Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

   2023          02          06                                      2023/ШЦТ/106

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: С.Бичинхүү,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021912470 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ***гийн эзэмшлийн “Макбүүк про” загварын зөөврийн компьютерийг “...ажилдаа 1 хоног хэрэглээд буцаагаад өгье” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жэм молл дэлгүүрийн орчимд аван улмаар барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны өвөл санагдаж байна Клубхаус апплейкшнээр анх *** гэдэг залуутай танилцаж найзууд болоод фэйсбүүкээр чаталдаг байж байсан. Бид хоёр найзын холбоотой байсан. Тэгтэл 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр *** надаас “нөүтбүкээ нэг өдөр хэрэглүүлээчээ ажилдаа ашиглах гэж байгаа юм аа, интэриер дизайнараар ажилладаг юм ажилдаа яаралтай хэрэглэх хэрэг байна” гэхээр нь би зөвшөөрөөд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жэм Молл их дэлгүүрийн төв хаалган дээр ***тай уулзаад өөрийн эзэмшлийн саарал өнгийн Макбүүк про загварын нөүтбүүкээ цэнэглэгч, цүнх, холбогч, залгуурын хамт өгч явуулсан. Тэгээд би маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *** руу залгатал утас нь холбогдохгүй байхаар нь би фэйсбүүкээр чат бичтэл “орой аваачаад өгье” гэхээр нь би орой болтол итгэсэн ба орой нь өгөхгүй маргааш нь болоод дахиад асуутал “би хөдөө байна, хот руу очоод өгье” гэж хэлээд хойшлуулсаар байгаад аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан юм. Би *** гэдэг хүнийг найзуудаас нь фэйсбүүк чатаар сураглаад асуутал өмнө нь хүмүүсийн нөүтбүүкийг ломбарданд тавиад, одоо шүүхээр орох гээд Хан-Уулын шүүх дээр байгаа талаар мэдсэн. ...Би нөүтбүкээ 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Бэст компьютерээс 4.999.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 37-38/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 43-67/, эд зүйл түр хураан авах тухай тэмдэглэл /хх-н 70-77/, эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-н 78/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 88, 128-146/, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт /хх-н 150/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ***гийн эзэмшлийн “Макбүүк про” загварын зөөврийн компьютерийг “...ажилдаа 1 хоног хэрэглээд буцаагаад өгье” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жэм молл дэлгүүрийн орчимд аван улмаар барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан “залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн Макбүүкийг хэрэглээд буцаан өгнө хэмээн хуурч, улмаар барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж, түүний эд зүйлийг буцаан өгөхгүй байх санаа зорилготой хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн макбүүкийг буцаан авсан, иргэний нэхэмжлэгч нь хохирлоо авсан гомдол, саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан тул /хх-н 150/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 421 дүгээр хорих ангиас 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн ялын тооцоогоор нийт 5 сар 26 хоног хорих ял эдэлж, 4 хоногийн үлдэгдэлтэй нь шүүхэд ирүүлсэн ялын тооцоогоор нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 хоногийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч ***ад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүгдэгч нь энэ хугацаанд хорих ялаа эдэлж байгаад ялын тооцоо 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу шүүх хурал эхлэх өдөр гарсан тул шүүгдэгчийг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэж шүүх үзлээ.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч *** нь урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдэлж байгаа, ялын хугацаа дуусаагүй ба энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хорих ялыг эдэлж дуусах хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 хоногийн хорих ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР