Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/036

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******, 

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг 2023 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр баг Цохион Хашаат гэх газарт гэрийнхээ гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглан баруун хавирга руу нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь баруун 9,10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн ... 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал , ******* нар ирсэн. Араас нь манай нөхөр иртэл орилоод байхаар нь манай нөхөр “чи жаахан хүүхэд байж архи уулаа” гэж маргалдаад байхаар нь бид хоёр гараад хонь руугаа алхаж байтал манай нөхөр араас ирээд “чи зугтаагаад хаа холддог юм” гээд бариад авсан. Тэгтэл салгаад холдуултал намайг шууд баруун талын хавирга руу нэг удаа өшиглөөд авсан. Тэгтэл дотор муухай оргиод байхаар нь “хавирга хугарчихлаа шүү дээ” гэтэл “чи битгий худлаа яриад баашлаад бай” гээд байсан. ******* архи уусан байсан ба биеэ авч явах чадвартай байсан. *******, ******* бид гурваас өөр хүн байгаагүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 /,

Гэрч *******ын ... 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...******* эгч бид хоёр сүлжээнд гаръя гээд гэрээс гараад алхаж байтал ******* араас гүйж ирээд “хаачих гэж байгаа юм” гэхээр нь сүлжээнд гарчхаад ирье” гэтэл эхнэрийгээ багалзуурдаж аваад унагаасан. Тэгэхээр нь дундуур нь ороод салгатал эргээд баруун талын хавирга руу нь нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь ахынд очоод цагдаад дуудлага өгсөн. Бид гурваас өөр хүн байгаагүй. Би болон эгч бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Яллагдагч *******ийн ...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр архи уучхаад гэртээ иртэл эхнэр эхнэр удалгүй гараад *******тай хамт сүлжээн дээр гарч “хүнтэй ярь лаа” гээд гараад явчихаар нь араас нь очоод “чи хэнтэйгээ ярих гээд байгаа юм” гэтэл “би малаа харчхаад утсаар ярьчхаад хүрээд очъё” гэхээр нь шууд баруун талын хавирга руу хөлөөрөө 1 удаа өшиглөөд авсан. Тэгтэл “ёо ёо” гээд газар унахаар нь “битгий баашлаад бай” гэтэл “үнэндээ хөдөлж болохгүй байна, эмнэлэг дуудъя” гээд байхаар нь ба хаячхаад мал руугаа яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-153/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 590 тоот шинжээчийн ...*******гийн биед баруун 9,10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун эрүүний шонтонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 25-26/,

Баянхонгор аймгийн Жинст сумын эрүүл мэндийн төвийн бага эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт /хх-ийн 27-28/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 30-32/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 33-41/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 42, 91-103, 74-80/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр баг Цохион Хашаат гэх газарт гэрийнхээ гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглан баруун хавирга руу нь өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь баруун 9,10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******ийн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулж  хавтаст хэргийн 164 дүгээр хуудсанд хавсаргасан, байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч гомдол саналгүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой болно.

Шүүх шүүгдэгч *******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГЭРЭЛМАА