Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 134/ШШ2019/00103

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ф.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө.Э-д

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ф.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Ө.Э гэр бүл болоод 2018 оны 02 сар хүртэл хамт амьдарсан бөгөөд бидний дундаас хүү Б.Ш, охин Б.М, Б.М, хүү Б.Б нарыг төрсөн. 2018 оны 02 сараас хойш гэр бүлийн харилцаа маш муудсан. Ө.Э нь гэр орондоо тогтохоо больж үр хүүхдээ харж халамжлахаа болж, зан ааш нь эвдэрч бид таарамж муутай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Ө.Э одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болоод хүүхэд төрүүлсэн. Нэгэнт амьдрал зохиогоод явчихсан хүнд би юу хэлэхэв дээ. Цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

 

Хариуцагч Ө.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Ф.Б- тэй сууж, хүү Б.Ш, охин Б.М, Б.М, хүү Б.Б нарыг төрүүлж бид одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ф.Б нь сүүлийн жилүүдэд архи их ууж ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасардаггүй байсан. Амар тайван амьдрах орчин бүрдэхгүй, олон удаа зодуулж эд эрхтэнд гэмтэл учруулж байсан тул аргагүйн эрхэнд аав, ээж  хоёр дээрээ очсон юм. Тиймээс энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 4 хүүхдээ өөрөө авч өсгөмөөр байна. Энэ хүнд өгмөөргүй байна. Энэ хүн архи уудаг учраас 4 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авмаар байна.  Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шүүх хуралдаанд Ө.Энхжаргал намайг оролцохгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Ф.Б нь хариуцагч Ө.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв. Учир нь:

 

    Нэхэмжлэгч Ф.Б, хариуцагч Ө.Э нар нь 2004 онд гэр бүл болж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Ш, 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр охин Б.М, 2013 оны 10 сарын 02-ны өдөр  хүү Б.Б нар төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Ф.Б, Ө.Э нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд хариуцагч Ө.Э нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Э-г төрүүлсэн болох нь эмнэлгийн тодорхойлолт болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар  ...хүүхэд нь нэг нас хүрээгүй бол гэрлэлтийг цуцлахыг хориглоно гэснээр энэ шүүх хуралдаанаар зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь ...Ө.Э нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, сая төрсөн хүүхэд бид хоёрын дундаас төрсөн хүүхэд биш гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд  хүүхэд нэг нас хүрээгүй учраас гэрлэлт цуцлах үед хариуцагч Ө.Э нь өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай тул түүний болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ф.Б нь хариуцагч Ө.Э-г 4 хүүхдээ орхиж явсан, харж хандахгүй байгаа талаар тайлбарласан тул шүүх гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг хариуцагч Ө.Э-д мэдэгдлээ.

 

Учир нь хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг эцэг, эх хүлээнэ. 

   

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 960 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос хэвээр үлдээв.

 

Хариуцагч Ө.Э нь өөр орон нутагт оршин сууж байгаа, хүүхэд төрүүлсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Гэтэл хариуцагч нь ...намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж, дахин хуралдаанд ирээгүй байх тул мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримтлан Ф.Б-н нэхэмжлэлтэй Ө.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэгтэй болохыг хариуцагч Ө.Э-д мэдэгдсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 158 960 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Б.НАРАНЧИМЭГ