| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/219 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/219
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б, тэдний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03625 0010 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Э, 1990 оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Монгол Улсын иргэн, Б овгийн Т.О, 1990 оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.
3. Монгол Улсын иргэн, С овгийн Б.Б, 1990 оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Э, Б.Б, Т.О нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “давхрын” автобусны буудлын ойролцоо байсан хохирогч Д.Н-ын эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины баруун хойд талын цонхыг хагалж, машин дотроос цүнхтэй эд зүйл болох зандан модон эрх, хуучны дамар, цогчин судар, зурхайн судар, ясан ганлин, тархи манан дунд гарын хөөрөг, тарав шамба судар, улаан өнгийн лам дээл, хүрэн ширэн хавтагатай мэргийн чулуу, ламын сум, ламын зэс сум, гар утасны цэнэглэгч, бор шаргал өнгийн цүнх, үйтэн хуаран болон нэхий дээл, үүргэвч зэрэг 2,400,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:
- Шүүгдэгч, Б овгийн Д.Э, Б овгийн Т.О, С овгийн Б.Б нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “давхрын” автобусны буудлын ойролцоо байсан хохирогч Д.Н-ын эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины баруун хойд талын цонхыг хагалж, машин дотроос цүнхтэй эд зүйл болох зандан модон эрх, хуучны дамар, цогчин судар, зурхайн судар, ясан ганлин, тархи манан дунд гарын хөөрөг, тарав шамба судар, улаан өнгийн лам дээл, хүрэн ширэн хавтагатай мэргийн чулуу, ламын сум, ламын зэс сум, гар утасны цэнэглэгч, бор шаргал өнгийн цүнх, үйтэн хуаран болон нэхий дээл, үүргэвч зэрэг 2,400,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байна.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон болно.
- Хохирогч Д.Н-ын “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байх найз С-ийн гэрт нь очоод С-тай хамт архи ууж байгаад тухайн өдрөө тэдний гэрт хоносон, маргааш нь буюу 2022 оны 10 дугаар 26-ны өдөр С миний машиныг унаад ойрхон явчхаад ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн ба тухайн орой нь С гэртээ ирээд машины бензин дуусчихаар нь гудамжинд орхичихлоо гэж хэлээд орж ирээд бид хоёр тэдний гэрт нь хоёр хоног архи ууж байгаад өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед машин дээрээ ирэхэд жолооч талын урд хойд гурвалжин шилийг хагалж дотор нь байсан миний эцгийн үе уламжлагдаж ирсэн хөөрөг, шар ширэн цүнхтэй шашны эд зүйл /ном судар, хонх дамар, эрх гэх мэт эд зүйлс/ хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би одоогоор үнэлж мэдэхгүй байна. Хөөргийг 3 жилийн өмнө 30,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэж байсан ч би өгөөгүй. Манай өндөр өвөө маань ноён угшилтай хүн, өв уламжлагдаж ирсэн хөөрөг байсан. Гэхдээ соёлын өвд ямар нэгэн бүртгэл байхгүй. Би өөрт учирсан хохирлоос өмнө бүгдийг барагдуулан авсан бөгөөд өнөөдөр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл болох шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 400,000 төгрөгийг Т.О-аас бүрэн барагдуулан авсан болно. Гомдол, саналгүй. Шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 34 дэх тал);
- Иргэний нэхэмжлэгч Т.Ц-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байх төрсөн эгчийнхээ гэрт нүүрс хүргэж өгөөд буцаад гудамж уруудаад явж байхад Орбитын 4 дүгээр гудамжинд үл таних 3 залуутай таарсан юм. Тэгтэл тэр залуучууд “ахаа хөөрөг сонирхох уу” гээд улаан толгойтой шар нуухтай цагаан өнгийн хөөрөг гаргаж ирсэн. Тэгээд тэр залуучууд “буудалд хонох гэсэн чинь мөнгө байдаггүй” гээд нэг өндөр нөхөр ахынхаа хөөргийг зарж байгаа гэж хэлсэн. Би тэр залуугаас ямар нэгэн хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд тэр залуу “манай ах бурхан болчихсон. Асуудалгүй” гээд надад 30,000 төгрөгөөр бор өнгийн даалинтай шар эмжээртэй цагаан өнгийн хөөрөг зарсан юм. Тэр залуучууд манай дүү Б-г таньдаг юм шиг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад уг хөөргийг өгсөн. Би тэр залуучуудыг танихгүй. Намайг эгчийнхээсээ гарч явахыг хараад манай дүүгээс намайг асуусан байх. Тухайн үед гадаа харанхуй байсан бөгөөд нэг өндөр, хоёр намхан залуу байсан. Бүгд хар бараан хувцастай байсан. Надад хөөрөг зарсан өндөр залууг дахиж харвал танина. Тэр залуу надтай хамт дагаж яваад би АТМ-ээс мөнгө авч өгсөн юм. Би хулгайн хөөрөг гэдгийг мэдээгүй 30,000 төгрөгөөр авсан...Энэ мөнгөө Б.Боос буцаан авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 41, 46 дахь тал);
- Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал);
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал);
- Гэрч Т.О-ы “...Тэгээд би өөрийн авч ирсэн саарал үүргэвч дотроос цэнхэр саарал өнгийн хуучин эрэгтэй дээлийг гаргаж ирж өмсөөд “надад зохиж байна уу” гэж асууж байгаад удалгүй бүгд харихаар болоод О ахын гэрээс Б.Б-ыг Д.Э гэрт нь хүргэж өгөхөөр нөгөө машин дотроос авсан шар арьсан цүнхтэй зүйлийг Б.Б үүрээд би машинаас авсан саарал өнгийн үүргэвчийг үүрээд О-ы гэрийн үүднээс салаад би манай нэгдүгээр хороонд байдаг ихрийн Баяраа гэдэг хүний хуучин амьдарч байсан хүн амьдардаггүй хуучны эвдэрхий хаягдсан байшин дотор ганцаараа унтаж байхад Б.Б, Д.Э нар цагдаад баригдчихсан гээд орж ирсэн бөгөөд намайг сэрээд харахад миний авч явж байсан саарал өнгийн цүнхтэй юм алга болсон байсан юм. Тэр үед бид гурав хамт уугаад дуусаж байх үед дахиад архи уух мөнгө яаж олох талаар ярьж байсан бөгөөд тэр үед Б.Б “С-ийн унаж явсан машин бензин дуусаад замын хажууд зогсож байгаа. Очоод запаас дугуйг нь зараад архи авч ууя” гэхээр нь Д.Э бид хоёр зөвшөөрөөд хамт уг машин дээр очсон чинь Б.Б нэг хар түлхүүр гаргаж ирээд тэр машиныг нь онгойлгох гэсэн чинь онгойгоогүй бөгөөд онгойхгүй болохоор нь Б.Б тэр машины хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг газраас чулуу аваад хагалахаар нь би гараа хийгээд дотор талаас нь онгойлгох гэхэд миний гар хүрэхгүй байхаар нь тэр машины жолооч талын урд цонхыг бээлий өмсөж байгаад газраас чулуу авч байгаад хагалаад би гараа оруулж байгаад хаалгыг нь онгойлгосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал);
- Гэрч Б.Э-ын “...би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байхад манай төрсөн ах Б.Б өөрийн найз гэж танилцуулсан Д.Э гэх хүний хамт нэлээн согтуу 21 цагийн үед хоёулаа хамаг хувцас нь шороо болчихсон, мөн манай ах бор шаргал өнгийн арьсан цүнх барьчихсан орж ирсэн бөгөөд манайд суугаад байхаар нь би сүүлд суусан эхнэр Б-ийн *** дугаар руу өөрийн *** дугаараас залгаад ах манай гэрт сая согтуу ороод ирчихлээ, та ирээд авчих уу” гэсэн чинь 21 цаг 40 минутын орчим манай бэр эгч Б орж ирээд ахыг найзынх нь хамт гэр рүүгээ явсан юм. Манай ах манайд найз Д.Э-ы хамт орж ирэхээр нь би “наад хувцас хунар чинь яачихсан юм бэ, юун хүний цүнх үүрчихсэн яваа юм бэ” гэж асуухад манай ах Б.Б “би Нарангийн голын эцсээс найзтайгаа ирлээ. Гудамжинд танай арын даланг гарах гэж яваад уначихлаа. Энэ цүнхийг олсон юм. Дотор нь ламын эд зүйл байгаа болохоор аваад явж байгаа юм. Хаяж болохгүй” гэх утгатай юм ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал);
- Гэрч Д.С-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ найз Д.Н-ын хамт архи ууж хоноод өглөө нь сэрээд дотор муу болохоор нь Д.Н-ын манай гадаа тавьсан байсан приус 20 машиныг гуйж унаад дэлгүүр орох гээд буцахад машины бензин дуусчихаар нь тэнд явж байсан цэнхэр дээр архи уудаг Д, Д.Э, Б нарыг явж байхаар нь бензин дуусчихлаа, түрээд өгөөч гэсэн чинь түрээд замын хажууд гаргаж тавиад тэр гурав яваад өгсөн. Тэгэхээр нь би машиныг нь түгжээд түлхүүрийг нь хармаандаа хийгээд доод дэлгүүр орж нэг архи аваад эргээд гэртээ очоод Д.Н-т бензин дуусахаар нь замын хажууд машиныг чинь үлдээчихлээ гэж хэлээд түлхүүрийг нь өөрт нь өгөөд хамт архи ууж хоноод маргааш нь Д.Н өглөө машин руугаа явлаа гэж яриад ирэхдээ машины цонх хагарсан байна гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд агуулгын хувьд энэ хэрэгт хамааралтай, харилцан уялдаа холбоотой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдсон хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй байх тул тэд нэг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан байгаа нь хүний эрхийн зөрчилгүй байсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Д.Н-ын эзэмшлийн 40-76 УБХ улсын дугаартай Prius 20 маркийн автомашины баруун хойд талын жижиг цонхыг хагалж, цоожтой машин дотор хадгалагдаж байсан бусдын эд зүйлсийг хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч нарын үйлдлийн хувьд давхар зүйлчлэх бусад гэмт хэрэг, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй болохыг дурдахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас шүүгдэгч нар архидан согтуурсантай, нөгөө талаас тэдний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн явцуу бодолтой холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн гэж шүүх үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Н-т учирсан 2,560,000.0 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан, хохирогчид одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх үед шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 114, 149 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 115, 152 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2103 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал), АСАП сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 183-193 дахь тал);
- Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 118, 128 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 119, 130 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 133-146 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2103 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал), АСАП сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 178-182 дахь тал);
- Шүүгдэгч Т.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/335 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан Т овогтой О-ын хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 101-110 дахь тал), АСАП сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 113, 175-177 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1379 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2103 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал), Хур системийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын талаарх хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарт тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, үйлдлийн тоо, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.О-ын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э, Б.Б нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Д.Э, Б овгийн Т.О, С овгийн Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э, Т.О, Б.Б нарт нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Д.Э, Б.Б, Т.О нарын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э, Б.Б, Т.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА