| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч Г.Н,
хохирогч, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Д.Пүрэвбаатар,
шинжээч Ц.Ганболд, Ц.Нандинцэцэг (цахимаар) нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я овогт Б.Б, Т овогт Г.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004400397 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Т овогт Г.Э нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ** сургуульд Олон улсын харилцааны мэргэжлээр 2 дугаар курст суралцдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Я овогт Б.Б нь 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, **ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Г.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын Ази фармийн гадна 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Н, Х.А нартай машинаа холдуулаач гэж маргалдан Г.Н-ийн толгойн тус газар нь гараараа цохиж, биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын Ази фармийн гадна 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Э-ыг “эгч болон түүний найзыг элдэв янзаар харааж доромжиллоо” гэж толгойн тус газар нь гараараа болон хөлөөрөө цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн эгэм, зүүн бугалганд цус хуралт, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ байхад хадам эгч Н-с дуудлага ирсэн. Тухайн үед цаана нь согтуу хүмүүс орилоод эгч сандарсан байдалтай “согтуу хүмүүс машин мөргөсөн, намайг зодсон, ирээрэй” гэсэн. Цаана нь хүн орилолдоод байсан учраас итгэсэн. Гэрээс гарах замдаа цагдаад дуудлага өгөөд, эгч дээр очсон. Тэр үед замын цагдаа машинтайгаа ирж байсан. Эгч дээр очиход уйлсан, айсан байдалтай, газраар эгч болон түүний найзын малгай, ороолт унасан байсан. Цаана нь 2 эрэгтэй хүн гудамжинд орилолдоод, манай эгч рүү элдэв янзаар хараал хэлээд байсан. Тэр үед цагдаа нар ирэхэд цагдаа нар луу бас хэвийн бус авирлаж байсан. Би тэр 2 хүн рүү ойртоогүй. Э “Билгүүн зодсон” гэж хэлсэн. Э “куртикний захнаас татсан” гэж өөр, өөр мэдүүлэг өгсөн байсан. Би эгчийгээ хамгаалаад хажууд нь зогсож байсан. Цагдаа машины жолоочийг авч явсан. Э жалга руу ороод унаад, буцаж гарч ирсэн. Зам дээр явж байсан машин руу орилж байсан. Би тэр хооронд цагдаад дуудлага өгөхөд “намайг харж бай” гэсэн. Оргил супермаркетын урд байхад цагдаа ирээд Э-ыг авч явсан. Энэ 2 хүн согтуу байсан. Э эрүүлжүүлэгдээд явсан байсан. Энхбаяр бас эрүүлжүүлэгдсэн байсан гэв.
Хохирогч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сард Ази фарм эмийн сан ороход А над руу залгаад таны машиныг мөргөчихлөө гэсэн. Би гараад харахад дугуй руу мөргөсөн байхаар нь тоогоогүй. Гэтэл жолоочийн суудал дээр сууж байсан залуу намайг харааж орилсон. Би юу гээд байгаа юм бэ гээд очсон чинь жолоочийн эсрэг талд сууж байсан залуу миний толгой руу цохисон. Би тэр үед цагдаа дуудсан. Цагдаа наад хүмүүсээ байлгаж бай гэж хэлсэн. Гэтэл энэ 2 хүн гарч зугтаасан. Би дүү рүүгээ залгасан. А-тай хамт явсан. Удаагүй энэ 2 буцаад хүрээд ирсэн. Бид хоёр наанаа байж бай гэхэд дахиад яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр араас нь очиход бид хоёрыг цохисон. Би толгой руугаа цохиулсан, үсдүүлсэн. А орилоод хэвтээд байсан. Тэгж байтал хүмүүс шуугилдаад намайг нэг хүн босгосон. Би босоод харахад манай дүү, цагдаа нар ирсэн байсан. Удаагүй эмнэлгийн машин ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 22-нд найз Э-тай Ази фармын хойд талын Этовон гэх газар орж хоол идэж, 2 шил сөжү, 3 шил пиво уусан. 21.00 цаг өнгөрч байхад тооцоо хийгээд гарсан. Машиндаа суухад урд талд машин байсан. Машины эзэдтэй маргалдсан. Гэтэл Н бууж ирээд бид хоёртой хэрэлдээд цагдаа дуудна гэхээр нь машинаа цоожлоод Оргил супермаркет руу явган алхсан, гэтэл Н араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь машин дээрээ буцаж очтол 2 эмэгтэйтэй хамт нэг залуу байсан. Тэр залуу нь толгой руу цохиод, миний куртикний малгайг доошоо буулгаад цохиж, өшиглөсөн. Тэгэхэд хамраас цус гарсан. Тэр үед Э болиоч гээд хажууд зогсож байсан. Би явган сууж байсан. Ингээд цагдаа ирээд Э-г аваад явсны дараа тэр намхан гэх залуу нь ирсэн байсан. Зам гараад машин зогсоох гэтэл зогсоогүй. Оргил супермаркетын уулзвар дээрээс цагдаа нар ирээд намайг авч явсан. Их цус гарсан. Өндөр залуу нь бол хажууд зогсож байгаа Б.Б юм. Б.Б намайг зодсоны дараа, Э-г явсны дараа намхан залуу нь ирсэн. Би хамраа Төгс ялгуун эмнэлэгт үзүүлсэн. Цаашид хамраа янзлуулмаар байгаа, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэв.
Шинжээч Ц.Ганболд мэдүүлэхдээ: Шинжээчид үзүүлэх гэж байгаа хүн өөрөө шинжээч томилсон тогтоолоо авч ирдэг. Би шинжээч томилсон тогтоол, шинжээчийн эрх, үүрэгтэй танилцсан. Шинжээчид хууль сануулж байж дүгнэлт гаргадаг гэдгийг мэднэ. Шинжээчийн эрх, үүрэгтэй танилцсаны дараа дүгнэлт гаргадаг. Тохиолдол бүрд хууль сануулсан зүйлтэй танилцаж дүгнэлт гаргадаг. Шинжээч үзүүлэгчийн зовуурийг бүгдийг нь бичиж авах үүрэгтэй. Н-д хагалгаа хийгдсэн учир сэдэрсэн зүйл байхгүй байсан тул дүгнэлтэд оруулаагүй гэв.
Шинжээч Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ: Хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Дүгнэлт гаргахдаа шинжээчийн эрх, үүрэгтэй танилцсан. Мохоо зүйлийн үйлчлэл нь цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Э-ын биед учирсан хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.
Эрүүгийн 2210004400397 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21:6:53 цагт “Согтуу 2 хүн машин бариад, машин мөргөөд эмэгтэй хүн зодоод байна. гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас ),
2. Г.Н-с гаргаж өгсөн бичлэг хадгалагдсан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас ),
3. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 хуудас),
4. Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 23-25, 173 дугаар хуудас ), шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлэг,
5. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41, 176-177 дугаар хуудас ),
6. Гэрч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45, 180-181 дүгээр хуудас ),
7. Гэрч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 183 дугаар хуудас ),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2210 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: Хацар улаан, халуун, хэвлийн доод хэсэгт хөндлөн байрлалтай 15.0 см урттай хагалгааны шархтай. Нийслэлийн Хүрээ амаржих газрын өвчний дүгнэлтэд хэвтсэн 2022 оны 01 дүгээр сарын 02, гарсан 2022 оны 01 дүгээр сарын 06, ор оног 4, онош: Зүүн өндгөвчний цус харвалт. Зүүн өндгөвч авах хагалгаа. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хэвлийн хэт авиан шинжилгээ: умайн байрлал урагшаа арын зурвас сул шингэнтэй.
1. Г.Н-д тархи доргилт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр
үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ц.Ганболд/. гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь хуудас),
9. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт нь бодит үзлэгээр илэрсэн шинж тэмдгийн дагуу гарсан. ...Шинж тэмдэг нь 10-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг толгой өвдөж, дотор муухайрах зэргээр илэрдэг. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас ),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2158 дугаартай:
-Хэсэг газрын үзлэг: Духны баруун дээд хэсэгт 2х1см бүдэг хөх ягаан алагласан цус хуралттай, хамрын нуруугаар тэмтрэхэд эмзэглэлтэй, хамрын нурууны баруун талаар овойж хавдсан, зүүн эгэмд 4х1.5см улаан ягаан цус хуралттай, зүүн бугалгын урд дээд хэсэгт 1х0.8см бүдэг хөх цус хуралттай, бүсэлхийн зүүн хэсэгт 4х2см, баруун өвдөгний дотор хэсэгт 1.5х1см улаан ягаан зулгаралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй.
2022.01.23-ны “Мед Трама” эмнэлгийн Толгойн КТГ-н шинжилгээнд: ...Хамрын баруун хажуу хана бага зэрэг зөрүүтэй шинэ хугаралтай, таславч эс хэлбэрээр бага зэрэг мурийсан, эргэн тойрны зөөлөн эдэд хавантай. /Дүгнэлт бичсэн эмч: Ч.Мөнхцэцэг/ гэжээ.
1.Г.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн эгэм, зүүн бугалгад цус хуралт, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /шинжээч эмч Ц.Нандинцэцэг/. гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас)
11.Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хамар ясны хугарал, таславчийн мурийсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
12. Яллагдагч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87, 186-187 дугаар хуудас ),
13. Яллагдагч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99, 189 дүгээр хуудас),
14.Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: шүүгдэгч Г.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас), шүүгдэгч Б.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт) болон бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Э, Я овогт Б.Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Г.Э-ыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуу мянга) төгрөгөөр торгох ял; шүүгдэгч Я овогт Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Э энэ тогтоолоор хохирогч Г.Н-д төлөх төлбөргүй, хохирогч Г.Э нь шүүгдэгч Б.Б-ээс хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Э, Г.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА