| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00124/И |
| Дугаар | 156/ШШ2019/00198 |
| Огноо | 2019-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2019/00198
| 2019 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2019/00198
| Хэнтий аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00149/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ...............байрлах, ................. ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн ........................ тоотод байрлах, ................ХК-д холбогдох,
зээлийн гэрээний 1 290 000 ам доллар буюу 3 399 743 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б ХК-тай харилцан тохиролцон гэрээ байгуулсан юм.
Энэ гэрээгээр Б ХК нь 500 000 ам долларыг нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж, манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлж 500 000 ам долларыг шилжүүлсэн юм.
Үүнээс хойш Б ХК нь гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан юм.
Тус гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу 36 сараар сунгаж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангыг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн талаар Монгол Улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 281 дүгээр зүйлийн 281.1. зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн гэрээний төлбөр 500 000 ам доллар буюу 1.317.730.000 төгрөг, хүү 360.000 ам доллар буюу 948.765.600 төгрөг, алданги 430.000 ам доллар буюу 1.133.247.800 төгрөг, нийт 1.290.000 ам доллар буюу 3.339.743.400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв. (хх-ийн 1-2 тал)
Хариуцагч Б ХК-ийн захирал Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:... Б ХК нь 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-тай сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 500 000 ам долларын зээлийн гэрээ байгуулсан юм.
Тухайн үеийн санхүүгийн байдал хүнд байсан учраас манай зүгээс зээлийн гэрээгээ сунгах хүсэлт тавьж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 36 сараар зээлийн гэрээг сунгасан. Манай компанийн санхүүгийн байдал маш хүнд байсан учраас зээлийн гэрээнд дурдагдсан зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн балансад бүртгээгүй явсан.
2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийнхээ хүүг зогсоогоод өгөөч гэсэн аман хүсэлт тавьж байсан ч шийдэгдээгүй. Манай компанийн санхүүгийн баланс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өр төлбөр бүртгэлтэй байгаа. Энэ нь үндсэн зээлийн 500 000 ам доллар, 229 846 ам доллар буюу нийт 1 928 925 30391 төгрөгийг бид баланс дээрээ бүртгэсэн явж байгаа юм.
2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э ХХК нь хүүгээ зогсоогоогүй бид хүүгээ зогсоочихсон байдалтай байгаа.
Зээл 500.000 ам доллар, хүү 229.84627 ам доллар, нийт 729.84627 ам доллар буюу 1.928.925.30391 төгрөгийг төлж барагдуулна. Зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өөрийн балансад бүртгээгүй тул төлөх боломжгүй.... (хх-ийн 23 тал)
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ХК-иас үндсэн зээл 500.000 ам доллар буюу 1.317.730.000 төгрөг, хүү 360.000 ам доллар буюу 948.765.600 төгрөг, алданги 430.000 ам доллар буюу 1.133.247.800 төгрөг, нийт 1.290.000 ам доллар буюу 3.399.743.400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч БХК-ийн захирал Б.М нь зээл 500.000 ам доллар, хүү 229.84627 ам доллар, нийт 729.84627 ам доллар буюу 1.928.925.30391 төгрөгийг төлж барагдуулна. Зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар өөрийн балансад бүртгээгүй тул төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 02/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй 500.000 ам долларыг зээлэх, 500.000 ам долларыг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Уг гэрээнд талуудыг төлөөлөн Б.Б, Б.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хооронд гэрээ байгуулсан гэж шүүх үндэслэлтэй байна. (хх-ийн 6-9 тал)
Б ХК нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ... хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. (хх-ийн 14 тал)
Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Б ХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүү, алдангыг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаах өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.
Зээлдүүлэгч Э ХХК нь зээлийн гэрээний дагуу 500.000 ам долларыг Б ХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ......... тоот дансанд шилжүүлсэн болох нь дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн даалгаврын хуулбар (хх-ийн 10-13 тал) тогтоогдож байна.
Э ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохирсон хүү шаардах эрхтэй байна.
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар талууд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.
Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй тул зээлдүүлэгч компани нь зээлдэгчээс алданги шаардах эрхтэй байв.
Нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас 1 ам долларыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр буюу 2.63546 төгрөгийг тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх-ийн 15 тал)
Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан: Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлүүлэхээр шийдэв.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үүрэг үүсэх үе буюу тухайн өдрийн 1 ам доллар буюу 2.43230 төгрөгөөр тооцов. (хх-ийн 30 тал)
Үндсэн зээл 500.000 ам доллар, хүү 360.000 ам доллар, алданги 430.000 ам доллар, нийт 1.290.000 ам доллар буюу 3.137.667.000 төгрөгийг хариуцагч Б ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э ХХК д олгож нэхэмжлэлээс үлдэх 262.076.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид нь өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг бичгээр шүүхэд гаргасан байна. (хх-ийн 31, 32 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангасан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.156.667 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.846.285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 282.3, 232.4-т заасныг баримтлан хариуцагч БХК-иас 3.137.667.000 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 262.076.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.156.667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч БХК-иас 15.846.285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ