Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1836001750163 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент төрийн захиргаа мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ажаа овогт Ганбатын Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” төвийн үүдэнд 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой иргэн Ч.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Шүүгдэгч Ажаа овогт Ганбатын Бат-Эрдэнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Бат-Эрдэний цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчид 39.374.400 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4-д зааснаар гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Г.Бат-Эрдэнэд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж мөн зүйлд зааснаар Г.Бат-Эрдэнэийг нэг жилийн хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Шүүгдэгч Г.Бат-Эрдэний.....гарыг нь тавиулах гэхэд тавихгүй бид хоёр хамт унасан би дээр нь дарж унасан. Унаад босоход толгой нь бага зэрэг язарсан байсан гэх мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ хохирогч Ч.Батжаргал нар нь маргаж барилцаж авах явцдаа Итгэл төвийн үүдний замын хашлага болох улаан алаг боржур мөргөж унаж толгойндоо гэмтэл авсан болох нь шинжээчийн .... Ч.Батжаргалын цогцост учирсан тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар талийгаач нь тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл авсан болох нь гэрч Б.Баттулга, С.Нагашбай, Б.Анхбаяр, Б.Батбулган нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лхүндэвжав, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрч Б.Лхүндэвжавын мэдүүлгүүд болон бусад гэрч нарын мэдүүлгээр Г.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс прокурорын яллах дүгнэлт түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг огт үгүйсгэж, няцаагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс зүйлчлэл өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял завшуулж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, шүүх хураалдаанаар хэлэлцүүлсэн яллах талын нотлох баримтууд болон цагаатгах, ял хөнгөрүүлэх талын нотлох баримтанд дүн шинжилгээ хийж ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын дээрх заалтуудад дүгнэлт хийхэд шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг учралын газарт байсан гэрч М.Лхагвадорж, Б.Лхүндэвжав нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ одоо надад Г.Бат-Эрдэнээс нэхэмжлэх зүйл гомдол санал алга гэх мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтээс харахад санаатайгаар амь насыг хохироосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан эсхүл, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох хуулийг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж эсэргүүцэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Батжаргалын амь насыг аврах боломжтой мөн шинжээч Д.Тогтохын шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед хугацаа алдалгүй хагалгаа хийсэн бол амь насыг аврах боломжтой гэх мэдүүлэг, гэрч Б.Баттулга, Б.Даваацэнгэл, Н.Дэлгэрцэцэг, С.Нагашбай, Б.Батбулган, Ц.Гэрэлт-Од, Л.Чулуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон мэргэжлийн шинжээч эмч нарын мэдүүлгээр амь хохирогчийг мэс засал хийсэн тохиолдолд, томограф аппратаар эрт оношилсон тохиолдолд, амь насыг аврах боломжтой гэмтэл байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдэл нь нэг удаагийн үйлдэл харин шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны шарх сорви үүссэн байдаг.

Иймээс хохирогчийн маршрутыг тогтоох ёстой гэж үзэж байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас хэрэг гардаг. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг байхгүй. Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Г.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл“ төвийн үүдэнд 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой иргэн Ч.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож улмаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Шүүдэгч Г.Бат-Эрдэнийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь:

            Гэрч Б.Лхүндэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: “. . . манай найз Д.Нямбаяр манай гэрт ирээд цай уучихаад манайхаас гарч алхаад “ Итгэл “ төв ороод хоёр, хоёр Сэнгүр нэртэй пиво аваад ширээн дээрээ суугаад пиво задлаад бүжгийн талбай руу хараад сууж байтал надтай хамт ажилдаг Ч.Батжаргал ах бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь шүүхийн шийдвэрт ажилдаг Г.Бат-Эрдэнэ гэдэг залуу Ч.Батжаргал ахын элэгрүү нэг удаа гараараа цохиод авсан чинь Ч.Батжаргал ах хариу үйлдэл хийлгүй бүжиглэж байсан . . .Тэгээд би Ч.Батжаргал ахыг нилээн согтуу байсан болохоор хүмүүстэй зодоон цохион хийчих бий гэж бодоод хараад сууж байсан чинь Шүүхийн шийдвэрт ажилдаг Г.Бат-Эрдэнэ, цагдаад ажилдаг М.Лхагвадорж хоёрын ширээн дээр нь Ч.Батжаргал ах очоод удалгүй тэр хоёрыг дагуулаад гарахаар нь би араас нь гарсан чинь Ч.Батжаргал ах цагдаад ажилдаг М.Лхагвадорж гэдэг залуутай . . . 00-н өрөөний үүдэнд маргалдаад . . . би тэр хоёр дээр очоод  М.Лхагвадорж гэдэг залууг татаад наад ах чинь согтуу байна яах юм бэ гэж хэлж байх хооронд Ч.Батжаргал ах баарнаас гараад би тэр М.Лхагвадоржийн хамт араас нь гарахад Ч.Батжаргал ах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилдаг Г.Бат-Эрдэнэ гэдэг залуугийн эрүүлүү нь гараа атгаж байгаад цохих шиг болтол нөгөө Г.Бат-Эрдэнэ гэдэг залуу эргүүлээд гэдэс рүү нь нэг цохиод барилцаж аваад Г.Бат-Эрдэнэ нь Ч.Батжаргал ахыг дээрээс нь дараад унасан унахдаа Ч.Батжаргал ах “ Итгэл “ төвийн үүдэнд байсан улаан алаг өнгийн боржууран дээр толгойгоороо унаад ухаан алдсан энэ үед Г.Бат-Эрдэнэ гэдэг залуу босоод зогссон тэгэхээр нь би Ч.Батжаргал ах дээр очоод татаад босгох гэсэн чинь  толгойны баруун талаас цус гарсан байдалтай байсан ба 2-3 минут ухаангүй хэвтсэн . . . Ч.Батжаргал ах босоогүй байсан тэгэхээр нь би очоод Ч.Батжаргал ахын хамрыг бариад амьсгалж байн уу гэж үзэхэд амьсгалж байсан. Тэгээд байж байтал Ч.Батжаргал ах гэнэт өөрөө босож ирээд . . .гараа тулж уначихаад дахиад босож ирээд зогссон тэгэхээр нь би Ч.Батжаргал ахаас таны толгой зүгээрүү гэж асуухад Ч.Батжаргал ах зүгээр зүгээр гэж хэлсэн . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 47-48х /,

            Гэрч Д.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн  “. . .2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Б.Лүндүүжавтай утсаар яриад орой 21 цагийн үед Б.Лүндүүжавын гэрт очиж уулзаад тэндээсээ гараад  Итгэл төв ороод хоёр хоёр ширхэг пиво аваад сууж байсан чинь Б.Лүндүүжав манай ажлын ах явж байна гэж хэлсэн тэгээд төд удалгүй Б.Лүндүүжав тухайн ажлын ах болох Ч.Батжаргал гэдэг хүнийг бүжгийн талбай дээр хүнтэй маргалдлаа гэж хэлээд дагуулж ирээд та согтсон байна одоо харьж амар гэж Ч.Батжаргал гэдэг хүнд хэлсэн чинь нөгөө ах бүжгийн талбай дээр маргалдсан хүмүүсийн сууж байсан ширээн дээр очоод гаръя гэж хэлээд толгойгоо дохиж байх шиг байсан.

            Тэгээд тухайн ширээн дээр сууж байсан хоёр залууг дагуулаад баарнаас гарсан чинь манай найз Б.Лүндүүжав, Ч.Батжаргал ах зодуулчихаж магадгүй хоёулаа хамт гарьяа гэж хэлэхээр нь араас нь бид хоёр гараад тухайн ширээн дээр сууж байсан хоёр залуугийн өндөр туранхай залууд нь манай ажлын ах байгаа юм битгий цохиороо одоо ингээд явуулчихна гэж хэлээд баарнаас гарсан чинь тухайн өндөр туранхай залуутай хамт явж байсан намхан махлагдуу залуу нь Ч.Батжаргал ахыг баарны гадаа чи аятайхан байгаараа яагаад маяглаад байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдаж байгаад Ч.Батжаргал гэдэг ах эхлээд тэр жижиг залууг цохиод авсан чинь тухайн жижиг залуу нь тэр Ч.Батжаргал ахыг эргүүлээд цохиод авах шиг болсон чинь тэр Ч.Батжаргал гэдэг ах арагшаагаа улаан цагаан өнгөтэй боржуур дээр дагзаараа саваад унасан тэгэхээр нь Б.Лүндүүжав очоод ухаан алдчихлаа гэж хэлээд унасан газраас нь холдуулаад Ч.Батжаргал гэдэг ах хэсэг газар 2-3 минут хэвтээд ухаан ороод босож ирээд шооконд ороод гайхаж зогсож байтал бааран дотроос нэг махлаг эгч гарч ирээд тухайн Ч.Батжаргал гэдэг ахыг аваад буцаад баарлуу орсон . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 66-67 /,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай “ . . . .Ч.Батжаргалын цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй.

            Ч.Батжаргалын цогцост учирсан тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэсэн. Ч.Батжаргал нь тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Ч.Батжаргал нь дээрх гэмтлүүдийг авсан боловч амь насыг нь аврах боломжтой байна “ гэх Дүгнэлт / 1-р хх-н 119-121х / зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Эдгээр нотлох баримтуудыг дүгнэвэл: 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын төвд байдаг “Итгэл“ бааранд Г.Бат-Эрдэнэ түүний найз М.Лхагвадорж нар бага зэрэг пиво уугаад нэг ширээнд хамт сууж байсан бөгөөд уг бааранд талийгаач Б.Батжаргал нь  мөн согтуу байсан байна.

Энэ үед талийгаач Ч.Батжаргалтай хамт ажилдаг Б.Лхүндэвжав нь найз Д.Нямбаяртай хамт уг бааранд орж ирсэн байна. Улмаар баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан талийгаач Ч.Батжаргалын элэгрүү шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нэг удаа гараараа цохиход талийгаач Ч.Батжаргал хариу үйлдэл хийгээгүй байна.

Дараа нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, М.Лхагвадорж хоёрын ширээн дээр талийгаач Ч.Батжаргал очоод тэр хоёрыг дагуулаад баарны 00-ын өрөө рүү явсан байна. Энэ үед Б.Лхүндэвжав тэдний араас 00-ын өрөө рүү очиход 00-ын өрөөний үүдэнд “Ч.Батжаргал ахын дүү нар яагаад байгаа юм бэ Гэхэд М.Лхагвадорж чиний ах гэж юу байдаг юм бэ” гэх мэтээр маргаж байсан байна. Энэ үед Б.Лхүндэвжав нь М.Лхагвадоржийг татаад “наад ах чинь согтуу байна яах юм бэ” гэж хэлж байх хооронд талийгаач Ч.Батжаргал баарнаас гараад явахад Г.Бат-Эрдэнэ түүний араас дагаад баарнаас гарчээ.

 Ингээд тэр хоёрын араас М.Лхүндэнжав, М.Лхагвадоржтой хамт гарахад “Ч.Батжаргал, Г.Бат-Эрдэнийн эрүү рүү нь гараараа цохисон энэ үед Г.Бат-Эрдэнэ нь эргүүлээд гэдэсрүү нь нэг цохиод барилцаж аваад, харилцан зодолдох үед Б.Батжаргал газар унахдаа Итгэл төвийн үүдэнд байсан улаан алаг өнгийн боржууран дээр ар дагз хэсгээрээ унасан” үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ талийгаач Ч.Батжаргалын амь насыг хохироох буюу хор уршгийг хүсээгүй боловч, түүнийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд хийсэн байна.

 Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Харин шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч нарын “талийгаач Г.Батжаргал нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг газар унагаах гэж байгаад өөрөө газарт унахдаа боржуур дээр унасан гэх үйл баримт” тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх гэрч Б.Лхүндэвжав, Д.Нямбаяр нарын дээр дурдсан хэргийн үйл баримтын талаарх мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                                  М.НЯМБАЯР

                                                                                                       Б.ДАМБА