Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2019/00199

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2019/00199

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00132/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, Б.Э гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... оршин суух, Н. Г-ад холбогдох,

"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Г шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхтөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 2006 онд Н.Гтай анх танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Г.Бл төрсөн.

Н.Г нь 2009 онд сургуулиа төгсөж Хэнтий аймгийн Баян-Адрага сумын эмнэлэгт багийн бага эмчээр ажилд орж тус тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш уулзаж ярилцах нь багасаж 2011 онд дахин гэр бүлтэй болсон. Б.Э миний бие 2012 онд сургуулиа төгсөж өөрийн охин болох Блийг өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх болсон.

Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Иймд Н.Гыг охин Г.Блийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа. (хх-ийн 1,2 тал)

 

 Хариуцагч Ннь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2008 оноос Б.Этай хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд охин Бл төрсөн хүүхдийн тэтгэлэг төлхөөс татгалзах зүйл байхгүй.

Миний бие бага эмчийн 538 000 төгрөгийн цалингаар 4 ам бүл тэжээж амьдардаг. А дансандаа малгүй, 4*6 хэмжээтэй байшингаас өөр хөрөнгөгүй, цалингийн зээлээрээ оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг тул миний боломжийг харгалзан үзэж тэтгэлгийн хэмжээг багаар тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Гыг охин Блийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Г нар нь 2008 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Блийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1,2 талхүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид нь тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Бл нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э нь 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Блийн эцэг нь Н.Г мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Иймд зохигчдын хооронд хүүхдийн эцэг мөн болох болон тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэв.

 

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

           

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг  удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б-ийн эцэг нь хариуцагч  Н. Г мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Н.Гын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Блийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Эд даалгаж,

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин Блийг эцэг Н.Гтай уулзуулж байхыг эх Б.Эд даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Гаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ