| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Батсуурийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын ******* мэргэжилтэй, ******* ы цахилгаан ад ээлжийн насосын ажилтай, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 03 дугаар () баг, 5-33 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю88**************14.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Б.*******ыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө ******* аймгийн ******* сумын ******* дүгээр (Бугат) багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх, дэвсэх зэргээр хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Г.Нацагдоржоос гаргасан “******* сум, Бугат багийн нутаг дэвсгэрт хүн зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 29-ний 01 цаг 50 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- ******* аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Олзбаярын “...би эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Баярмөнхийн хамт Х баарны доод талын дэлгүүрийн гадна хүн зодуулж байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Б.******* нь иргэн М.ыг зодсон байдалтай, М. нь газарт хэвтсэн нүүрэн хэсэг нь цус гарсан байдалтай байсныг *******3 дуудаж хүлээлгэн өгч иргэн Б.*******ыг саатуулах байранд авч ирж хүлээлгэн өглөө” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас) зэргээр гэрч Г.Нацагдоржоос цагдаагийн байгууллагад гаргасан мэдээллийн дагуу шүүгдэгч Б.*******ыг хохирогч М.ыг зодсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт болсон байв. Хэргийн газарт ирэхэд “Ганда хом” гэх бичиглэлтэй хүнсний дэлгүүрийн үүд хэсэгт буюу доод талд 40 метрийн зайд болсон байх бөгөөд ...уг газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр газрын хөрс бохирлогдсон байлаа” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас);
- ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сумын ******* дүгээр багийн нутагт байрлах камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагдаагийн газрын камер хяналтын төвөөс “хуучин нисэх доош” /huuchin niseh doosh/ гэсэн бичиглэлтэй камерт үзлэг хийхэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой /шөнө/ 23:18:30 цагт 2 давхар /өнгө нь тодорхойгүй/ урд хэсэгтээ олон өнгийн гэрэлтэй байшин байх бөгөөд уг байшингийн үүд хэсэгт нь олон тооны суудлын тээврийн хэрэгсэл зогссон байх ба уг байшингийн үүд хэсгээс хоёр хүн гарч ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт цементтэй хашаа дагаж таталцаж, түлхэлцсэн байдалтай явсаар үүд хэсэгтээ гэрэлтэй нэг давхар гурвалжин дээвэртэй байшингийн урдуур өнгөрч байв. ...Тухайн байшин өнгөрч харанхуй гудамж руу орж тухайн хоёр хүн зодолдож байх бөгөөд хэн нь хэнийгээ цохиж байгаа нь харагдахгүй ноцолдож байгаа дүрс харагдаж байлаа. Удалгүй зодолдож байсан хоёр хүний нэг нь газарт унаж хэвтээд босохгүй байв. Тухайн хоёр хүний хажууд ямар нэгэн хүн байхгүй хоёулхнаа байна. Бараан өнгийн хувцастай, түрийтэй гуталтай, өмдний шуумаг хэсэг нь цагаан өнгийн гэрэл ойлгогчтой /цацруулагчтай /өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд тухайн зодож байгаа хүний хувцасны өнгө харагдана/ хүн газарт унаад босохгүй байгаа хүнийг олон удаа өшиглөж байгаа дүрс харагдах ба 23:38:45 секундэд хувцасны өнгө тодорхойгүй /бараан өнгийн хувцастай/ дөрвөн хүн газарт унаж босохгүй байгаа хүн дээр ирж байлаа” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас) зэргээр уг гэмт хэрэг нь ******* аймгийн ******* сумын ******* дүгээр (Бугат) багийн нутагт 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн үед үйлдэгдсэн болох нь тогтоогджээ.
Дээрх тэмдэглэлд “...Бараан өнгийн хувцастай, түрийтэй гуталтай, өмдний шуумаг хэсэг нь цагаан өнгийн гэрэл ойлгогчтой /цацруулагчтай /өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд тухайн зодож байгаа хүний хувцасны өнгө харагдана/ хүн газарт унаад босохгүй байгаа хүнийг олон удаа өшиглөж байгаа дүрс харагдах” гэж дурдсан цацруулагчтай өмдтэй хүн нь шүүгдэгч Б.******* болох нь мөрдөгчийн үзлэг хийсэн “...Иргэн Б.*******ы өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд ...саарал өнгийн баруун зүүн талдаа ил халаастай, баруун зүүн шуумаг хэсэгтээ цагаан өнгийн гэрэл ойлгогч цацруулагчтай, баруун зүүн талдаа далд халаастай уг өмдний баруун талын өвдөгний ар хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн талын ил халаасан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, уг өмдөнд ямар нэгэн урагдалт байхгүй, хар өнгийн түрийтэй гутал нэг хос (хоёр ширхэг), уг гутал хамар /хоншоор/ хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас)-ээр нотлогдож байна.
1.3. Хохирогч М.ын “2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед ******* сумын Бугат багийн нутагт байрлах Х бааранд ажлынхаа хүмүүстэй ороод караокед гурван цаг суугаад доош бууж бүжгийн талбайд бүжиглэж байтал танихгүй залуу ирээд “гараад уулзаадах уу?” гэхээр нь дагаад гарсан. Х баарны үүдэн дээр гарч ирээд “юу болов, яав” гэхэд “хоёулаа зайтай гараад уулзалдъя” гээд Х баарны доод талд байрлах дэлгүүрийн доод талд очоод тамхи асаах гэж байтал нөгөө танихгүй залуу нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарч доош тонгойтол дахин нүүр рүү өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас);
- Гэрч Г.Нацагдоржийн “2022 оны 12 дугаар сарын 28-ны орой өөрийн 67-11 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явах гээд Х баарны үүдэн хэсэгт зогсож байтал Х баарны доод талд байх хуучин Туба дэлгүүрийн доод талд хоёр залуу хоорондоо зодолдоод байсан. Хажууд нь ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн хоёр залуугийн нэгнийхэн өмд нь цагаан өнгийн гэрэл цацруулагчтай /гэрэл ойлгогчтой/ байсан. Нэг залуу нь газарт уначхаад босохгүй байсан, нөгөө залуу нь унасан залууг өшиглөөд байхаар нь нэгнээ алах юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Б.*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...М. согтуу байсан. ...Би мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах Х баарны доод талд байрлах Ганда хом хүнсний дэлгүүрийн хажууд зодолдсон. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Б.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дүгээр (Бугат) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” баарны хажууд хохирогч М.ыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон болох нь нотлогдож байна.
1.4. Хохирогч М.ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 62 дугаартай “...М.ын биед баруун уушги бүрэн уналт, цээжний баруун хөндийд хий хуралт, баруун талын 8, 9-р хавирга, зүүн талын 9-р хавирганы ташуу далд хугарал, баруун талын дагз ясны суурь хэсэгт цууралт, хоёр нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун чих, хүзүүний баруун болон урд хэсэг, эрүүн дор, зүүн чихний ард, цээж, зүүн гарын бугалга, шуунд тус бүр цус хуралтууд, баруун хацар, дух, чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун нүд, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохигдох, чирэгдэх, үрэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... М.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас)-ээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь тогтоогджээ.
1.5. Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.*******ы амьсгал дахь спиртийн агууламж 1.63 промилли байсан нь согтолтыг тодорхойлох тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)-ээр, мөн хохирогч М.ын цусан дахь спиртийн агууламж 2.1 промилли буюу дунд зэргийн согтолттой байсан нь химийн шинжилгээний 14 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогджээ. Тодруулбал гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтуу байжээ. Энэ нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол шүүгдэгчийн олон нийтийн газар биеэ зохистой авч явах зан суртахуунгүй, аливаа маргааныг ярилцаж шийдвэрлэх чадваргүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.
1.6. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн үед ******* аймгийн ******* сумын ******* дүгээр (Бугат) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Х баарны хажууд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.ыг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгч Б.*******ы “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), ******* ы ТӨХК-ийн “******* овогтой ******* нь манай байгууллагад дамжуулах төвийн сүлжээний ээлжийн насосын ийн орон тоонд сарын 712’195 /долоон зуун арван хоёр мянга нэг зуун ерэн тав/-н төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын “тус багийн иргэн ******* овогтой ******* нь 5 дугаар гудамжны 33 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, ******* ы ТӨХК-д ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгч Б.******* хохирогч М.ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардлуудыг төлсөн болох нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Шүүгдэгч нь олон нийтийн газар үл ялих зүйлээр шалтаглан танхайрч хохирогчийг зодсон тул үүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан ойлгоно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар *******’500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар прокуророос санал болгож байгаа *******’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. ...Тогтмол орлоготой, ажил хийдэг, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. ...Торгуулийн ялыг 24 сарын хугацаанд сард 437’500 төгрөгөөр хэсэгчлэн төлөх боломжтой” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.
Яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд санал зөрөөгүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******’500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******’500’000 (арван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирон гэж дүгнэлээ.
3.2. Шүүгдэгч Б.******* ******* ы ТӨХК-д сарын 712’195 (долоон зуун арван хоёр мянга нэг зуун ерэн тав)-н төгрөгийн үндсэн цалинтай ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 437’500 (дөрвөн зуун гучин долоон мянга таван зуун) төгрөгөөр 24 (хорин дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
3.3. Мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “...Намайг эмнэлгээс гурван сар гам, дэглэм барь гэсэн байгаа. Тухайн хугацааны цалингаа яллагдагч Б.*******аас гаргуулж авмаар байна, зургаан сар, эм уух, шил тааруулж зүүх гэх мэт зардал мөнгө гарч байна. Миний тооцоогоор нийт таван сая төгрөг орчим болж байна. Энэ мөнгөө яллагдагч Б.*******тай тохиролцсон байгаа, тохирсон хугацаанд өгөхгүй бол нэхэмжилнэ” гэж (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) мэдүүлсэн ба 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “...Б.******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас) гаргажээ. Мөн шүүгдэгч Б.******* хохирогч М.д 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 1’000’000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500’000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 200’000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5’000’000 төгрөг буюу нийт 6’700’000 төгрөг төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтууд (хавтаст хэргийн 114-117 дугаар хуудас)-аар нотлогдсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзнэ.
5. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сумын ******* дүгээр багийн нутагт байрлах камерын бичлэгийг агуулсан плаш дискийг ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч уг плаш дискийг “би авч өгсөн” гэх, мөн түүний өмгөөлөгч “мөрдөгч Б.*******ыг тухайн хяналтын камерын бичлэгийг хуулбарлаад аваад ир гэсэн” гэх тайлбар тус тус гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлдэг. Гэтэл мөрдөгч нь шүүгдэгчийн гэм бурууг нотолсон агуулга бүхий бичлэгийг шүүгдэгчийг өөрийн зардлаар хуулбарлан ирэхийг даалгасан нь хэргийн байдлыг нотлох үүргийг шүүгдэгчид хүлээлгэсэн хууль бус үйлдэл тул тухайн плаш дискийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Иймд уг плаш диск нь шүүгдэгч Б.*******ы өмчлөлийн эд зүйл, мөн плаш дискт агуулагдаж байгаа бичлэгийг үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц плаш дискийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт Батсуурийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг *******’500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******’500’000 (арван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 437’500 (дөрвөн зуун гучин долоон мянга таван зуун) төгрөгөөр 24 (хорин дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэргийн хамт ирсэн плаш дискийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА