Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

2023        03          01                                   2023/ШЦТ/152      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Г.Булаг-Ундрал /томилолтоор/,

Хохирогч: **** /онлайнаар/,

Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2311000000005 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

****, /РД:/, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, , урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74-10-16 тоотод найз охин ****ийг хардсаны улмаас зодож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2311000000005 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч **** нь /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт: Уйлаад суухад чирээд 2 удаа нүүрэн дээр дэвссэн. Үүнээс өмнө хутга барьж хоолойнд тулгаж удаа дараа зодож байсан. 3,800,000 орчим төгрөг гарсан ч баримтаа өгч чадалгүй гадаад улс руу зорчсон гэв.

            Хохирогч ****ийн “...**** гэх хүнтэй 2021 оны 10 дугаар сарын үед анх танилцаж байсан юм. Тэгээд бид хоёр үерхэж байсан ба, нэгнийхээ гэрээр орж гарч байдаг байсан, хамт тогтож амьдарсан зүйл байхгүй. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 08- ны өдөр **** хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 74-10-16 тоот гэрт нь хамт пиво уугаад хоол унд хийгээд байж байсан ба, бид хоёр хамт дэлгүүр гарах гэж байхад, миний гар утас руу манай эрэгтэй найз залгаж ярьснаас болоод **** намайг хардаж уурлан, намайг үсдэж газарт унагаагаад, нүүр лүү хоёр удаа хөлөөрөө дэвсчихсэн юм. Тэгээд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандалгүйгээр **** гэрт 2-3 хоноход миний хамар, нүд эдгэхгүй улам өвдөөд, эвгүй болоод байсан ба тухайн үед **** ээж нь хараад эмнэлэгт үзүүл гэсний дагуу Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд, зүүн нүд болон хамранд гэмтэл авсан байна гэж оношилсон. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлэхэд, үнэтэй байгаад байсан учир Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд нүдний доорх хугарсан ясанд инфлянт хийж, хугарсан ясыг тэгшлэх хагалгаа хийх шаардлагатай байна гэсэн. Тухайн үед хагалгаа нь нийтдээ 3.500.000 төгрөг болно гэсэн ба **** төлж хагалгаанд оруулж, хохиролгүй болгож өгнө гэсэн учраас цагдаагийн байгууллагад өөрөө хандаагүй ба хагалгаа хийлгүүлэх гэтэл **** нь надад мөнгө өгөхгүй байсан учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6- 7/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16415 дугаартай “****ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 74-10-16 тоотод найз охин ****ийг хардсаны улмаас зодож, улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****ийн мэдүүлэг, /хх-ийн 6- 7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16415 дугаартай “****ийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч **** нь хохирол нэхэмжилсэн талаар баримт хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгч нь төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.254.150 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Иймд ****т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

  5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3.254.150 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулан олгосугай.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч **** нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА