Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01065

 

 

Итгэлтхүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1027 дугаар магадлалтай,

Итгэлтхүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр Итгэлт хүлэг ХХК-иас 725,390,182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар Итгэлт хүлэг ХХК-д холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан дээрх шийдвэр дээр үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураан авсан Итгэлт хүлэг ХХК-ийн Төрийн банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Т.Оюунтөмөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020609 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, 85А байрны 202 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн уг байрны 33 тоот хаягт байрших 10 м.кв талбайтай авто зогсоолд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоохоор үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн байна. 2020.01.17-ны өдрийн 4/1764 дугаартай, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлээр дээр дурдагдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 219,985,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, хуульд зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 153,989,500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Итгэлт хүлэг ХХК-ийн зүгээс үнэлгээчний гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан хэдий боловч уг үнэлгээг хуулбарлан авах хүсэлтэй байгааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хуулбарлан өгөх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч иргэний хэргийн материалтай танилцах эрхтэй гэж тайлбарлан хуулбарлан өгөхөөс татгалзсан байдаг болно. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр төлбөр төлөгч Итгэлт хүлэг ХХК-ийн барьцааны хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий дордуулсан үнэлгээг гаргасан байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, 85А байрны 202 тоот хаягт байршилтай, 3 өрөө 89 м.кв талбайтай, орон сууц болон мөн байрны 33 тоот хаягт байрших 10 м.кв талбайтай авто зогсоолыг 219,985,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Итгэлт хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дүгээр шийдвэрээр Итгэлт хүлэг ХХК-иас 725,390,182 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоот зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 179 м.кв, 18 м.кв талбайтай Ү-2206020631, №000436047 гэрчилгээний дугаартай орон сууц, авто зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 85а байр 202 тоот г85 барилгын 33 тоот хаягт байршилтай 89 м.кв, 10 м.кв талбайтай Ү-2206020609, №000285904 орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2447 м.кв талбайтай ГД000318515, нэгж талбар 18648310995741 газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 74 тоот хаягт байршилтай 1208,3 м.кв талбайтай Ү-2204035723 үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Итгэлт хүлэг ХХК-д 2019 оны 157/02, 157/01, 157/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019.10.10-ны өдрийн 19280740/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019.12.17-ны өдөр 19280740/02 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Итгэлт хүлэг ХХК 780,000,000 төгрөгөөр, Төрийн банк нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 219,985,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020.01.17-ны өдрийн 4/1764, 4/1763 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2019.11.08-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 31 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Итгэлт хүлэг ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 21ий өдрийн 181/ШЗ2020/02884 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1027 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан билээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж шийдвэр гаргаагүйд нэхэмжлэгчийн зүгээс гомдож нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн. Гэтэл, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болсон баримтыг хэрэгт хамааралтай талаас бүрэн дүүрэн үнэлээгүй, хариуцагчийн захиалгаар хийлгүүлсэн үнэлгээ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг бодитойгоор гаргаагүй, харин ч дордуулсан үнэлгээний тайлан, тайланд тусгагдсан харьцуулагч объектуудын харьцуулалтыг аргыг анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааруулж бодитой талаас харьцуулж үнэлж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд, хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч миний гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Итгэлтхүлэг ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон баримтыг хэрэгт хамааралтай талаас бүрэн дүүрэн үнэлээгүй, ...үнэлгээ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг бодитойгоор гаргаагүй, харин ч дордуулсан үнэлгээний тайлан, уг тайланд тусгагдсан харьцуулалтын аргыг шүүх хэрэгт хамааруулж, бодитой талаас харьцуулж үнэлж дүгнээгүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дугаартай шийдвэрээр Итгэлтхүлэг ХХК-иас 721,624,111 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Итгэлтхүлэг ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2019.6.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба 2019.10.10-ны өдрийн 19280740/01 дугаартай тогтоолоор барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 85а байрны 202 тоот хаягт байрлах 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус хаягт байрлах 33 тоотын, 10 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019.12.17-ны өдрийн 19280740/02 дугаартай тогтоолоор хураан авч, улмаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасан. Тус ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Виннер Вэй ХХК нь барьцааны хөрөнгө болох дээр дурдсан, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 10 м.кв талбайтай автозогсоолыг зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэж, 219,985,000 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээ хийхдээ үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн үед зах зээлд борлогдож буй, ижил төстэй объектуудтай жишиж харьцуулан үнэлсэн нь хуулийн энэ зохицуулалтад нийцжээ.

Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ