Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0027

 

 

 

 

 

                                       

                                    Б.Э*******гийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч А.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э*******

Хариуцагч Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нотариатын хөлс 12000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******

Хариуцагчийн өмгөөлөгч А.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 115/2024/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э*******гаас Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад холбогдуулан “тус газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нотариатын хөлс 12000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах”-аар маргасан.

2.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.10 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, уг захиргааны актын улмаас учирсан хохирол болох 711770 төгрөгийг хариуцагчаас буюу Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******д буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нотариатын хөлс 12000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.Анхан шатны шүүхээс хариуцагчийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг илрүүлсэн байна гэж шууд дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь 2023 оны Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад заасан хэлбэрээр гаргасан байдаг. Энэхүү захиргааны актыг нэхэмжлэгчийн гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Сахилгын зөрчлийг журмын дагуу тогтоогоогүй байж шийтгэл оногдуулсан” гэх шалтгаанаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2.Хариуцагч захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагч Б.Э*******гийн байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан зөрчлийг илрүүлэх ажиллагаа хийх шаардлага үүссэний хүрээнд зохих ажиллагааг хийж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн Б.Э*******гийн үйлдлийг зөрчил мөн гэдгийг тогтоож, түүнд сонсох ажиллагааг явуулж, маргаан бүхий актыг гаргасан.

3.3.Дээр дүгнэснээр хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан хугацааг илрүүлсэн нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байх боловч анхан шатны шүүхээс “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэж үзэх нөхцөл байдлыг тасалдал биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.4.Учир нь дээрх журам нь хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилгын хүрээнд нийцсэн байх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх гэх шаардлагыг ханган батлагдаж, улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад шүүхээс журамд буй “Зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацаа” гэх агуулгыг бодит байдалд нийцүүлэн дүгнэхгүйгээр хэт явцууруулан дүгнэснээр төрийн жинхэнэ албан хаагч Б.Э*******д давуу байдлыг бий болгосон.

3.5.Түүнчлэн шүүхийн тайлбарлаж буй энэхүү агуулгаар аливаа төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэлийг бодитоор хүлээхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байгууллагын дээд шатны байгууллагад гомдол удаа дараа гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх нөхцөл байдал үүсгэснээр өөрт давуу байдлыг олгох боломжийг бий болгож байна.

Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.                                                          

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-т төрийн албан хаагчид “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор заасан, гэтэл 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгчийг зөвшөөрөлгүйгээр гаргаж хувьдаа ашигласан үйл баримтын талаар нэхэмжлэгчээс үгүйсгэж маргадаггүй, харин энэхүү зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн эсэхэд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн аль аль хугацааны дотор буюу хариуцагчаас анх 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 58 дугаар тогтоолоор уг тушаалыг хүчингүй болгосон, гэхдээ Б.Э*******г зөрчил гаргаагүй гэсэн үндэслэлээр бус харин “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох, энэ хүрээнд зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаа болон шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон тохиолдолд зөрчил гаргасан албан хаагчид холбогдох баримт материалтай танилцуулах ажиллагааг хийх талаарх журамд заасан процесс зөрчигдсөн гэсэн агуулгаар дүгнэсэн, энэ нь ч тогтоолын 4-т “Хүүхдийн эрхийн улсын байцаагч, ахлах мэргэжилтэн Б.Э*******гийн байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг дурдсугай” гэснээр батлагдана.

2.Улмаар хариуцагчаас зохих ажиллагааг явуулж, Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Г.Эрдэнэцэцэг, харуул хамгаалалтын ажилтан Д.Г******* нараас тайлбар авах, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Э*******тай сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдэх, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх зэргээр түүний гаргасан зөрчлийг шалган тогтоож, дахин 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсаныг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Хэдийгээр шийдвэрт зөрчил гарсан хугацааг агаар шүүгчийг зөвшөөрөлгүй авч гарсан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс бус харин түүнийг хэрэглэж байгаад буцаан авчирсан мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс, мөн зөрчил илрүүлсэн хугацааг сахилгын арга хэмжээ авсан эхний тушаал гарсан 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс тус тус тооцсон нь зөв боловч ийнхүү илрүүлсэнээс хойш “…7 сар 21 хоногийн хугацаа өнгөрсөний дараа сахилгын шийтгэл ногдуулсан…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг хуульд заасан 6 сард оруулахгүй байхаар журмын 3.9-т зохицуулсан, гэтэл зөрчлийг илрүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс маргаан бүхий акт гарсан 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 7 сар 21 хоногт хариуцагчаас ямар ч арга хэмжээ аваагүй бус Төрийн албаны зөвлөлийн тогтоолд заасанчилан зөрчлийг шалган тогтоох ажиллагааг явуулсан, мөн энэ хугацаанд нэхэмжлэгчээс эхний тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, гомдлыг зөвлөл шийдвэрлэсэн хугацаа бүхэлдээ хамарсан байгаагаас тус тус үзэхэд 6 сарын хугацаа тасалдсанд тооцно.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

3.Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд ногдуулсан эхний тушаалыг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосны дагуу тухайн үеийн цалингийн суутгалыг буцаан олгосон байх тул нэг зөрчилд дахин шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхгүй, энэ талаар шийдвэрт хангалттай дүгнэжээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э*******гийн гаргасан “Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нотариатын хөлс 12000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн өмгөөлөгч А.Б*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

                                ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН