| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/182 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/182
2023 03 13 2023/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Д.У нарыг оролцуулан эрүүгийн 2311000360117 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Д-ийн У /РД:хх000000/, Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, "ХХХХХ" ХХК-д үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 00 тоот гэртээ байхдаа хохирогч Ц.Б-гийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 550.000 төгрөгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгч Д.У-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Хаан бан дахь хохирогч Ц.Б-гийн эзэмшлийн 5001111111 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өрийн 29/15 дугаартай албан бичиг, Д.У-ын Хаан банкны 50000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Д.У:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Д.У нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 00 тоот гэртээ байхдаа хохирогч Ц.Б-гаас Хаан банк дахь 50000000001 тоот данс руу шилжүүлэх байсан боловч андуурч мөн банкны 50000000000 тоот данс руу шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 550.000 төгрөгийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу хохирогч Ц.Б-д 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Ц.Б мэдүүлсэн “...Би Нарантуул-2 худалдааны төвд махны лангуу ажиллуулж, мах зардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төв махны лангуун дээрээ байхдаа 15 цагийн үед мах худалдаж авсан Р.Одонтуяа гэх хуний данс руу махны мөнгө болох 550.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан юм. Тэгээд би өөрийн Хаан банкны 5001111111 дугаарын данснаас Р.Одонтуяагийн 50000000001 дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад 50000000000 дугаарын Д.У гэх хүний данс руу 550.000 төгрөг шилжүүлж андуурч гүйлгээ хийсэн байсан. Тэгээд хоёр хоногийн дараагаар буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Р.Одонтуяа нь манай лангуун дээр ирээд мөнгө шилжүүлээч гэхэд, би дансны хуулгаа үзээд өөр хүний данс руу андуурч шилжүүлсэн гэдгээ мэдсэн. Тэгээд маргааш нь Хаан банк орж тухайн асуудлын талаар хэлэхэд 50000000000 дугаарын данс эзэмшигчийн утасны дугаар болох 88000000 дугаарыг өгсний дагуу Д.У гэх эмэгтэй хүнтэй холбогдоход шилжүүлсэн 550.000 төгрөгийг чинь үрчихсэн юм. 11 дүгээр сарын 25-ны үеэр цалингаа буухаар буцааж өгье гэж хэлсэн ба 11 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох гэтэл гар утсаа авахгүй байсан.” (хавтаст хэргийн 11 дэх тал), Ц.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 5001111111 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 5 дахь тал), Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өрийн 29/15 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 19 дэх тал), Д.У-ын Хаан банкны 50000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), шүүгдэгч Д.У яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5001111111 дугаарын данснаас 550.000 төгрөгийн гүйлгэй “odnoo” гэх утгатайгаар орсон ба миний дансанд дээрх гүйлгээ орж ирсэн. Миний 88000000 дугаарын утсанд гүйлгээний мэдээлэл ирсэн. Би тухайн үед энэ гүйлгээг гайхаад 2 хоног хүлээж харсан боловч над руу хэн нэгэн холбогдоогүй учраас би 20225 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хас банкны 55555555555 дугаарын данс руу 88000000 гэх утгатайгаар 530.000 төгрөгийг шилжүүлж авсан. ...Дээрхи мөнгөнөөс би 20.000 төгрөгийг өртэй байсан Болдбаатар гэх хүний 55555554444 дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдсэн 530.000 төгрөгийг өөрийн Хас банкны данс руу шилжүүлсэн ба тухайн мөнгийг манай хүүхэд болох Батбаатар нь ашигласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь хохирогч Ц.Б-г 550.000 төгрөгийг андуурч шилжүүлснийг мэдсээр байж завшсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, бусдын өмчлөх эрхэд халдаж, банкны төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн болохыг ухамсарлан ойлгож, бусдын өмчлөлийн 550.000 төгрөгийг өөрийн өмчлөлийнх бус гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 50 дахь тал), хохирогч Ц.Б-гийн гомдол саналгүй гэх баримт, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Д.У нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 44, 45, 48 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг болно.
5. Шүүгдэгч Д.У-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.У-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
7. Шүүгдэгч Д.У нь 550.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 44 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
9. Шүүгдэгч Д.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төслөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ийн У /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.У-д сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР