| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 109/2024/0016/З |
| Дугаар | 221/МА2025/0104 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0104
Ц.Д-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 109/2024/0016/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... Ц Д нь Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 тоот шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын * дугаар баг *** хорооллын * дугаар гудамжны *** тоот хаягт байрлах нэгж талбарын 6513****** дугаар бүхий 400 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшсэн.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн үеийн Архангай аймгийн Засаг даргын захирамжаар олгогдож байгаа. Уг газрыг иргэн хүн хот төлөвлөлтөд орсон эсэхийг мэдэх боломжгүй. Иргэнд газар олгохдоо ямар нэгэн давхцалгүйгээр газар олгох ёстой. Энэ үүргийг төрийн байгууллагууд нь хэрэгжүүлж жил бүр иргэдэд олгох газар, олгож болохгүй газрын төлөвлөгөө жагсаалтаа гаргаж ажилладаг байх учиртай. Гэтэл иргэнд олгосон газар нь хот төлөвлөлтөд орсон байна гэдэг үндэслэлээр иргэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь буруу юм. Үүнээс улбаалан иргэд маш их хохирч үлдэж байна.
Иймд Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сар 17-ны өдрийн 39 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ц.Д-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын * дугаар баг, **** тоот хаягт байрлалтай 400 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Д-д гэр, орон сууцны хашааны зориулалттайгаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж газар олгосон гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд улмаар Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон нь Газрын тухай хуульд нийцжээ.
2.4. Учир нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, мөн өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус баталж аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байна. Гэтэл аймгийн Засаг даргаас дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангалгүйгээр ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр төлөвлөлт хийгдсэн газартай давхцуулан нэхэмжлэгч Ц.Д-д газар эзэмшүүлсэн болох нь хуульд заасан журмын дагуу хийгдэж, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
2.5. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нийцүүлж газар олгох асуудлыг шийдэх ёстой байтал Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч Ц.Д-д анх газар эзэмших эрх олгосон байх бөгөөд ийнхүү хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.
2.6. Нэгэнт хариуцагчаас анх 2022 онд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ цаг хугацааны хувьд өмнө батлагдсан Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн байгаа энэ тохиолдолд “...газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн үеийн Архангай аймгийн Засаг даргын захирамжаар олгогдож байгаа. Уг газрыг иргэн хүн хот төлөвлөлтөд орсон эсэхийг мэдэх боломжгүй. Иргэнд газар олгохдоо ямар нэгэн давхцалгүйгээр газар олгох ёстой. Энэ үүргийг төрийн байгууллагууд нь хэрэгжүүлж жил бүр иргэдэд олгох газар, олгож болохгүй газрын төлөвлөгөө жагсаалтаа гаргаж ажилладаг байх учиртай. Гэтэл иргэнд олгосон газар нь хот төлөвлөлтөд орсон байна гэдэг үндэслэлээр иргэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь буруу” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.7. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан бөгөөд аймгийн Засаг даргаас хууль зөрчиж, газар эзэмших эрх олгосон иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт **, ***** телевиз болон Архангай амьдрал сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэмж дурдахад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-аас “... Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутаас Б.Т, ... 15 цагт Б.Б нарын шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа...” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүх хуралдаанууд үргэлжилж байгаа эсэхийг тодруулахад тус шүүхийн 26**** дугаарын утаснаас 16 цаг 21 минутад өмгөөлөгч Г.Э-ын оролцож буй дээрх урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанууд дууссан буюу шүүх хуралдаан давхацсан нөхцөл байдал арилсан талаар тус шүүхийн 7013**** утсанд мэдэгдсэн. Түүнчлэн шүүгчийн туслахаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-ын 99****** дугаарын утсанд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох zoom код илгээж, zoom аппликэйшнд холбогдохыг мэдэгдэхээр удаа дараа залгахад утсаа авахгүй байсан тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН