Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2021/0475

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч ХХК

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н

Гомдлын шаардлага: Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Н 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 005**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.М хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ч ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу Ч  ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд иж бүрэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Ч******* ХХК-ийг 50,000 нэгж буюу 50,000,000 төгрөгөөр торгосон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д Хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан.

Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах асуудлыг шийдвэрлэхээр тус тус заасан байна. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нарын хувьд маргаан бүхий зөрчилтэй холбогдох шалгалтыг 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд газар дээр нь иж бүрэн хийж, Ч******* ХХК-д анх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21 ширхэг улсын байцаагчийн актыг ирүүлж, зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдсэн. Удирдамжийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын дугаар 5-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын дугаар 19-ний өдөр хүртэлх хугацаанд хийж, зөрчлийг илрүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээх байсныг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Ч******* ХХК-ийн зүгээс тухайн зөрчлийн хэрэгт хууль ёсны төлөөлөгч болох хуулийн хэлтсийн захирал Б.Т итгэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сард М-д хүргүүлсэн байдаг. Итгэмжлэлд Ч ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Т гэдгийг тайлбарласан ба холбогдох утасны дугаарыг бичсэн боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй, түүнд мэдэгдэлгүй үйл ажиллагаанууд хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчилд холбогдогч хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл очоогүй байсан бол эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар тухайн этгээдийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг томилох эрхтэйг зааж өгсөн байдаг.

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гарсны дараа 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч******* ХХК-д тухайн зөрчлийн хэрэгтэй холбогдуулж, танилцуулах ажиллагаа хийсэн нь холбогдогчийн хэргийн талаар мэдэх эрх, болон түүнд холбогдох тайлбар мэдүүлэг өгөх эрхийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг заасан. Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, сунгах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 58 хүртэлх хоногоор үргэлжлэх боломжтой. Гэтэл Чингис хаан банк ХХК-д улсын байцаагчийн зөрчлийн хэрэг нээсэн тухай анх албан бичгээр мэдэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шийтгэлийн хуудас ногдуулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааг тооцвол 58 хоногийн хугацаа хэтэрсэн буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийн материалыг шийдвэр гарсны дараа танилцуулсан. Итгэмжлэлийн дагуу төлөөлөгч томилж, хүргүүлсэн. Цахим хаягаар Монголбанкнаас Ч******* ХХК-д 2020 оны 10 дугаар сард ирүүлсэн албан бичиг нь зөрчлийн хэрэг нээсэн утгатай байсан тул 2020 оны 10 дугаар сард зөрчлийн хэрэг нээгдсэн гэж ойлгож, тухайн үед итгэмжлэл явуулсан. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монголбанкнаас албан бичиг ирүүлж, ойлгомжгүй байдал үүссэн. 2020 оны 10 дугаар сард явуулсан албан бичигт зөрчлийн хэрэг нээсэн утгатай байсан ба Ч******* ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байхад 2021 оны 1 дүгээр сард итгэмжлэл явуулаагүй гэсэн ба дахин зөрчлийн хэрэг нээснийг ойлгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ирээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан мэдэгдэх хуудас явуулах, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан холбогдох зэргээр холбогдогчийг дуудан ирүүлэх эрхтэй. Б.Т*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай итгэмжлэлд холбогдох утасны дугаарыг тэмдэглэсэн байсан. Албан бичгээр дуудахад ирээгүй тохиолдолд ирээгүй тухай тэмдэглэл үйлдэх гэх мэт үйл ажиллагаа явуулж, баримтжуулах ёстой байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдана. Хариуцагчийн Банкны тухай хуулийн дагуу гаргасан зөрчлийг арилгуулах тухай дурдсан нь тусдаа асуудал. 2021 оны 10 дугаар сарыг 21-ний өдрөөс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эхлэх ёстой байсан. Мөн тус хугацаанд Ч******* ХХК эрх, үүргээ биелүүлэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, албан бичгээр хүргүүлсэн. Холбогдогчийн эрх үүргийн дагуу өмгөөлөгч авах эрхээ эдлэхийн тулд өмгөөлөгчийн гэрчилгээг мөн хүргүүлсэн боловч эрх бүхий албан тушаалтны зүгээс эдлүүлээгүй. 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг нээж, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэг удаа албан тоот явуулсан нь эрх бүхий албан тушаалтан өөрийн биеэр шалгалт хийсэн эсэх маргаантай. Холбогдогчийг дуудан ирүүлээгүй, холбогдох арга хэмжээ үйл ажиллагаа явуулаагүй, тэмдэглэл үйлдээгүй. Эрх бүхий албан тушаалтанд холбогдогчийг ажиллагаанд оролцуулах сонирхол байгаагүй, холбогдогчийн эрхийг хангаагүй. Хуулийн дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулаагүйгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж үзэж байгаа тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь тодорхой журамласан ерөнхий заалт байхгүй, бүх үйл ажиллагааг дэс дараатай заасан байдаг. Хугацаа, оролцогчийн эрхийн асуудал болон нотлох үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэхэд маргаан үүсгэж, процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2-т заасан хууль ёсны төлөөлөгчийн асуудал, Иргэний хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох эрхтэй байсан. Уг эрхийг хэрэгжүүлээгүй нь эрх бүхий албан тушаалтны алдааг зөвтгөх үйлдэл болохгүй. Б.Б*******т зөрчлийн хэрэг танилцуулсан маргаан гарсан. Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар томилогдсон буюу нэр нь дурдагдсан этгээд болон түүний итгэмжлэл олгогдсон этгээд төлөөлөх эрхтэй. Гүйцэтгэх захирлын туслах хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба албан ёсны төлөөлөх эрхгүй этгээдэд хэргийн материал танилцуулсан процессын алдаа гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй. Оролцогч болон холбогдогчийг эрхээр хангаагүй. Нотлох ажиллагаа хууль ёсны байсан эсэхэд маргаантай. Учир нь маргаан бүхий асуудалтай хугацаанд бүрдүүлсэн нотлох баримт, явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байсан эсэхэд эргэлзээтэй буюу хууль ёсны байх боломжгүй гэж үзэж байна. Мэдүүлэг авах ажиллагаа хийсэн боловч хэнээс авсан нь мэдэгдэхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үзлэг, туршилт, нэгжлэг хийх гэх мэт тодорхой ажлууд байдгийг Монголбанк хийгээгүйгээс үзвэл нотолбол зохих байдлыг нотлох гэж хичээгээгүй харагдаж байна. Эрх бүхий албан тушаалтан хуулийн хэрэглээний хувьд тааруу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах чадваргүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн 2 акт нь зөрчлийн шийтгэвэр ногдуулах үр дагавартай. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Н*******ийн цахимаар явуулсан мэйлд зөрчлийн хэрэг нээсэн тухай тэмдэглэлийг хавсралтаар явууллаа гэсэн байснаар зөрчлийн хэргийг тэр үед нээсэн гэдэг нь нотлогдож байна. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй тухай зөрчлийг заасан байна. Мөн Зөрчлийн тухай хуульд заасан гэмт үйлдлийг зөрчил гэж заасан байдаг. Зөрчил тус бүрт хариуцлага тооцно, гэмт үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн даруй улсын байцаагч зөрчлийн хэрэг нээх ёстой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй тул 0050245 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Процессын алдаа гарч, хууль зөрчин, холбогдогчийн эрхийг хангаагүй, эс үйлдэхүйг үйлдсэн хүчин төгөлдөр бус шийтгэлийн хуудас гэдэг нь тодорхой тул маргах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд явуулсан ажиллагаа бүхэлдээ хууль бус тул 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050245 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд газар дээрх иж бүрэн шалгалтыг Ч******* ХХК-д хийсэн. Гомдол гаргагч 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд шалгалт хийгдэж байсан гэдэг. Монголбанк нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд шалгалт хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шалгалтаар тус банк нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг алдсан гэдэг нь тогтоогдсон. М ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А** дугаартай тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам шинэчлэгдэн батлагдсан. Тус журмын 3.2-т Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь байх ёстой гэж заасан байтал Ч ХХК тус харьцааг давсан байсан болон мөн тус журмын 5.3-т Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байтал 25 хувиас хэтэрч, харьцаа алдагдсан байсанд Монголбанкнаас тус тус актуудыг тогтоож, Ч******* ХХК-д иж бүрэн шалгалтын үр дүнгийн дагуу тохируулан гүйлгээ хийж, үнэн зөв тайлагнах үүрэг даалгаврыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-6/1320 тоот албан бичгээр, улсын байцаагчийн акт мэдэгдлүүдийн биелэлтийг хангаж, үнэн зөв тайлагнах тухай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-6/1357 болон 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн А-6/1447 тоот албан бичгээр хүргүүлж, тус тус анхааруулсан.

Улсын байцаагч нарын тавьсан актын дагуу гүйлгээ хийж, үнэн зөв тайлагнаагүй болон олон нийтэд тухайн зохистой харьцаануудыг үнэн зөв тайлагнах ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байсан тул Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэж, прокуророор хянуулж, 21010009 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээснээс хойш хэрэг бүртгэлтийн хугацаа 58 хоног буюу улсын байцаагч 14 хоног, эрх бүхий албан тушаалтан 14 хоног, прокурор 30 хоногоор хугацааг сунгаж явсан. Зөрчлийн хэрэг нээсэн даруй Ч******* ХХК-д Ц.Н******* миний бие болон өөр 4 хянан шалгагч, улсын байцаагчийн 9 зөрчлийн хэрэг нээсэн тухайг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр хүргүүлэн мэдэгдсэн. Мэдүүлэг өгөх, нэмэлт нотлох баримт, тайлбар гаргаж, өгөх ажилтныг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэж хугацаа заасан үүрэг бүхий албан бичиг хүргүүлсэн. Зөрчлийн хэрэг нээсэн тухай Ч******* ХХК-д мэдэгдсэн тул тухайн банк болж буй үйл ажиллагааны талаар зөрчлийн хэргийн тухай мэдэхгүй байсан болон, түүнд холбогдогчийг оролцуулаагүй гэдэг тайлбарууд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ч******* ХХК-д албан бичиг хүргүүлснээс хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, заасан хугацаанд холбогдсон ажилтан байхгүй. Нэхэмжлэгчээс хууль ёсны төлөөлөгч томилж, ажиллаагүй боловч хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа 58 хоног дуусах дөхсөн учраас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн эрх үүргийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д зааснаар Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан.

Мэдүүлэг авахаар ЧХХК-д цахим хаягаар нь хүргүүлж, мэдэгдсэн. Гэвч тухайн банкнаас төлөөлөх хүн ирж, мэдүүлэг өгөөгүй тул мэдүүлэг өгсөн тэмдэглэл хоосон ба хамгийн сүүлийн хуудсанд мэдүүлэг өгөөгүй гэж тэмдэглэсэн. Мэдүүлэг аваагүй тул асуултын хариуг бөглөөгүй хийсэн. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Ч******* ХХК-ийг хэрэг нээснээс хойш холбогдох албан тушаалтан томилж, ирүүлэх ёстой гэж үзэж, албан тоот хүргүүлсэн. Түүнд албан ёсоор хариу ирээгүй. Хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан тухай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийг тус банкны ажилтан Б.Т******* шүүх хурал давхацсан байсан тул үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Г.Б*******д танилцуулсан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэсэн, Ковид-19 цар тахлын эсрэг Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цахимаар ажиллаж эхэлсэн хэдий ч илэрсэн зөрчилтэй холбоотой холбогдогчоос мэдүүлэг авахаар удаа дараа хандсан боловч хариу үйлдэл гаргаагүй, мөн зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгээр мэдэгдсэн, эс зөвшөөрсөн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргаагүй.

Ч******* ХХК-ийн өгсөн тайлангаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг -17.6 хувь буюу өөрсдийн тайлангаар зохистой харьцааг алдсан гэдгээ баталсан. Мөн бусад зохистой харьцааны биелэлтийн тайланд банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 66.8 хувийг эзэлж, эзэлбэл зохих 25 хувиас хэтэрсэн. Ч******* ХХК-ийн ирүүлсэн тайлангаар зохистой харьцаагаа алдсан гэдэг нь нотлогдсон. Мөн Монголбанкнаас Ч******* ХХК-д хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар ирүүлсэн тайлангийн төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцаа 146.4 хувь болон хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь 53.8 хувь тус тус болж өөрчлөгдсөн буюу харьцаа алдсан хэвээр байсан. Монголбанк нь процессын алдаа гаргасан боловч Ч******* ХХК-ийн зохистой харьцаа алдсан, зөрчил гаргасан нь хэвээр байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч Ч ХХК нь тус шүүхэд Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчид холбогдуулан Монгол банкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Н 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 005*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргасан, гомдлын үндэслэлээ ...Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. Монгол банкны хянан шалгагч нь ЧХХК-д ...шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. ...Зөрчлийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байна. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.... Ямар зөрчил илрүүлсэн талаар холбогдогчид мэдэгдээгүй, ...хууль ёсны төлөөлөгчийг томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Ч******* ХХК-ийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн... гэж, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь ...Монгол банкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр зөрчлийн хэрэг нээж байгааг ... танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг, тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх ажилтныг томилж ирүүлэхийг мэдэгдсэн. ...Банкнаас тус албан бичигтэй холбоотойгоор хариу ирүүлээгүй. ...Тайлбар ирүүлээгүй. ...Шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжаар хянан шалгагч, улсын байцаагч Э.Н******* нь Ч******* ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалтыг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хамруулж хийсэн, шалгалтаар Ч******* ХХК-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа алдагдсан,төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангаагүй зөрчил илэрсэн, улмаар Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2020/051/002 дугаар актаар Ч ХХК-ийг 2020 оны 9 дүгээр 30-ны өдрийн түргэн гүйцэтгэх, чадварын зохистой харьцаа банкны тайлангаар -17,6 хувь, тохируулгын дараах тайлангаар -146,4 хувь болж, зохистой харьцаа хангаагүй нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1 дэх заалт, Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 3.2 дахь заалтыг зөрчсөн гэж, мөн 2020 оны 10 дугаар сарын 21 -ны өдрийн 2020/051/005 дугаар актаар Чингис хаан банкны 10 том харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтэрч, 53,8 хувьтай тэнцэж байгаа нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дэх заалт, Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 5.3 дахь заалтыг зөрчсөн гэж тус тус үзэж, зөрчлийг арилгуулахаар уг актыг Ч ХХК-д хүргүүлсэн, уг актуудтай тус банкны гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан дэд захирал нар танилцаж гарын үсэг зурсан, Монголбанкны 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-6/1320 дугаар албан бичгээр Чингис хаан банкны гүйцэтгэх захиралд хандан дээрх улсын

байцаагчийн актад заасан тохируулгын гүйлгээг 2020 оны 11 дүгээр сарын 06-ныөдрийн дотор хийж, холбогдох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн, Ч ХХК нь дээрх тохируулгын гүйлгээг хийх үүргээ биелүүлээгүй, актаар тавигдсан зөрчлөө арилгаагүй тул улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 дугаар албан бичгээр гомдол гаргагчид зөрчлийн хэрэг нээсэн тухайгаа болон тухайн хуулийн этгээдийг төлөөлж мэдүүлэг, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх ажилтныг томилж ирүүлэхийг мэдэгдсэн, улмаар эрх бүхий албан тушаалтан нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050245 дугаар шийтгэлийн хуудсаар Ч ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар нь энэхүү үйл баримттай болон зөрчил гарсан эсэх , зөрчлийн дүн, торгуулийн хэмжээтэй маргаагүй, энэ талаарх үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэж мэтгэлцээгүй болно.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар Монголбанкны хянан шалгагч нь банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх бүрэн эрхтэй байна.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд банкинд тавих шаардлагыг хуульчлан тогтоосон байх ба 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар банк нь заавал байлгах нөөц, төлбөр гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх, 16.1.2-д зааснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл , гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу хангаж ажиллах үүрэгтэй байна.

Үүний зэрэгцээ Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар баталсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 3.1-д Харилцагчийн анхны шаардлагаар төлбөр гүйцэтгэх банкны чадварыг хангах, банкны актив, пассивын эргэн төлөгдөх хугацаа, бүтцийг тэнцвэртэй байлгах зорилгоор төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг тогтооно, 3.2-д Энэ журмын 3.1-д тусгасан зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь байна, 5.3-д Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй гэж тус тус журамлан заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ч ХХК-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа банкны тайлангаар -17,6 хувь, тохируулгын дараах -146,4 хувь болж /хязгаарлалтыг зөрчсөн хувь /166,4 хувь/ зохистой харьцаа алдагдсан, тус банкны 10 том харилцагчийн харилцах, хадгаламжийн нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтэрч, 53,8 хувьд хүрсэн/ зохистой харьцаанаас хэтэрсэн/ болох нь тус банкны өөрсдийнх нь гаргаж өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тайлан, улсын байцаагчийн акт, эрх бүхий албан тушаалтны тайлбараар нэгэнт тогтоогдож байх тул улсын байцаагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д зааснаар банкны тухай хууль зөрчиж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил гаргасан гэж үзэж, тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-д Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолох-оор, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна, 6.8 дугаар зүйлийн 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-д Хугацаа тоолж эхэлсэн минут, цаг , хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2101000009 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2101000009 дүгээр тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан, улмаар Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3/**дүгээр тогтоолоор уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 30 хоногоор тус тус сунгасан болох нь тогтоогдож байх ба энэхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусах тул гомдол гаргагчийн ... банкны хянан шалгагч нь Ч ХХК-д ...шалгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ...хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...шийтгэл оногдуулсан ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргагч нь ...Ямар зөрчил илрүүлсэн талаар холбогдогчид мэдэгдээгүй, ...хууль ёсны төлөөлөгчийг томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй... гэж маргаж байх боловч энэхүү үндэслэл нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А-6/120 дугаар албан бичгээр Чи ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г*******т хандаж зөрчлийн хэрэг нээж байгааг танилцуулж, уг зөрчлийн хэрэгт Ч******* ХХК-ийг төлөөлж мэдүүлэг, тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж ирүүлэхийг мэдэгдсэн, уг албан бичгийг оффисын ажилтан нь тухайн өдөр хүлээн авсан боловч тогтоосон хугацаанд буюу зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаанд холбогдогчийг төлөөлөх этгээдийг томилж ирүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөө оролцуулаагүй болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар, үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийг томилж, тайлбар, мэдүүлэг аваагүй, холбогдогчид эрх үүргийг нь танилцуулаагүй , түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан буруутай байх боловч энэхүү нөхцөл байдал нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй гэж үзлээ.

Ч-ын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ХХ/1103/01 дүгээр албан бичгээр улсын байцаагчийн актуудтай танилцан дээрх актад холбогдох тайлбар, нотлох баримт гаргаж өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг Монголбанкинд хүргүүлсэн байх ба энэхүү үйл баримтыг тухайн үед нээгээгүй байсан зөрчлийн хэрэгт холбогдогчийн төлөөлөгчийг томилсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2-д заасныг тус тус баримтлан Монголбанкны улсын байцаагч, хянан шалгагч Ц.Н 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 005*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Ч ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН