Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/035

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн Цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга буюу зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн,

2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн Цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Баянцагаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч *******ийг зэвсэг хэрэглэн эсэргүүцэхдээ эрүүл мэндэд нь баруун гарын алганы шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн Цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч ******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга буюу зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн,

2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн Цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөөнд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Баянцагаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч *******ийг зэвсэг хэрэглэн эсэргүүцэхдээ эрүүл мэндэд нь баруун гарын алганы шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь...

Хохирогч *******ийн…2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын үед эргүүл хийж байгаад гэртээ ирээд хэсгийн төлөөлөгчийн хамт сууж байтал “гадаа мотоцикл ирлээ хараадах” гэж хэлхээр нь гарахад Баянцагаан сумын 4 дүгээр багийн ******* гэх иргэн цээж нүцгэн зогсож байхаар нь “юу болсон” талаар асуухад “эхнэртэйгээ маргалдаад, эхнэр өөрийгөө ална гээд хутга бариад гэрээсээ гараад явчихаар нь гадуур хайж байгаад эргээд ирэхэд эхнэр ирсэн байхаар нь хаачаад ирэв гэхэд эхнэр цагдаа дуудсан, цагдаа нар чинь ирж байгаа байх гэхээр нь би өөрөө очиж цагдаа нартай уулзаж учраа ольё гээд цагдаагийн хэсэг дээр хүрээд ирлээ” гэж хэлсэн. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртэж байхаар нь “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй биз дээ” гэж хэлэхэд “миний буруу” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч *******ыг “гараад ир” гэж хэлж орилж дуудахад гарч ирээд “ажлын өрөө оръё” гээд өрөө рүү явсан. Би тэр хооронд албаны тээврийн хэрэгсэл дотроос согтуурал шалгах багаж аваад 02 тоот өрөө рүү ороод согтуурал шалгах багаж асаагаад үлээлгэх гэхэд тонгойгоод 2 гутлын түрийнээс гартаа нэг нэг хутга гаргаж ирээд “та 2-ыг алчихъя” гэж дайрахад нь “тайвшир хутгаа хая” гэж хэлэхэд “зүгээр байгаарай та 2-ыг яавал ч яана” гээд 2 хутгатай гараа далайгаад дайрахад хэсгийн төлөөлөгч урдаа байсан ширээг тавцангаар нь харуулаад доод хөндлөвчнөөс нь бариад цээж рүү нь түлхэхэд хөл алдаж газар унахаар нь ширээний тавцангаар нь дарахад би зүүн гар луу хөлөөрөө өшиглөж гартаа барьсан хар иштэй хутгыг нь алдуулаад холдуулсан. Тэгээд баруун гартаа барьсан хутгыг нь сарвуунаас нь барьж салгаж аваад 2 гарыг ард нь гавлаад согтуурал шалгах багаж үлээлгэхэд 2,27 хувьтай гарсан юм. *******ын хувьд хэсгийн байрны гадна байхдаа хэлсэн зүйлийг хэсгийн байранд согтуурал шалгах багаж үлээлгэсний дараа хэсгийн төлөөлөгчид ярьж байсан юм. ******* нь харахад нэлээн согтуу харагдсан... хашааны цаана мотоцикл бол байсан. Шөнө байсан учир ямар мотоцикл байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан *******ын унаж ирсэн мотоцикл... цагдаагийн хэсгийн байр луу ороод согтуурал шалгах багажаа асаагаад үлээлгэх гээд багажаа бариад очиход 2 гутлын түрийнээс хутга бариад дайрсан юм. *******ын баруун талын гартаа барьсан хутгыг авах гэж байгаад баруун талын гарын алгандаа бага зэрэг зүсүүлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-23/,

Хохирогч *******ын ... 2022 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг өнгөрч байхад хэсгийн цагдаа *******ийн гэрт сууж байтал “гараад ирээ” гээд орилохоор нь гарахад “******* гэх хүн цээж нүцгэн согтууруулах ундаа хэрэглэсэн мотоциклтой хүрээд ирлээ” гэхээр нь “*******ад “ямар шалтгаанаар согтууруулах ундаа хэрэглээд мотоциклтой цагдаагийн хэсэг дээр ирсэн” талаар асуухад “манай эхнэр дуудлага өгсөн юм уу, би өөрөө уулзах гэж ирлээ” гэхээр нь цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөө рүү авч ороод согтуурал шалгах багаж үлээлгэх гээд хэсгийн цагдаа ******* багажаа гаргаж ирэхэд ******* тонгойгоод 2 гутлынхаа түрийнээс 2 ширхэг хутга гаргаж ирээд хутгатай 2 гараа дээш өргөж далайгаад дайрахаар нь би шар өнгийн төмөр хөлтэй модон ширээний дотор талын хөндлөвч төмрөөс өргөөд урдаа бариад хөдөлгөөнийг дагуултал баруун талын хөлөөрөө эхэлж гишгээд дайраад ирэхээр нь цээж рүү нь ширээгээ түлхтэл газар хойшоо унахаар нь ширээний тавцангаараа дарахад баруун талын гарт байсан хутгаараа ширээ рүү тавцан руу 2-3 удаа шаахаар нь би баруун талын хутгатай гарын шуунаас барьж авахад хэсгийн цагдаа ******* ирээд зүүн талын гарт байсан хар өнгийн иштэй хутгыг гараас нь салгаад дахиж баруун талын гараас бор иштэй хутгыг салгаад үйлдлийг таслан зогсоож, ар талд нь 2 гарыг нь гавлаад согтууруулах багаж үлээлгэхэд 2,27 хувьтай гарсан... согтуурал шалгах багаж гаргаж ирэхэд “би та 2-ыг ална” гээд гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд шууд далайгаад дайрахаар нь үйлдлийг нь таслан зогсоосон..., ... Манай хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч ******* бид хоёр Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэсний дагуу *******ын хамт цагдаагийн хэсгийн байрны 2 тоот өрөө рүү ороод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар хэлээд согтуурал шалгах багаж үлээлгэх гээд хэсгийн цагдаа ******* багажаа гаргаж ирээд согтуурал шалгах багаж руу үлээх талаар хэлэхэд ******* тонгойгоод 2 гутлынхаа түрийнээс 2 ширхэг хутга гаргаж ирээд хутгатай 2 гараа дээш өргөж далайгаад дайрахад нь биеийн хүч хэрэглэж буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-т заасан “Цагдаагийн алба хаагч бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон үед биеийн хүч хэрэглэж болно” гэж заасны дагуу биеийн хүч ашиглаж үйлдлийг таслан зогсоосон юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29, 80-81/,

Гэрч *******ийн ... 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед ******* руу залгаад “хаана байгаа юм” гэхэд үсчин дээр байна. Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ” гэж хэлхээр нь “найзад нь мөнгө төгрөг алга байна” гэж хэлэхэд “найз нь гэртээ ганц шил архи аваад тавьсан ууж суух уу” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд над дээр 22 цаг өнгөрч байхад ирээд хамт гэрт нь очсон. Очиход 0,75 литртэй Хараа архи гаргаж ирээд 2-уулаа хувааж уугаад байж байтал эхнэр нь орж ирээд “юу хийж суугаа юм битгий тамхи татаад бай” хэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдаад байсан... эхнэр нь орж ирээд хоорондоо маргалдаж байгаад ******* эхлээд 1 хутга эргэнэгээс аваад “өөрийгөө ална” гээд байсан. Тэгж байгаад бурхны дээд талаар дахиж нэг хутга байсныг аваад “өөрийгөө ална” гээд цээж рүүгээ хутгаа бариад байхаар нь “болио” гэж хэлээд ойртох гэхэд ойртуулахгүй байсан. Тэгж байтал эхнэр нь гарч яваад орж ирээд “цагдаад хэлсэн, цагдаа ирж байгаа” гэж хэлэхэд ******* утсыг нь аваад бурхны урд тавиад мотоциклоо унаад гарч яваад эргэж ирээгүй... тэр үед 00 цаг өнгөрч байсан... буруутай этгээдээс нэхэмжилж байна.../1-р хх-ийн 40-41/,

 Шүүгдэгч *******ын ... 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... дэлгүүрээс 1 шил 0.75 литртэй Хараа архи аваад сумын төвийн гэртээ аваачиж тавьсан. Орой 22 цаг өнгөрч байхад үсээ засуулчхаад найз ийг гэрээс нь аваад гэртээ хариад орой дэлгүүрээс худалдаж авсан архиа 2-уулаа хувааж уугаад сууж байтал манай эхнэр аавынхаа гэрээс хүүхдийнхээ хувцсыг авах гэж ирээд намайг “архи уулаа, хүүхдийнхээ хувцсыг авч ирж өгөхгүй” гээд уурлаад байхаар нь би “хүүхдийн хувцас аваад очих гэж байхад” гэж хэлээд эхнэртэйгээ маргалдсан. Тэр үед бурхан дээрээ би зул барьсан байхад эхнэр “юун зул юм, хэний зул юм” гэж асуухаар нь би тоглоод “чиний зул” гэж хэлэхэд эхнэр бүх их уурлаад “үхлээ” гээд хутга аваад гэрээс гараад явахаар нь араас нь гартал хашаагаар гүйгээд яваад өгөхөөр нь би мотоциклоо асаагаад ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд эргээд гэртээ ирээд сууж байтал эхнэр гаднаас орж ирээд “цагдаа дуудсан” гэж хэлхээр нь “зүгээр байхад яагаад цагдаа дууддаг юм” гэж хэлээд маргалдаж байгаад эргэнэг дээрээс 2 ширхэг хутга аваад “үхээд өгье” гээд цээж рүүгээ 2 хутгаараа тулгахад эхнэр “цагдаа нар ирж байгаа” гэж хэлхээр нь “би ямар гэм хийсэн биш” гэж хэлсэн. Би хоёр гутлын түрүү рүүгээ 2 хутгаа хийчхээд сумын цагдаагийн хэсэг дээр 00 цаг өнгөрч байхад мотоциклоо цагдаагийн хэсгийн хашааны гадаа үлдээгээд хэсэг рүү орох гээд явж байхад нэг ах дуудаад очоод юм яриад зогсож байтал сумын цагдаа ******* гарч ирээд чи яагаад цээж нүцгэн яваа юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд мотоцикл жолоодож болохгүй гэхээр нь эхнэртэйгээ болсон явдлыг яриад цагдаагийн байр руу орсон. Миний согтуурлыг шалгах гэхээр нь түрүүнээсээ түрүүнээсээ хутгаа гаргаж байсан. Нэг мэдсэн ширээтэй хамт газар унаад миний гарт байсан хутгыг салгаж авч байсан юм. Яг хэн салгаж авсныг мэдэхгүй байна. Тайвшир гээд согтуурал шалгах багаж үлээлгэсэн юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 188-189/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 420 тоот шинжээчийн ... *******ийн биед тухайн үед үүссэн баруун гарын алганы шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 62-63/,

Нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот ...Оролцогч ******* ******* нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэл мэдрэлийн хувьд ямар нэгэн өвчингүй. Хэрэг хариуцах чадвартай.. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 199/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 70, 209-238, 2-р хх-ийн 1-2/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн зэвсэг хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч *******, ******* нар нь 2 дугаар хавтаст хэргийн 3, 4 дүгээр талуудад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхгийг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалав.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн зэвсэг хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар хэрэглэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч *******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалсугай.

11. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

12. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА