| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001413 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Б.М нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед тодорхой шалтгаангүйгээр О.З-гийн толгойн тус газар нь хундага, пиво, вискиний шил зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь дух, баруун нүдний гадна булан, шанаа, эрүү, хамар, хэвлий, зүүн тохойд зүсэгдсэн шарх, зүүн шуу, сарвуунд язарсан шарх, баруун чамархайн хуйх, дух, хоёр шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 07-ны 18 цагийн үед найзаасаа 200,000 төгрөг авах гээд гэрээсээ гараад Урт цагаан руу явж байсан. Над руу Д залгаад чи хаана байна, хүрээд ир гэхэд би өнөөдөр уулзах боломжгүй байна, дараа уулзъя гэхэд чи ганц удаа гуйж байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн. Би нөгөө хүнтэйгээ яриад эргээд залгая гэж хэлсэн. Би мөнгө авах хүн рүү ярихад утас нь болохгүй болохоор буцаад гэр лүүгээ явж байхад Д залгаад “хүрээд ир” гэсэн. Би Элизабет хотхонд байх Д-ын найзын гэрт очсон. Дэлгүүрээс 1 ширхэг 0,75 литрийн архи, 6 ширхэг лаазтай пиво аваад орсон. Тухайн гэрт нь ороход Д, Э, нэг танихгүй найз нь байсан. Бид дөрөв архиа ууж байхад 22 цагийн үед Д-ын найз З ирсэн. Бид нар тэнд байж байгаад дахиж, 0,75 литрийн архи 1 ширхэг, 2 литрийн пиво нэг ширхгийг авсан. Тэрийгээ ууж дуусгаад 02-03 цагийн үед гараад Д-ын караокед З бид гурав очсон. Караокед ороход Д 1 виски, 3 пиво авч ирсэн. Караокед 2-3 цаг дуулсан байх. Тэгээд виски, пиво уугаад түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Өөрийн гэсэн хяналтгүй болсон. З-той юунаас болж маргалдсанаа ойлгоогүй. Д маргааш өглөө нь залгаад чи ингэсэн байна гэж хэлсэн. Караокед ороод виски талдаа ороход ухаантай байсан. Тэрнээс хойш өөрийгөө удирдах чадваргүй болсон. Нэг ухаан ороход 2 цагдаа намайг гараас чирээд эмнэлэг рүү орж байсан. Миний баруун гараас цус гоожиж байсныг 2 сувилагч боож өгсөн. Зүүн гарт тариа хийсэн. Тэндээс гараад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст очсон. Тухайн үед батлан даалтад гарсан гэв.
Эрүүгийн 2210000001413 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06:13:03 цагт “караоке дотор согтуу хүмүүс зодолдоод шилээр нэгнийхээ толгой хагалсан” гэсэн гэсэн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), О.З бусдад зодуулсан гэх хэрэгт Минт Улаанбаатар караокед хэрэг гарсан байдал, хохирогч О.З-гийн зэрэг гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), Нийслэлийн түргэн тусламжийн бүртгэлийн баримт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
2.Хохирогч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),
3. Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15324 дугаартай: Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 1х0.2см 7 ширхэг, баруун нүдний гадна доод буланд 0.4х0.2см, шанаанд 1х0.2см, эрүүнд 1х0.2см, хамарт 0.8х0.4см, хүйсийн зүүн дээд хэсэгт 1.2х0.2см, баруун тохойд 1х0.3см /оёдол бүхий/ зүсэгдсэн шархтай, зүүн шууны урд дунд хэсэгт 2х0.4см, шууны ар дунд хэсэгт 3х0.3см, 2х0.3см сарвууны гадна хажуу хэсэгт 2х0.3см, 1х0.3см, 5-р хурууны гадна 1-р үенд 1х0.3см оёдол бүхий язарсан шархтай, баруун чамархайн хуйх, дух, 2 шуу, сарвуу хавдсан. ГССҮТ-н толгойн КТГ: 2022.11.08. Толгойн томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Хамар, яс хуучин хугаралтай. Баруун талын гайморын хөндийд 0.5х0.5см хэмжээтэй ургацагтай. Гавал ясны бусад дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. Ховлуудын хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Хоёр талд хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн гэжээ.
1.О.З-гийн биед дух, баруун нүдний гадна булан, шанаа, эрүү, хамар, хэвлий, зүүн тохойд зүсэгдсэн шарх, зүүн шуу, сарвуунд язарсан шарх, баруун чамархайн хуйх, дух, 2 шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
5. Яллагдагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
6. Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тодорхойлолт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Б.М-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.З-д энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.З цалин хөлстэй холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА