| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00141/И |
| Дугаар | 156/ШШ2019/00228 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2019/00228
| 2019 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2019/00228 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00141/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......................оршин суух, Д З (РД: .............)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... оршин суух, Э. А (РД: ....................)-т холбогдох,
"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.З, хариуцагч Э.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би 2006 онд Э.Атай танилцан улмаар 2012 он хүртэл үерхэж нөхөрлөсөн. Тэр үед сууна гэж сайхан зүйл ярьдаг байсан.
Биднийг үерхэж байх хугацаанд буюу 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү З.Т төрсөн юм.
Э.А нь хүүгээ төрсөнийг мэдэж байсан боловч нэг ч удаа ирж хүүтэйгээ уулзаагүй, хэд хэдэн удаа утсаа ярьсан төдий байсаар 6 жил өнгөрсөн байна.
Би хүүгээ өнөөдрийг хүртэл ганцаараа өсгөж байна. Үерхэж нөхөрлөдөг байхдаа ярьдаг хэлдэг байсан бүхэн нь худал, хуурмаг байсан. Э.А нь өөрөө эцэггүй өнчин өрөөсөн өссөн байж хүүхдээ бас өөр шигээ амьдралаар амьдруулж байгаад маш их гомдож байна.
Хүүтэйгээ нэг ч удаа уулзах сэтгэлгүй, үнэхээр хатуу сэтгэлтэй хүн юм. Өнгөрсөн хугацаанд хүүгээ ганцаараа өсгөхөд надад үнэхээр хэцүү байсан. Хүү маань надаас аавыгаа нэхэх болгонд юу гэж хэлэхээ мэдэхгүй үнэхээр хэцүү байдаг.
Иймд хүү З.Тг миний асрамжид үлдээж, эцэг Э.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэв. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Э.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Д.Зийн нэхэмжлэлийг гардан авлаа. Хүү З.Тг миний хүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шинжилгээ хийлгэх шаардлагагүй.
Иймд хүү З.Тг эх Д.Зийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна... гэв. (хх-ийн 16 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Э.Аыг хүү З.Тгийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Э.А нар нь 2006 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү З.Тг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 16 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хүү З.Т нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү З.Тгийн эцэг нь хариуцагч Э.А мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. (хх-ийн 16 тал)
Иймд зохигчдын хооронд хүүхдийн эцэг мөн болох, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү З.Тгийн эцэг нь хариуцагч Б овогт Э А (РД: ...............) мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Зийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А.Тг эх Д.Зийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А.Тг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Э.Аын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү А.Тг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Зт даалгасугай.
5. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү А.Тг эцэг Э.Атай уулзуулж байхыг эх Д.Зт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.З нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ