан. Ингээд *** тэр буудлын өрөөнд ороод ирснээрээ тэнд байсан уур амьсагл их эвгүй болж хувирсан. Учир нь ***ын өмнө үеэрхэж байсан болон сүүлд үерхэсэн хоёр охин нь нэг дор уулзсэн гэсэн үг. Тэгээд ***, ***тай ярилцаж байж байтал *** хажуунаас нь орж ирээд *** нүүр рүү шууд нэг удаа алгадаад авахаар нь миний уур хүрээд найзыгаа өмөөрч ***ийн үснээс нь зулгааж газарт унагаад дээрээс нь *** хамт цохисон. Яг энэ үеэр тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Энэ үйл явдал бол маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд найзыгаа дагуулаад тэр буудлын өрөөнөөс гараад явтал араас *** гарч ирээд олон юм яриад байсан /юу яриад байсныг нь санахгүй байна/ тэгээд зайнаас хоорондоо хэрэлдэж байгаад бид хоёр гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121/,

Шнжээчийн 10238 тоот дүгнэлтэд: “...***ийн сүүлийн сарын тэмдэгээр 3 долоо хоногтой жирэмсэн байх боломжтой ба эмнэлгийн бичиг баримтаар ураг бүрэн зулбалт гэж оншилосон байсан. ***ийн биед тархи доргилт, дух, баруун чамархайн хуйх, дух, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүүн гарын хумсанд зулгаралт, баруун гарын 3-р хуруунд шарх гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн эрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урагийн зулбалтын шалтгааныг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх 1-н 31-33/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...***ийн биед учирсан тархи доргилт, духанд цус хуралт, баруун сарвууны 3 дугаар хурууны шарх бүхий гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бол бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь унах болон тухайн хэсэгт хүч үйлчилсэн үед аль алинд нь үүсэх боломжтой. Харин хөнгөнөөс бусад гэмтлүүд нь өшиглөх гараар цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-н 229/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 185-189/, хохирлын баримтууд /хх 1-н 245-250, 2-н 1-4/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх 2-н 13-20/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг газар шидэж унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд цус хуралт, баруун сарвууны 3 дугаар хурууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, Ж.***, Ч.***, Б.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж улмаар газарт хүчтэй унагааж шинжээчийн дүгнэлтэд тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг газарт хөлнөөс өргөж унагаасан үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хэрэг болох үед хохирогч *** нь өөр хүмүүстэй маргалдаж улмаар цохиулсан нөхцөл байдал тогтоогдсон ба хэрэг шүүхэд шилжиж ирэхээс өмнө буюу прокурорын шатанд прокурор эрх хэмжээний хүрээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлт, дүгнэлт өгч зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Хохирогчийн болон гэрч Ч.*** нараас хууль сануулж авсан мэдүүлэгт хохирогч өөр хүмүүст цохиулахаас өмнө шүүгдэгчийн үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан байсан нь нотлогдон тогтоогдож байна. Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлсэн ба худал мэдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Мөн хохирогч ***ийн Ч.***, Б.*** нарт зодуулсан үйлдлийг прокуророос Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгахыг холбогдох цагдаагийн газарт шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болохыг дурдав.

Прокуророос шүүгдэгч ***ийг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан ба тухайн буруу зүйл хэсгээр яллагдагчаар татсаныг техникийн шинжтэй алдаа гарсан гэж шүүх үзсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар дүгнэлт үйлдсэн тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн хэргийг шийдвэрлсэн болно.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирлыг баримтууд гаргаж өгсөн ба тухайн баримтуудыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Хохирогчийн хавтаст хэрэгт өгсөн баримтуудын ихэнх нь тухайн учирсан гэмтэлтэй холбоотой баримтууд биш, мөн зарим баримтууд нь тодорхойгүй байх тул энэ шүүх хуралдаанаар дээрх баримтуудад үндэслэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-д хөнгөн гэмтэл нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” байх шалгуур шинжтэй байхаар заажээ.

Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба хавтаст хэрэгт хохирогчийн өгсөн хохирлын баримтууд нь уг гэмтэл учирснаас хойш 4 долоо хоногоос дээш хугацааны дараа гарсан баримтууд байх тул дээрх баримтуудад үндэслэн хохирол гаргах үндэслэлгүй.

Иймд хохирогч *** нь тухайн учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал, хохирол, хор уршгийн талаарх баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР