| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00118/И |
| Дугаар | 156/ШШ2019/00180 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2019/00180
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00081/И Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..........оршин суух, Б.А(РД: ...............)-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Х.................тоотод оршин суух, Оюунгэрэлийн Ц (РД: ................)-д холбогдох, "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би 2005 онд О.Цтой танилцаж 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Анх О.Цтой танилцахад 1 охинтой байсан ба тухайн үед охинд маань сайн хандаж байсан учраас гэр бүл болохоор шийдсэн юм. Бидний дундаас 2008 онд хүү Т, 2014 онд охин М нар төрсөн. Хамтын амьдралын эхний 1 жилд Б.Цгийн зан ааш тогтвортой байсан боловч 2006 оноос архи ууж агсам тавьж хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ нь сүүлдээ даамжирж байнга архидан согтуурч агсам тавьж, гар хүрдэг болсон. Үүнээс болж хүүхдүүдийн маань зан ааш товтворгүй болж байнгын айдастай болсон. Хамгийн анх 2006 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Норовлин сум руу Алтны уурхайд ажил хийх гэж хамт явж байгаад өөрийн найзтай хардаж согтуу үедээ алт ухаж байсан шороон дээгүүр үснээс чирж цохиж зодсон. Тэр үед миний нуруу бүхэлдээ зулгарсан байсан. 2016 онд Дорнод аймгийн буйр нуур руу гэр бүлийн хамт амарч явах үедээ архи ууж агсам тавьж найз нөхөд тэдгээрийн эхнэр, хүүхдүүд, өөрийнхөө хүүхдүүд, миний төрсөн дүүгийн дэргэд цохиж унагааж нүүр нүдгүй өшиглөж дэвсэлж харгис хэрцгийгээр зодож байсан. О.Ц нь Дорнод аймгийн Халх гол суманд газрын тосны компанид ажилладаг байсан бөгөөд 28 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан. О.Ц амрахаар ирэх өдрөө согтуу ирдэг байсан. Ирээд 14 хонохдоо өдөр болгон архи ууж агсам тавьж зоддог байсан. 2018 оны 04 дүгээр сард бидний амьдарч байсан 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, үүдний амбаар зэргийг зарсан учир би 3 хүүхдийнхээ хамт ээжийндээ толгой хорогдох болсон. 2018 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Норовлин сум руу найз А.Бгаа хүргэж өгнө, хүүтэйгээ хамт яваад ирье гэж гараад 10 настай хүү Тгээр машинаа бариулаад өөрөө арын суудал дээр нь архидаж байгаад замын хажуу руу машинаа унагаасан байсан. Тухайн үед хүү Тд болон өөрсдөд нь ямар нэгэн ил харагдах гэмтэл учраагүй боловч машины гол араа далийсан, ард урдах гупер эвдэрсэн. Одоо хүү Тгийн хамраас байнга цус гардаг болсон. Би О.Цтой хамт хамт амьдарснаас хойш байнгын сэтгэлийн дарамттай болж айж сандардаг, мартамхай болсон төдийгүй үргэлж цагдаад дуудлага өгдөг, үр хүүхдүүд минь ч тайван байхаа больсон. Бид 2018 оны 04 дүгээр сараас хойш тусдаа байгаа боловч байнга ээжийнд минь ирж агсам тавьж дарамталдаг. Иймд цаашид О.Цтой амьдрахад үр хүүхдийн минь хүмүүжил, сэтгэл зүйд ноцтой хохирол учирч болзошгүй учир гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна....(хх-ийн 1-2 тал)
Хариуцагч О.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа:...би Аын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хоёр хүүхдээ ээж Аын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй...(хх-ийн 21 тал)
Хариуцагч О.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...би Улаанбаатар хотод ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Энэ хэрэгт ямар нэгэн маргаангүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... (хх-ийн 30 тал)
Насанд хүрээгүй Ц.Тгийн нь шүүхэд гаргасан тайлбартаа:...ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна...гэжээ. (хх-ийн 23-24 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч О.Цгоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
1. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь №............. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Ц.Т, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Ц.М нарыг төрүүлсэн болох нь төрсний № ............. дугаартай гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 7 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 4 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь 2018 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1-2, 21, 22 тал) Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.Ц нь хүү Ц.Т, охин Ц.М нарыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна. Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна. Бага насны хүү Ц.Т 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 10 нас, 04 сартай, охин Ц.М нь 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 05 нас, 03 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 6 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр багийн засаг дарга Б.Э-ийн тодорхойлолтоор, (хх-ийн 4 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Ц.Т, охин Ц.М нарыг эх Б.Аын асрамжинд үлдээхээр тогтов.
Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч О.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 30 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Б. А(РД: .........) хариуцагч О.Ц (РД: .........) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ц.Т, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.М нарыг эх Б.Аын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ц.Т, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг О.Цгийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ат даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар насанд хүрээгүй хүү Ц.Т, охин Ц.М нарыг эцэг О.Цтой уулзуулж байхыг эх Б.Ат даалгасугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Ань улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Цгоос 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ
|