Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/1

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Р.Батзориг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Батзоригт холбогдох эрүүгийн 201621000272 дугаартай, 153/2017/0001/Э/ индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Таргад овогт Равдангийн Батзориг , 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, ЧБ88020417 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Авто тээврийн төвийн хашаан дотор хувиараа авто засварын ажил эрхэлдэг , ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Нуурын 8-14 тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Толхын ойл 2-р байрны 2  тоотод түр оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.Чимэддоржийн эзэмшлийн 28-26 ХОҮ улсын дугаартай Ниссан санни маркийн саарал өнгийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн О.Уранчимэг, П.Буянзаяа нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч П.Буянзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Б.Ууганцэцэгийн төрсөн өдөр болоод О.Уранчимэг бид 3 Бишрэл караокед сууж байгаад Р.Батзориг руу ярьсан. Тэгээд удалгүй Р.Батзориг, Д.Балт хоёр хамт ирсэн.Р.Батзориг бид хоёр маргалдаад би харилаа гээд гарсан. Р.Батзориг миний араас гарч ирээд намайг хүргэж өгөхөөр явж байснаа буцаад Бишрэл рүү явсан. Тэгж явах замдаа нэг юм уугаад байсан.Би колагаа ууж байгаа юм байх гэтэл архи уугаад байсан. Бишрэлийн гадна ирээд О.Уранчимэг, Б.Ууганцэцэг, Д.Балт нарыг дуудсан. Тэднийг аваад Б.Ууганцэцэгийг гэрт нь хүргэхээр явж байснаа болиод 30 айлын дэлгүүрээс юм аваад дээшээ намайг авна гээд явсан. Тэгэхээр нь Б.Ууганцэцэг “П.Буянзаяа энд байна” гэхэд нисэхийн тэндээс эргэсэн. Би “намайг энд байсаар байтал чи худлаа жүжиглэлээ” гээд бид хоёр маргасан. Тэгтэл Р.Батзориг машинаа асаагаад доошоо давхиж байгаад шонгийн мод мөргөөд зогссон. Миний баруун гарын шууны яс хугарч цээж хөхөрсөн байсан гэжээ. /хх37-38-р хуудас/

 Хохирогч О.Уранчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ууганцэцэгийн төрсөн өдөр болоод П.Буянзаяа бид хоёр Бишрэлт караокед ороод Б.Ууганцэцэгийг дуудсан. Бид гурав сууж байгаад П.Буянзаяа Р.Батзоригийг Д.Балтыг дагуулаад ир гэж дуудсан.Тэгээд бид нар сууж байтал П.Буянзаяа Р.Батзориг нар маргалдаад П.Буянзаяа уурлаад гараад явсан. Р.Батзориг араас нь гарч яваад бид нар бараг 1 цаг хүлээсэн. Тэгээд тэр хоёр ирээд явцгаая гээд дуудсан. Тэгэхэд Р.Батзориг согтуу байсан. Тэгээд замаараа дэлгүүр орж юм аваад Р.Батзориг П.Буянзаяаг очиж авна гээд дээшээ явахаар нь Б.Ууганцэцэг “ П.Буянзаяа энд байна ш дээ” гэсэн чинь Р.Батзориг буцаж эргээд явсан гэжээ. Тэгсэн П.Буянзаяа “ чи битгий худлаа жүжиглээд бай” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад Р.Батзориг доошоо маш хурдтай давхисан. Бид 3 “ бууяа” гээд орилсон чинь давхиад байсан. Тэгснээ баруун тийшээ дарах шиг болсон нэг мэдсэн тор луу ороод шон мөргөөд зогссон. Тухайн үед би суудлын заагаар хавчуулагдчихсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ирсэн.Миний зүүн талын 3 хавирга хугарч зүүн хөл өвдөөд байгаа гэжээ. /хх – 41-42 хуудас/

Гэрч М.Чимэддорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ :... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20.30 цагийн үед Д.Балт, Р.Батзориг хоёр манайд ирээд машинаа өгөөч гэж хэлээд миний машин аваад явсан. Орой унтаж байсан чинь 23.30 цагийн үед  Р.Батзориг над руу яриад эмнэлэг дээр хүрээд ирээч гэсэн.Эмнэлэг дээр ирэхэд Д.Балт, Р.Батзориг хоёр 103-н үүдэн дээр сууж байсан.Яав, юу болов гэхэд “машины урдуур нохой орж ирээд машинаа мод мөргүүлчихлээ”гэсэн. Би паркийн хажууд машин дээрээ очиж үзэхэд засмал замын хажуу руу явж ороод мод мөргөөд зогссон байдалтай байсан гэжээ. /хх 44-45 хуудас/

Гэрч У.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад шинэ дулааны хажууд байдаг жаргалант хувиарлах станцын диспетчир над руу залгаад нисэх чиглэлийн тог тасарлаа эргээд залгагдахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би дуудлагын жолооч монтёр хоёрын хамт шугамд үзлэг хийж явтал Паркийн үүдэн дээр байдаг сүм рүү гарсан 6  км  шугамын шонгийн тулгуур модыг Ниссан санни маркийн машин мөргөсөн байсан гэжээ. /хх 45-р хуудас/

Гэрч Б.Ууганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болоод манай найзууд болох П.Буянзаяа, О.Уранчимэг бид гурав Бишрэлт караокед суусан.Орой 19 цагийн үед П.Буянзаяагийн найз залуу Р.Батзориг, Д.Балт нар ирсэн. Тэгээд сууж байгаад Р.Батзориг , П.Буянзаяа хоёр хоорондоо маргаад гараад явсан. Тэр хоёр гарч яваад цаг гаруй болоод ирсэн. Тэгээд бид нар машинд суугаад явж байгаад Р.Батзориг, Д.Балт хоёр дэлгүүр орж тортой юм авч ирээд нисэхийн тийшээ явж байгаад Р.Батзориг, П.Буянзаяа хоёр дахиад маргаад Р.Батзориг машинаа эргүүлээд паркаас доошоо явж байгаад шон мөргөсөн. Тэгээд бид нар эмнэлэгт ирсэн.Р.Батзориг тухайн үед согтуу байсан гэжээ. /хх- 46-р хуудас/

Гэрч Д.Балт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Р.Батзориг бид хоёр гэртээ байж байтал П.Буянзаяа Р.Батзориг руу яриад хүрээд ир гэсэн. Бид хоёр Чимэддорж ахынд очоод машиныг нь аваад Бишрэл караокед очиход  П.Буянзаяа, Б.Ууганцэцэг, О.Уранчимэг нар сууж байсан.Бид нар сууж байтал Р.Батзориг, П.Буянзаяа хоёр маргаад гараад явсан.Бид гурав хүлээгээд сууж байтал П.Буянзаяа ирээд гарцгаая гээд бид нар гараад Р.Батзоригийн машинд суугаад явцгаасан.Бид нар П.Буянзаяаг хүргэж өгөхөөр явж байснаа болиод Б.Ууганцэцэгийг хүргэхээр явсан. Тэгж явж байх замдаа Р.Батзориг бид хоёр архи уугаад явсан. Тэгээд паркийн урд талын засмал замаар явж байгаад машин гуядаад тор луу ороод шон мөргөөд зогссон.Тэгээд эмч, цагдаа нар ирсэн гэжээ./хх-47-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24-р хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №48 дүгнэлтэнд: 1.28-26 ХОҮ улсын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Р.Батзориг нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “ согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх  эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй  өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт,

2.Мөн дүрмийн 9.2-т “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна

3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.

4.28-26 ХОҮ улсын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Р.Батзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Дүгнэлт гаргасан: шинжээч д/ч Г.Түвшинбаяр гэжээ. /хх-33-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Ууганцэцэгийн биед тархи доргилт, баруун чамархайд 2х1 см , хамрын нуруунд 1х0.1 см, баруун шанаанд 2х2 см тус бүр зулгаралтууд, баруун нүдний дээд зовхинд 2х1 см, зүүн нүдний дээд зовхинд  3х3 см , баруун шанаанд 2х3 см тус бүр цус хуралтууд  баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, 2 хөлийн шилбэнд 2х3 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан  тушаалаар баталсан  2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ... гэмтэл түүнээс үүссэн  эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ. /хх-57-58-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: О.Уранчимэгийн биед зүүн талын IX,X,XI хавирга паравертебраль / нурууны ойролцоох/ шугамаар зөрсөн хугарал,тархи доргилт, зүүн хөлийн өвдөгт 5х5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ./хх-63-64-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:П.Буянзаяагийн биед баруун гарын шуу ясны гадна хэсгийн зөрсөн хугарал, доод уруулд зулгаралт, 2 хөхний дээд болон дотор хэсгийг хамарсан, хэвлийн зүүн ард хэсэгт 3х3 см тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.П.Буянзаяагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ./хх-67-р хуудас/

О.Уранчимэгийн өвчний түүх / хх-96-104-р хуудас/

П.Буянзаяагийн өвчний түүх / хх-105-118-р хуудас/

Д.Балтын өвчний түүх /хх-119-126-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Р.Батзоригийн согтолт тодорхойлсон 1.79 хувийн согтолттой гэх тэмдэглэл / хх-129-р хуудас/

Шүүгдэгч Р.Батзориг мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20.30 цагийн үед П.Буянзаяа над руу яриад өнөөдөр Б.Ууганцэцэгийн төрсөн өдөр, Д.Балтыг дагуулаад Бишрэлтэд хүрээд ир гэсэн. Бид хоёр Чимэддорж ахын 28-26 ХОҮ улсын дугаартай ниссан санни маркийн машиныг аваад Бишрэлтэд очиход П.Буянзаяа, Б.Ууганцэцэг, О.Уранчимэг нар сууж байсан. Бид нар сууж байгаад П.Буянзаяа бид хоёр маргалдаад гараад явсан. Бид хоёр маргалдаад машин дотор сууж байтал Бишрэлтээс О.Уранчимэг,Б.Ууганцэцэг, Д.Балт нар гарч ирээд бид нар нисэх явах замдаа дэлгүүрээс “Титэм”  нэртэй архи аваад замдаа Д.Балт бид хоёр тухайн архинаас уусан. Нисэхийн тосгон руу П.Буянзаяаг хүргэх гэж яваад тэнд очоод тухайн архинаас нэг татсан.Тэгтэл П.Буянзаяа гэртээ орохгүй Б.Ууганцэцэгийнд очиж хононо гэхээр нь буцаад Б.Ууганцэцэгийнх рүү явж байтал Д.Балттай маргалдаад тэгтэл урдаас нохой гараад ирэхээр нь дарсан чинь тор луу ороод шонгийн мод мөргөөд зогссон.Тэгээд  мэдсэн баахан орилж хашгирсан хүмүүс байсан. Тухайн үед би 50-н аягаар 4 удаа архинаас уусан гэжээ./ хх-73-74-р хуудас/

Шүүгдэгч Р.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.Чимэддоржийн эзэмшлийн 28-26 ХОҮ улсын дугаартай Ниссан санни маркийн саарал өнгийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн О.Уранчимэг, П.Буянзаяа нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч П.Буянзаяа, О.Уранчимэг нарын мэдүүлэг, гэрч М.Чимэддорж, Б.Ууганцэцэг,Б.Пүрэвдорж, Д.Балт нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №48 дүгнэлт,  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 564 дүгээртэй шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт, О.Уранчимэгийн өвчний түүх, П.Буянзаяагийн өвчний түүх, Д.Балтын өвчний түүх, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Р.Батзоригийн согтолт тодорхойлсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Батзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар үүнээс үүсэх хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч хөнгөмсгөөр найдаж гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэж бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж шүүх үзлээ. 

Иймд шүүгдэгч Р.Батзоригийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид  хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Батзориг  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. /хх-91-р хуудас/

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч Р.Батзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Буянзаяа, О.Уранчимэг, иргэний нэхэмжлэгч М.Чимэддорж нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг бичгээр гаргаж наториатчаар баталгаажуулж шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нарт хохирол бүрэн төлсөн тул 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгчийн эзэмшлийн 67-57 УБР улсын дугаартай  “DELICA”” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоол, 28-26 ХОҮ улсын дугаартай “NISSAN SUNNY” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таргад овогт Равдангийн Батзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч  Таргад овогт Равдангийн Батзоригийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 02 / хоёр/ жил, 05 / тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Батзоригт оногдуулсан 02 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Буянзаяа, О.Уранчимэг, иргэний нэхэмжлэгч М.Чимэддорж нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Р.Батзоригт оногдуулсан 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Р.Батзоригт хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар  тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын    саналыг үндэслэн   хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч Р.Батзоригийн эзэмшлийн 67-57 УБР улсын дугаартай  “DELICA”” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоол, 28-26 ХОҮ улсын дугаартай “NISSAN SUNNY” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Р.Батзоригт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС