Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б*******ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Л*******

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б*******

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б*******ийн тэтгэврийг 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 26 жил 8 сараар тооцон тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0773 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0716/3

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Б*******иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Тэтгэврийг 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 26 жил 8 сараар тооцон тогтоохыг тус газарт даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0773 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х.Б*******ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч цалин хөлснөөс нь суутган нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй (1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1), "нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг" (1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5), шимтгэл төлж даатгуулсан иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй (1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1), нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан тогтооно (1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1), ажил олгогчийн буруугаас шимтгэл нь төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцна (1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2) заалтуудыг зөв хэрэглээгүй.

Ажил олгогч шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтанд хохирол учирвал ажил олгогч хохирлыг бүрэн хариуцна гэж хуульчилсан байхад ажил олгогчийг уг хариуцлагаас чөлөөлж, нийгмийн даатгалын байгууллагад хариуцлагыг нь хүлээлгэж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн.

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаанаас үзэхэд "А*******" ХХК-ийн 1999-2003 оны шимтгэлийн тайланд Х.Б*******ийн нэр байхгүй бөгөөд энэ нь тухайн үед уг байгууллагад Х.Б******* ажиллаж байгаагүй, эсхүл тайланд оруулалгүй орхигдуулсан гэсэн үг. Гэвч нэгэнт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажиллаж байсныг тогтоосон тул шүүхийн тогтоосон хугацаанаас шимтгэл нь төлөгдөөгүй буюу 1995-2003 онуудыг Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 1 заалтыг үндэслэн тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанаас хасч, хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 5-д Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 1 заалтыг ишилсэн атлаа шимтгэл төлөөгүй 1995-2003 оныг шүүхийн тогтоосон ажилласан жилээс хассан нь хуульд нийцээгүй гэж хуулийг буруу хэрэглэж, дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрийн 6 ба 7-д ажил олгогч үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хуулийн заалтаар нь дурдсан атлаа эдгээрийг яаж дүгнэж, хэрэглэсэн нь тодорхойгүй, хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн 8-д нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн эрхийг дурдсан боловч шийдвэрийн 9-д уг эрхийг үүрэг мэтээр өөрчлөн тайлбарлаж, үүргээ биелүүлээгүйгээс иргэн хохирсон мэтээр, ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг нийгмийн даатгалын байгууллагад "нялзааж" хуулийн үндэслэлгүй "дур зоргоор" дүгнэлт хийжээ. Эрхээ эдлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг ойлголт хуульд байтугай эрх зүйн онол, зарчимд байхгүй.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х.Б*******ийн ажилласан байдлыг 2019 онд тогтоох үед "А*******" хоршоо Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэлтэй хэдий ч нийгмийн даатгалын тайлан өгдөггүй, үйл ажиллагаа нь зогссон бүртгэлтэй, 2011-2013 онд тайлан өгч байсан. Өөрөөр хэлбэл 1995-2003 оны шимтгэлийг төлүүлэх, хариуцлага тооцох ямар ч эрх, үүрэг нийгмийн даатгалын байгууллагад үүсэх боломжгүй байсан, гэтэл үүнийг тогтоогоогүй байж шимтгэлийг нь төлүүлээгүй, хяналтаа тавиагүй гэж шууд буруутгасан нь нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт болжээ.

Шүүхийн шийдвэрийн 10-д “Х.Б*******ийн шимтгэлийг төлөх үүрэг нь ажил олгогчид нь байгаа” гэсэн атлаа энэ дүгнэлт нь шийдвэрт хэрхэн туссан нь тодорхойгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн.

Шийдвэр бүхэлдээ Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх зарчмын эсрэг болжээ. Шимтгэл төлж даатгуулсан иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй (1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1) гэж хуульчилсныг зөрчиж, шимтгэл нь төлөгдөөгүй иргэнд "тэтгэвэр тогтоолгон авах" хуулиар олгогдоогүй эрхийг эдлүүлж, нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөөгүй иргэнд "тэтгэвэр тогтоох" хуулиар олгогдоогүй үүргийг хүлээлгэж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д "Шүүгч... гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчин "дур зоргын" шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэр нь ажил олгогч шимтгэл төлөх үүргээ биелүүлэхгүй байж болно, үүндээ хариуцлага хүлээхгүй, уг үүргээ биелүүлээгүйгээс иргэнд хохирол учирвал төр хариуцна, даатгуулагч өөрийнх нь шимтгэл төлөгдөж байгаа эсэхэд хяналт тавихгүй байж болно, шимтгэл нь төлөгдөөгүй байсан ч тэтгэвэр тогтоолгож болно, хуулиар олгоогүй эрх, үүргийг шүүхээс олгож болдог гэсэн "буруу" сэдлийг нийгэмд төрүүлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 167 дугаар магадлалаар хэдийгээр анхан шатны шүүхийн мөн оны 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч нэхэмжлэлийн гол үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгсөн байгааг шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарч үзсэнгүй.

Тухайлбал шүүхийн хуулийн хүчин төгөлдөр дээрх магадлалд “…зөвхөн шүүхээр ажилласан жил тогтоосон хугацаагаар тэтгэвэр тооцоогүй нь хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй… 1995 оноос Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ажилласан жил тогтоосныг “нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан хугацаа”-г тогтоосон гэж шууд үзэхгүй, энэ нь ялгаатай ойлголт тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй….” гэх зэргээр дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс Х.Б*******ийн иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон ажилласан жилийг харгалзан өндөр насны тэтгэвэр тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн байна.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 184//ШШ2019/02217 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Б*******ийн ажилласан жилийг 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам” нэгдэл болон “А*******” ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон нь түүний тэтгэврийг энэхүү хугацаагаар тооцох хууль зүйн шууд үндэслэл болохгүй.

Учир нь 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 16 дугаар зүйлийн 1-т “…даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, Нийгмийн даатгалын сангаас олrox тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж тус тус зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн ажилласан жилд хамаарах 1995-2003 онд ажил олгогчоос түүний нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөөгүй, өөрөөр хэлбэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш цугларсан нотлох баримтаар ч энэхүү хугацааны шимтгэл төлсөн болох нь тогтоогдохгүй байхад хариуцагчийг “…ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх, тайлагнах ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс Х.Б*******ийн тэтгэвэр, тэтгэмж авах суурь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, ажил олгогчоос суутган төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг Х.Б*******т хамаатуулж, уг хугацаанд хамаарах өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хуульд нийцээгүй…” гэх зэргээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, мөн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шийдвэрийн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг, 25 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээний талаарх зохицуулалтаас илүүтэй энэ тохиолдолд уг хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсэн заалт хэрэглэгдэх бөгөөд харин нэхэмжлэгч Х.Б*******ийн цалин, хөлснөөс суутгаж болон ажил олгогчийн хувиар төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хугацаанд хамаарах 1995-2003 онд тэрбээр “А*******” ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан болох нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул даатгуулагчид учирсан хохирлыг Сонгинохайран дүүргийн Нийгмийн даатгалын газар бус ажил олгогч байсны хувьд тус компани хариуцах ёстой.

3.Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар “Алаг Хайрхан” ХХК-ийн мөн оны шимтгэлийн тайланд Х.Б*******ийн нэр байхгүй, хэдийгээр энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “…тухайн үед уг байгууллагад Х.Б******* ажиллаж байгаагүй, эсхүл тайланд оруулалгүй орхигдуулсан …” гэх боловч нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг тухайн цаг хугацаанд дээрх байгууллагад ажиллаж байсныг тогтоосон тул гомдлын “…тайланд оруулалгүй орхигдуулсан…” гэсэн нь үндэслэлтэй.

Мөн шийдвэрт хариуцагчийг хуулиар хүлээсэн хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн атлаа Үндэслэх хэсгийн 10-т “…Х.Б******* өөрийн цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогоос зохих хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй хэдий ч уг шимтгэлийг суутган төлөх нь ажил олгогчийн үүрэг болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж өмнөхөө үгүйсгэсэн зөрчилдсөн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Х.Б*******ийн тэтгэвэр тогтоолгох хугацааг 1978 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 17 жил 8 сар 21 хоногоор тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/  6 дугаар зүйлийн 1, 2, 16 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олrox тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б*******ийн гаргасан “17 жил 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 26 жил 8 сараар тооцон тогтоохыг тус газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Ч.Л*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН