| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
2023 02 27 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Л.Содбаяр /томилолтоор/,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2211018602042 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
**** (РД:), Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/ДШМ/723 магадлалаар 1 жил 30 хоногийн хорих л болгон өөрчилж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар өршөөгдсөн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь иргэн **** 2022 оны 10 дугаар сарын 09- ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-394В тоотод түлхэн унагааж хөл дээр дэвсэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211018602042 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч **** “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн үед манай нөхөр **** нь өөрийн найз **** хамт архи уусан бөгөөд нөхрийн танил хуурай дүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу мөн хамт архи уусан. Тэгээд би одоо та нар больцгоо орой болсон байна гэж хэлээд нөхрийн танил дүү гэх **** гэх залууг одоо яв гэж хэлтэл манай гэрт архи асгаад орилоод байхаар нь би түүнийг гэрээсээ түрж гаргаад хаалгаа хаатал тэр намайг манай гэрийн гадаа үснээс зулгааж газар унагааж байгаад миний зүүн талын хөл дээр маш хүчтэй нэлээн хэдэн удаа хөлөөрөө дэвссэн тэгээд би орилтол манай нөхөр гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 08х-09х),
Гэрч **** “...Би гэртээ байж байтал манай эхнэр гэрийн гадаа намайг дуудаад орилоод байхаар нь би гэрээс гараад хартал эхнэр Уранзул нь газар хэвтчихсэн байсан ба **** нь түүний хөл хэсэг дээр нь хөлөөрөө 1 удаа дэвсээд машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед намайг гэрээс гарахад **** нь манай эхнэр Уранзулын хөл дээр нь дэвсэж байсан гэхдээ яг аль хөл дээр дэвссэн гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 1 удаа хөлөөрөө дэвсчхээд яваад өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 13х-14х),
Гэрч **** “...Хашаан дотор нь Уранзул, **** нар нь маргаад байхаар нь би ****ийг явъя гэж хэлээд тэр айлаас яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17х-18х),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч **** 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13939 дугаартай “...**** биед зүүн тавхай, шилбэ, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 21х-22х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь иргэн **** 2022 оны 10 дугаар сарын 09- ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-394В тоотод түлхэн унагааж хөл дээр дэвсэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг (хх-ийн 08х-09х), Гэрч **** мэдүүлэг (хх-ийн 13х-14х), Гэрч **** мэдүүлэг (хх-ийн 17х-18х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч **** 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13939 дугаартай “...**** биед зүүн тавхай, шилбэ, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 21х-22х) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ****ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****өөс 391.250 төгрөг гаргуулан хохирогч ****, мөн 1.595.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Иймд ****т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****өөс 391.250 төгрөг гаргуулан хохирогч ****, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.595.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин **** болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д