Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

 

   2023          02          14                                     2023/ШЦТ/123

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч: Ч.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ч.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205038580094 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч***** тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч цагдаагийн ахлах ахлагч ***ийн драгер багажаар согтолтын хэмжээ шалгах хууль ёсны шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түлхэж унгаах зэргээр биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн түлхэж унагаан түүний биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим дэслэгч ***р согтуу жолооч хэлтэс дээр авчирж өгсөн. Тэгээд нөгөө жолоочийг үлээлгэж согтуурлын зэргийг шалгах гэтэл тухайн жолооч эсэргүйцсэн. Тэгэхээр нь би шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй болохоор нь албадлагын арга хэмжээ авч эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэхээр тухайн иргэний нэг гарыг нь гавалсан. Тэгээд нөгөө гарыг нь гавлах гэтэл тухайн иргэн эсэргүүцэл үзүүлэн намайг түлхсэн. Тэгээд би тухайн иргэн түлхсэний улмаас ширээний үзүүр мөргөсөн. Тэгсэн манай ажлын газрын залуу ахлагч *** түргэн тусламж болон цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. ...Зөрчил гаргасан гэх хүний согтолтын зэргийг шалгья гээд драйгер багаж би аваад тухайн хүнийг үлээлгэх гэтэл үлээхгүй гэж хэлсэн. ***р нь ярихдаа энэ хүнийг хэлтсийн байр руу авчирж байхад хойноос зуурч бариад байсан юм аа гэж надад хэлсэн. ***р ганцаараа саатуулах байр руу авч явах байсан тул аюулгүй байдлаа хангаад би тусгай хэрэгсэл буюу гав хэрэглээд аваад явчих гээд *** ахлагчийг машин руу гаванд явуулсан. *** ахлагч гав авчирсан бөгөөд ***р түр өрөөнөөс гарчихсан байсан. Би гавыг нь аваад тухайн иргэний хойд талд нь гараад баруун гарт нь гав хийгээд нөгөө гарт нь гаваа хийх гэтэл тэр залуу над руу эргэж хараад шууд миний цээж рүү хоёр гараараа түлхээд би хойшоо гишгэж чадахгүй гишигдэл алдаад биеэ эргүүлээд толгойн орой хэсгээрээ жижүүрийн цагаан өнгийн ширээг мөргөөд унасан. Миний толгой хагараад цус их гарсан тул гэмтлийн эмнэлэг орж оёдол тавьж боолт хийлгэсэн. ...*** гэх хүн эмчилгээний мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ***аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18, 20-21, 73-74/,

Гэрч Ч.***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдрийн 09 цагаас УЛЗ 10 буюу Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр жижүүрийн шуурхай албан дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад 17 цагийн орчим 13 буюу бүсийн офицер дэслэгч ***р согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан иргэнийг авчирсан. Тэгээд ахлах ахлагч *** согтолтын зэрэг шалгах багажаар тухайн иргэний согтолтын зэргийг шалгах гэсэн. Тэгэхэд тухайн иргэн эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь ахлах ахлагч *** тухайн иргэний нэг гарыг гавлаад нөгөө гарыг нь гавлах гэсэн чинь тухайн иргэн эсэргүүцэж урагшаагаа түлхсэн чинь ахлах ахлагч *** ширээний тавцан мөргөсөн. Тэгээд толгой нь хагархаар нь би эмч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч С.***рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би Улз 13 дугаар бүсээр 2 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдрийн 15 цагийн орчим байсан шиг санаж байна эх нялхасын машины орох гарах хаалгыг согтуу жолооч мөргөөд зугтчихлаа гэх дуудлагын дагуу 15 цаг 40 минутын орчим очоод шалгаж байхад өндөр дэнжийн урд зам дээр миний машиныг шүргээд явчихлаа, жолооч нь согтуу гараашдаа орчихлоо, би хойноос нь ирсэн байна гэх дуудлаганд яваад очиход шүргүүлсэн гэх машин нь хөдлөөгүй байсан ба нөгөө мөргөсөн Хариер маркийн машины жолооч шүргэчихээд гарааш руу орсон байсан. Би аль жолооч вэ гээд гарааш руу ороход ***улсын дугаартай хар өнгийн хариер маркийн машины хажууд жолооч нь гэх залуу согтуу зогсож байсан бөгөөд уулзаад бичиг баримтыг нь шаардахад би машин бариагүй, машин мөргөсөн асуудал байхгүй гээд үнэмлэх бичиг баримтаа шалгуулаагүй. Мөн машиныхаа түлхүүрийг ч өгөөгүй. Тэгэхээр нь би машин ачилт дуудаад түлхүүрийг нь тухайн залуугаас арай гэж аваад машиныг чинь журамлаад өөрийг нь машиндаа суулгаад Улз 10 руу авч явсан. Улз 10-н жижүүр ахлах ахлагч ***ид *** гэх залууг үлдээгээд үлээлгээд материалжуулаад хүнийг нь явуулчих гэж хэлээд өрөө рүү орсон. Өрөөндөө байж байхад дуу шуу гараад байхаар нь гараад иртэл Улз 10-н жижүүрийн өрөөнд ***ийн хуйх нь язарсан байдалтай цус гарсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Шинжээчийн 15940 дугаартай дүгнэлтэд: “...***ийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 35-36/,

Яллагдагчаар Ч.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 68/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-43, 48/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 77-79/, өвчний түүх /хх-н 82-86/, хохирлын баримтууд /хх-н 87-88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шүүгчийн захирамж гарсаныг дурдав.

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ч.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч цагдаагийн ахлах ахлагч ***ийн драгер багажаар согтолтын хэмжээ шалгах хууль ёсны шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түлхэж унгаах зэргээр биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ***ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн түлхэж унагаан түүний биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ч.***, С.***р нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч ***ийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар түүнийг түлхэсний улмаас хохирогч ширээ мөргөж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч *** нь хэрэг болох үед Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст тухайн өдрийн ээлжинд ажиллаж байсан ба шүүгдэгч нь хохирогчийн шаардлагаыг биелүүлээгүй, улмаар түүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үед нь түүнийг түлхэж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгчийн хохирогчийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биелүүлээгүй, улмаар түүнийг түлхсэн идэвхтэй үйлдэлийн улмаас хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл авсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Б- нь шүүх хуралдаанд хохирогч ***ийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хулуийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР