Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 114

 

     
              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
    Шүүгдэгч: Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Мөнх-Эрдэнэд холбогдох 201603000591 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэхэд 
            
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Модны үйлдвэрийн хашаанд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Эрдэнэбаярын Мөнх-Эрдэнэ /РД:АГ89052811/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны орой 18-аас 19-н цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг аймгийн угтах Цагаан хаалганы орчимд  28-67 АРХ улсын дугаартай Хонда  Сивик маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс нь ирж явсан 87-22 АРА улсын дугаартай Хонда Пит маркийн автомашинтай мөргөлдөн 87-22 АРА улсын дугаартай Хонда Пит маркийн автомашинаар зорчиж явсан иргэн Д.Галсансамбуугийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Д.Батбаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
                          
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

    2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд манай хамаатны хүн нас барсан гээд би Төвшрүүлэх сум руу явахаар болсон. Тэгээд надтай хамт ажилладаг манай нутгийн залуу надтай хамт явсан. Тэгээд бид 2 Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас гараад аймгийн Цагаан хаалга өнгөрөөд өөрийн болгоомжгүй үйлдлээс бол зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан. Хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулсан. Цаашид хохирогч талтайгаа холбоотой байна гэдгээ хэлсэн. Энэ гэмт хэргийг би санамсар болгоомжгүй байдлаасаа болж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

        201603000591 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
    
    Хохирогч Ж.Одгэрэл өгсөн:

...2015 оны 12 сарын 26-ны өдөр би Архангай аймгийн Булган суманд гэртэй байж байхад манай ах Бат-Амгалан утсаар надад талийгаачийг аваарт ороод нас барлаа гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн төвд ээж Долгорынд ирэхэд манай хамаатан садан бүгд цугласан байсан. Талийгаачийг Архангай аймгийн Цагаан хаалганы цаана аваарт ороод нас барсан гэж хэлсэн. Талийгаач 2015 оны 12 сарын 26-ны өглөө намайг Галсансамбуугийн автомашинаар талийгаач Батбаяр жолоодоод намайг хүргэж өгөөд 12-13 цагийн үед эргээд Архангай аймгийн төв рүү явсан. Тэр үед Галсансамбуу талийгаачийг манай ажлын хүн Өгийнуур сум руу хүргээд өгөөч гээд байгаа чи хамт явах уу гээд ярьж байсан. Би 15 цагийн үед талийгаачийн 88096531 дугаартай утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд иргээд над руу залгаад Өгийнуур сум руу орж байна гэж хэлж байсан. Тэгээд ахиж яриагүй. Талийгаач урд өдөр нь гэртээ хоносон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Намайг хүргэж өгөх үед талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй машин жолоодож явсан. Галсансамбуугийн шинэ жил нь тэр өдрийн урд орой нь болсон гэж байсан. Намайг хүргэж өгөх үед Галсансамбуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Би их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардлаас гарсан бүх зардлаа нэхэмжилнэ. Одоогоор би хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Дараа нарийн тооцоод хэлье ... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуу/ 

Хохирогч Д.Галсансамбуугийн өгсөн:

...2015 оны 12 сарын 26-ны өдөр намайг гэртээ унтаж байхад талийгаач Батбаяр манайд ирээд 2-лаа хамт Архангай аймгийн Булган сум руу манай эгч Одгэрэлийг хүргэж өгчихөөд ирье гэсэн. 2015 оны 12 сарын 25-ны өдөр манай байгууллагын шинэ жил болоод шөнө 4 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд унтаж байсан юм. Би талийгаачид зөвшөөрөөд хамт эгчийг нь хүргэж өгөхөөр явсан. Би урд шөнө архи уусан байсан болохоор талийгаачийг өөрөө машин бариад яваарай гэж хэлсэн. Талийгаач бид хоёр 10-11 цагийн үед Булган сум руу миний 87-22 АРА улсын дугаартай Хондо пит маркийн автомашинаар яваад Одгэрэл эгчийг хүргэж өгчихөөд 13 цаг өнгөрч байх үед Архангай аймгийн төвд ирсэн. Би урд өдөр нь хамт ажилладаг Цогтбаатар гэдэг хүнийг Архангай аймгийн Өгийнуур сум руу хүргэж өгөхөөр ярьсан байсан. Булган сумаас аймгийн төв рүү орж ирээд Цогтбаатар руу залгаад гэрт нь ирсэн. Би талийгаачийг хамт Өгийнуур сум руу яваад ирье миний архи гарахгүй байна. Чи машин жолоодоод явчих гэхэд талийгаач зөвшөөрсөн. Тэгээд талийгаач бид 2 Цогтбаатарыг аваад доод Петровис клонкоос бензин аваад 14 цагийн үед Өгийнуур сум руу хөдөлсөн. Өгийнуур сум руу орох гэж байх үед миний машин дотор шинэ жилийн баяраас үлдсэн байсан 1 ширхэг 0.5 литртэй нийслэл гэсэн пивийг Цогтбаатар, талийгаач бид 3 хувааж уусан. Цогтбаатарыг Өгийнуур сумын төвд нэг айлын гадаа буулгачихаад шууд эргээд гарсан Өгийнуур сум руу явдаг зам сайн мэдэхгүй учир эрт гарна гэж яриад гарцгаасан юм. Өгийнуур сумаас гараад засмал замтай нийлэх үед миний нойр хүрээд унтлаа гэхэд талийгаач чи хурхираад салахгүй. Чи хойшоо орж унт гэж хэлэхээр би хойд суудал руугаа орж унтсан юм. Тэгээд унтаж байтал тар, няр /мөргөлдөх чимээ/ гээд л төмөр дуугарах шиг болсон. Тэгээд би хэсэг ухаан алдсан юм шиг байна лээ. Хир удсаныг мэдэхгүй байна. Би сэрээд машиныхаа хойд талын цонхоор гарахад нэг дээлтэй ах ирчихсэн зогсож байсан. Би тэр хүний утсаар гэрийнхэн рүүгээ залгаж хэлсэн. 87-22 АРА улсын дугаартай автомашин байгаа юм. Анх худалдаж авах үед би иргэний үнэмлэхгүй байсан учир манай эхнэр Г.Дэлгэрмаагийн нэр дээр байдаг юм. Осол болох үед талийгаач автомашин жолоодож явсан. Осол болохыг мэдээгүй. Машинаасаа гарч ирээд осол болсон байхыг харсан. Намайг машинаас гарах үед нэг дээлтэй ах ирчихсэн байсан. Бас цагаан жийп машин байсан байхаа. Би сайн санахгүй байна. Тэгээд би эгч Тунгалаг руу залгаад осол болсон тухай хэлсэн. Тэгээд удалгүй манай эгч Тунгалаг, хүргэн ах Баярцогт, эхнэр Дэлгэрмаа, баз Буяндэлгэр, нар ирчихсэн байсан. Удалгүй цагдаа эмнэлгийн машинууд ирсэн. Намайг машинаас гарч харахад миний 87-22 АРА улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр замын зүүн талд урд зүг рүү харсан байдалтай байсан. Талийгаач бид 2 аймгийн төв рүү буюу хойд зүг рүү явж байсан юм. Мөргөлдсөн машин нь хар өнгийн жижиг суудлын автомашин харагдсан. Би тэр автомашин руу очиж хараагүй. Талийгаач суудлын бүсээ зүүсэн байсан байхаа. Би сайн санахгүй байна. Би машинаас гарсныхаа дараа талийгаачийг хайгаад олоогүй. Тэгээд хартал машин дотор дарагдсан байдалтай байсан. Машин маань замын зүүн талд зүүн хэсгээрээ газар унасан байдалтай байсан. Тэгээд Баярцогт ах ирснээ талийгаачийг гаргаж авъя гээд автомашиныг түлхээд босгочихсон юм. Тухайн үед талийгаачийг гаргаж авъя амьд байж магадгүй гэж бодоод л түлхэж босгосон. 16 цаг өнгөрөөд 17 цаг дөхөж байсан байхаа. Яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Гомдолтой байна. Энэ ослоос болж найз Батбаяр маань нас барсанд их гомдож байна. Би эмчилгээний зардал болон автомашиныхаа эвдрэлийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн  41-44, хх 2-ын 71-72 дугаар хуу/

Гэрч Г.Дэлгэрмаагийн өгсөн :

...Манай нөхөр Галсансамбуу 2015 оны 12 сарын 25-нд шинэ жилээ тэмдэглээд шөнө 04 цагийн үед би очиж авсан. Тэгээд манай нөхөр нилээд согтсон байсан. Намайг гэрээсээ гарахад манай нөхөр гэртээ унтаад үлдсэн. ...Тэгтэл 18 цагийн үед над руу нэг танихгүй дугаараас Галсансамбуу залгаад машинтайгаа осолд орчихлоо Баярцогт ах,Тунгалаг эгч 2 ирж байгаа болов уу гээд утас нь тасарсан. Буцаагаад залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Буяндэлгэрийг утсаар дуудаад Тунгалаг эгчээс юу болсон юм бэ? гэж асуухад Цагаан хаалганы тэнд машинтайгаа унасан юм шиг байна. Бид нар одоо очиж байна гэсэн. Би хүргэн Буяндэлгэрийн хамт Цагаан хаалганы цаад талд очиход Галсансамбуу Баярцогт ахын машин дотор нь сууж байсан. Манай машин замын зүүн талд урд зүгт харсан байдалтай, осол болсон газар машины эд зүйлс энд тэндгүй тарсан байсан. Би айгаад ойртож хараагүй. Түргэний эмч Галсансамбууг эмнэлэг авч яв гээд би Буяндэлгэр болон Тунгалаг эгчийн хамт нөхрийгөө аваад эмнэлэг дээр ирсэн. Намайг очих үед цагдаа болон эмнэлгийн ажилчид ирсэн байсан. Галсансамбуу болон талийгаач нар хоорондоо их сайн харьцаатай байсан. Талийгаач манайд ирж хонодог, ирж хоол иддэг, их сайн найзууд байсан. Талийгаач сүүлийн 3 жил Улаанбаатар хотод ажил хийж байгаа гээд их уулзалдахаа больсон байсан юм. ...Миний эзэмшлийн 87-22 АРА улсын дугаартай Хондо Пит маркийн автомашинаа засуулахад гарах зардлаа нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47- 48 дүгээр хуу/

Гэрч Ө.Мөнхшүрийн өгсөн:

...Би жолооч Ишдоржийн хамт байгууллагын шинэ жилд хэрэглэх зүйлс, ахмадууддаа өгөх бэлэг зэргийг цуглуулаад 20 цагийн үед Архангай аймгийн төвөөс Цэнхэр сум руу явж Архангай аймгийн Цагаан хаалга хэтрээд явж байтал зам дээр хоёр машин мөргөлдчихсөн байдалтай байсан. Би жолооч Ишдоржийг зогсоорой гэж осол болсон байсан машинуудаас наана нь зогсоод машинаасаа бууж хар өнгийн машин руу эхэлж очсон. Очих замдаа би Архангай аймгийн эмнэлэгт болон цагдаад Ишдоржийн утсаар мэдэгдсэн. Тэр хар өнгийн машин дээр очиход машины урд талын 2 суудал дээр буюу жолоочийн болон хажуу талын суудал дээр 2 залуу ухаангүй сууж байсан. Автомашины аюулгүй дэр нь задарсан байсан. Энэ үед Ишдорж нөгөө машин дээр очиж байсан. Би тэр залуугийн биеийг нь үзэж дуудаж байхад сэрцгээсэн. Тэр 2 залуу сэрчихсэн бид 2-ыг дэр аварлаа гэж байсан. Би бие чинь гайгүй юу энд тэндээс чинь цус гарч байна уу гэхэд гайгүй байна гэж байсан. Тэгээд нөгөө машин руу харахад Ишдорж ах нэг залуутай хамт зогсож байсан. Би тэр машин дээр очиход замын баруун талд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай зүүн талаараа газарт унасан байсан. Машины доор нэг залуу дарагдчихсан байдалтай харагдаж байсан. Намайг очиж гүрээний судсыг нь дарж үзэхэд судасны цохилт нь мэдэгдэхгүй нас барсан байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн логотой цагаан өнгийн УАЗ 469 маркийн машин ирсэн. Машинаас нэг эмэгтэй, 2 залуу тэгээд жолооч нь бууж ирсэн. Тэр эмэгтэй Ишдоржтой зогсож байсан залууг зүгээр үү гээд тэвэрч аваад байсан. Тэгээд тэр хүмүүс машиныг босгоё гээд босгож байсан...Тэр хоёр залуугаас хоёулангаас нь архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 236-237 дугаар хуу/

Гэрч Б.Батгэрэлийн өгсөн:

...2015 оны 12 сарын 26-ны өдөр 17-18 цагийн орчим Мөнх-Эрдэнэ манай гадаа ирээд над руу утсаар залгаж дуудаад би гарч Мөнх-Эрдэнэтэй уулзахад манай эгчийн төрсөн эгчийн нөхрийнх нь эгч Шүүст нэртэй хүн нас барсан. Хоёулаа хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сум орчихоод маргааш орой хүрээд ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамт Мөнх-Эрдэнийн Хондо сивик маркийн автомашины хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явсан. Манай эмээ Оюунбилэгийнх Төвшрүүлэх суманд байдаг болохоор би хамт явсан юм. Бид хоёр Архангай аймгийн төвөөс гараад цагаан хаалганы наад талд машинаас бууж бие засацгаасан. Би эргээд машинд суухдаа Мөнх-Эрдэнийн хойно буюу хойд суудал дээр голлоод сууж байсан. Тэгээд хөдлөөд удаагүй явж байтал нэг тод гэрэл гарч ирсэн. Тэгээд нэг сэрэхэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. 2015 оны 12 сарын 25-ны өдөр буюу энэ өдрийн өмнөх өдөр нь манай байгууллагын шинэ жил болоод шөнийн 02 цагийн үед харьсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөнх-Эрдэнэтэй уулзахын өмнө 0.5 литрийн пиво уусан байсан. Манай байгууллагын шинэ жил дээр манай ажилчид бүгд л архи уусан байсан. Мөнх-Эрдэнийг хэр их архи уусан гэдгийг би мэдэхгүй байна. Бид хоёр цагаан хаалган дээр зогсоод хөдлөөд удаагүй байхад осол гарсан. Хэр их хурдтай явж байсныг мэдэхгүй байна. ...Бид хоёр Архангай аймгийн төвөөс гарахдаа манай гэрийн гаднаас шууд хөдөлж явсан. Хэн нэгэнтэй уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуу/

     Гэрч Г.Гүнсэнпилийн өгсөн:

...2015 оны 12 сарын 26-ны өдөр Архангай аймгийн төв рүү эмч Мөнхшир, нярав Энхтуул, жолооч Ишдорж нарын хамт өглөө 10 цагийн үед ирсэн байхаа. Тэгээд Архангай аймгийн төвд байж байгаад эргээд Цэнхэр сум руу явсан. Хэдэн цагийн үед иргээд Цэнхэр сум руу явсан би санахгүй байна. Архангай аймгийн төвөөс гараад Цагаан хаалга өнгөрөөд явж байтал зам дээр 2 машин мөргөлдөж осол гаргасан байсан. Тэгээд зогсоод эмч Мөнхшир хүмүүсийг нь үзээд би Мөнхшүрд тусалсан. Хар өнгийн суудлын автомашины дотор байсан 2 хүн нь ухаангүй байсан. Эмч бид 2 тэр 2 хүнийг сэрээсэн. Тэгээд нөгөө машин дээр нь очсон. Тэр машин замын хажуу тал руу унасан байсан. Тэр машин дээр очоод хүн байна уу гэхэд нэг хүн автомашинаас гарч ирж байсан. Бас нэг хүн машин доороо дарагдчихсан байсан. Мөнхшүр эмч судсыг нь дарж үзээд нас барсан байна гэж байсан. Тэгээд удалгүй ар гэрийнх нь бололтой хэдэн хүн ирсэн. Тэр хүмүүсийн дараа эмнэлэг болон цагдаагийн байгууллага ирсэн. Тэгээд бид нар явсан. ...Тэр хоёр хүн хоёулаа архи уусан байсан. Тэр хоёр хүнээс архи их үнэртэж байсан. Би тэр 2 хүнийг танихгүй. Тэгээд одоо хэн нь аль талд нь сууж байсныг санахгүй байна. Тэр 2 залуу хоёулаа л урд талд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуу/

    Гэрч Н.Энхтуул өгсөн:

...Цагаан хаалга өнгөрөөд явж байтал зам дээр осол гарсан байгаа харагдсан. Тэгээд манай жолооч болон Мөнхшүр, Гүнсэнпил нар буусан. Би айгаад машинаас гараагүй. Мөнхшүр, Гүнсэнпил нар хүмүүсийг үзээд байх шиг байсан. Удалгүй хүмүүс ирчихсэн байгаа харагдаад байсан. Дараа нь эмнэлэг цагдаагийн байгууллагынхан ирсэн. Тэгээд бид нар Цэнхэр сум руу явсан. Миний харснаар замын зүүн талд нэг машин онхолдсон бас нэг машин нь замын зүүн талд замын хажуу руу унасан байдалтай харагдаж байсан. Дугуй нь хөндий байгаа харагдсан. Тэр машиныг ирсэн хүмүүс босгоод байгаа харагдсан. Нөгөө машин нь бид нарын урд талд зам дээр хөндлөн зогсож байсан. ...Онхолдсон машины хажууд нэг хүн нас барсан байна гээд ярьж байсан. Бас тэр хүмүүсийг бүгдээрээ архи уусан согтуу байна гэж Мөнхшүр, Гүнсэнпил нар ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дугаар хуу/

Гэрч Ч.Ишдоржийн өгсөн:

...Осол болсон байхыг хараад би зогссон. Тэгээд Мөнхшүр, Гүнсэнпил бид нар буугаад тэр 2 зам дээр байсан машин дээр очсон. Би замын хажууд онхолдсон байсан машин дээр очиход нэг хүн машин дотор дарагдсан байсан. Би машин дотор хүн байна уу гээд орилоход хүн дуугарахаар нь тойроод хартал арынх нь цонх хагархай байсан. Би наашаа яваарай гэж хэлээд гэрэл тусгаж өгсөн. Тэгээд тэр залуу арын цонхоор гараад ирсэн. Би тэр залуугаас өөр хүн байгаа юу, хэдүүлээ явсан бэ гэхэд найзтайгаа явсан. Манай найз машин барьж байсан гэж хэлсэн. Тэр үед Мөнхшүр эмч машинд дарагдсан байсан залууг үзээд нас барсан байна гэж хэлж байсан. Би хүртэл тэр залуугийн судсыг нь дарж үзсэн. Тэр залуу машинаа босгоод найзыгаа гаргая гээд байсан. Би тэр залууд найз чинь нас барсан байна. Нэгэнт нас барсан байгаа болохоор хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө машин дээр очиход машины урд талын 2 суудал дээр 2 залуу зэрэгцээд сууж байсан. Тэгээд эргээд нөгөө онхолдсон  байсан машин дээр очиход нөгөө залуу нэг газраа зогсоод л байсан. Тэр залуу осол болсонг мэдсэн шинжгүй их гайхаж балмагдсан байсан. Надаас нэг тамхи авч татахаар нь би чамд дуудах хүн байна уу гээд утсаа өгсөн. Тэгээд тэр залуу гэрийнхэн рүүгээ залгаж хэлж байсан. Удахгүй ах дүү нар нь бололтой хүмүүс ирсэн. Араас эмнэлэг болон цагдаагийн байгууллага ирсэн. Тэгээд бид нар цаашаа Цэнхэр сум руугаа явсан. ...Бид нарыг очиход осол болсон газар өөр хүмүүс байгаагүй. Би осол болохыг хараагүй. Намайг очиход талийгаач замын хажуу ховил дотор байсан. Гэхдээ автомашин нь дарчихсан, толгой хэсэг нь ил гарсан байсан. Машин талийгаач дээр нь хөдөлгөөнгүй дарсан байгаа харагдсан. Талийгаач хонхор газар байсан боловч машинд дарагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуу/

Гэрч  Д.Тунгалагийн өгсөн:

...2016 оны 12 сарын 26-ны өдөр 18 цаг 45 минутын орчим байхаа Би яг хэдэн цаг, хэдэн минут болж байсныг санахгүй байна. Би утсаар осол болсон талаар сонсоод нөхөр Баярцогт руу залгаад хаана байгаа талаар нь асуухад Галсансамбуу осолд орсон гэнэ хурдан хүрээд ир гээд нөхрийн хамт Архангай аймгийн Цагаан хаалганы цаана очиход манай дүү Галсансамбуу машиныхаа хажууд уйлаад сууж байсан. Машин нь замын баруун талд замын хажуу талд байсан. Бас нэг хар өнгийн жижиг суудлын автомашин зам дээр хөндлөн зогсож байсан. Би дүүгээсээ юу болсон бэ, хэнтэй явсан юм бэ гэхэд би Батбаяртай хамт явсан гэж хэлсэн. Тэгтэл талийгаач Батбаяр машин доор ховил дотор байгаа харагдсан. Би тэгээд машин доор хүн байна гэж хэлээд манай нөхөр Баярцогт, Галсансамбуу бид 3 Галсансамбуугийн машиныг түлхэж босгосон. Тэнд байсан эмэгтэй хүн босгож болохгүй гэж хэлж байсан гэсэн. Тэгээд манай нөхөр талийгаачийн хүзүүн дээр нь дарж үзээд нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Би бол ойртож үзээгүй. Тэгээд л эмнэлгийн ажилчид ирсэн. Тэгээд дүү Галсансамбууг аваад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Намайг нөхөр Баярцогтын хамт очиход хар өнгийн жижиг суудлын машины жолооч нь бололтой хүн зам дээр зогсож байсан. Тэр хар өнгийн суудлын автомашин зам дээр хөндлөн зогсож байсан. Манай дүүгийн автомашин замын баруун талд замын хажуу руу онхолдсон байсан. Зам дээр машины эд ангиуд энд тэндгүй тарсан байсан. ...Талийгаач доошоо харсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 238-239 дугаар хуу/

Гэрч Ю.Баярцогтын өгсөн:

...2016 оны 12 сарын 26-ны өдөр би ажлаа тараад 18 цаг өнгөрч байх үед харьж явтал манай эхнэр над руу утсаар залгаад Галсансамбууг осолд орсон байна. Машинаа аваад хүрээд ир гэсэн. Би машинаа гражаас гаргаад эхнэртэйгээ хамт Архангай аймгийн Цагаан хаалганы цаана очсон. Намаг очиход Галсансамбуугийн машин хар өнгийн жижиг суудлын автомашинтай мөргөлдсөн байгаа харагдсан. Би эхлээд Галсансамбуугийн машин дээр очиход машин дотор нь хүн байхгүй Галсансамбуу машиныхаа хажуу талд уйлчихсан сууж байсан. Хэнтэй явсан, хаанаас ирсэн гэж асуухад би мэдэхгүй байна. Батбаяртай хамт явсан. Батбаяр чинь хаана байна гэхэд мэдэхгүй байна гээд их балмагдсан шинжтэй байсан. Би машины эргэн тойронд харахад машин доороос хүний толгой харагдаж байсан. Тэгээд манай эхнэр машин доор хүн байна. Машинаа холдуулъя гэсэн. Тэгээд Галсансамбуу бид нар машиныг түлхтэл машин нь босчихсон. Би машин доор байсан талийгаачийн судсыг дарж үзэхэд цохилохгүй байсан. Тэгэхээр нь би нас барсан байна. Цагаа нар иртэл хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Би тэгээд нөгөө хар өнгийн машин дээр очиход 2 залуу тамхи татаад явъя пиздаагуудаа гээд согтуу шинжтэй байсан. Машинаас нь архи үнэртэж байсан. Би та хоёр зүгээр үү, би эмнэлгийн хүн байна гэхэд машин дотроо хойд суудал дээрээ сууж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллага ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуу/


Гэрч Б.Чулуунбаатарын өгсөн: 

...2015 оны 12 сарын 26-ны өдөр би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ажиллах хугацаанд цагдаагийн газрын жижүүрээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан хаалганы цаад талд 2 машин мөргөлдсөн байна дуудлага ирсэний дагуу зохицуулагч Улсболдын хамт осол болсон газар очсон. Осол болсон газар очиход хар өнгийн Хондо маркийн машин, саарал өнгийн Пит маркийн машинууд хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэний машин ирчихсэн бас Цэнхэр сумын эмнэлгийн машин байгаа харагдсан. Би жолооч нар нь хаана байна юу болсон бэ гэхэд машинд байсан хүмүүс гээд 2 залуу эмнэлгийн машинд суучихсан байсан. Саарал өнгийн машины хажууд нэг залуу зогсож байсан. Бас талийгаач машины хажууд хэвтэж байсан. Би юу болсон юм бэ гэхэд машины хажууд байсан хүн талийгаач энэ машинд дарагдаад нас барчихсан байдалтай байсан бид нар машиныг болгочихлоо гэж байсан. Осол гаргасан машины жолооч хаана байна гээд хар өнгийн машины жолоочтой уулзахад шүүхийн туслах 2 залуу байсан. Хэн нь машин барьж явсан юу болсон гэхэд 2 уулаа дуугарахгүй суугаад байсан. Тэгээд би хүн нас барсан тухай цагдаагийн газрын жижүүр рүү хэлээд ослын газрыг хамгаалтанд авсан.Би дуудлага аваад 19 цаг 00 минутын үед очсон байх. Би цагийг нь сайн санахгүй байна. Би осол болсон газар очоод нөхцөл байдалтай танилцаад 19 цаг 20 минтуны үед л хэлсэн байхаа. Би тухайн үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Намайг осол болсон газар очиход саарал өнгийн Хондо Пит маркийн автомашин замын ертөнцийн зүгээр зүүн талд урд зүгт харсан байдалтай байсан. Энэ машиныг унасан байхад нь босгосон гэж байсан. Машины урд хэсэг нилээд их эвдрэлтэй байсан. Энэ машины урд талд зам дээр хар өнгийн Хондо Сивик маркийн автомашин хөндлөн зогсож байсан. Машины зүүн урд тал нь нилээд их эвдрэлтэй дугуй нь салж унасан байгаа харагдсан. Зам дээр уг 2 автомашины эд ангиуд энд тэндгүй салж унасан байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 240-242, хх2-ын 77-78 дугаар хуу/,

Гэрч Г.Улсболдын өгсөн: 

... 2015 оны 12 сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Цагаан хаалганы цаана 2 машин мөргөлдсөн байна гэсэн дуудлага цагдаагийн газрын жижүүрээс ирсэн. Тэгээд би замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Чулуунбаатарын хамт осол болсон газар очсон. Осол болсон газар очиход хар өнгийн Хондо Сивик, нөгөө саарал өнгийн Хондо пит маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн байсан. Чулуунбаатар ахмад машины жолооч нарыг согтуурал хэмжих багажаар шалга гэсний дагуу жолооч нар нь хаана байна гэхэд эмнэлгийн Поргон машин дотор шүүхийн 2 туслах залуу сууж байсан. Би машин дотор ороод хар өнгийн машины жолооч нь хэн бэ гэхэд Мөнх-Эрдэнэ гэх залуу би жолооч нь байна гэсэн. Тэгэхээр нь согтуурал хэмжих багаж үлээж шалгуулаадах гэж шаардлага тавихад би үлээхгүй гэж хэлсэн. Тэр 2 залуу 2- уулаа архи уучихсан, архи үнэртэж байсан. Би энэ тухайн Чулуунбаатар ахмадад хэлсэн. Саарал өнгийн машины жолооч нь машиныхаа хажууд нас барсан байдалтай байсан. Тэгээд хөдөлгөөн зогсоогоод ослын газраа хамгаалтанд авсан. Би тухайн үед хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Харанхуй болсон байсан. Дуудлага анх ирэхдээ машин мөргөлдсөн байна гэж ирсэн. Тэгээд дуудлагын дагуу очиход саарал өнгийн машины жолооч газар дээрээ нас барсан байсан. Тэгээд Чулуунбаатар ахмад цагдаагийн газрын жижүүр рүү мэдэгдсэн байхаа. Ойролцоогоор нэг цаг гаран болсны дараа цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Осол болсон газар очиход саарал өнгийн хондо пит маркийн машин замын ертөнцийн зүгээр зүүн талд замын хажууд байсан. Бас нэг хар өнгийн хондо сивик маркийн автомашин зам дээр хөнлөн зогсож байсан. Энэ 2 машиний урд хэсгээрээ хоорондоо мөргөлдсөн бололтой урд хэсгүүд нь их эвдэрсэн, зам дээр машины эд ангиуд энд тэндгүй тарсан байсан. Хар өнгийн машины жолооч Мөнх-Эрдэнэ нь архи уусан байсан. Согтуурал хэмжих багажаар шалгахаар шаардлага тавихад тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан. Саарал өнгийн машины жолооч нь газар дээрээ нас барсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 244-245 дугаар хуу/,

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 01 тоот дүгнэлтэнд: 

...1. Шинжээч эмч Хишигмаагийн 02 тоот дүгнэлтээр 28-67 АРХ улсын дугаартай Хондо Сивик маркийн жолооч Э.Мөнх-Эрдэнийн биед 1,4 промиль алкагол илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой. Жолооч Э.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөгч эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Шинжээч эмч Хишигмаагийн  03 тоот дүгнэлтээр 87-22 АРХ Улсын дугаартай Хондо Пит маркийн жолооч Батбаярын цусанд 1,1 промиль, ходоодны шингэнд 2.2 промиль спиртийн алкаголь илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой. Жолооч Г.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөгч эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.
2. Жолооч Э.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 
3. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 
4. Осол болох үеийн 87-22 АРХ Улсын дугаартай Хондо Пит маркийн автомашин 28-67 АРХ Улсын дугаартай Хондо Сивик маркийн автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна. 
5. Хурдыг тогтоох боломжгүй. 
6. Жолооч Э.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт /хх-ийн102 дугаар хуу/

Сэжигтэн Э.Мөнх-Эрдэнийн өгсөн:

...2015 оны 12 сарын 26-ны өдөр манай төрсөн эгч Алтантогосын хадам ээж Шүүст гэдэг хүн Архангай аймгийн Төвшүүрлэх суманд нас барсан гэхээр нь очихоор Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явсан юм. Архангай аймгаас гарахын өмнө 17-18 цагийн үед Батгэрэл рүү утсаар залгаад “Би Төвшрүүлэх сум явлаа хамт явах уу” гэхэд Батгэрэл зөвшөөрч би гэрийнх нь гадаа очиж Батгэрэлийг аваад Архангай аймгийн төвөөс гарсан. Тэгээд Архангай аймгийн цагаан хаалганы цаана зогсож бид 2 бууж би засчихаад хөдөлсөн. Тэгээд 30-40 км цагийн хурдтай явж байтал урд талаас нэг жижиг тэрэг гарч ирсэн. Тэр машин их тод гэрэлтэй, их хурдтай явж байгаа харагдсан. Тэгээд би хурдаа сааруулаад харахад тэр машин 2 тал руугаа зайлаад явж байгаа харагдсан. ...Би тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан боловч тэр машин ирээд мөргөсөн. Миний машины гэрэл дохио бүрэн ажиллагаатай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 183-186 дугаар хуу/

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 22, 134-137, 225, 231, хх2-ын 96-98 дугаар хуу/, зам тээврийн ослын акт /хх-ийн 12-13 дугаар хуу /, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 23 дугаар хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76, 88, 95, 110, 120, 130-133, 146, 152-153 дугаар хуу /, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуу /, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 127-129 дугаар хуу /, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 164-165, 171 дугаар хуу /, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153 тоот лавлагаа /хх-ийн 196-197 дугаар хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199-200 дугаар хуу /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76, хх2-ын 2-5, 14-17 дугаар хуу/, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, / хх2-ын 93-95 дугаар хуу/ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх3-105-105 хуу/ хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3-113 хуу/ шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч нарт хохирол төлсөн тухай баримтууд / хх 2-ийн 137-138 дугаар хуу/ зэргийг тус тус шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч Ж.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуу/, хохирогч Д.Галсансамбуугийн мэдүүлэг /хх-ийн  41-44, хх2-ын 71-72 дугаар хуу/, гэрч Г.Дэлгэрмаагийн гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дүгээр хуу/, гэрч Ө.Мөнхшүрийн мэдүүлэг /хх-ийн 50-52, 236-237 дугаар хуу/, гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуу/, гэрч Г.Гүнсэнпилийн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуу/, гэрч Н.Энхтуулын мэдүүлэг /хх-ийн 62-64 дугаар хуу/, гэрч Ч.Ишдоржийн мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуу/, гэрч  Д.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 56-57, 238-239 дугаар хуу/, гэрч Ю.Баярцогтын мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуу/,  гэрч Ш.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 233-235 дугаар хуу/, гэрч Б.Чулуунбаатарын мэдүүлэг /хх-ийн 240-242, хх2-ын 77-78 дугаар хуу/, гэрч Г.Улсболдын мэдүүлэг /хх-ийн 244-245 дугаар хуу/, сэжигтэн Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 183-186 дугаар хуу/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 22, 134-137, 225, 231, хх2-ын 96-98 дугаар хуу/, зам тээврийн ослын акт /хх-ийн 12-13 дугаар хуу /, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 23 дугаар хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76, 88, 95, 110, 120, 130-133, 146, 152-153 дугаар хуу /, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуу /, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 127-129 дугаар хуу /, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 164-165, 171 дугаар хуу /, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153 тоот лавлагаа /хх-ийн 196-197 дугаар хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199-200 дугаар хуу /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76, хх2-ын 2-5, 14-17 дугаар хуу/, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан / хх2-ын 93-95 дугаар хуу/ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх3-105-105 хуу/ хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3-113 хуу/ шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч нарт хохирол төлсөн тухай баримтууд / хх 2-ийн 137-138 дугаар хуу/ зэрэг  хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны орой 18-аас 19-н цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг аймгийн угтах Цагаан хаалганы орчимд  28-67 АРХ улсын дугаартай Хонда  Сивик маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс нь ирж явсан 87-22 АРА улсын дугаартай Хонда Пит маркийн автомашинтай мөргөлдөн 87-22 АРА улсын дугаартай Хонда Пит маркийн автомашинаар зорчиж явсан иргэн Д.Галсансамбуугийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Д.Батбаярын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан тэнсэх боломжтой гэж үзэв. 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины 5 бул, обудны харагхай, обудны харагхай 2 ширхэг, урт төмөр 1 ширхэг, нарийн урт хуванцар 2 ширхэг, гар 1 ширхэг, хамгаалалтын хагархай 2 ширхэг, шилний үйрмэг хэсэг 1 ширхэг, пүрш 2 ширхэг, хугархай амортизатор 2 ширхэг, амортизаторын таваг 1 ширхэг, хамгаалалтын болон эд ангийн хагархайнууд, бакришик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасны дагуу устгах нь зүйтэй гэж шийдвэрлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь: 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан  3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4.  Монгол Улсын Эрүүгийн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины 5 бул, обудны хагархай, обудны хагархай 2 ширхэг, урт төмөр 1 ширхэг, нарийн урт хуванцар 2 ширхэг, гар 1 ширхэг, хамгаалалтын хагархай 2 ширхэг, шилний үйрмэг хэсэг 1 ширхэг, пүрш 2 ширхэг, хугархай амортизатор 2 ширхэг, амортизаторын таваг 1 ширхэг, хамгаалалтын болон эд ангийн хагархайнууд, дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    5.   Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

6.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 6 /зургаа/ сар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэж тоолсугай.   

8. Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9.  Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Э.ОДХҮҮ