Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Банчинсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч А.Алтангэрэл,

шүүгдэгч Д.Г, өмгөөлөгч Б.Баттулга (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Д.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020331447 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Г нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл *, * хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хэсэг ** тоотод оршин суудаг, урьд 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 405 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 199 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 1 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хэсэг ** тоотод хамт архи ууж дуусаад яв гэхэд гарахгүй гээд байсан гэх шалтгаанаар иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, зэвсэг буюу хутгаар хэвлий тус газарт нь 1 удаа хутгалж, биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт /300мл/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Г нь шүүх хуралдаанд: Байцаагчид хэргийн талаар ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа  зөвшөөрч байгаа, хохирлыг ар гэрээс хохирогчид төлсөн байгаа гэв.

Эрүүгийн 2210020331447 дугаартай хэргээс судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн, шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20:17:07 цагт хамт архи уусан хүнээ уур хүргээд байхаар нь хутгалчихлаа. гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Г.У-гийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

2.Хэргийн газар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 12 минутаас 22 цаг 48 минутын хооронд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

3.Хохирогч Г.У-гийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

4.Яллагдагч Д.Г-гийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

5.Хохирогч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 21, 22, 88 дугаар хуудас),

6.Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 28 дугаар хуудас),

7.Гэрч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

8.Яллагдагч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас)

9. Эд мөрийн баримтаар хуванцар иштэй хутгыг тооцох мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас), эд зүйл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн өвчний түүхээр гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12978 дугаартай: Цэргийн төв эмнэлгийн 22я/02677 тоот өвчний түүхэнд: хэвтсэн 2022-08-09-нд гарсан 2022-08-13-нд ор хоног 4, хэвтэх үеийн зовиур: хэвлийн шархаар өвдөнө....хэсэг газрын үзлэгт: мэс заслын шарх цэвэр ариун боолт хийв. 2022-08-09-нд мэс заслын тэмдэглэл: Хэвлийн хөндийд хүрэхэд хэвлийн хөндийд цусан бүлэн болон сул цус байсныг ...соруулан авахад 300мл орчим цус байсныг соруулан авлаа. ...хэвлийн өмнөд ханын шарханд Z хэлбэрийн оёдол тавьж цус тогтоож хийв. ...Мэс заслын явцад нийт гарсан цусны хэмжээ 400мл. Үндсэн онош: хэвлийн ханын ил шарх /эмч Т.Алтанхуяг/ гэжээ.

1.Г.У-гийн хэвлийд хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт /300мл/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Н.Туяа/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 405 дугаар таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 442 дугаар таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн 1996 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаар захирамж, суллагдсан тодорхойлолт (хавтаст хэргийн 98 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг тогтоосон, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл 1, 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг  баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Д.Г-гийг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт нь 27 см урттай, ажлын хэсэг нь 16,5 см урттай, шаргал өнгийн хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.У-д төлөх төлбөргүйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс тоолсугай.

7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

    ШҮҮГЧ            С.БАЗАРХАНД

 

 

    ШҮҮГЧ           Д.ДОРЖСҮРЭН